Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2022/00895

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/00777/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух ... овогт Н.Д /РД:..., утас:.../,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин байх Т.т ХХК /РД:..., утас:.../,

 

Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилласан хугацааны цалин болох 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гэрч Т.Т, М.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2021 оны хавар 4 сард өмнө нь ажил хэргийн шугамаар холбогдоод, хамтарч ажиллаж байсан найз Д.Д надтай уулзаж, х.х, М.п дээр 2 угсралтын ажил байна. Хоёулаа хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Тухайн үед би өөрийн 3 найзтайгаа хамтарч барилга угсралтын компани байгуулж ажиллахаар ярилцаж тохиролцсон байсан. Гэхдээ Д.Д-ын саналыг хүлээн авч түүнд итгэж хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд 2021.05.01-ний дөрөөс 2021.12.01-ний өдрийг хүртэл 7 сарын хуагцаатай х.х-д баригдаж буй 12 давхар барилгын угсралтын ажил дээр хяналтын инженерээр ажиллаж, сарын 4 сая төгрөгийн хөлс авахаар тохиролцож тус тохиролцоогоо Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах баталгаажуулж авсан. Ингээд гэрээнд заасан хугацаанд өөрийн хийж гүйцэтгэх ажлыг ямар нэгэн алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэн өөрийн зүгээс хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэтэл Д.Д нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг хугацаанд нь огт өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг өгсөн бөгөөд нийт 28,000,000 төгрөг өгөх ёстойгоос үлдэгдэл 26,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Т.т ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл хөлс болох 26,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар:

Би 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр М.п ХХК-тай өргөө кино театрын хажууд 10 давхар 40 айлын орон сууц барих гэрээ байгуулж, гүйцэтгэхээр болсон. 2021 оны 04 дүгээр сарыг 20-ны өдөр Н.Д-тэй утсаар ярьж уулзахаар тохиролцсон. Бид хоёр уулзаад М.п ХХК дээр Н.Д-г талбайн инженерээр зогсоохоор амаар тохиролцсон. Тэр үед Н.Д нь надад урьдчилгаа 20,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьсан, тэр үед нь би болох байлгүйдээ гэж тухайн үед ярьж байгаад өнгөрсөн М.п ХХК-ний барилга дээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад тэр орон сууц хойшлогдоод, хүлээгдээд, байгаад энэ орон сууц баригдах гэрээ нь цуцлагдсан.

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Г.Ө ХХК 12 давхар барилга эхэлсэн Д.Д би Г.Ө ХХК-д 2020 онд дахин төлөвлөлт болох 60 айлын орон сууц барьж байхдаа, манай инженер Ү овогтой Б талбайн инженерээр ажиллаж байсан. Ү.Б одоо болтол Т.т ХХК-д ажиллаж байгаа.

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр х.х 12 давхар орон сууц эхлэхэд Ү.Б нь үргэлжлүүлэн инженерийн ажлаа хийсэн. Харин тэр үед Н.Д нь М.п ХХК-тай ажил хүлээлцэх явцдаа өглөө 10:00 цагаас 11:00 цагийн үед манай ажил дээр ирж өдөржингөө онлайн хичээлд суудаг байсан. Онлайнаар мэргэшсэн инженерийн сургалтад сууж байгаа гэж өөрөө ярьж байсан. Энэ хугацаанд бид хоёрт М.п ХХК-д ажиллаж өөр ажлын гэрээ хийгээгүй аман яриа ч байгаагүй, энэ үед манай компанид ажилладаг тогооч болох н.У эгч Н.Д гэдэг хүн бол утас ухаад сууж байдаг хичээл нь дуусах болоогүй юу, яаж ажиллаад ямар цалин авах вэ гээд байнга асуудаг байсан. Ингэж явсаар 9 сар болсон. М.п ХХК-ийн ажил эхлээгүй. Гэтэл нэг өдөр Н.Д надад би Төрийн банкинд байрны зээл хөөцөлдөх гэж байгаа нэг танил нь Төрийн банкинд ажилладаг гэж ярьсан. Тэр үед Н.Д нь банкаар бичиг цаас болж юм хөөцөлдөж байгаа гэж ярьж байгаад надад ажлын тодорхойлолт хийгээд өг гэж хэлсэн. Би тэр үед тодорхойлолт хийж өгөөгүй. Нэг өдөр Н.Д ажил дээр ирээд тодорхойлолт дээр тамга дараа гарын үсгээ зураад өгөөч гэсэн, өөр нэг гэрээ бас бус юм шивээд бэлдээд ирсэн байсан. Би машин дотор сууж байгаад тэр гэрээнд нь шууд л тамга дарж гарын үсэг зурсан. Тэр хөлсөөр ажиллах гэрээ нь хуурамч юм. Би хэзээ ч 4 сая төгрөг өгөх талаар Н.Дтэй ярилцаагүй байрны зээл хөөцөлдөж байгаа гээд л байсан өөрийнхөө бэлдэж ирсэн тодорхойлолт дээр өөрийнхөө мөнгөн дүнг дурдсан байна лээ. Хөлсөөр ажиллуулах гэрээ нь бол хуурамч.

2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн тамга цэхнэр өнгөтэй байсан. Би тамгаа хотоос 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлээд, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөр өнгийн улаан тамгатай болсон. Н.Д нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 7 сарын цалин болох 28,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Т.т ХХК-иас хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу ажилласан хугацааны үлдэгдэл цалин 26,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллуулах гэрээ-г бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Т.т ХХК нь Н.Дг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ... аймагт байрлах 26 айлын 12 давхар барилга угсралтын ажилд Хяналын инженерийн ажил үүргийг хийж гүйцэтгүүлэх, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсний хөлс болох 4,000,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр олгохоор ... тус тус тохиролцсон байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ...Н.Д, Т.т ХХК нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллуулах гэрээ нь хуурамч гэрээ юм. Н.Д нь банкнаас орон сууцны зээл авах хэрэгтэй байна гэхээр нь уг гэрээ хийсэн. манай байгууллага 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цэнхэр өнгийн тамгатай байсан. сүүлд нөхөж хийсэн гэрээ учир улаан тамга дарагдсан байна. Энэ гэрээ Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсн хуурамч гэрээ. Н.Д нь тус байгууллагад ажил хийгээгүй ажиллаагүй. Гэрээний 4.2-т ...Гэрээний биелэлтийг талууд харилцан дүгнэж протокол үйлдэнэ... гэсэн заалтын дагуу гэрээгээ дүгнээгүй мөн гэрээнд чанаргүй гүйцэтгэсэн ажлыг үнэ хөлсгүйгээр гүйцэтгэнэ... гэж энэ заалтаар ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заажээ.

Өөрөөр хэлбэл "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Хариуцагч Т.т ХХК нь ...Н.Д нь банкнаас орон сууцны зээл авахын тулд дээрх гэрээг хийсэн. ...Н.Д-г намайг хуурч тамга даруулсан гарын үсэг зуруулсан гэж үзэж байна... гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна.

Гэрч Г.У-ийн ...Т.т ХХК-нд Н.Д нь хяналтын инженерээр ажиллаж байсан нь үнэн. ...Н.Д нь байнга л тухайн өрөөндөө сууж л байдаг байсан. Ер нь нэг их ажлын талбай руу гардаггүй байсан. Хоёр гурван удаа л гардаг байсан байх... гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Б-ын ...Т.т ХХК-нд Н.Д нь хяналтын инженерээр ирсэн боловч ажиллах хугацаандаа барилгын талбай дээр 2-3 удаа л гарсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Т, М.Б, Б.Ө нарын ...Н.Д нь ерөнхий инженерээр ажилладаг. ...барилгын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан... гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Н.Д нь дээрх хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу ажилласан үйл баримт нь тогтоогдож байна.

Хариуцагч Т.т ХХК-ний захирал Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Д-д өгсөн бөгөөд хариуцагч тал энэхүү мөнгийг өгсөн шалтгаанаа ...Би дансаар 1,500,000 төгрөг бол зүгээр айл юм байна гээд л зүгээр өгсөн. тэр үед баяр ёслол болж байсан... гэх тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Д нь ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т Гэрээний биелэлтийг талууд харилцан дүгнэж протокол үйлдэнэ. Хөлсөөр ажиллагч нь гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд 1. Чанаргүй гүйцэтгэсэн, ажил дутуу гүйцэтгэсэн ажлын үнэ хөлсгүйгээр гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд энэ гэрээний зохицуулалтаар хариуцагч тал ажлын хөлсийг төлөхгүй зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Талуудын тайлбараар Т.т ХХК нь дээрх барилыг ажлыг захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн ба талуудын хооронд барилын ажлын чанар, доголдолын талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй болно.

Иймд хариуцагч гаргасан татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.т ХХК-иас 26,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Т.т ХХК-иас 26,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 290,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА