Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00323

 

 

Т.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00370 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 862 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Т-

          Хариуцагч: А.Б-

          Хариуцагч: Ч.Э- нарт холбогдох

          9,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгч Б.А-н гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би БНСУ-д амьдардаг. Монголд хамт нэг ангид суралцаж найз А.Б- 2015 онд Солонгос улсад суралцахаар очсон. Сургалтын төлбөрийн барьцаа, байр хөлсөлж суух зэрэг мөнгө хэрэгтэй байна, олж өгөөч гэж удаа дараа хүссэн. Ингээд би БНСУ-ын иргэн С-нд зуучилж 2015-08-06-ны өдөр 2,600,000 вон, 2015-8-10-ны өдөр 700,000 вон, 2015-9-30-ны өдөр 1,000,000 воныг тус тус А.Б-д зээлүүлсэн. Фейсбүүк-р зээлсэн мөнгө чинь сарын 5 хувийн хүүтэй гэхэд А.Б- хүлээн зөвшөөрсөн. С-н нь А.Б-ыг танихгүй учраас Т.Т-аас шаардаж, батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Гэтэл А.Б- 2015 онд мөнгө зээлж аваад сураггүй болсон. Ингээд 2016-7-р сард надаас шаардаад байсан тул Монголд ирж, аав, ээжийг нь таньдаг болохоороо очиж уулзсан бөгөөд А.Б- мөнгөө төлөхгүй, холбоо барихгүй байгааг хэлсэн. Ээж Ч.Э- нь эдийн засгийн хямралтай байснаас мөнгө төлөөгүй, одоо хүү А.Б-ын зээлийг хариуцна гээд 3,000,000 вон зээлсэн гэрээг байгуулж төлбөрийг сар бүр хувааж төлье гэж тохирсон. Би С-нд А.Б-ын өмнөөс 5,300,000 вон төлсөн.Энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Ч.Э- А.Б-ын зээлийг хариуцна гэж гэрээ хийсэн учир хамтран хариуцагчаар татсан. Иймд Ч.Э-, А.Б- нараас 3,000,000 воныг тухайн үеийн ханшаар тооцож 5,340,000 төгрөг, 1 жилийн хүү 961,200 төгрөг, алданги 3,150,600 төгрөг нийт 9,451,800 төгрөг шаардана. Воныг тухайн үеийн ханшаар төлснөөр тооцоход 9,010,000 төгрөг байна. Иймд 9,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал тайлбартаа: БНСУ-ын иргэн С-н гэх хүний данснаас 2015-08-06-ны өдөр 2,600,000 вон, 2015-08-10-ны өдөр 700,000 вон нийт 3,300,000 вон А.Б-ын данс руу шилжиж орсон. Бид Солонгос улсын каргоны Монгол улс дахь салбараар дамжуулан С-ны данс руу мөнгийг шилжүүлж байсан, каргоны данснаас С-н гэх хүний данс руу мөнгө орсон эсэхийг шалгахын тулд түүний дансны хуулгыг л харах боломжтой. С-н 3,300,000 воныг А.Б-ын данс руу хийсэн, харин төлөлтөө өөр банкны дансаар авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бидний төлсөн мөнгийг гаргаж ирээгүй. Хэд хэдэн удаа төлөлтөө хийж байтал он гарсны дараа А.Б- С-ны данс руу битгий мөнгө шилжүүлээрэй асуудалд орсон байна гэж хэлсэн. Гэтэл Т.Т- над руу зээлийн төлөлтийн график явуулсан. Ингээд С-н руу мөнгө явуулаагүй холбоо тасарсан. Гэтэл 2 жилийн дараа Т.Т- мөнгө нэхэмжилж эхэлсэн. Т.Т- шүүхэд хандахдаа хоёр өөрөөр нэхэмжлэл гаргасан. 2016-07-20-ны өдөр Т.Т- Ч.Э-тэй 3,000,000 вонын гэрээ байгуулж, сарын 1,5 хувийн хүүтэй бэлнээр авсан гэдэг дээр гарын үсэг зурсан. Нөгөө нь 2017-07-24-ний өдөр Т.Т- нь С-нтой нотариатад очиж 5,300,000 вон төлж дуусгасан гэсэн баримт гаргаж ирсэн. Т.Т- Ч.Э-тэй байгуулсан 3,000,000 воныг 1,5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм бол сарын 45,000 воны хүүтэй 3,045,000 вон л нэхэмжлэх ёстой. Гэтэл 12 сарын дараа 5,300,000 воныг С-нд өгсөн гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа үнийн дүн зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй төлсөн мөнгийг хасч тооцоод мөнгөн дүнгээ гаргах ёстой. Тухайн үедээ үнэхээр Т.Т- А.Б-д тусалсан байдаг. Тэгвэл С-ны дансанд Т.Т-ын данснаас 2017-07-24-ний өдөр 5,300,000 вон шилжүүлсэн баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 102/ШШ2019/00370 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1, 458-р зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Э-ээс 9,010,000 төгрөг гаргуулж Т.Т-д олгож, А.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 159,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Ч.Э-ээс 159,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байна.

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 862 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж, “...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1” хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 160,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

    Хариуцагч нарын төлөөлөгч гомдолдоо: Батлан даалтын гэрээ, Хэлцэлийн баримт бичиг нь БНСУ-д улсад хийгдсэн байдаг ба шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй гэх зүйл заалтыг зөрчсөн, Нотлох баримтын шаардлага хангаагүй мессенжерийн хаягаар хоорондоо харилцсан баримтыг үнэлж хуулийг буруу хэрэглэсэн... миний бие Монгол улсаас карго вонын гуйвуулгаар шилжүүлэг хийсэн боловч, Монгол улсаас нотлох баримтыг хувийн шугамаар цуглуулах боломжгүй, хуулийн мэдлэг дутмаг, шүүх хуралд нотлох баримт цуглуулах талаар тавьсан хүсэлтийг хангаагүй ИХШХШТХ-н 41, 47-г зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх процесс алдаа гаргасан.. магадлалд ИХ-ийн 281.1, 282.1, 232.6-р зүйлийг хэрэглэсэн нь буруу ...зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Т.Т- 2018-11-19-ний өдөр шүүхэд хандаж, А.Б-, Ч.Э- нараас 9,010,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... А.Б-д БНСУ-ын иргэн С-н-с 2015-08-06-ны өдөр 2,600,000 вон, 2015-8-10-ны өдөр 700,000 вон, 2015-9-30-ны өдөр 1,000,000 вон авч зээлүүлсэн...ч буцааж төлөөгүй... 2016-7-р сард түүний ээж Ч.Э- нь гэрээг байгуулж 3,000,000 вон  төлөхөөр болсон ч төлөөгүй...Иймд 3,000,000 воныг тухайн үеийн ханшаар тооцож 5,340,000 төгрөг, 1 жилийн хүү 961,200 төгрөг, алданги 3,150,600 төгрөг авахаар байгаа ч  воныг тухайн үеийн ханшаар тооцоод 9,010,000 төгрөг авна..” гэжээ. /хх1, 96/

       Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...төлбөрийг дансаар авдаг байсан... нэхэмжлэл гаргахдаа бидний төлсөн хэмжээг гаргаагүй... үнийн дүн зөрүүтэй байна...” гэжээ.

       Анхан шатны шүүх 9,010,000 төгрөгийг хариуцагч Ч.Э- төлөх үүрэгтэй байна гэж үзээд, А.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

       Хариуцагч нарын төлөөлөгч гомдолдоо “...шаардлага хангаагүй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн... нотлох баримт цуглуулах хүсэлтийг хангаагүй.... давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн... зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус..” гэжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгч Б.А-н гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       1. Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй бөгөөд баримтгүй байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарт дурдсан асуудлаар шүүхэд хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт байхгүй /хх 69,70,81,124/, шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх талаар мөн хүсэлт гаргаж байгаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг болон 41,47 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.   

        Хариуцагч А.Б-ын төлөөлөгч Б.А, хариуцагч Ч.Э- нарт шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан танилцуулсан /хх 65,125., 66,67, 99/ байна. 

        Шүүх эрх, үүргийг нь танилцуулах хэлбэрээр нотлох баримт бүрдүүлэх боломжийг хэргийн оролцогчид олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ. 

        2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

     Хариуцагч нь хяналтын гомдолдоо “... мессенжер хаягаар хоорондоо харилцсан.. тухай баримт нотлох баримтын шаардлага хангаагүй..” гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаан үүсгээгүй, мэтгэлцээгүй /хх 69,81/,хүсэлт гаргаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.

       Нэхэмжлэлийг нотлох, үгүйсгэх баримтыг зохигч гаргах үүрэгтэй бөгөөд талуудын гаргасан баримтын хэмжээнд шүүх хэргийг шийдвэрлэнэ.

       Шүүх хэрэгт буй нотлох баримтыг хооронд нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байна. 

       3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нар Т.Т-аар дамжуулан бусдаас зээл авсан нь тогтоогдсон,зээлийн мөнгийг н А.Б-, Ч.Э- нараас нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 281,124 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

    Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээнэ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 862 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч Б.А-н гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нарын төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны дүгээр 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 160,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ