Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00496

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗнд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 онд ажилд орсон, сахилгын ноцтой зөрчил гаргаагүй. Ажил олгогч 2018.11.01-ний өдөр ажлаас халлаа яв гэсэн. Тушаал шийдвэрээ өгөөгүй. Дээрх хугацаанаас хойш ажил хийлгээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2011онд тэтгэврээ тогтоолгож, тасралтгүй авч байгаа. Манайд 2013 оны 6 сард ажилд орсон. Ажлаа буруу, дутуу хийдэг. Компьютер ашиглаж чаддаггүй, шаардлага тавихаар хүлээж авдаггүй тул 2018 оны 5 сарын 7-ны өдрийн Б/12 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Жил бүрийн тооллогоор дансалж хариуцуулсан эд хөрөнгийг эвдлэх, алга болгох зөрчил дутагдал гаргаж байсан. Байгууллагын дарга, санхүүгийн ажилтнуудаас удаа дараа тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. 2018 оны хагас жилийн тооллогоор 1 405 883 төгрөгийн хохирол учруулсан. Нэхэмжлэгчид нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалыг төлж, эрүүл мэндийн дэвтэрт нь бичилт хийж өгдөг.Таван жил ажиллах хугацаандаа эрүүл мэндийн,ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөөгүй хөнгөлөлт эдэлсэн.Ажлаас гарангуутаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ахмадын хороо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд ажиллан давхар цалин авч байсан нь 2018 онд илэрч иргэдийн гомдлоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвөөс чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 1 сараас 2018 оны 10 сарыг дуустал төлж, нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоо нийлсэн. Тэтгэвэр авагч ахмад настных нь хувьд  дэмжиж ажиллуулсан ч ёс зүйн алдаа гаргадаг, албан хэрэг хөтлөх чадвар хангалтгүй, эд хөрөнгө, компьютерууд, зургийн аппарат эвдлэж итгэл эвдсэн. Байгууллагын хамт олон дахин ажиллуулах шаардлагүй гэж хурлаараа шийдвэрлэсэн. Цахим мэдээлэл ашиглах чадваргүй тул албан тушаалдаа тэнцэхгүй болсон, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг зөрчсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аг БЗны зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 389 995 төгрөгийг хариуцагч БЗноос гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг харицагч БЗнд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч БЗноос 37 189 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх эрх зүйн өөр үр дагавар бий болох нэхэмжлэгчийн хэд хэдэн шаардлагыг шаардлага бүрээр хэлэлцэж шийдвэрлээгүй. Үндэслэлгүйгээр халсныг шүүхийн шийдвэрээр тогтоолгохоор нэхэмжлэл  гаргасан байхад шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч ажилд авсан тушаалыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэлдээ хамтатган гаргасан боловч энэ хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй орхисон. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасныг үндэслэж  хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь тодорхой хуулийн үндэслэлд тулгуурлаагүй, эх сурвалжгүйгээр, хууль буруу тайлбарласан ажиллагаа. Шүүх дээрх заалтыг тэтгэвэр тогтоолгосон өндөр настан ажилтанд хамаарахгүй гэж дүгнэн хууль тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн хуулийн 40.1.5 заалтыг үндэслэн тушаал гаргасан байдаг. Шүүх ажил олгогчийн энэ үндэслэлийг хуульд байхгүй нөхцлөөр хуулийн дээрх заалтыг тайлбарласан. Нэхэмжлэгч ажил олгогчийн итгэлийг эвдэж байгууллагаа хохироосон нь 2018.11.19-ны №3 тоот ажил хүлээлцсэн акт, шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн тайлбар, маргааны үйл баримт зэргээр нотлогдсон байна. Ажил олгогч гэрээг цуцлахдаа нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-ээс 8.4 заалтыг удирдлага болгосон нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн гэсэн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байна гэх үндэслэлийг бий болгож байна. Хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлд гэрээ шууд цуцлах үндэслэлийг заасан. Нэхэмжлэгч нь ажил тасласан, хариуцуулсан эд зүйлийг дутаасан, гэмтээсэн, гэртээ аваачиж ашигласан нь шүүх хуралд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, тооллогын акт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хариуцагчийн тайлбар, түүнд цалин олгосон банкны шилжүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж олгохоор заахдаа сүүлийн 3 сарын дундаж цалингаас бодож тогтоох журмыг үндэслэл болгосон байна. Гэтэл хэрэгт авагдсан материалаас үзэхэд нэхэмжлэгчид 2018.05.21-нд 402 532 төгрөг, 2018.06.11-нд 475 088 төгрөг, 2018.04.29-нд 778 012 төгрөгийн цалин тус тус нэхэмжлэгчийн Хас банкны харилцах дансанд шилжиж олгогдсон нь харагдаж байна.  Б50 тоот тушаалаас  үзэхэд сард 400 000 төгрөгөөр цалинжуулахаар тогтсон. Шүүх дундаж цалинг бодитой тогтоолгүй зөвхөн 2018 оны 4,5,6 сард шилжиж орсон дүнгээс дундчилан бодож тооцсон нь учир дутагдалтай. Ц.Аг хуулийн 40.1.3, 40.1.5, 40.1.4-т ажлаас тушаал гаргаж халсан нь үндэстэй байхад шүүх үндэслэлгүйгээр хууль тайлбарлаж нотлох баримт болон гэрээний заалт, маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэлгүй орхиж нэхэмжлэлийг хагас дутуу шийдвэрлэж хангасан нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн нэрийг буруу бичсэн, хуулийн заалтыг дутуу баримталсан, найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч БЗнд холбогдуулан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. / хх-1, 17-18 /

 

Нэхэмжлэгч нь БЗны даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т  заасан  ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчөөгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

БЗны даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.А нь зохион байгуулагчаар томилогдож ажиллаж байгаад тус хорооны даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 135 дугаар зүйлийн 135.4, Ахмадын хорооны дүрмийн 11.2, хөдөлмөрийн гэрээний 8.1-8.4 дэх заалтуудыг үндэслэн  ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогджээ. /хх-ийн 2, 26, 40-42 /

 

Талууд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон өндөр настан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба уг үйл баримттай хариуцагч маргаагүй. /хх-ийн 92 /

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоогдсон иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь зохицуулалт нь ажилтан ажлаас чөлөөлөгдөх мөчид иргэний бичиг баримтаар 60 насанд хүрсэн буюу тэтгэврийн насанд хүрсэн тохиолдлыг ойлгох талаар анхан шатны шүүхээс хийсэн хуулийн тайлбарыг зөв гэж үзнэ. Талууд анхнаасаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тодорхойлсон, нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоогдсон иргэнийг ажилд авах боломжтой гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд дээрх хуулийн заалт хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгчид мэдэгдэл гэж өгсөн баримт хэрэгт авагдсан ч нэхэмжлэгчид гардуулан өгсөн, хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. / хх-ийн 43/

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтаныг ойлгох талаар, уг ойлголтод нэхэмжлэгч хамаарахгүй талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

Ажилтан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тухайн байгууллагын дотоодын хяналт шалгалт болон хяналт, санхүүгийн эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргасны дараа ажил хүлээн авах үед үйлдсэн, эд хөрөнгө дутаасан гэх актыг эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс ажил олгогч нь ажилтныг байгууллагын хөрөнгийн данстай, шаргал өнгөтэй шүүгээг алга болгосон, компьютерийн процессор гар, хулгана, зургийн аппарат зэргийг эвдэлж байгууллагад хохирол учруулсан гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг ажилдаа хоцорч ирдэг, ажил тарахаас 2-3 цагийн өмнө гардаг, 5-7 хоногоор ажлаас чөлөөгүй явдаг, өгсөн үүргийг санаатайгаар биелүүлээгүй тасалдуулсан, EDOS.mn программыг ашиглаагүйгээс цаг үеийн мэдээ тайланг хугацаанаас нь 1-5 хоног хоцроосон гэх тайлбараа ч баримтаар нотолж чадаагүй байна. / хх-ийн 17-18/

 

Ажилтны дундаж цалин хөлсийг анхан шатны шүүхээс 1 389 995  төгрөгөөр тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад заасан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ийн а-д заасан ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тухайн хэрэгт хоорондоо холбоотой хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан үндэслэл шаардлага үүсээгүй байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагууд нь хоорондоо салшгүй холбоотой нэг шаардлага юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн тухай, түүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тухай гомдол гаргах эрхгүй юм. Харин анхан шатны шүүхээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрнээс “тухай” гэдэг үгийг орхигдуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, 2 дах заалт найруулгын хувьд залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗнд даалгасугай” гэж, 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 189 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД