Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2022/01012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/00778/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хотын ... дүүргийн ... дугаар хорооны ... тоотод байрлах И.м.н ХХК / утас:... /-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар багийн ... дугаар хэсгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ц.С /РД:..., утас .../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 5,598,885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш /цахимаар/, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.м.н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.М.И ББСБ ХХК нь зээлдэгч Ц.С-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж гар утас худалдах авах зориулалтаар 4,060,000 төгрөгийг 09 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр сар бүр эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээл олгосон. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш ганц төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Уг зээлийн гэрээний хугацаа буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 302 хоног үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, төлбөл зохих хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж шаардаж байсан. ч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулалгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь шаардах эрхээ И.м.н ХХК-д шилжүүлсэн болно.

Иймд иргэний хуулийн 451 зүйл, 452 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлдэгчтэй байгуулсан ... тоот зээлийн гэрээг үндэслэн Ц овогтой С-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, төлбөл зохих хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...зээлийн гэрээ болон төлбөр дээр маргах зүйл байхгүй боловч би энэ байгууллагаас болж их хохирсон. Миний утасны дугаарыг хаалгасан. Дугаарыг сэргээж өгвөл төлнө... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.С нь Х.М.И ББСБ ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 4,060,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Х.М.И ББСБ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21/08 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч Ц.Сгаас зээлийн төлбөр шаардах эрхээ И.м.н ХХК руу шилжүүлсэн ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч И.м.н ХХК нь хариуцагч Ц.Сгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Ц.С нь зээлийн гэрээний төлбөрийн талаар маргадаггүй боловч тэрээр утасны дугаарын эрх хаасан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй дээрх үндэслэл нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч Ц.Сгаас зээлийн гэрээний үүрэг 5,598,885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Сгаас зээлийн төлбөр 5,598,885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.м.н ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,533 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 104,533 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.м.н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА