Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2022/00086

 

“Их ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 04-ний өдрийн 1013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэг 6.389.084,32 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Их ирээдүй капитал” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 4,841,910 төгрөгийг 2.9хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас авсан зээлээ “Сайн интернэшнл” ХХК-ний ******* тоот хаан банкны дансаар хүлээн авах хүсэлт гаргасны дагуу уг мөнгийг шилжүүлсэн. Зээл авснаас хойш зээлдэгч нь удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч нь “зээл эргэн төлөх хуваарь”-ийн дагуу  үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Иймд хариуцагч *******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,841,910 төгрөг, зээлийн хүү 1,507,837.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,737.22 төгрөг, нотариатын зардал 7600 төгрөг нийт 6,389,084.32 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн үед зээл авч байхдаа эрсдэлээ тооцсон. Ямар нэг эрсдэл гарвал би өөрөө хариуцна. Ковидын улмаас хил хаагдаж бараа орж ирэхгүй байсан. Одоо миний бизнес гайгүй болж байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн төлбөр 6,389,084.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,176 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 117,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            4.1 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 1013 дугаартай шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү 31737.22 төгрөг, нотариатын зардал 7600 төгрөг төл гэснийг эс зөвшөөрч байна. Иймд 39337 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй бөгөөд хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч  *******д   холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт нийт 6,389,084.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Хэргээс судлан үзвэл :

4.Хариуцагч ******* нь “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2021/06/845 тоот зээлийн гэрээ байгуулж 4,841,910 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авч, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 06 дугаар сарын 20-нд дуусахаар харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ЗГ2021/06/845 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл, шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх  бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасантай нийцсэн,  гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

6. Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргаагүй, харин нэмэгдүүлсэн хүү 31,737.22 төгрөг, нотариатын зардал 7600 төгрөг, нийт 39,337 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

7.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-т “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна.” гэж гэрээний нөхцлийн талаар тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ““зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэдэгтэй нийцэж байх тул “...нэмэгдүүлсэн хүү төлөхгүй...” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

8.Гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийг гэрээний 4 дүгээр зүйлд дэлгэрэнгүй тусгаж өгсөн бөгөөд уг зүйлийн 4.2.14-т “...зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүх, эвлэрүүлэн зуучлал, арбитрт нэхэмжлэл, өргөдөл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал ...аливаа зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож, нөхөн төлөх” гэж тодорхойлсон байх тул “...нотариатын зардал төлөхгүй...” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

9.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар “...үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарах нотариатын зардал нь зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирол юм.

9.1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 04-ны өдрийн 1013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан...” гэсэн дээр

“...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4...” гэж нэмж, шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

                                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Л.АМАРСАНАА

                                                                              ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                         Я.ТУУЛ