Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/03109

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 28

182/ШШ2022/03109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х хаягт оршин суух, ТТ /РД:П/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чихаягт оршин суух, Б овогт Б-ын Х /РД:/-д холбогдох,

73 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2022 оны 04 дүгээр сарын 05-нд хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наранбайгаль.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******өөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 09 дүгээр сард Турк улсаас автомашин, машины сэлбэг, цахилгаан бараа захиалгаар оруулж ирдэг гэх Бүх захиалга нэг доороос гэсэн пэйжтэй холбогдсон бөгөөд надад админ нь гэх Б.******* хариу өгдөг байсан. Ингээд би өөрийн сонирхож байгаа Мерседес бенз актрос маркийн ачааны машин, чиргүүлийн зургуудыг надад явуулахад нь ачааны машиныг 52 000 000 төгрөгөөр, нэг чиргүүлийн 17 000 000 төгрөгөөр, нөгөө чиргүүлийг 21 000 000 төгрөгөөр, нийт 90 000 000 төгрөгөөр захиалж худалдан авахаар тохиролцсон юм. Ингээд би 2021.09.30-нд 14 300 000 төгрөг, 2021.10.01-нд 6 700 000 төгрөг, 2021.10.05-нд 20 000 000 төгрөг, 2021.10.25-нд 32 500 000 төгрөг, нийт 73 500 000 төгрөгийг Б.*******ийн өгсөн ХААН банкны 5 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Надад дээрх данс руу мөнгөө хийгээрэй, утга дээр нь ******* гэж бичээрэй гэсний дагуу бичиж хийсэн. Захиалсан машин, чиргүүл ирэхгүй байсан учир би байнга Б.*******тэй харилцаж асуухад таны бүх бараа Алтанбулагийн боомтоор орж байгаа, хил дээр татварын асуудалтай байна гэх мэтээр шалтгаан хэлдэг. Сүүлдээ надад хариу өгөхгүй алга болсон. Иймд би нэгэнт миний захиалсан зүйлсийг өгөхгүй, худлаа болсон тул одоо өгсөн мөнгөө л буцааж авахаар нэхэмжилж байна. Би өгсөн данс руу нь 73 500 000 төгрөгөө тушааж шилжүүлсэн, Б.******* цаашаагаа хэнд мөнгийг яаж шилжүүлснийг би мэдэх боломжгүй, би Г.******* гэх эмэгтэй хүнтэй огт харилцаж байгаагүй тул уг мөнгөө Б.*******ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Уг дансыг мөнгөө шилжүүлэх гээд шалгахад Баатарын ******* гэж гарч ирсэн, хамтран эзэмшигч Г.******* гэж бүртгэгдсэн зүйл гарч ирээгүй. Энэ дансыг хамтран эзэмшдэг гэдгийг шүүх дээр л мэдсэн. Би эрүүгийн хэргийн журмаар гомдол гаргаагүй бөгөөд одоо өгсөн мөнгөө л буцаан авах хүсэлттэй байна. Би Турк улсад шалгагдаж байгаа гэх Э.******* гэдэг хүнтэй болон Г.*******тэй огт харилцаж байгаагүй, Б.*******тэй л харилцаж түүний данс руу мөнгөө шилжүүлсэн учир Б.*******ээс мөнгөө гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Б.*******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкны энэ дансыг ээж Г.*******тэй хамтран эзэмшдэг бөгөөд өөр ашигладаггүй, ашиглахгүй болоод удаж байна. Ээж маань дүүгийнхээ ажилд туслах зорилгоор уг дансыг ашиглан эгч *******ийн Монгол улсаас хүмүүсийн захиалсан барааны үнийг доллар болгон шилжүүлэн авдаг байсан байна. Би үүнийг огт мэдээгүй. Би өөрөө 2007 оноос хойш Монгол улсын хилээр гадагш гарч байгаагүй, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтыг хэрэгт өгсөн. Мөн миний бие Д.******* гэдэг нэхэмжлэгчтэй чатаар болон бусад байдлаар огт харилцаж байгаагүй, түүнийг танихгүй, би ямар нэгэн интернэт худалдаа эрхэлдэггүй, Бүх захиалга нэг доороос гэдэг пэйж хуудас ажиллуулдаггүй. Иймд миний бие нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээс машины сэлбэг хэрэгсэл авч өгөх захиалга авсан гэх Э.******* нь Турк улсад амьдардаг хүн байдаг бөгөөд энэ хүнд дээрх байдлаар залилуулж мөнгөө алдсан хүмүүс олон байдаг. Э.******* гэгч нь бидний хамтран эзэмшдэг дансаар манай эгчээс гуйж мөнгөө дамжуулан авдаг байсан нь хоорондоо харилцаж байсан мессежүүдээс нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгчтэй адилаар бараа захиалаад мөнгөө алдсан гэх нэг иргэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ, түүнд би гомдол гаргасан бөгөөд нэгтгэн шалгуулахаар шилжүүлсэн байдаг. Иймд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Захиалсан чиргүүл, машин нь ирээгүй байхад дахин дахин мөнгө шилжүүлсэн нь үндэслэлгүй, надтай байнга харилцаж байсан гээд худал ярьж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь миний төрсөн хүү бөгөөд ХААН банк ХХК дахь ******* тоот дансыг бид хамтран эзэмшдэг. Миний төлсөн дүү болох Г.******* нь олон жил Турк улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа юм. Тус улсад Г.******* нь STZ гэдэг гадаад худалдааны компанийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг ба Монгол улс руу каргоны үйл ажиллагааг явуулдаг. Дүү маань ХААН банкны дансгүй учир би хүүтэйгээ хамт эзэмшдэг дээрх дансаараа бараа захиалгын мөнгүүдийг авч өөрөө дангаараа эзэмшдэг дансаараа шилжүүлэн авч Голомт банк дахь ам.долларын данс руугаа шилжүүлж валют болгон дүү *******ийн компани руу гуйвуулж өгч тусалдаг юм. Энэ олон гүйлгээний дунд Э.******* гэгч нь дүү Г.*******аас гуйж хэд хэдэн удаа дансаар нь мөнгө гаргуулж авсны 4 удаагийн гүйлгээний мөнгө нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа ачааны машин, чиргүүл захиалсан гэх 73 500 000 төгрөг юм. Тус мөнгийг 2021.09.30-наас 2021.10.25-ны хооронд хийсэн 14 300 000 төгрөг, 6 700 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 32 500 000 төгрөгийн тус тус гүйлгээнүүд байсан ба миний бие орж ирсэн мөнгүүдийг нийлүүлж байгаад 2021.10.04-нд 57 160 000 төгрөг болгоод өөрийн ХААН банкны данс руу шилжүүлэн ам.доллар болгосон байдаг Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт өгсөн байна. 2021.01.06-нд бусад ачаа барааны төлбөртэй хамтатган 17 000 ам.долларыг бэлнээр Турк улс руу явуулсан ба үлдсэнийг Голомт банкны ам.долларын данс руу шилжүүлж 2021.11.01-нд 28 100 ам.доллар олгон шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь *******тэй өөртэй нь холбогдож мөнгөө шилжүүлсэн гэх боловч эдгээр гүйлгээнүүдийн утга дээр *******, чиргүүл гэж бичсэн байна. Энэ нь миний хүү *******тэй огт харилцаж байгаагүйг харуулж байна. Дүү Г.******* нь уг дансыг Э.*******д өгсөн болох нь Г.*******ийн Moongo гэх хүнтэй харилцсан мессежүүдэд би дүүгийнхээ дансыг ашигладаг юм гэж бичсэнээс тодорхой байгаа юм. Иймээс бид Д.*******ийн шилжүүлсэн гэх 73 500 000 төгрөгийг өөрсдөө авч ашиглаагүй, Турк улс руу гуйвуулсан, ямар нэг гэрээ хэлцэл байхгүй учраас энэ нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хамгийн гол нь нэхэмжлэгч яагаад удаа дараа мөнгө шилжүүлэхдээ бидэнд хэлж, асууж уулзаагүй юм бэ гэдэгт гомдолтой байдаг. Нэг удаа шилжүүлээд дахин шилжүүлэхдээ бидэнтэй уулзах боломж байсан. Огт авч ашиглаагүй мөнгө биднээс нэхээд биднийг байнга сэтгэл санааны дарамттай байлгаж байна. Нэхэмжлэгч өөрөө хааш нь их хэмжээний мөнгө шилжүүлж байгааг лавлаж асуугаагүй арга хэмжээ аваагүйгээр ийм их хэмжээнд хүргэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яг энэ дансаар 57 000 000 төгрөг шилжүүлсэн иргэн эрүүгийн хэргээр гомдол гаргаад одоо шалгагдаж байна. Э.******* гэх хүнийг цагдаагийн байгууллагаас олж авчирч шийдвэрлэх байх, нэхэмжлэгч мөн ингэж эрүүгийн хэрэгт хамт шалгуулах, буруутай этгээдээс нь мөнгөө олж авах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2021.09.30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 14 300 000 төгрөгийн дүн бүхий дотоод шилжүүлгийн маягт, 2021.10.05-ны 20 000 000 төгрөгийн дүн бүхий шилжүүлгийн мэдээлэл, Капитрон банкны харилцах дансны хуулгууд, T фэйсбүүк хаягаас Бнэртэй пэйж хуудастай харилцаж байсан цахим захидал, дүрс болон дууны бичлэг /хх 6-14/, Капитрон банкны 2021.10.25-ны өдрийн 94557528 тоот 32 500 000 төгрөгийн дүн бүхий гүйлгээний мэдээлэл /хх 44/ зэргийг,

Хариуцагч талаас нотлох баримтаар, цахим захидлууд /хх 23-35/, Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, Ж ББСБ-ын санхүүгийн тэмдэг бүхий валют арилжааны баримт, ХААН банк ХХК дахь Г.*******ийн эзэмшлийн 5037148734 тоот, Б.*******ийн эзэмшлийн ******* тоот дансын депозит дансны хуулгууд, ХААН банк ХХК-ийн 2022.05.11-ний өдрийн 5006/1513 тоот ******* дугаар дансыг Б.*******, Г.******* нар хамтран эзэмшдэг тухай тодорхойлолт /хх 46-80/, 2022.03.28-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн 220501071 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022.05.19-ний өдрийн 11е/4218 тоот Гомдол мэдээлэл шилжүүлэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 3717 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Г.*******ийн эзэмшлийн Голомт банк ХХК дахь 170515839 тоот дансны хуулга /хх 128-137/, Хил хамгаалах ерөнхий газрын 2022.10.11-ний өдрийн 2-4в/1258 тоот тодорхойлолт, иргэн Г.*******ийн тодорхойлолт /хх 149-150/, Э.*******, Г.******* нарын 2022.07.08-ны өдрийн Мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус гаргаж,

Тус шүүхийн шүүгчийн 2022.05.11-ний өдрийн 182/ШЗ2022/06229 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн ХААН банк ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 29/3347 тоот албан бичиг, харилцагч Б.*******, хамтран эзэмшигч Г.******* нарын ******* дугаар дансны 2021.08.01-нээс 2021.10.29-нийг хүртэл хугацааны депозит дансны хуулгууд /хх 89-95/, шүүгчийн 2022.06.13-ны өдрийн 182/ШЗ2022/06229 дугаартай захирамжийн дагуу хэргийн 11-14 дэх талд авагдсан баримтуудад 2022.06.23-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан баримтууд /хх 112-126/ хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан ачааны машин, чиргүүлийн үнэд шилжүүлсэн 73 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.******* эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, Турк улсаас автомашин, сэлбэг хэрэгсэл захиалгаар оруулж ирдэг гэх Бүх захиалга нэг дороос гэсэн пэйж хуудсанд холбогдож, Мерседес бенз актрос маркийн ачааны машин, 2 чиргүүлийг нийт 90 000 000 төгрөгөөр захиалж, хэлсэн данс болох ХААН банк ХХК дахь Б.*******ийн ******* тоот данс руу урьдчилан 4 удаа 73 500 000 төгрөгийг шилжүүлсэн, уг дансыг шалгуулахад Б.******* гэсэн нэр гарч ирж байсан, захиалсан машин байхгүй тул өгсөн мөнгөө буцааж Б.*******ээс авна, би Э.******* болон Г.******* гэх хүмүүстэй харилцаж байгаагүй, эдгээр хүмүүсийг мэдэхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэгчийг огт танихгүй, би чатаар болон бусад байдлаар харьцаж байгаагүй, ХААН банк ХХК дахь ******* тоот дансыг ээж Г.*******тэй хамтран эзэмшдэг боловч уг дансыг ашиглахгүй олон жил болсон, миний бие 2007 оноос хойш Монгол улсын хилээр гадагшаа гарч байгаагүй, Бүх захиалга нэг дороос гэсэн пэйж хуудас ажиллуулдаггүй, Турк улсад амьдардаг гэх Э.******* гэх хүн ийм байдлаар олон хүн залилан мэхэлж хохироож байгаа талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа, уг мөнгийг би аваагүй, мэдэхгүй, надад хамааралгүй тул хариуцахгүй гэж тайлбарлан маргасан.

 

3. Гуравдагч этгээд Г.*******ээс ХААН банк ХХК дахь ******* тоот дансыг хүү Д.*******ийн хамт эзэмшдэг бөгөөд уг дансаар орж ирсэн бараа захиалгын мөнгийг өөрийн ХААН банк ХХК дахь данс руугаа шилжүүлж 2021.10.04-нд 57 160 000 төгрөгийг ам.доллар болгон уг мөнгүүдийг болон ачаа барааны төлбөртэй хамтатган 2021.10.06-нд 17 000 ам.доллараар, 2021.11.01-нд 28 100 ам.долларыг дүү Г.*******т Турк улс руу шилжүүлсэн, үүнд 73 500 000 төгрөг орсон, нэхэмжлэгч өөрөө гүйлгээний утга дээр нь цээгийд гэж бичсэн байхад яагаад биднээс тодруулж асуухгүй, олон удаа их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн нь ойлгомжгүй байна, Д.******* нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг авч хэрэглэсэн зүйл байхгүй, бид Турк улс руу гуйвуулсан, түүнтэй ямар нэгэн худалдан авах гэрээ, хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагч талын татгалзлыг дэмжин оролцсон.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Нэхэмжлэгч Д.******* нь автомашин, машин, цахилгаан бараа захиалгаар Монгол улсад оруулж ирдэг гэх Бүх захиалга нэг доороос гэсэн нэртэй пэйж хуудсанд холбогдон түүнд нийтлэгдсэн бараа, машины мэдээлэлтэй танилцаж, улмаар Мерседес бенз актрос маркийн ачааны автомашин, түүний 2 ширхэг чиргүүлийг худалдан авахаар болж захиалан, тэдгээрийн үнэ болох 90 000 000 төгрөгөөс урьдчилан 73 500 000 төгрөгийг буюу 2021.09.30-нд 14 300 000 төгрөг, 2021.10.01-нд 6 700 000 төгрөг, 2021.10.05-нд 20 000 000 төгрөг, 2021.10.25-нд 32 500 000 төгрөгийг тус тус хариуцагч Б.******* болон гуравдагч этгээд Г.******* нарын хамтран эзэмшлийн ХААН банк ХХК дахь ******* тоот данс руу шилжүүлсэн байна.

Дээрх үйл баримт нь 2021.09.30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 14 300 000 төгрөгийн дүн бүхий дотоод шилжүүлгийн маягт, 2021.10.05-ны 20 000 000 төгрөгийн дүн бүхий 25582858 тоот ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, 6 700 000 төгрөг, 32 500 000 төгрөгийн дүн бүхий Капитрон банкны харилцах дансны хуулгууд, ХААН банк ХХК дахь ******* тоот дансны депозит дансны хуулгууд, 2021.09.27-ноос 2021.10.21-ний өдрийн хооронд Turmunkh Delgertogtokh гэсэн фэйсбүүк хаяг болон Бүх захиалга нэг доороос гэсэн фэйсбүүк хаяг /пэйж хуудас/-ийн хооронд харилцсан цахим захидлууд, дуут болон дүрст бичлэг, түүнд 2022.06.23-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан баримтууд зэргээр нотлогджээ.

4.2. Хэрэгт авагдсан ХААН банк ХХК дахь ******* тоот дансны депозит дансны хуулгууд, ХААН банк ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 29/3347 тоот албан бичиг, 2022.05.11-ний өдрийн 5006/1513 тоот тодорхойлолт зэргээр ХААН банк ХХК дахь ******* тоот хугацаагүй хадгаламжийн дансыг хариуцагч Б.*******, гуравдагч этгээд Г.******* нар хамтран эзэмшдэг бөгөөд уг дансанд нэхэмжлэгчээс ачааны машин, чиргүүл худалдан авах зорилгоор 73 500 000 төгрөг шилжүүлснийг зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх мөнгийг ашиглаагүй, Турк улсад амьдардаг гэх иргэн Э.*******д дамжуулан шилжүүлсэн талаар тайлбарлаж байх боловч Э.*******д бусдаас авах төлбөрийн мөнгийг нь өөрсдийн дансаар дамжуулан шилжүүлэх талаар тохиролцсон ямар нэгэн баримтгүй байна.

4.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.2.-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй буюу үүрэг үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ийг Турк улсад худалдаа эрхэлж ачааны машин, сэлбэг хэрэгсэл худалддаг худалдагч хэмээн ойлгож, тодорхойлсон данс болох түүний эзэмшлийн дансанд худалдан авах гэж буй хөрөнгийн үнийг шилжүүлсэн боловч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй буюу уг гэрээний гол нөхцөлийн талаар ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй байна.

Тодруулбал, хариуцагч нь өөрийн эзэмшлийн дансаар Бүх захиалга нэг доороос гэсэн фэйбүүк хаягт болон иргэн Э.*******, түүнчлэн Г.******* нарт нэхэмжлэгчийн захиалсан ачааны машин болон чиргүүлийн үнийг дамжуулан шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, энэ талаар зохигчид тохиролцсон баримтгүйн дээр ачааны машин болон чиргүүлийг хариуцагч нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч хариуцагчаас худалдаж авах талаар хэлэлцэн тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн эзэмшлийн дээрх дансанд нэхэмжлэгчийн өмчлөлийн 73 500 000 төгрөг шилжсэнээр хариуцагч, гуравдагч этгээд нарын ******* тоот данс дахь мөнгөний хэмжээ мөн хэмжээгээр нэмэгдэж хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч Б.******* нь хадгалуулагчийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т заасан хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг дансны хуулга болон холбогдох бусад баримттай тулган шалгах эрх үүргээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5. Хариуцагч тал нь, иргэн Б.Буянхишигийн гадаад улсаас чиргүүл захиалж бусдын дансанд 17 000 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх гомдолд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай мөрдөгчийн 2022.03.28-ны өдрийн 220501071 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Б.*******ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд дурдсан үйлдэл нь 220501071 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа гэж үзэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн тухай Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022.05.19-ний өдрийн 11е/4218 тоот Гомдол мэдээлэл шилжүүлэх тухай албан бичиг, иргэн Э.*******, STZ гадаад худалдаа, тээвэр лимитэд компанийн захирал гэх Г.******* нарын нөхөн бичсэн 2022.07.08-ны өдрийн Мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлах боловч уг хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч Д.*******өөс ямар нэгэн гомдол, өргөдөл гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Поркурорын газрын прокурорын 2022.06.16-ны өдрийн 3717 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор хариуцагч Б.*******ээс гаргасан Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох 73 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эрүүгийн шугамаар шийдвэрлүүлэх тухай гомдлыг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал баримтаар тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.*******ийн худалдан авах барааны үнэд шилжүүлсэн 73 500 000 төгрөгийг хариуцагч, гуравдагч этгээд нар цааш нь бусдад шилжүүлсэнтэй холбоотойгоор дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар үндэслэлгүй болно.

 

6. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.-д Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж, 8 дугаар зүйлийн 8.1.6.-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших гэж, 194 дүгээр зүйлийн 194.1.-д Үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаас үзэхэд ХААН банк ХХК дахь ******* тоот хугацаагүй хадгаламжийн дансыг хамтран эзэмшдэг хариуцагч Б.*******, гуравдагч этгээд Г.******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь үүрэг гүйцэтгэгч болох Б.*******, гуравдагч этгээд Г.******* нарын аль нэгнээс нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах буюу хариуцагч Б.*******ээс 73 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

7.Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2., 492.3.-т заасан бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 73 500 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу уг мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

8. Хэрэгт авагдсан Г.*******ийн ашигладаг гэх WhatsApp /Вацап/ апплейкшнд суурилуулсан 905326860507 дугаараас Moongo нэрээр хадгалсан 905526299181 дугаартай хэрэглэгчтэй харилцсан цахим захидлууд, Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, Жи Си Си ББСБ-ын санхүүгийн тэмдэг бүхий валют арилжааны баримт, ХААН банк ХХК дахь Г.*******ийн эзэмшлийн 5037148734 тоот дансны хуулга, Хил хамгаалах ерөнхий газрын 2022.10.11-ний өдрийн 2-4в/1258 тоот тодорхойлолт, иргэн Г.*******ийн тодорхойлолт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдаж байна.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 525 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Б.*******ээс 73 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 525 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА