Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/03130

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/03130

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ё.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагчийн төлөөлөгч С.Ө 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас тус хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх ба тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2021 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.С хариуцагч Б.С холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2016 оны 7 сарын 07-ны өдөр худалдагч М.Ө, Ё.С нар БГД 6 хороо, 10 хороолол 39-р байрны 40 тоот хаягт байрлах ****.48 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авагч Б.С 165 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2016 оны 7 сарын 07-ны өдөр худалдагч Ё.С уг байрын В давхарт байрлах 21 м.кв авто зогсоолыг худалдан авагч Б.С 15 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч Б.С дээрх 2 гэрээний төлбөрт 2016 оны 08 сарын 10-ны өдөр нийт 120 000 000 сая төгрөг, 2016 оны 8 сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг нийт 130 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Б.С нь барилгын мартериалын худалдаа наймаа эрхэлдэг төлбөрийн чадвартай хүн боловч төлбөр төлөхөөс байнга зайлсхийдэг. Нэхэмжпэл гаргагч миний бие үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараалан шаардсаар 2017 оны 1 сарын 23-ны өдөр хариуцагч Б.С нь үлдэгдэл 50 000 000 төгрөгөөс 2017 оны 1 сарын 25-ны өдөр 17 000 000 төгрөгийг бэлнээр үлдэгдэл 33 000 000 төгрөгийг сар бүр 1 700 000 төгрөг төлж дуусгахаар тохиролцож байрны үнийг гүйцээж төлөх хэлцэл гэрээг байгуулж гарын үсэг зурсан. Үүнээс хойш сураггүй болж, утасдахаар утсаа авахгүй огт төлбөр төлөлгүй өноөдрийг хүрсэн. Иймд Ё.С миний бие Иргэний хуулийн 243-р зүйл, 243.1-ийг баримтлан гэрээний төлөгдөөгүй төлбөр 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөгийн хамт нийт 75 000 000 төгрөгийг иргэн Б.Саас нэхэмжилж байна. М.Ө нь 2021 оны 01 сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр надад шаардах эрхийг олгосон бөгөөд миний бие нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны 2021.01.27-ны өдрийн **** тоот тодорхойлолт, Б.С, Ё.С нарын 2017.01.23-ны өдөр байгуулсан хэлцэл, 2016.07.07-ны өдрийн автозогсоол худалдах, худалдан авах гэрээ, 2016.07.07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 4-11/

 

5. Хариуцагчаас оршин суух хаягийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 24/

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг  хангав.

2. Нэхэмжлэгч Ё.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Б.С нь 2016 оны 7 сард орон сууц болон авто зогсоол худалдаж авсан гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлэхгүй одоог хүрсэн, ...50 000 000 төгрөгийн 2017.01.25-ны өдөр 17 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 33 000 000 төгрөгийг сар бүр 1 700 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, хугацаа хэтэрвэл алдангий төлөхөөр тохиролцсон.гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ё.С, Б.С нарын хооронд 2016.07.07-ны өдөр улсын бүртгэлийн ******************дугаар автозогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба тус гэрээгээр худалдагч тал нь уг зогсоолыг 15 000 000 төгрөгөөр худалдаж, уг төлбөрийг 2016.07.07-ны өдөр төлж дуусгасан байхаар,

 

Ё.С, М.Ө болон Б.С нарын хооронд 2016.07.07-ны өдөр улсын бүртгэлийн ***************** дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба тус гэрээгээр худалдагч нь орон сууцыг 165 000 000 төгрөгөөр худалдаж, уг төлбөрийг худалдан авагч 2016.08.07-ны өдөр төлж барагдуулсан байхаар тус тус тохиролцсон байна. /хх-ийн 6-7/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.С нь 130 000 000 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргасан.

 

Мөн нэхэмжлэгч Ё.С, хариуцагч Б.С нар нь 2017.01.23-ны өдрийн байрны үнийг гүйцээж төлөх хэлцэлд Б.С нь үлдэгдэл 50 000 000 төгрөгийн 17 000 000 төгрөгийг 2017.01.25-ны өдөр, 33 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сараас эхлэн сар бүр 1 700 000 төгрөгөөр төлж барагдуулж, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 5/

 

Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч нь 130 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.Сод төлж барагдуулсан байх ба эдгээр асуудлаар талууд маргаангүй байна.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч нь маргааны зүйл болох байрны үнийг гүйцэтгэж төлөх хэлцэл гэсэн баримтад Б.Сын гарын үсэг зураагүй, уг хэлцлийг байгуулаагүй гэж тайлбарласан ба энэ нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, 2017.01.23-ны өдрийн байрны үнийг гүйцэтгэж төлөх хэлцэлд хариуцагч Б.Сын өмнөөс өөр хэн нэгэн этгээд зурсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022.04.18-ны өдрийн 06465 дугаар захирамжаар 2017.01.23-ны өдрийн хэлцэлд зурагдсан гарын үсэг хариуцагч Б.Сын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон боловч хариуцагч Б.С нь гарын үсгийн загвараа өгөөгүй тул хэргийг 2022.07.01-ний өдөр сэргээсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

6. Эдгээрээс дүгнэхэд 2016.07.07-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон автозогсоол худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч Ё.С, хариуцагч Б.С нарын хооронд байгуулагдсан байх ба төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар алдангинаас 50 хувиар багасгаж, 12 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

9. Хариуцагчийн төлөөлөгч С.Ө нь 2022.10.10-ны өдөр О.Чулуунчимэг шүүгийн 2021.05.28-ны өдрийн эрх, үүрэг, нөлөөлийн мэдүүлэг танилцуулсан баримтууд дээр гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **** дугаар зүйлийн ****.1, ****.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Саас 62 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Сод олгож, алдангинаас 12 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид 470 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Сод олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ