Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 862

 

                                      Т.Т-ын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00370 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Б-, Ч.Э- нарт холбогдох

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 9 010 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагч Ч.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Т-, А.Б- нар нь Энх-Орчлон дээд сургуульд хамт сурч байгаад 2010 онд төгссөн. А.Б- нь 2015 онд Солонгос улсад суралцахаар очсон боловч сургалтын төлбөрийн барьцаа, байр хөлсөлж суух зэрэг мөнгө хэрэгтэй байна, мөнгө олж өгөөч аав, ээж мөнгийг төлнө гэдэг хүсэлтийг Т.Т-д удаа дараа тавьсан. Ингээд Т.Т- нь БНСУ-ын иргэн Сун Жү Ёнд зуучилж 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 700 000 вон, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 воныг тус тус А.Б-д зээлүүлсэн байдаг. Тухайн үедээ Т.Т- фейсбүүкээр зээлсэн мөнгө чинь сарын 5 хувийн хүүтэй гэж байна гэхэд А.Б- өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч Сун Жү Ён нь А.Б-ыг танихгүй учраас Т.Т-ыг зээлийн эргэн төлөлтийг хариуцах шаардлага тавьж, батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Гэтэл А.Б- 2015 онд мөнгө зээлчихээд ор сураггүй алга болсон. Ингээд 2016 оны 7 дугаар сард Т.Т- зээлдэгч зээлийн төлбөр болон зээлийн хүүгээ шаардаад байхаар нь өөрөө Монголд ирсэн. Т.Т-ын аав, ээжийг таньдаг болохоор Хархорин зах дотор ажиллуулдаг хоолны газарт нь очиж уулзаж А.Б- зээлсэн мөнгөө төлөхгүй холбоо барихгүй байна зээлийн төлбөр нэхэгдэж байна гэдгийг хэлсэн. Ээж Ч.Э- нь эдийн засгийн хямралтай байснаас мөнгө төлөөгүй, одоо хүү А.Б-ын зээлийг төлбөрийг хариуцна гээд 3 000 000 вон зээлсэн гэрээг байгуулж төлбөрийг сар бүр хувааж төлье гэж тохирсон. Т.Т- нь зээлдэгч Сун Жү Ёнд А.Б-ын өмнөөс 5 300 000 вон төлсөн учраас энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Ч.Э- А.Б-ын зээлийг хариуцна гэж гэрээ хийсэн учир хамтран хариуцагчаар татсан. Иймд Ч.Э-, А.Б- нараас 3 000 000 воныг тухайн үеийн ханшаар тооцож 5 340 000 төгрөг, 1 жилийн хүү 961 200 төгрөг, алданги нь 3 150 600 төгрөг нийт 9 451 800 төгрөг гаргуулахаар боловч Т.Т-ын зээлдэгчид төлсөн воныг тухайн үеийн ханшаар тооцоход 9 010 000 төгрөг болсон. Иймд 9 010 000 төгрөгийг хариуцагч А.Б-, Ч.Э- нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ын иргэн Сун Жү Ён гэх хүний данснаас 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 700 000 вон нийт 3 300 000 вон А.Б-ын данс руу шилжиж орсон байсан. Бид Солонгос улсын каргоны Монгол улс дахь салбараар дамжуулан Сун Жү Ёны данс руу мөнгийг шилжүүлж байсан, каргоны данснаас Сун Жү Ён гэх хүний данс руу мөнгө орсон эсэхийг шалгахын тулд түүний дансны хуулгыг л харах боломжтой. Сун Жү Ён 3 300 000 воныг А.Б-ын данс руу хийсэн, харин төлөлтөө өөр банкны дансаар авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бидний төлсөн мөнгийг гаргаж ирээгүй. Хэд хэдэн удаа төлөлтөө хийж байтал он гарсны дараа А.Б- Сун Жү Ёны данс руу битгий мөнгө шилжүүлээрэй асуудалд орсон байна гэж хэлсэн. Гэтэл Т.Т- над руу зээлийн төлөлтийн график явуулсан. Ингээд Сун Жү Ён руу мөнгө явуулаагүй холбоо тасарсан. Гэтэл 2 жилийн дараа Т.Т- мөнгө нэхэмжилж эхэлсэн. Т.Т- шүүхэд хандахдаа хоёр өөрөөр нэхэмжлэл гаргасан. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Т.Т- Ч.Э-тэй 3 000 000 вонын гэрээ байгуулж, сарын 1,5 хувийн хүүтэй бэлнээр авсан гэдэг дээр гарын үсэг зурсан. Нөгөө нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Т.Т- нь Сун Жү Ёнтой нотариатад очиж 5 300 000 вон төлж дуусгасан гэсэн баримт гаргаж ирсэн. Т.Т- Ч.Э-тэй байгуулсан 3 000 000 воныг 1,5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм бол сарын 45 000 воны хүүтэй 3 045 000 вон л нэхэмжлэх ёстой. Гэтэл 12 сарын дараа 5 300 000 воныг Сун жү ёнд өгсөн гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа үнийн дүн зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй төлсөн мөнгийг хасч тооцоод мөнгөн дүнгээ гаргах ёстой. Тухайн үедээ үнэхээр Т.Т- А.Б-д тусалсан байдаг. Тэгвэл Сун Жү Ёны дансанд Т.Т-ын данснаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 5 300 000 вон шилжүүлсэн баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Э 9 010 000 /есөн сая арван мянга/ төгрөг гаргуулж Т.Т олгож, хариуцагч А.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-ээс 159 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ч.Э- давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00370 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хугацаа сэргээлгэх хүсэлтийн хамт давж заалдах гомдлыг дахин гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйл заалтыг шүүх зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан. Батлан даалтын гэрээ, хэлцлийн баримт бичиг нь БНСУ-д улсад хийгдсэн байдаг ба шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй гэх зохих зүйл заалтыг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Солонгос хэлнээс Монгол хэл рүү орчуулагдсан байдаг, мэргэжлийн орчуулагчийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, зөвшөөрөлтэй этгээд мөн эсэх, орчуулга үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй мессенжерийн хаягаар хоорондоо харилцсан баримтыг үнэлсэн. Нэхэмжлэгч Т.Т- нь БНСУ-ын иргэн Сун Жү ён-нд зуучилж хариуцагч А.Б- вон зээлж авсан боловч, өрийг шилжүүлэн авах. Батлан даалтын гэрээг хариуцагчийн өмнөөс хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн гэрээний шаардлага хангаагүй байтал хүү, алданги нэмж нэхэмжилснийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч А.Б-ын өмнөөс 5 300 000 воныг төлсөн баримт нотолгоо байхгүй. Батлан даалтын гэрээ, хэлцлийн баримт бичиг нь шүүхэд өгөх зорилгоор нөхөж хийсэн хуурамч нотлох баримт байх магадлалтай. Хариуцагч Ч.Э- миний бие Монгол улсаас карго вонын гуйвуулгаар шилжүүлэг хийсэн боловч, Монгол улсаас нотлох баримтыг хувийн шугамаар цуглуулах боломжгүй, хуулийн мэдлэг дутмаг, шүүх хуралд нотлох баримт цуглуулах талаар тавьсан хүсэлтийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүхийн журмаар гаргуулах боломжоор хангаагүй. Монгол улсын хуулиар зохицуулагдан шийдвэрлэгдэж байгаач БНСУ-д иргэд хооронд хүүтэй мөнгө зээлэх нь хуулиар хориглосон үйлдэл байхад хүү, алданги, нэхэмжлэх үндэслэлтэй эсэх, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гадаад харилцааны яамны консулын газарт өргөдөл, гомдол гаргаж. БНСУ-с нотлох баримт гаргуулах хүсэлтийн хариуг харгалзан үзээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх эрхээр хангаагүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байгаа боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч Ч.Э-, А.Б- нарт холбогдуулан 9 010 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ч.Э-тэй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээний үүргийг шаардаж байна” гэж тайлбарлаж, хариуцагч “... Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Сун Жү Ёны дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Т- хариуцагч А.Б- нар Солонгос Улсад хамт сурч байсан, хариуцагч нь нэхэмжлэгчээр зуучлуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сун Жү Ёноос сургалтын төлбөрийн барьцаа, байр хөлсөлж суухад зарцуулах мөнгийг зээлсэн болох нь тогтоогдсон үйл баримт байх бөгөөд уг асуудлын талаар зохигчид маргаагүй.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сун Жү Ёны данснаас А.Б-ын данс руу 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 700 000 вон, нийт 3 300 000 вон шилжүүлсэн, уг асуудлыг хариуцагч үүсгээгүй байна. /хх-ийн 12-13 дугаар тал/ Иймд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Сун Жү Ён хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Т.Т- “... зээлдүүлэгч Сун Жү Ён нь хариуцагч А.Б-ыг танихгүй учир надтай батлан даалтын гэрээ байгуулсан, мөн уг мөнгийг би төлж барагдуулсан” гэж тайлбар гаргаж, шүүхэд Сун Жү Ён, Т.Т- нарын хооронд хийгдсэн бичгийн хэлцэл, нэхэмжлэгч Т.Т- зээлдүүлэгч Сун Жү Ёнтой байгуулсан батлан даалтын гэрээг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

 /хх-ийн 16, 21 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Т- хариуцагч Ч.Э-тэй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3 000 000 воныг 1 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Анхан шатны шүүх зээлдэгч А.Б-ын зээлийн гэрээний үүргийг түүний ээж Ч.Э- өөртөө шилжүүлж авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

/хх-ийн 76 дугаар тал/

 

            Гэрээний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй юм.

 

            Хариуцагч талаас Сун Жү Ёноос зээлсэн мөнгийг каргоны данснаас түүний данс руу шилжүүлэн төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Ч.Э-ээс зээл, зээлийн хүү, алдангийн хамт 9 010 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хуулийн зүйл заалтыг зөвтгөн өөрчилж, хариуцагч Ч.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж, “...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1” хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                          ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

     Ц.ИЧИНХОРЛОО