Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 535

 

З.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалтай, З.А-д холбогдох 1813001360100 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М, шүүгдэгч З.А нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шеруши төлек овогт З-ны А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирох”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 сар хорих ялд шилжүүлж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч З.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад түүнд 1 жил 1 сарын хорих ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл уг зүйл ангид хорих ялын доод хэмжээ нь 2 жил, дээд хэмжээ нь 8 жил хүртэл байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч З.А нь согтуугаар албаны автомашин жолоодож явахдаа миний нөхөр Б.Д-г дайрч амь насыг хохироож, улмаар гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Гэтэл шүүгдэгч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлснээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан хөнгөлөлтийг эдлүүлсэн бөгөөд шүүгдэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ухамсарлахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгааг нотолж байна. Манай гэр бүлийг тэжээж байсан ханиа алдсаны улмаас сэтгэл санааны маш их дарамтад орсон, шөнө унтахгүй байгаа, талийгаач нөхрийн минь ар талд 6 өнчин хүүхэд үлдсэн байгаа. Шүүгдэгч З.А нь осол гаргасан даруйдаа талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 5 цагийн дотор амь насыг нь аврах бүрэн боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч З.А нь биднээс уучлалт гуйгаагүй, түүгээр ч барахгүй анхан шатны шүүх хуралдааны үед 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн атлаа энэ асуудлаар гомдол гаргаж байна. Х.М би өрх толгойлсон эмэгтэй, амьдралын хувьд нэн ядуу өрхөд тооцогддог ба өнөөдөр ядуу, зүдэрч ядарсан эмэгтэй хүний үгийг сонсох хуулийн байгууллага байхгүй, төсөвт байгууллагын албаны автомашинаар ажлын бус цагаар согтуугаар зугаалж явсан гэмт этгээдийн үг, үйлдэл зөв мэтээр дүгнэж байгаад маш их гомдолтой байна. Иймд шүүгдэгч З.А-д хуульд заасан хорих ялыг оногдуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч З.А гаргасан гомдолдоо “З.А миний бие гэмт хэрэг үйлдсэнээ тухайн үед бүрэн хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас нас барсан талийгаач Б.Даянгийн ар гэрийнхэнд сэтгэл санааны болон эд материалын бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлсэн юм. Тухайлбал талийгаачийн ар гэрт 2,233,000 төгрөгийн хоол хүнсний зүйл, мал, түлээ, оршуулгын зардал зэргийг бүрэн хариуцаж, төлж барагдуулсан болно. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын зүгээс нотлох баримтаар нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр давхар төлсөн. Өөрөөр хэлбэл хохирогч нарт мөрдөн байцаалтын шатанд 2,700,000 төгрөгийн хохирол учирсан гэж нотлох баримтаар тогтоосон боловч миний бие Х.М-д нийт 4,933,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Гэтэл хохирогч X.М, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар нь шүүх хуралдаанд ямар ч нотлох баримтгүйгээр сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хуулийн энэхүү зохицуулалт нь “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан” нөхцөлд гаргах сэтгэл санааны хохирол байгаа юм. Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол төлүүлэх талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт Эрүүгийн хууль болон Иргэний хуульд тусгагдаагүй байна. Шүүх хуульд заагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол гэж 10,000,000 төгрөг нэхэмжилснийг миний бие хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хүссэн боловч шүүх төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хуульд захирагдах ёстой бөгөөд шүүхэд хуулиас гадуур шийдвэр гаргах ёсгүй” гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хуульд захирагдаж, хуулиар зохицуулсан асуудлын хүрээнд шийдвэр гаргахаар байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр надаар сэтгэл санааны хохирол төлүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм. Сэтгэл санааны хохирлыг ямар шалгуурыг үндэслэж 10,000,000 төгрөгөөр үнэлсэн гэдэг нь ойлгомжгүй байна.  Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой буюу 10,000,000 төгрөгийг гаргуулсан заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-ийн өмгөөлөгч Я.Сьезд хэлсэн саналдаа “Шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй тул шүүгдэгч З.А-ын ялыг хүндрүүлж өгөхийг хүсье. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тухайн зам тээврийн осол болох үед талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч эмнэлгийн тусламж үзүүлээгүй байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөн хорих ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч хуульд заасан ял хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсний дараа төлөхийг зөвшөөрсөн дээрх мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын журмаар гаргасан гомдлоос үзэхэд сэтгэл санааны 10,000,000 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан асуудлын талаар маргаж байна. Хууль зүйн хувьд авч үзвэл З.А нь оршуулгын зардалд 2,300,000 төгрөг төлж, нийт 4,000,000 орчим төгрөгийг хохиролд төлсөн нь нотлогдож байгаа тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан ял оногдуулсныг буруутгах хууль зүйн боломж байхгүй. Гэвч анхаарвал зохих дараах зүйлс байна. Тодруулбал хохирогч нь Иргэний хуульд зааснаар сэтгэл санааны хохирлыг шаардах эрхтэй тул энэ эрхээ эдэлж 20,000,000 төгрөгийг шаардсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр шүүгдэгч, хохирогч нар уулзаж ярилцаад, 10,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд төлөхөөр зөвшилцсөнийг анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нар баталж, хохирогч “энэ талаар тодорхой ярьж, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ялыг хөнгөрүүлэх үндэслэл болгож хууль зүйн дүгнэлт хийжээ. Шүүх шүүгдэгчийн нөхцөл байдалд бодитой шударга хандсан. Харин шүүгдэгч давж заалдах, хяналтын шатанд дээрх зөвшөөрсөн илэрхийллээсээ татгалзсан учраас анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн зүйл үгүй болсон. Товчхондоо З.А шүүхийг хуурч, өөртөө ашигтай шийдвэр гаргуулж чадсан байна. Шүүгдэгч нь шүүх болон хохирогчид шударга бусаар хандсан байхад шүүх шударга ёсны зарчим, бодит байдлын зарчмаар асуудалд хандах боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас З.А-д хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсан нөхцөл байдал үгүйсгэгдсэн тул хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, тухайн нөхцөл байдалд дахин хууль зүйн дүгнэлт хийх боломж олгохын тулд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М, шүүгдэгч З.А нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.А нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20-21 цагийн хооронд тус аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын Засаг даргын тамгын газрын албаны 89-25 БӨТ улсын дугаартай “Ланд круйзер-100” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад иргэн Б.Д-г мөргөж, түүний амь насыг хохироож улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.А нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч хохирогчтой тохиролцсон бөгөөд энэхүү байдлыг анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэж үзнэ хэмээн дүгнэжээ. Чин санаанаасаа гэмших нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг илтгэх гол шинж тул шүүгдэгч уг хохирлыг төлөхөөс татгалзаж, энэ асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаснаас үзэхэд шүүх дээрх дүгнэлтийг хийх үндэслэл болсон нөхцөл байдал давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдсөн гэж үзэхэд хүргэж байна.

Мөн шүүгдэгч З.А нь согтуурсан үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний гэм бурууд тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлаж ял оногдуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн илэрхийллээс татгалзаж байгаа тохиолдолд уг хохирлыг албадан гаргуулах хуулийн зохицуулалтгүй тул энэхүү хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М болон шүүгдэгч З.А нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалд:

“Шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлж 1 сараар тогтоож, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулсан 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН