Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02136

 

 

 

...........-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03130 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-ын нэхэмжлэлтэй, хариуцагч .......-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...........-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гачилмаа, түүний өмгөөлөгч Г.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М.Өлзий-Орших, ...........- нар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ..........-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 39 дүгээр байрны ......-тоот хаягт байрлах 115,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 165,000,000 төгрөгөөр, тус орон сууцны В давхарт байрлах 21 м.кв талбайтай авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцсон. Худалдан авагч ..........- дээрх гэрээний төлбөрт 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нийт 120,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй.

1.2. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ..........- үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөх хуваарь гаргаж мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 33,000,000 төгрөгийг сар бүр 1,700,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул алданги 25,000,000 төгрөгийг гаргуулна. Иймд .......-ас 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......-ас 62,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........-од олгож, алдангиас 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......-ас улсын тэмдэгтийн хураамжид 470,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06465 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй. Уг захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийг томилсон. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хариуцагч бичээгүй, талуудын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдох юм. Хэрэг түдгэлзүүлсэн хугацаанд ..........- нь гарын үсгийн загвараа өгөөгүй гэх үндэслэлээр хэргийг сэргээсэн нь түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэсэн үг биш.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурсан болохыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхэд шүүх хурал удаа дараа хойшлогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ...........- хариуцагч .......-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууц болон авто зогсоолын төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байрны үнийг гүйцээж төлөх хэлцэл-д ..........- гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр гэрээний эхний хэсгийн гар бичвэр болон алдангийн талаар нэмж бичсэн бичгийн хэлбэр ..........-ынх мөн эсэх, гэрээнд ..........- гарын үсэг зурсан эсэхийг тус тус тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/06465 дугаар захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байна. (хх-ийн 58-60)

 

Гэвч хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2022/11873 дугаар захирамжаар хариуцагч ..........- нь гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд шаардлагатай гарын үсгийн чөлөөт загвар-ыг шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтээс татгалзаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэл болохоос гадна шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжгүй тохиолдолд хүсэлт гаргасан талаас тодруулахгүйгээс сэргээсэн нь буруу болжээ.

 

2. Нөгөө талаар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа эсэх байр сууриа илэрхийлээгүй буюу хариу тайлбар гаргаагүй тохиолдолд шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах боломжтой эсэхийг анхаараагүй байхаас гадна дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрх худалдагч ...........-оос худалдан авагч ..........-ын өмчлөлд шилжсэн эсэх үйл баримт тодорхой бус байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 470,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ