Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00126

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03109 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Т ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Хэд холбогдох

73,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Би 2021 оны 09 дүгээр сард Турк улсаас автомашин, сэлбэг, цахилгаан бараа захиалгаар оруулж ирдэг гэх Бүх захиалга нэг дороос гэх фэйж хуудастай холбогдон админ Б.Хтай харилцсан. Би Мерседес бенз актрос маркийн ачааны автомашин, чиргүүлийн хамт худалдан авахаар болж тэрээр надад зургийг нь явуулж автомашиныг 52,000,000 төгрөг, нэг чиргүүлийг 17,000,000 төгрөг, нөгөө чиргүүлийг 21,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 30-нд 14,300,000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 6,700,000 төгрөг, 05-нд 20,000,000 төгрөг, 25-нд 32,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг Б.Хийн ХААН банкны 0000000000 тоот дансруу 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Дээрх дансруу мөнгийг шилжүүлээрэй, утгыг нь Цээгий гэж бичээрэй гэж хэлж өгсөн. Захиалсан автомашин, чиргүүл ирэхгүй байсан тул байнга Б.Хтэй харилцан асуухад таны бараа Алтанбулаг боомтоор ирж байгаа, хил дээр татварын асуудалтай байна гэх зэргээр шалтаг хэлж сүүлдээ хариу өгөхгүй болсон. Нэгэнт захиалсан бараа ирэхгүй болсон тул мөнгөө буцааж авахаар нэхэмжилж байна. Би Б.Хийн хэлсэн дансанд 73,500,000 төгрөг шилжүүлсэн, Б.Х цаашаа хэнд мөнгийг шилжүүлснийг би мэдэх боломжгүй, Турк улсад шалгагдаж байгаа гэх Э.А гэдэг хүн болон Г.Г гэх эмэгтэйтэй харилцаж байгаагүй тул Б.Хээс 73,500,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгө шилжүүлэхээр дансыг шалгахад Баатарын Ханбүргэд гэж гарч ирсэн. Г.Г нь энэ дансыг хамтран эзэмшдэг болохыг шүүх дээр мэдсэн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би ХААН банкин дахь 0000000000 тоот дансаа ээж Г.Г тэй хамтран эзэмшдэг бөгөөд ашиглахгүй удаж байна. Ээж маань дүүгийнхээ ажилд туслах зорилгоор уг дансыг ашиглан эгч Г.Сийн Монгол улсаас хүмүүсийн захиалсан барааны мөнгийг доллар болгон шилжүүлдэг байсныг би огт мэдээгүй. Би 2007 оноос хойш Монгол улсын хилээр гадагш гарч байгаагүй, мөн Д.Т гэдэг хүнтэй чатаар болон бусад байдлаар огт харилцаж байгаагүй, түүнийг танихгүй, ямар нэгэн интернэт худалдаа эрхэлдэггүй, Бүх захиалга нэг дороос гэх фэйж хуудас ажиллуулдаггүй. Нэхэмжлэгчид автомашин, чиргүүл худалдах захиалга авсан гэх Э.А нь Турк улсад амьдардаг хүн бөгөөд энэ хүнд дээрх байдлаар залилуулсан хүмүүс олон байдаг. Э.А нь бидний хамтран эзэмшдэг дансаар манай эгчээс гуйж мөнгөө дамжуулан авдаг байсан нь хоорондоо харилцаж байсан мессежүүдээс тодорхой харагддаг. Нэхэмжлэгчтэй адил хохирсон нэг иргэн цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа юм билээ. Би мөн гомдол гаргаж нэгтгэн шалгуулахаар шилжүүлсэн. Иймд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Захиалсан чиргүүл, автомашин нь ирээгүй байхад дахин дахин мөнгө шилжүүлсэн нь үндэслэлгүй, надтай байнга харилцаж байсан гээд худал ярьж байна. Иймд нэхэмжлэлийг хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Г ийн тайлбарын агуулга: Б.Х нь миний төрсөн хүү бөгөөд ХААН банкин дахь 0000000000 тоот дансыг хамтран эзэмшдэг. Миний дүү Г.С нь Турк улсад олон жил амьдарч STZ гэдэг гадаад худалдааны компанийг ажиллуулж Монгол руу карго явуулдаг. Дүү маань ХААН банкны дансгүй учир би дээрх дансаараа захиалсан барааны мөнгийг авч валют болгон дүүгийн компанид гуйвуулдаг. Энэ дунд Э.А нь дүү Г.Саас гуйж хэд хэдэн удаа дансаар нь мөнгө авч байсны 4 удаагийн гүйлгээ нь нэхэмжлэгчийн ачааны автомашин, чиргүүл захиалсан гэх 73,500,000 төгрөг юм байна. Тэр мөнгө нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны хоорондын гүйлгээнүүд байсан ба ам.доллар болгон бусад барааны төлбөртэй хамт Турк руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Б.Хтэй холбогдож мөнгө шилжүүлсэн гэх боловч гүйлгээнүүдийн утга нь Цээгий, чиргүүл гэж бичигдсэн нь Б.Хтэй огт харилцаж байгаагүйг харуулж байна. Дүү Г.С нь уг дансыг Э.Ад өгсөн болох нь Г.Сийн Moongo гэх хүнтэй харилцсан мессежүүдээр тодорхой байгаа. Иймээс бид Д.Т ийн шилжүүлсэн мөнгийг өөрсдөө авч ашиглаагүй, Турк улс руу гуйвуулсан, ямар нэг гэрээ байхгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Хээс 73,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т өд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 525,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Б.Х нь нэхэмжлэгчийн 73,500,000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 0000000000 тоот дансыг ээж Г.Г тэй хамтран эзэмшдэг ба ашиглаагүй удаж байна. Ээж нь дүүгийнхээ ажилд туслахаар уг дансыг ашиглаж бараа захиалсан хүмүүсийн мөнгийг шилжүүлж авдаг байжээ. Хариуцагч үүнийг огт мэдээгүй бөгөөд Д.Т тэй чат бусад байдлаар харилцаж байгаагүй, танихгүй. Мөн ямар нэгэн интернэт худалдаа, Бүх захиалга нэг дороос гэх фэйж хуудас ажиллуулдаггүй, энэ талаархи баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ч шүүхээс хариуцагч, гуравдагч этгээд нарыг нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг ачааны автомашин, чиргүүл худалдан авахаар 73,500,000 төгрөг шилжүүлснийг зөвшөөрч маргаагүй гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд огт яригдаагүй, хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг үндэслэл болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Би хариуцагчийн данс, нэрийг хараад найдаж мөнгөө шилжүүлсэн. Дансаа өөрөө ашиглах ёстой, бусдад ашиглуулах ёсгүй учраас нэхэмжилж байгаа. Өөр тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Хэд холбогдуулан ачааны автомашин, чиргүүлийн үнэд шилжүүлсэн 73,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Нэхэмжлэгч Д.Т нь ХААН банк ХХК дахь хариуцагч Б.Хийн 0000000000 тоот төгрөгийн дансанд 4 удаагийн гүйлгээгээр 73,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Бүх захиалга нэг дороос гэх нэртэй цахим худалдаанаас Мерседес бенз актрос маркийн ачааны автомашиныг 2 ширхэг чиргүүлийн хамт 90,000,000 төгрөгт тооцож, Турк Улсаас захиалан худалдаж авахаар тус пэйж хуудасны админ Б.Хтэй харилцаж байсан, мөнгө шилжүүлэх дансыг шалгахад Б.Х гэсэн нэр гарч ирсэн, Э.А, Г.Г гэх хүмүүсийг танихгүй, харилцаж байгаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

5. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн Turmunkh Delgertogtokh гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаас Бүх захиалга нэг дороос гэх фэйсбүүк цахим хаягтай 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд захидал, дуу, дүрс бичлэгээр харилцан Турк Улсаас Мерседес бенз актрос маркийн ачааны автомашиныг чиргүүлын хамт захиалан худалдаж авахаар тээврийн хэрэгслийн зураг, үнийн мэдээллийг солилцож байсан нь уг цахим хуудаст 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч барааны үнэд 73,500,000 төгрөгийг хариуцагч Б.Х, гуравдагч этгээд Г.Г нарын хамтран эзэмшдэг ХААН банкны 0000000000 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус шилжүүлсэн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 11-14, 93-95, 112-113, 114-126/

6. Хариуцагч Б.Х нэхэмжлэгчийг танихгүй, чат болон бусад байдлаар харилцаж байгаагүй, ХААН банкны 0000000000 тоот дансыг ээж Г.Г тэй хамтран эзэмшдэг боловч уг дансыг ашиглахгүй олон жил болсон, Бүх захиалга нэг дороос гэх цахим хуудас ажиллуулдаггүй, Турк Улсад амьдардаг гэх Э.А гэх хүн ийм байдлаар олон хүн залилсан талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа, уг мөнгийг би аваагүй гэж татгалзлаа илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд Г.Г ХААН банкны 0000000000 тоот дансыг хүү Д.Т тэй хамтран эзэмшдэг, уг дансаар орж ирсэн бараа захиалгын мөнгийг ам.доллар болгон барааны төлбөрийн хамт дүү Г.Ст Турк Улс руу шилжүүлсэн, үүнд 73,500,000 төгрөг орсон, нэхэмжлэгч гүйлгээний утга дээр нь Цээгийд гэж бичсэн байхад яагаад биднээс тодруулаагүй, олон удаа их мөнгө шилжүүлсэн нь ойлгомжгүй, Д.Ханбүргэд уг мөнгийг авч хэрэглээгүй, Турк Улс руу гуйвуулсан, нэхэмжлэгчтэй ямар нэгэн худалдан авах гэрээ хийгээгүй гэж тайлбарлажээ.

7. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэргийн оролцогчийн тайлбартай харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

8. Хариуцагч нь ХААН банкин дахь 0000000000 тоот төгрөгийн дансыг Г.Г ийн хамт хамтран эзэмшдэг болох нь тогтоогдсон бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлд заасны дагуу банкаар дамжуулан хийх төлбөр тооцоонд төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагч нар оролцох бөгөөд өөр этгээд оролцох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь банкаар дамжуулан хийх төлбөр тооцоогоо өөрөө удирдах, хянах болон мөнгөн төлбөрийн даалгаврыг цуцлах эрхтэй ба ийнхүү удирдаагүйгээс дансаа ашиглах боломжийг бусдад олгосноос учирсан хохирлыг данс эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байна.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй талаар зохицуулсан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч түүний дансанд шилжүүлсэн 73,500,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулаагүй гэх байдал тогтоогдоогүй байна. Гуравдагч этгээд Г.Г дансанд шилжиж орсон их хэмжээний мөнгөний утга, хэн шилжүүлснийг тодруулалгүй бусдад шилжүүлсэн нь хариуцагчийн нэгэн адил дансаа зохих ёсоор удирдаж хяналгүй, захиран зарцуулжээ. Тус мөнгөний талаар зохигчид маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс иргэн Э.Ад 73,500,000 төгрөгийг дамжуулсан гэж үзэхгүй.

10. Иймд зохигчдын хооронд Бүх захиалга нэг дороос гэх цахим худалдаанаас нэхэмжлэгчийн захиалж худалдан авахаар тохиролцсон тээврийн хэрэгслийн үнийг хариуцагч өөрийн дансаар дамжуулан гүйцэтгэхтэй холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг үүсээгүй нь хариуцагч Б.Хийг 73,500,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Ханбүргэдээс 73,500,000 төгрөг гаргуулж Д.Т өд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЭНЭБИШ