Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00077

 

*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00777/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Я.Туул, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2022/00895 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилласан хугацааны цалин болох 26,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2021 оны хавар 4 сард ******* надтай уулзаж, *******, “Минж проперти”ХХК дээр 2 угсралтын ажил байна хамтарч ажиллая гэсэн ажлын санал тавьсан.

Би *******ын саналыг хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай Хүслийн хотхонд баригдаж буй 12 давхар барилгын угсралтын ажлын хяналтын инженерээр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж, сарын 4,000,000 төгрөг авахаар тохиролцож ажилласан.

Ингээд гэрээнд заасан хугацаанд өөрийн хийж гүйцэтгэх ажлыг ямар нэгэн алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэн өөрийн хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэтэл ******* нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг хугацаанд нь огт өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг өгсөн бөгөөд нийт 28,000,000 төгрөг өгөх ёстойгоос үлдэгдэл 26,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд “Тэнгис тэмүүлэгч” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл хөлс болох 26,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Би 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Минж проперти” ХХК-тай өргөө кино театрын хажууд 10 давхар 40 айлын орон сууц барих гэрээ байгуулж, гүйцэтгэхээр болсон. 2021 оны 04 дүгээр сарыг 20-ны өдөр *******тэй амаар тохиролцож талбайн инженерээр зогсоохоор болсон. “Минж проперти” ХХК-ний барилга дээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаад орон сууц баригдах гэрээ нь цуцлагдсан.

******* би “Гантиг Өргөө” ХХК-д 2020 онд дахин төлөвлөлт болох 60 айлын орон сууц барьж байхад Ү.Бадам талбайн инженерээр ажиллаж байсан.

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хүслийн хотхон 12 давхар орон сууц эхлэхэд Ү.Бадам нь үргэлжлүүлэн инженерийн ажлаа хийсэн. Харин тэр үед ******* нь “Минж проперти” ХХК-тай ажил хүлээлцэх явцдаа өглөө 10:00 цагаас 11:00 цагийн үед манай ажил дээр ирж өдөржингөө онлайнаар мэргэшсэн инженерийн сургалтад суудаг байсан.

Нэг өдөр ******* ажил дээр ирээд тодорхойлолт дээр тамга дараад гарын үсгээ зураад өгөөч гээд гэрээ бас бус юм шивээд бэлдээд ирсэн байсан. Би машин дотор сууж байгаад тэр гэрээнд нь шууд л тамга дарж гарын үсэг зурсан.

Би хэзээ ч 4,000,000 төгрөг өгөх талаар ярилцаагүй Хөлсөөр ажиллуулах гэрээ нь бол хуурамч. ******* нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 7 сарын цалин болох 28,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч “Тэнгис тэмүүлэл” ХХК-иас 26,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 290,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олго ж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК-нд холбогдуулж, гэрээний дагуу ажилласан хугацааны цалин 26.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг манай компанид ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч компанид 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 7 сарын хугацаанд сарын 4.000.000 төгрөгийн цалинтай хяналтын инженерээр ажилласан, гэрээний хугацаанд 1.500.000 төгрөгийн цалин авсан, үлдэгдэл цалингаа аваагүй гэж ХААН банкны дипозит дансны хуулга, талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн “Хөлсөөр ажиллах гэрээ”-г нотлох баримтаар ирүүлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нь “Тэнгис тэмүүлэгч” ХХК хөлсөөр ажиллах гэрээ нь сүүлд нөхөж хийсэн хуурамч гэрээ, гэрээн дээр дарагдсан тамганы будагч бодис өөр өнгөтэй гэж маргаж, “Гантиг-Өргөө” ХХК-тай “Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, “Минж-проперти”ХХК-тай “Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, Тамга тэмдгийн үйлдвэрээс Улсын бүртгэлийн байгууллагад буцаах /тайлагнах/ хэсэг гэсэн бичиг зэрэг болон өөрийн компанитай холбоотой бусад баримтыг шүүхэд ирүүлж, татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК татгалзлын үндэслэлээ нотлуулахаар  гэрч Ү.Бадам, Г.Уранчимэг нарыг, нэхэмжлэгч ******* хариуцагч компанид тодорхой цаг хугацаанд ажиллаж байснаа нотлуулахаар  гэрч *******, *******, ******* нар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.

3. Талуудын хооронд хийгдсэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс үзвэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу  гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн  тал гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар ажиллуулагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК ажил гүйцэтгэсний хөлсийг ажил , үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх боломжтой.

 Хариуцагч талын хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь сүүлд нөхөж хийсэн хуурамч гэрээ, гэрээнд дарагдсан тамганы өнгө өөр гэж тайлбарлаж байгаа боловч талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг , хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар үгүйсгэгдэж байна.

4. Хариуцагч компани хэдийгээр нэхэмжлэгчтэй 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчийн ажил, үйлчилгээ үзүүлсэн гэх Гантиг-Өргөө ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч Ү.Бадамын “... ******* хяналтын инженерээр ирсэн боловч ажиллах хугацаандаа барилгын талбай дээр 2-3 удаа л гарсан, нэг ч удаа гарч ирж хэмжээ тавиагүй, шөнө оройн цагаар бетон авч байгаа үед ******* бид 2-ын аль нэг нь эсхүл 2-уулаа байдаг, өглөө 10-11 цагийн үед ажилдаа ирдэг...” гэж , Г.Уранчимэгийн “...******* хяналтын инженерээр ажиллаж байсан нь үнэн, байнга өрөөндөө сууж байдаг, барилгын талбай руу гардаггүй байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч *******, *******, ******* нарын  нэхэмжлэгч *******г “Гантиг-Өргөө” ХХК-ний Хүслийн хотхонд баригдаж 12 давхар орон сууцны барилгын угсралтын ажилд хяналтын инженерээр ажиллаж байсан тухай нотолж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* хөлсөөр ажиллах гэрээ болон нэхэмжлэлд дурдсан хугацаагаар ажил үйлчилгээ үзүүлсэн нь эргэлзээтэй байх бөгөөд хариуцагч талын Гантиг-Өргөө ХХК-тай барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны хооронд Хүслийн хотхонд баригдаж буй 12 давхар орон сууцны барилгын карказ угсралтын ажилд хяналтын инженерээр ажилласан байх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******гийн ХААН банк дахь эзэмшлийн дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг цалин гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

5. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар “Тэнгис тэмүүлэгч” ХХК дээрх барилгын ажлыг захиалагч байгууллагад хүлээлгэн өгч, барилгын ажлын чанар, доголдлын талаар ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд хариуцагч талын гэрээний 4.2-т заасан үндэслэлээр  ажлын хөлс төлөхгүй, зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хуурамч, манай компанид ажиллаж байгаагүй гэж, эсхүл ажил үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй гэсэн хоёрдмол утгатай тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******г “Гантиг-Өргөө” ХХК-ий Хүслийн хотхонд баригдаж буй орон сууцны 12 давхар барилгын угсралтын ажилд тус компанитай байгуулсан гэрээний хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хяналтын инженерээр ажилласан,  тэрхүү хугацааны цалин, хөлсийг хариуцагч талаас шаардах эрхтэй, хариуцагч “Тэнгис тэмүүлэгч” ХХК мөн хугацаанд ажил үйлчилгээ үзүүлсний хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй  гэж дүгнэж байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч ******* Тэнгис тэмүүлэгч компанитай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр дээр дурдсан барилга угсралтын ажилд нийт 112 хоног ажилласан байх ба сарын ажлын хөлс 4,000,000 төгрөг, түүний нэг өдрийн ажлын хөлс 133,333 төгрөг байна.

Үүнээс нэхэмжлэгчийн ажилласан хугацааны ажлын хөлс  14,933,333 төгрөг ба урьд цалин гэж дансаар авсан 1,500,000 төгрөгийг хасаж, 13,433,333 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 1007 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “26,500,000 төгрөг” гэснийг “13,433,333 төгрөг” гэж, “үлдэх 13,066,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “...57 дугаар зүйлийн 57.1-т...” гэснийг, “...56 дугаар зүйлийн 56.2-т...” гэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж “290,450 төгрөг” гэснийг, “225,117 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА

                                                             ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                           Л.АМАРСАНАА