Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2022/00085

 

“Их мөнх наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1012 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Их мөнх наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэг 5,598,885 төгрөг гаргуулах,” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч *******тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Хаан Монгол инвест ББСБ” ХХК нь ЗГИ/21/05/013 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,060,000 төгрөгийг 09 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй сар бүр эргүүлэн төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож зээл олгосон. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй тул 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******д зээлийн гэрээний үүргийг сайн дураараа удаа дараа биелүүлэхийг шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. “Хаан Монгол инвест ББСБ” ХХК нь  шаардах  эрхээ  “Их  мөнх  наран”   ХХК-нд   шилжүүлсэн   болно.   Иймд   хариуцагч    

*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******  нь зээлийн гэрээ болон төлбөрт маргах зүйл байхгүй. Тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж миний дугаарыг хаалгасан байна. Дугаар сэргээж өгвөл төлнө гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн төлбөр 5,598,885 төгрөгийг гаргуулан “Их мөнх наран” ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,533 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 104,533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            4.1 “Их мөнх наран” ХХК нь миний дугаар барьцаалах эрхгүй байж дугаар хаагаад өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1012 дугаартай шийдвэрийн хүү 1,538,885 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоосон боловч тооцооны алдаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3.Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь “Хаан Монгол инвест ББСБ” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГИ/21/05/013 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,060,000 төгрөгийг 09 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй сар бүр эргүүлэн төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож зээл авчээ.

4.“Хаан Монгол инвест ББСБ” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21/08 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч *******гаас зээлийн төлбөр шаардах эрхээ  “Их мөнх наран” ХХК-нд шилжүүлсэн бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,000 төгрөг, хүү 1,538,885 төгрөг, нийт 5,598,885 төгрөгийг нэхэмжилж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч ******* нь зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

5. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл, шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх  бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасантай нийцсэн,  гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлөхдөө сарын 3,5 хувийн, жилийн 42 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцжээ.

6.Гэрээнд заасны дагуу хариуцагч ******* нь үндсэн зээл болох 4,060,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүү тооцож төлөхөөр гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хариуцагчийн төлөх хүү нь жилийн 1,705,200 төгрөг, өдрийн 4671.78 төгрөг байна. /4,060,000x42%=1,705,200 төгрөг, 1,705,200:365=4671.78 төгрөг/

6.1. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ 302 хоног гүйцэтгээгүй гэж зээлийн хүү нэхэмжилж байгаа бөгөөд гэрээний дагуу хариуцагч ******* нь 4671.78x302=1,410,877.8 төгрөгийн хүү төлөхөөр байна.

6.2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас зээлийн хүүнд 1,538,885 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн зээлийн хүүнд илүү нэхэмжилсэн 128007 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч *******гаас зээлийн төлбөр 5,598,885 төгрөг гаргуулж...” гэснийг

“...хариуцагч *******гаас зээлийн төлбөр 5,470,878 төгрөг гаргуулж...” гэж

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 104,553 төгрөг...” гэснийг

“...хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 102,484 төгрөг...” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

                                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                    ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                          Я.ТУУЛ