Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗД-н А.Х-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.А миний бие тус байгууллагад 2013 онд зохион байгуулагчаар ажилд орсон бөгөөд ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Ажил олгогчтойгоо үл ойлголцсоноос болоод 2018.11.01-ний өдөр ажил олгогч таныг халлаа яв гэсэн болно. Тушаал шийдвэрээ өгөөч гэхээр тийм юм өгөх албагүй гээд өгөөгүй. Миний бие өнөөдрийг хүртэл асуудлыг минь шийдвэрлэж өгнө байх гэж хартал шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа дуусах гээд байгаа учир тус дүүргийн шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Дээрх хугацаанаас хойш намайг ажил хийлгээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажлаас халсан тушаал шийдвэр ч өгөөгүй болно.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Агийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

1. 2011 онд тэтгэвэрээ тогтоолгосон жил бүр тэтгэвэрээ тасралтгүй авч байгаа.

2. Манай байгууллагат хүсэлт тавьж 2013 оны 6 сард зохион байгуулагчаар ажилд орсон. Ц.А нь ажил зохион байгуулах, зар мэдээ хүргэх, тайлан мэдээг буруу дутуу хийдэг. Манайд анх ажилд орохдоо компьютер ашиглаж сураагүй байсан. Зааж өгсөн ч хичээл зүтгэл бага, асуудлыг боловсруулах, статистек тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж чаддаггүй. Компьютер ашиглаж чадахгүйгээсээ болоод уурлан ажил хийхгүй шаардлага тавихаар хүлээж авахаа болсон учир 2018-05-07-ны өдрийн Б 12 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Өмнөх онуудад ажлын ирэх тарах цагаа баримтлах, үр бүтээлтэй ажиллахыг байнга анхааруулж байсан ч биелүүлэхгүй өөрийн дураар байсан.

3. Жил бүрийн тооллогоор данстай хариуцсан эд хогшилоо эвдлэх, алга болгох зөрчил дутагдал гаргасаар байсан. Байгууллагын дарга болон санхүүгийн ажилтнуудаас удаа дараа шаардлага тавихад “Засуулна, шүүгээг авчирч өгнө” гэдэг боловч худлаа ярисаар өнөөг хүргэсэн. 2018 оны хагас жилийн тооллогоор байгууллагатаа 1,405.883 төгрөгний эд зүйлсийг алга болгож, эвдлэн хохирол учруулаад байна.

4. Тэтгэвэрийн ахмад настан Ц.А-д нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалыг төлж, эрүүл мэндийн дэвтэрт нь бичилт хийж өгдөг.

Таван жил ажиллах хугацаандаа эрүүл мэндийн даатгал.ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөөгүй хөнгөлөлт эдэлсэн билээ. Ажлаас гарангуутаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжилсэн нь яаж мөнгө салгах вэ гэсэн арга байна.

5. Монгол улсын засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай 32 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлагыг дэг журмыг чангатгах тухай “258 дугаар тогтоол. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 сарын 20-ны өдрийн “Сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгаврыг хүлээн авч танилцуулан хэрэгжүүлж байгаа билээ. Ц.А нь А.Х болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд ажиллан давхар цалин авч байсан нь 2018 онд мэдэгдээд иргэдийн гомдлоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажлаас нь чөлөөлсөн. Удирдлагын хувьд санхүүгээс тавьсан шаардлагыг биелүүлж, шүүгээг олж ирэх, цахим төхөөрөмж засахыг даалгаж, хугацаатай үүргийг 6 сард өгсөн боловч биелүүлээгүй дахин 9 сард шаардсан ч хэрэгжсэнгүй.

Ц.А нь эвдэрсэн гэж хэлээд компьютерийн дагалдах хэрэгсэлийг солисон байсан. Өмнө нь байгууллагын шинэ цэнхэр нөтбукийг 2015 онд нэхэж байж аваад жил гаран гэртээ хэрэглээд бас эвдчихээд өгсөн. Санхүүгийн баримт хадгалах шүүгээн доод хэсгийн хаалганы түлхүүрийг хаяад цоожийг авч онгойлгохдоо шүүгээний хаалганы бариул болон түгжээг эвдээд одоо болтол онгорхой байдаг. Нотлох баримт нэхэхдээ хөдөлмөрийн гэрээ цуцласанаас бусад нь нэг хувь өгсөөр байхад надаас нэхэмжилсэнийг ойлгохгүй байна. Харин байгууллагын санхүү Ц.Агийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 1 сараас 2018 оны 10 сарыг дуустал төлж, нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоогоо нийлсэн. Өмнөх онуудыг бүрэн бичилт хийж баталгаажуулсан.

6. Хөдөлмөрийн хуулийн 112.1 заасны дагуу тэтгэвэр авагч ахмад настныг дэмжиж ажилуулсан ч ёс зүйн алдаа гаргадаг, албан хэрэг хөтлөх чадвар хангалтгүй. Хөдөлмөрийн хуулийн 135, 136 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээ зөрчиж, хүлээж авсан эд хогшил, компьютерууд, зургийн аппарат эвдлэж итгэл эвдэх болсон учир хөдөлмөрийн гэрээг нь цуцласан болно.

7. Ц.А 62 настай, дунд боловсролтой, байгууллагын хамт олон дахин ажлуулах шаардлагүй гэж хурлаараа шийдвэрлэсэн, цахим мэдээлэл ашиглаж чадваргүй тул албан тушаалдаа тэнцэхгүй болсон, байгууллагатаа эд хөрөнгийн хохирол учруулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч БЗД-н А.Хнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь БЗД-н А.Хны даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

Ажил олгогч БЗД-н А.Хны даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар ажилтан Ц.Аг тус байгууллагад зохион байгуулагчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. /х.х-ийн 2, 26, 40-42 дүгээр тал/

БЗД-н А.Хны даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 135 дугаар зүйлийн 135.4, А.Хны дүрмийн 11.2, хөдөлмөрийн гэрээний 8.1-8.4 дүгээр заалтыг тус тус үндэслэн Ц.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан хуулийн зкохицуулалтын хувьд “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч Ц.Ад 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтээс өндөр насны тэтгэвэр тогтоосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба уг үйл баримттай хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 92 дахь талд/

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоогдсон иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь зохицуулалт нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар өдрөөр тоолоход 60 насанд хүрсэн тохиолдолыг ойлгох бөгөөд харин нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоогдсон иргэнийг ажлаас чөлөөлөхөд уг үндэслэл хамаарахгүй.

Мөн ажил олгогчийн ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтаныг ойлгох бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээс үзэхэд А.х-ны “зохион байгуулагч”-ийн ажил албан тушаал нь хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарахааргүй байна.

Түүнчлэн “ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” байх хуулийн зохицуулалтын агуулга нь тухайн байгууллагын дотоодын хяналт шалгалт болон хяналт, санхүүгийн эрх бүий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Ажил олгогч нь ажилтаныг “байгууллагын хөрөнгийн данстай ширээний шаргал өнгөтэй шургуулган шүүгээг алга болгосон, суурин компьютерийн процессор гар, хулгана, зургийн аппаратыг эвдэлж байгууллагадаа хохирол учруулсан гэж тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Мөн хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ “ажилдаа хоцорч ирэх, ажил тарахаас 2-3 цагийн өмнө гарч явах, 5-7 хоногоор ажлаас чөлөө авахгүй явж ажил таслах, өгсөн үүргийг санаатайгаар биелүүлэхгүй тасалдуулах, EDOS.m.n   программыг ашилахгүйгээс болж, цаг үеийн мэдээ тайланг хугацаанаас нь 1-5 хоног хоцроодог” гэж дурдсан боловч үүнийгээ мөн хуульд зааснаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлэлээр ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу халагдсан үндэслэлтэй тохирохгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Аг БЗД-н А.Хны зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2018 оны 7, 8, 9 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 533,661 төгрөг байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 2 сар 13 хоног /533.661х2+322,673/=1,389,995 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Ц.Ад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,389,995 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аг БЗД-н А.Хны зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,389,995 төгрөгийг хариуцагч БЗД-н А.Хноос гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг харицагч БЗД-н А.Хнд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч БЗД-н А.Хноос 37,189 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ЭНХЖАРГАЛ