Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

Л.Ц холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Э.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Ц холбогдох 2117000000012 дугаартай 1 хавтас 231 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөрийн булаг” гэх газар болон иргэн Д.Б гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.М маргалдан улмаар түүнийг үстэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Ш Цорос овогт Л Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Ц энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1 600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц оногдуулсан 1 600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалаж, хохирогч Ж.М нь хамрын таславчийн хугаралтай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Л.Ц хувьд тухайн хэргийг нэг талыг барьж шалгасан. Мөн М согтуу байхад 4-5 цагийн дараа согтуурлын зэргийг шалгаж эрүүл гэж гаргасан. Миний эрх ашгийг бодохгүйгээр нэг талыг харж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Чойр уулаар явсан асуудлаар намайг буруутгаж намайг зодсон асуудалд шалгалт хийгээгүй. Шүүхийн шинжилгээнд очиж бие үзүүлэхэд биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоогоогүй, мөн Б гадаа зодооны асуудал болоогүй байхад зодоон болсон, гэрт дотор аяга шидэж асуудал гаргахад түүнийг шалгаж тогтоогоогүй. Нотлох баримтаар өөрийн үс, хагарсан аяга зэргийг гаргаж өгөхөд түүнийг шалгаж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Л.Ц давж заалдах гомдолтой танилцсан.

Шүүгдэгчийн ярьсан асуудал мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгагдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол үргэлжилсэн үйлдлээр учруулж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.М хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба түүний үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт хууль, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Хохирогч нь шүүгдэгчийг мөн зодож хохирол учруулсан гэх асуудал хавтаст хэргийн хүрээнд шалгагдсан боловч нотлогдоогүй ба хэргийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтнаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болон анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн асуудал байхгүй байна.

Шүүгдэгч нь урьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас төлж барагдуулсан нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдааны үед шүүхэд ирүүлээгүй ба уг торгох ял биелэгдсэн эсэх асуудлыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааны явцад тооцох бүрэн боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

       

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДНЯМАА

                                            ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                                                Г.ТЭГШСУУРЬ