Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч С.Ганбат

шинжээч Б.Сэргэлэн,

гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Лгийн Цд холбогдох эрүүгийн 2117000000012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Лгийн Ц /РД:ЕЙ/, 1968 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Г аймгийн С сум ... дугаар баг, ..... гэх газар оршин суух, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 10 000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөрийн булаг” гэх газар болон иргэн Д.Бийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Мтэй маргалдан улмаар түүнийг үстэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөрийн булаг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Мтэй маргалдан улмаар түүнийг үсдэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр, мөн тухайн өдрөө үргэлжилсэн үйлдлээр Д.Бийн гэрт Ж.Мтэй маргалдан улмаар түүнийг үсдэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих зэргээр тус тус зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би хонин дээрээ зогсож байхад М над дээр машинтайгаа согтуу ирээд манай машинд орж ирэхэд нь би согтуугаар машин унаад явж болдог юм уу гэж хэлэхэд яадаг юм, та нар отор нүүдэлд явахгүй юм шиг их байх шив дээ гээд намайг өдөж эхлэхээр нь би юу гэсэн үг юм бэ, би чамайг хөөж туусан зүйл байхгүй гэхэд та нар ингэж ярихгүй шүү, та нарт ингэж дээрэлхүүлэхгүй гээд намайг барьж аваад, үсдэж дараад зүүн талын гараас бариад дээлийн энгэрээс зуураад бид хоёр барилцаж авсан. Миний хоолойны хэсэгт маш их урсан байсан, үснээс бас зулгаасан. Тэгээд би машинтайгаа хөдлөөд явсан. Их хүйтэн өдөр байсан учраас даараад хүүгийндээ очиход М очсон байсан. М нь та нарт дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү гээд над руу аяга аваад шидэхэд аяга нь намайг онож газар унаад хагарсан. Мөн чамайг ална гээд шүүгээнээс хутга авах гээд шургуулга руу дайртал Б босоод бариад авсан М бид хоёрыг барилцаад авахад Б нь бид хоёрыг түлхээд гэрээс гаргасан. Түүнээс бол гадаа зодоон болоогүй. Тэр үед нэг ч хүүхэд байхгүй байсан. Би гэртээ очоод байж байтал Мийн нөхөр нь мотоцикльтой давхиж ирээд надаас та яасан бэ гэж асуухаар нь танай эхнэр чинь намайг зодсон гэж хэлээд хүзүүгээ харуултал урсан байна та наадахдаа тос түрхчих, баруун гараас чинь цус гарсан байна гэж хэлсэн. Мөн Б нь миний утсаар М рүү 2-3 удаа ярихдаа чи хүнтэй зүгээр яриад ойлголцож болдоггүй юм уу, яахаараа хүн зоддог юм бэ, машин аваад 3 хоног явлаа, би машинаа авъя гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгтэл М яадаг юм, миний юу хийх чамд хамаагүй, би шоронд орсон ч яадаг юм гээд нөхөртэйгөө хэрэлдээд байсан. Миний хувьд Мтэй зодолдсон зүйл байхгүй. М нь архи ууж согтуу ирээгүй бол ямар ч хэрүүл маргаан болохгүй байсан. Би Мийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. М намайг нөхөртэйгөө хардаад байна. Ямар ч тийм асуудал байхгүй. Над дээр ирээд зогсохдоо та манай нөхөртэй тийм байсан гээд хэлэхгүй яасан юм бэ, Мийн нөхөр манай бага хүүтэй чацуу, намайг арай л хардаж байна. Тийм муухай бодол надад байхгүй. Би яг өөрийн хүүхэд шиг ханддаг байсан. Тухайн орой манай хаалгыг нүдэхэд нөхөр нь манайд байсан гэж огт худлаа зүйл битгий яриач ээ. Хэрэв үнэхээр тийм байсан бол чи зургийг нь аваад баталгаажуулахгүй яасан юм. Яагаад хүний нэр хүндэд ингэж хандаад байгаа юм бэ, ийм айхтар худал үгнүүдийг оруулж, тэр жаахан хүүхэдтэй намайг садар самууны ажил хийсэн гэж дайрч чадаж байна. Мийн нөхөр нь ирээд таны байдлыг харлаа эхнэрийн минь жолоодох эрхийг нь хасаад машин журмалчихна, цагдаад битгий хэлээч гэж гуйсан. М нь надтай маргалдаад манай хойд айлд очоод машин бариад яваад өгөөч гэж согтуу очсон байдаг. Шинжээч болохоор миний гарт шугам тавьж хэмжсэн гэж байна. Миний биед нэг ч хүрч үзлэг хийгээгүй. Би яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Надад мэдэх юм алга гэв.

1.2. Хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Чойр ороод буцаад явж байтал Ц эгч замд ойрхон машинтай зогсож байхаар нь ойртоод очиход машин дотроосоо нэг юм хэлээд байсан. Би сайн сонсогдохгүй болохоор нь машинд нь ороод яасан гэнээ эгчээ гэж асуутал чи яахаараа манай бэрд худлаа юм яриад явдаг юм бэ гээд гараараа миний нүүрэнд цохихоор нь та яаж байгаа юм бэ гэтэл бууж ирээд намайг үсдээд машинаас чирч буулгаад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиод, хэвлий болон гуяны ар хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед үг ч дуугарч чадаагүй. Тухайн үед би хүүтэйгээ хамт явж байсан. Би зодуулаад хамгийн ойрхон байсан Бийнд очоод ээж чинь намайг зодчихлоо гэж хэлэхэд надад ямар хамаатай юм гээд байж байтал Ц эгч араас орж ирээд чи яахаараа янз бүрийн юм ярьдаг юм бэ гээд дахиад намайг үсдсэн. Намайг шургуулгаас хутга авсан гэж байна. Тийм зүйл байхгүй. Намайг үсдээд татахад урагшаа тулах гэтэл шургуулгаас нь юмнууд унасан юм шиг байгаа юм, тэрийг л хутга авсан гээд байх шиг байна. Б бид хоёрыг цуг татаж гэрээс гаргаад хаалгаа цоожилсон. Ц гадаа гараад намайг цохисон. Тэгээд би овоон дээр гараад эхлээд нөхөр рүүгээ яриад дараа нь цагдаад дуудлага өгсөн. Зодуулснаас болоод бөөр болон сав их өвддөг болсон. Мөн нүдэнд цус хурсан. Манай нөхөр адуундаа яваад би хонио хариулж үлддэг болохоор үзүүлэх зав гараагүй. Миний хамар хэсэгт гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Толгой маш их өвддөг. Өвчин намдаах эм байнга ууж байгаа гэв.

1.3. Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.

1.4. Шинжээч Б.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дэслэгч Дэлгэрмаагийн тогтоолын дагуу Лгийн Цгийн биед үзлэг хийж 35 дугаартай дүгнэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Эмч хүн үйлчлүүлэгчийг орж ирсэн цагаас нь эхлээд алхаа, гишгээ, царайны хувирал зэргээс нь үзлэг эхэлсэн байдаг. Тухайн үед хэрэг нь бүтэн сарын өмнө болсон байсан учраас үзүүлж байгаа хүн минь зовуурь байхгүй гэж хэлсэн. Зовуурь байхгүй гэж хэлсний үндсэн дээр би тухайн үед таны биед ямар гэмтэл учирсан юм бэ гэж асуусан. Ц нь чигчий хуруунд шарх үүссэн. Одоо сорви болсон гэж хэлэхээр нь үзэхэд чигчий хурууны 3 дугаар үений хэсэгт 0.5:0.5 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн сорви байсан. Тухайн сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар тогтоогдохгүй учир гэмтлийн зэрэгт орохгүй. Ц нь гартаа үснийхээ сэвийг барьсан ирсэн. Үсний сэвний хувьд тухайн үед юу болсон талаар мэдэхгүй учраас үсээ самнаад гарч ирсэн юм уу, үс зулгаагдаад гарч ирснийг тогтоох боломжгүй. Тэгээд үсийг нь ажиглахад толгойноос нь халзарсан зүйл ажиглагдаагүй гэв.

1.5. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ээж бид хоёр Чойроос хөдөө явж байтал замд М ахын ээж таараад ээж машинд нь орж суусан. Тэгээд тэр хоёр гараад зодолдсон. Ц эгч манай ээжийг үсдээд өшиглөсөн. Тэгээд М ахын гэр лүү очоод ээж зодуулчихлаа гэж хэлсэн чинь М ахын ээж нь хүрч ирээд гэрээс нь гараад дахиад зодолдсон. Тэгээд овоон дээр гарч аавд хэлсэн. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Ц нь эхлээд таараад ээжийг үстсэн, өвдөг рүү тийрсэн /хөлөөрөө/, хацар дээр маажсан. М ахын гадаа очоод Ц эгч ээжийг үсдээд нэг тийрсэн, нүд рүү нь гараараа цохисон. Манай ээж Цг зодоогүй. Цд зодуулсны дараа манай ээжийн үс нь арзайсан, куртик нь жаахан урагдсан, маажаад жаахан шарх байсан. Хацар хэсэгт жаахан урсан бас нүд нь хөхөрсөн байсан. Ээж Чойроос гарч яваад лаазтай пивоноос жаахан уусан дуусгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/  

1.6. Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-14 цагийн орчимд М гэх хүн 7054102 руу залгаад би нөхрөөсөө болоод хүнд зодуулчихлаа, тэр хүн гэртээ байгаа гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Ц гэх хүн залгаад хөх Приус-20 маркийн машин унасан согтуу хүүхэн Чойр луу гараад явчихлаа, та нар зам дээр нь саатуул гэж хэлсэн. Уг мэдээллийг эргүүлийн постуудад мэдээлсэн. Тэгтэл 17 цагийн үед байх М гэх эмэгтэй түрүүн зодуулсан гэж ярьсан хүн байна гээд цагдаагийн хэлтэс дээр өөрийн биеэр ирснийг ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан а/х Б.Өлзийтогтохтой уулзуулсан. Мийн нүд хавдсан уйлсан байдалтай харагдсан. Ц гэх эмэгтэй зодуулсан гэсэн утгатай зүйл хэлээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/

1.7. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын сүүлээр 20-ны үеэр шиг санагдаж байна. Би гэртээ ганцаараа байж байтал М гаднаас согтуу орж ирээд ээжтэй чинь муудаад ирлээ гээд орилоод байсан. Удалгүй араас нь манай ээж Ц ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд М манай ээж Цг түлхэх шиг болоод гэрийн шургуулгаас хутга авах гээд байхаар нь би хутга авахуулахгүй гээд хутгатай шургуулгыг хаахад хойд талын шургуулгаас аяга аваад шидсэн. Би тэр хоёрыг гар гээд түлхэж гаргаад хаалгаа цоожилчихсон. Ээж машинтайгаа түрүүлээд явах шиг болсон. Харин М намайг хаалгаа тайл гэж хашхирч байгаад яваад өгсөн. М манайд ирэхдээ үс нь сэгсийсэн байдалтай орж ирсэн. Би ээжийг Мийг үсдэж чирч гаргасныг хараагүй. Ээж эрүүл, М нэлээд согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

1.8. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын дундуур Чойроос манай эхнэр М, хүү Б хоёр өглөө 11 цагийн орчимд гарлаа гэж байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь утас руу залгахад Мийн утас холбогдохгүй байсан. 13 цагийн үед хүү Бын утас руу залгасан чинь манай эхнэр М утсыг нь аваад Ц намайг зодчихлоо чи хүрээд ир гэж хэлэхээр нь би морьтой Бийн гэрт очсон. Тэгсэн чинь Б энд бөөн юм боллоо хэрэлдээд гэж байсан. Тэгээд овоон дээр гартал манай эхнэр байхгүй байхаар нь Цгийн гэрт очоод юу болсон талаар асуухад танай эхнэр намайг зодоод гэж хэлэхээр нь харахад зодуулсан шинж байгаагүй. Хар торгон дээлтэй байсан. Хувцас нь урагдсан зүйл харагдаагүй. Тэгээд би мал руугаа явсан. М Цд зодуулдгийн өмнөх өдөр шиг санагдаж байна би Цгийн гэрт очоод пиво хамт уусан. Тэрнээс болж М Ц хоёр муудсан юм байна лээ. Бийн гэрт аяга хагарсан хогийн уутанд байгаа харагдаж байсан. Гэхдээ хэн хагалсныг мэдэхгүй. Ц танай хүн шал согтуу явж байна лээ гэж хэлсэн. Хүүгээсээ асуухад ээж 1 лааз пиво ганцаараа уусан гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/

1.9. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд гэртээ байж байтал М үхэр тугалсан гэнэ, Б тугалсан үхэр дээр очоогүй байна гэж хэлээд М бид хоёр Бийг хайгаад Ц гэх хүүхний гэрийн гадаа очиход Бийн мотоцикл байсан. М буугаад хаалгыг нь татсан цоожтой байсан. Тэгээд М унтчихсан юм шиг байна, Б энд л байгаа байх, чи машин бариад түрүүлээд жаахан цаашаа явж бай гэж хэлэхээр нь би Мийн машиныг жолоодоод түрүүлж яваад айлаас холдоод зогссон. Тэгсэн удалгүй М ирээд Б энд л байна, хариач гэж хэлээд хүрээд ирлээ гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

1.10. Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М гэх эмэгтэй өдөр зодуулсан гээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний ээлжин дээр ирсэн. Тэр эмэгтэй үс аймар зулгаасан халцарсан байна уу гэж байсан. Тэр үед үс халцарсан зүйл байхгүй 1, 2 үс унасан төдий л байсан. Хамгийн гол зовуурь нь толгой нь өвдсөн, хамар хавдсан, зүрх дэлссэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44 хуудас/

1.11. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь 2020 оны 12 дугаар сарын 21-нд үзүүлэхдээ хамар, зүүн хөлөөр өвдөнө гэсэн зовуурь хэлж байсан. Мөн хамартаа тарилга хийлгэсэн тухайгаа ярьж байсан. Би тухайн үед хамарт гадна үзлэг хийхэд онц өөрчлөлт ажиглагдаагүй. Мөн хамарт тэмтрэлт хийхэд онцын зовуурь хэлээгүй. Гэхдээ филлер тарилга хийлгэсэн байсан учраас чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй гэдэг зөвлөгөөг өгсөн. Хамрын таславчийн хугарлыг гадна үзлэгээр мэдэх боломжгүй. Рентген шинжилгээгээр зураг авч байж мурийлтыг оношилдог. Мийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын таславчийн хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал нь тус бүр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд болно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-54 хуудас/

1.12. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар дүгнэлтэнд: Ж.Мийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 15-16 хуудас/

1.13. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13-н дугаар нэмэлт дүгнэлтэнд: Ж.Мийн биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхинд, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48-49 хуудас/

1.14. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар дүгнэлтэнд: Л.Цгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 57 хуудас/

1.15. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 009/003 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн өнгийн дээлэнд урагдалт үүссэн байна. Урд энгэр хэсэгт үүссэн 105 мм, 9 мм хэмжээтэй урагдалтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэвтэр ханзарсан уранхай байна. Ард хормойн доод хэсэгт үүссэн 98*37 мм хэмжээтэй урагдалт нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /х.х-ийн 66 хуудас/

1.16. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /х.х-ийн 6, 17-18, 131-132 хуудас/

1.17. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 118-124, 127-129 хуудас/

1.18. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйн тайлбар авсан тэмдэглэл /х.х-ийн 143-148 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Л.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагч: шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөрийн булаг гэх газарт болон иргэн Д.Бийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Мтэй маргалдаж толгой болон нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.М, насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч Б.Б, гэрч Д.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 13 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ж.М Л.Цг зодсон асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгасан. Хохирогчийн мэдүүлснээр Л.Цг би зодоогүй харин Л.Ц гэдэг хүн намайг зодсон гэх талаар тодорхой мэдүүлсэн. Шинжээч нь шүүх хуралд оролцож Л.Цд хэрхэн ямар үзлэг хийсэн талаараа тодорхой мэдүүлсэн,

хохирогчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: шүүгдэгч Л.Ц нь хохирогч Ж.Мийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэм буруутайд тооцох саналтай байна. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч нь Г.Адъяа гэх хүнтэй Д.Бийн гэрт очсон нь гэрч Г.Адъяагийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийг согтуу байсан гэдэг боловч согтолтын зэрэг тогтооход 0.00 гэсэн үзүүлэлт гарсан, насанд хүрээгүй гэрч Б.Б Д.Б ахын ээж манай ээжийг зодсон, гэрч Д.Б ээжийн биед ямар нэгэн шарх сорви байгаагүй гэж тус тус мэдүүлсэн. Мөн шинжээчийг миний биед үзлэг хийгээгүй гэж ярьдаг боловч өнөөдөр шинжээч шүүх хуралдаанд энэ хүний биеийг би өөрөө үзсэн, сорвинд нь шугам тавьж хэмжсэн, тухайн үед Л.Цгийн биед нь гэмтэл авсан нь тогтоогдоогүй учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гаргасан болохоо мэдүүллээ. Шүүгдэгч Л.Ц нь энэ бүхнийг үгүйсгэж байгаадаа хувь хүний хувьд өөртөө дүгнэлт хийх байх гэж бодож байна.  Ер нь бол Л.Ц нь тэр хавьдаа маш зодоонч гэсэн нэртэй, бэр нь хүртэл манай хадам ээж худлаа ярьдаг, хүнийг гүжирддэг гэж мэдүүлэг өгсөн байдаг.

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат: Л.Ц нь би энэ хэргийг үйлдээгүй намайг зодуулахад Ж.М нь согтуу байсан гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан хоёр талын гэрчийн мэдүүлгүүд нь өөрөө өөрсдийгөө хамгаалсан байдлаар мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Л.Ц нь Б.Бийг гэрт ирэхэд нь өөрт учирсан гэмтлүүдээ үзүүлээд шарх дээр тос түрхэж өгсөн гэж хэлдэг боловч Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөөгүй байдаг. Энэ талаар тодруулахаар шүүгдэгч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бтой нүүрэлдүүлэн байцаалгах хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн шүүгдэгч Л.Ц нь унасан үсний зураг нь хавтаст хэрэгт авагдсан. Тэр үс нь яг хэний үс бэ, малын үс үү, самнаад сэв маягаар гарсан үс үү, хүний хүчин зүйлийн улмаас зулгаагдсан үс мөн үү гэдгийг криминалистикийн шинжээчид шинжлүүлэх боломжтой байсан. Мөн дээл урагдсантай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирогч нь шүүгдэгч Л.Цд гэмтэл учруулсан байх боломжтой. Шүүгдэгч нь Б.Бийг гурван удаа цагдаа битгий дуудаач, эрхийг нь хасаад машин хураана гэж гуйсныг харгалзан цагдаад хандаагүй, тухайн хэрүүл маргаан болсноос хойш 5-н цагийн дараа хохирогч нь Цагдаагийн байгууллагад очсон. Энэ хугацаанд хохирогчийн архи нь гарах боломжтой. Эдгээрээс харахад эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гэм буруугийн дүгнэлтүүдийг тус тус шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцжээ.

Шүүхээс улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөрийн булаг” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Мтэй маргалдан улмаар түүнийг үсдэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр, мөн тухайн өдрөө үргэлжилсэн үйлдлээр Д.Бийн гэрт Ж.Мтэй маргалдан улмаар түүнийг үсдэх, толгой болон нүүрэн тус газар гараараа цохих зэргээр тус тус зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч У.О, Д.Б, Б.Б, Я.Г, шинжээч Б.Сэргэлэн нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13-н дугаар нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин шүүгдэгч Л.Цгийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд байхгүй. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй. Шинжээч Б.Сэргэлэн нь шүүх хуралдаанд хэрхэн үзлэг хийж дүгнэлт гаргасан болон ямар гэмтэл байсан талаар тодорхой мэдүүлсэн. Цагдаагийн байгууллагаас удаа дараа түүнийг дуудсан боловч ирэлгүй цаг хугацаа удаасан байна.

Мөн дээр дурдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Цгийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

ХОЁР. Шүүгдэгч Л.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Явж эмчлүүлж чадахгүй өдийг хүрсэн. Өвчин намдаах эм уугаал байгаад байгаа гэв.

2.2. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай ээж Ц нь зан байдлын хувьд нийтэч, хурц ааштай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

2.3. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц нь зан байдлын хувьд хурц ааштай, хүн буруутгаж гүтгэдэг, худалч, ажилсаг, юмыг их сүржигнэж байгаад юу ч болоогүй юм шиг амархан буулт хийдэг цайлган, хүнтэй учраа амархан олдог нийтэч” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

2.4. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц нь ажилсаг, шударга, ааштай, түргэн ууртай, уур нь гэхдээ хурдан гардаг.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/

2.5. Л.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамж / х.х-ийн 82-100, 162-163 хуудас/

2.6. Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 114-116 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Цд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч шүүгдэгч Л.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ял дээр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах санал нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхээр шийтгүүлээд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат Шүүхээс шүүгдэгч Л.Цг гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх тогтоож өгнө үү,

хохирогчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэсэн саналуудыг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасныг дурдлаа.

Шүүгдэгч Л.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүчирхийлэл үйлдсэн хэр хэмжээ, урьд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 52 настай эмэгтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Мөн шүүгдэгч Л.Ц нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба тухай шийтгэлээ биелүүлээгүй болох нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлтэй хорих ангийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/73 дугаартай албан бичиг /х.х-ийн 102/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/30 дугаартай албан бичиг /х.х-ийн 104/, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар /х.х-ийн 162-163/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хамрын таславчийн хугарал бүхий гэмтлийг эмчлүүлэхэд мэс засал хийлгэх шаардлагатай, одоогоор эмчилгээнд явж чадаагүй байгаа учир эмчлүүлж ирээд зардлаа нэхэмжлэх хүсэлт гарган нь үндэслэлтэй байх тул  хамрын таславчийн хугаралтай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Лгийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1 600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 1 600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

7. Хохирогч Ж.М нь хамрын таславчийн хугаралтай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА