Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 116

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

хэлмэрч А.Е,

улсын яллагч Т.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ме,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З

шүүгдэгч З.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А-д холбогдох 1813001360100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тус сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овгийн З-ы А, регистрийн дугаар БЮ81080914,

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч З.А нь албаны 89-25 БӨТ улсын дугаартай “Ланд крузер- 100” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож иргэн Б.Д-г мөргөснөөс түүний амь насыг хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч З.А-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч З.А нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой 20-21 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бугат сумын Засаг даргын тамгын газрын албаны 89-25 БӨТ улсын дугаартай “Ланд крузер-100” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож иргэн Б.Д-г мөргөснөөс түүний амь насыг хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр 20 цаг өнгөрч байхад гэрээс гарч явсан. А гэдэг хүнээс авсан архины мөнгийг хүргэж өгнө. Х гэдэг хүнтэй уулзана гэж явсан. ...Охин бид хоёр тухайн газарт ирэхэд хэсгийн төлөөлөгч С манай нөхрийн хажууд зогсож гар утсаараа зураг татаж байсан ба согтуу юм шиг байна гэсэн. Түргэн тусламжийн машин эмч байхгүй жолооч Т ирсэн. Тухайн үед манай нөхөр зүүн хажуугаараа хэвтэж байсан ба түүний хажууд “сангийн далай" нэртэй архины шил архи нь асгарсан байдалтай байсан. Нөхрийн дух нь хавдсан цус гарч байсан, баруун нүд нь хавдаж цус гарсан байсан. Хэсгийн төлөөлөгч манай нөхрөөс “Юу болсон хүнд зодуулсан уу, машинд мөргүүлсэн үү” гэж асууж байсан. ...Би 23 цагийн үед хэсгийн төлөөлөгч С руу залгаж нөхрийнхөө давсаг хагарсан байна. Юу болов ямар нэгэн зүйл мэдсэн үү гэж асуусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад С төлөөлөгч ирж танай нөхрийг Аманжол машинаар мөргөсөн байна машиныг нь саатуулсан гэж хэлсэн. Дараа нь хагалгаанд орсон ба хагалгааны явцад нас барсан. Би гомдолтой байна. А тухайн үед бид нарт эсвэл хэн нэгэнд яагаад хэлээгүй юм бол? Хэрэв машинд мөргүүлснийг мэдсэн бол бид даруй арга хэмжээ авах байсан. Яаралтай арга хэмжээ авсан бол манай нөхөр амьд үлдэх боломжтой байсан ч юм уу. Иймд А-д хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

- Хохирогч Х.М-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би талийгаачийн эхнэр Х.М гэдэг хүн байгаа. Би З.А-д маш их гомдолтой байна. 6 цаг байтугай 6 минутын дотор хүний ам насыг аварч үлдэх боломж байдаг.  Би маш их гомдолтой байна. Өнчин 5 хүүхэдтэй үлдэж байна. Би өөрөө цалингийн зээлтэй. Хамт төрсөн хамаатан садан байхгүй. Маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хямралд орж нойргүй хонож байна. Хүнийг алчхаад ажил хийж байгаа. Энэ талаар хэд хэдэн удаа очиж байсан. Бодит хохирол бол үүнд хамаагүй. Тухайн үед өөрсдөө өгсөн. Би маш их сэтгэл санааны хохиролд орсон байгаа. З.А-оос сэтгэл санааны хохирол болгож 20000000 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгийг өгөөгүй. Мөн 10000000 төгрөг нэхэмжилсэн боловч мөн өгөөгүй. Миний болон талийгаачийн банкны зээлийг төлж өгөөч гэсэн боловч төлж өгөөгүй. Би З.А-оос 10000000 төгрөг авъя гэсэн бодол байхгүй. Өнчин үлдсэн хүүхдүүдэд маань нэмэр болох байх гэж  бодож байна. Амьд байх юм бол мөнгийг олж болдог. З.А миний 5 хүүхдийг өрөвдөхгүй байгаа хэдий ч би З.Аманжолын 3 хүүхдийг өрөвдөж байна. Тийм учраас З.А-д ял оногдуулахдаа хулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бугат сумын төвд болсон байв. ...Тээврийн хэрэгслийн хүнийг мөргөж зогссон газрыг “А” цэгээр, тээврийн хэрэгсэлд мөргүүлж газар унасан газрыг “Б” цэгээр тус тус тэмдэглэв. А цэгээс ертөнцийн зүгээс урагшаа 90 сантиметрийн зайд архины хоосон шил байв. Уг архины шилний гадна хэсэг улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг ахлах шинжээч ахмад Х.Б арчиж арчдас авав. Хэрэг учрал болсон газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр байсан бөгөөд баруун талын мөрний урт 3,1 метр, зүүн талын мөрний урт 3 метр байв. ...Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хүний унасан гэх газрын шороонд улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байснаас шинжилгээнд зориулж дээж авав.” гэх  тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            - Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн15-19 дүгээр хуудас/

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Тус тээврийн хэрэгсэл нь 2000 онд үйлдвэрлэгдсэн, JT3HT05J4Y0101859 гэсэн арлын дугаартай, саарал өнгийн Ландкрузер-100 маркийн, 89-25 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн 4 дугуй нь бүгд бүтэн хийтэй, 4 дугуй нь арзгар хээтэй, урд буферийн баруун талын хажуу хэсэг нь хонхойж дотогшоо орсон, урд талын копуд буюу хамрын дунд хэсэг нь 6х4 сантиметрийн хонхойж дотогшоо орсон, будаг нь ховхорсон, урд хөмсөг буюу сараалжин нүүр хэсэг нь дунд хэсгээр шинээр цуурч хугарсан байна. Бусад бүх эд ангиуд нь бүгд бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй.” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгахад шүүгдэгч З.А нь тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан зам болон хохирогчийг мөргөсөн газар, түүний мөргүүлж унасан газар, тээврийн хэрэгслийн тормозны мөр зэргийг өөрөө зааж өгч байгааг мэдүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-38 дугаар хуудас/

            - Эд мөрийн баримтаар СД, “Сангийн далай” нэртэй архины шил, шороо зэргийг тооцсон тогтоол /хх-ийн 46 дугаар хуудас/

            - Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай “...З.Аманжолоос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. А-ын цусанд 1,3% промилли этилийн спирт илрэв. З.А нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

            - Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай “...Талийгаач Б.Д-ы биед хэвлийн битүү гэмтэл, ходоод хөндийн хэвлийн цус хуралт, нарийн гэдэс тасрах ба чацархайн урагдал цус баасны гялтантас, чацархай урагдал, нарийн ба бүдүүн гэдэсний цус хуралт, духны хэсэгт хуйхан доор дух хэсгийн хамаарсан цус хуралттай, хордлогын шок, зүрх суласны хурц дутагдал, духны хэсэгт зулгарсан шархтай, баруун нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан өнгийн цус хуралттай, энэхүү цус хуралттай дунд хэсэгт шинэ шархтай, хамрын нуруунд зулгаралттай, хүйсний дээд хэсэгт хөхрөлттэй зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.Д-ы биед үүссэн дээрх хүнд хавсарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн /хүний хүчнээс давсан хүч үйлчилсэн буюу зам тээврийн ослоор/ бүх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Б.Д нь биед үүссэн хүнд хавсарсан хэвлийн битүү гэмтэл, ходоод хэвлийн хөндийн цус хуралт, нарийн гэдэс тасрах ба чацархайн урагдал цус баасны гялтантас, чацархайн урагдал, нарийн ба бүдүүн гэдэсний цус хуралт, духны хэсэгт хуйхайн доор дух хэсгийн хамаарсан цус хуралттай, хордлогын шокын улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаач архаг хууч өвчингүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99- 103 дугаар хуудас/,

            - Криминиластикийн шинжээч Х.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай “...89-25 БӨТ улсын дугаартай “Ланд-100” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хөмсөг буюу сараалжин нүүрэн хэсэгт байгаа хагарал нь шинээр үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

            - Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.А-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай “...Ослын улмаас дараах эд ангид эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд: Тоёота ландкрузер маркийн 8925 БӨТ дугаарын автомашины урд нүүрний 3 секц хагарсан байв. Эвдэрч гэмтсэн эд ангийг сольж, засаж хэвийн байдалд оруулж болно. Уг эд анги хүн мөргөсний улмаас эвдэрсэн байв.” гэх ослын дүгнэлт, /хх-ийн 120 дугаар хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч Б.Т-ий 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4227 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хээтэй цагаан өнгийн даавуун цамцанд цус илэрч байна. Илэрсэн цус нь Б.Д-ы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 128-129 дугаар хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч Б.Т-ний 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4228 дугаартай “...Хэргийн газраас хураан авсан гэх №1 дугаартай шороо чулууны хэсэг болон №2 дугаартай архины шилэн дээрээс бэхжүүлэн авсан гэх арчдас зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. №1 болон №2 дугаартай сорьсонд цус илэрч байна. Илэрсэн цус нь Б.Д-ы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

            - Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “...Жолооч З.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.7, 2.7.а, 9.2, 2.5.а, 2.5.в, 1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар хуудас/,

            - Нас барсан хохирогч Б.Д-ы 525г дугаартай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн өвчний түүх /хх-ийн 156-169 дүгээр хуудас/,

            - Гэрч X. Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрээс гарч А-ын хашаанд байсан нуруу мод байгаа эсэхийг шалгаж, эргэж тухайн хашаанд очсон. Тухайн хашаанд очиход засмал талд нэг хүн хурхирч дуу нь гарч байсан тул хашааны дотор талаас өндийгөөд харахад нэг хүн хэвтэж байсан. Согтуу хүн юм болов уу гэж бодоод Бугат сумын хүн эмнэлгийн жолооч Т руу утасдаж хэлэхэд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Давхарбаярт утасдаж хэлээрэй гэсэн. Тэгээд би Д-т мэдэгдэхэд цагдаад дуудлага өгөөрэй гэсэн. Түүний дараа Бугат сумын хэсгийн цагдаа Е руу утасдаж хэлээд гэрлүүгээ яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа гэрт байж байхад Е утасдаж “Ирчихлээ Б.Д гэдэг хүн байна. Согтуу байна. Та хүрээд ирээч, энэ хүний гэр нь хаана байдаг вэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүний хэвтэж байгаа газарт очиход тухайн газарт хэсгийн төлөөлөгч С, хэсгийн цагдаа Е нар ирсэн байсан. Тэгээд С тухайн газар үлдээд, Е бид хоёр Д гэдэг хүний гэрт очиж түүний эхнэр, охин хоёрыг дагуулж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

            - Гэрч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цаг 50 минутын үед Бугат сумын ИТХ-ын дарга Х.Х нь над руу залгаж “Миний бие дүүгийнхээ салхинд унасан хашааг аргамжаар уясан байсан бөгөөд түүнийг эргээд явж байсан чинь тус хашааны урд гудамжинд согтуу хүн хэвтэж байна. Тухайн хүн хэн гэдгийг мэдсэнгүй. Хажууд нь очоогүй” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч М.С руу утасдаж хэлээд М.С-ий хувийн машинаар тухайн газарт хэсгийн төлөөлөгч бид хоёр очсон. Очиход Х.Х тэнд байгаагүй бөгөөд Х.Х-ын дүүгийнх нь эзгүй хашааны урд талд байсан шороон зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тухайн хүнийг очиж үзэхэд Бугат сумын 3 дугаар багийн иргэн Бугын Д гэдэг хүн байсан. Тухайн хүний дух хэсэг болон баруун талын нүд нь зулгарсан шинэ шархтай, цус гарсан байдалтай байсан. ...Хэсгийн төлөөлөгч ар гэрээс нь хүн дагуулж ир гэхээр нь би Х.Х-ыг дагуулж гэрт нь очоод Б.Д-ийн эхнэр болон охиныг нь дагуулж ирсэн. ...Анх Б.Д-ийн хажуу талд ирэхэд Б.Д-ийн унасан газарт “Сангийн далай” нэртэй архи байсан бөгөөд тухайн архи газарт асгарч байсан. Түүний хажууд хиймэл шүд мөн шороон дээр үүссэн хатсан цус мэт хүрэн зүйл, саравчтай малгай байсан. Мөн талийгаачийн хэвтэж байсан газраас 3-4 метрийн орчимд ертөнцийн зүгээр баруун талд арзгар хээтэй тээврийн хэрэгслийн мөр байсан. Тухайн мөр нь Бугат сумын Засаг даргын тамгын газрын жолооч З.Аманжолын албаны 89-25 БӨТ улсын дугаартай Ландкрузер-100 маркийн тээврийн хэрэгслийн мөртэй яг ижил мөр байсан ба З.А-ын мөр байна гэж Х.Х-д хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

            - Гэрч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “...Талийгаач манайд 20 цаг өнгөрч байхад ирсэн. Харин бид хоёр 10-аад минут яваад дэлгүүрт очиж ирсэн. Манайд ирээд ойролцоогоор 15-20 минут сууж байгаад гарч явсан. Ойролцоогоор 20 цаг 30 минутаас 21 цагийн хооронд гарч явсан. Талийгаач манай гэрт ирэхэд халамцуу ирсэн. Бид хоёр дэлгүүрээс авсан архинаас 2 хундага архи уусан. Тэгээд би талийгаачид “Би уухгүй. Ах маань хүнд байгаа” гэж хэлсэн. Талийгаач тэгвэл задалсан архиа танайд үлдээгээд явлаа гээд задалсан архийг үлдээгээд задлаагүй архиа аваад манайхаас гараад явсан. ...Талийгаач манай гэрээс гарч явахад биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

            - Гэрч О.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А, Ж бид гурав Ж-ын гэрийн доод талд байрлах постын хажуу талд очиж зогсоод машин дотор сууж байгаад авсан 0.5 литрийн “Архи” гэсэн нэртэй 1 шил архийг бид гурав хувааж уусан. Тэгээд сумын ЗДТГ-ын хажууд очоод Е-тэй тааралдсан. Тэр 0.75 литрийн “Архи" гэсэн нэртэй 1 шил архи худалдаж аваад бид нарт өгсөн. Е тэнд үлдсэн бид постын хажуу талд очоод гурвуулаа нэг нэг хундага уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

            - Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бугат сум руу явж байгаад зам дагуу байрлах “Нур” нэртэй дэлгүүрт би ороод 0.5 литрийн “Архи" гэсэн нэртэй 1 шил архи худалдаж аваад А, Х бид гурав манай гэрийн доод талд байрлах постын хажуу талд очиж зогсоод машин дотор 1 шил архийг бид гурав хувааж уусан. Тэгээд тухайн газраас хөдлөөд сумын ЗДТГ-ын хажууд очсон. Тухайн газарт Төрийн сангийн төлөөлөгч Е-тэй тааралдсан. Е, С гэдэг хүний дэлгүүрээс 0.75 литрийн “Архи” гэсэн нэртэй 1 шил архи худалдаж аваад бид нарт өгсөн. Е өөрөө ажилтай байна гээд үлдсэн. А, Х бид гурав албаны 89-25 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өмнө очиж архи уусан постны хажуу талд очиж гурвуулаа нэг нэг хундага архи уугаад хоорондоо юм ярьж сууж байхад А-ын утас дуугарч ээж эм авч ирж өгөөрэй гээд залгаад байна явна гээд явсан. ...А халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

            - Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цаг 30 минутын үед Бугат сумын “Хар үзүүр” гэдэг газарт байдаг хадам аавын гэр лүү явж байхад сумын доод талд байдаг постын хажуу талд сумын ЗДТГ-ын 89-25 БӨТ улсын дугаартай “Ланд крузер-100” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Х машины хаалгыг онгойлгож, намайг гараараа дохиж дуудсан. Тэнд очиход машин дотор тамгын газрын жолооч А, нягтлан Ж, бичиг хэргийн эрхлэгч Х нар сууж байсан. Тэд машин дотор 0.75 литрийн “Архи” нэртэй архийг задалж ууж байсан. ...А тухайн үед халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

            - Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 02-ны 17 цагаас 03-ны өглөө 08 цаг хүртэл Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх жижүүрээр ажилласан. Тэгээд шөнө дунд 03 цаг 10 минутын орчим байх Бугат сумаас иргэн Д гэдэг хүнийг ар гэр нь /эхнэр, охин нь/ мөн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эмч, хэсгийн төлөөлөгч нар авч ирж үзүүлсэн. Тэр хүний баруун дух, баруун нүдний орчимд шалбарсан шархтай, мөн шороогоор бохирлогдсон, хувцас нь нил шороогоор бохирлогдсон байдалтай байсан. Тэр хүн агсам тавих шинжтэй биеэ зөв үзүүлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч З.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Дэлгүүрээс Ж орж 0.5 литрийн “Соёрхол” нэртэй 1 шил архи авч уг архийг Ж-ын Бугат суманд байдаг байшингийн доод талд байрлах постны хажуу талд машин дотор суугаад бид гурав хувааж уусан. Тухайн архинаас би 5 хундага архи уусан. Архийг ууж дуусаад сумын ЗДТГ-ын байранд очсон. Байрны коридорт гал түлэх муу ноорог цаас авахаар ороход Төрийн сангийн төлөөлөгч ажилтай Е-тэй тааралдсан. Е 0.7 литрийн 1 шил архи авч өгөөд явсан. Уг архийг бид дахин нөгөө архи уусан постны хажууд очоод уух гэж байхад ээж утасдаж эм авч ирж өгөөрэй гэсэн. Энэ үед Мерей өөрийн “Приус" машинаар ирсэн. Ж, Х хоёр М-гийн машинд сууж үлдээд би яваад өгсөн. Гэрлүүгээ явж байхад машины бензин бага байсан учир Бугат суманд байдаг МТ-гийн шатахуун түгээх станцад очиж 5000 төгрөгт шатахуун аваад гэрлүү явахдаа засмал замын хажуугаар шороон замаар явж байхад манай авга ахын хүүхэд А, А нарын хашааны хажууд ирж байхад урд хашаа дагаж нэг хүн ирж байсныг харсан. Тэгээд би булан эргэх гэхэд гэнэт хүн гарч ирсэн. Би машинаа зогсоох гээд тормоз дарсан боловч машин зогсолгүй тухайн хүнийг машины баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Харин мөргөсөн хүн маань машинд мөргүүлээд газар унасан. Тэгээд машинаас буугаад харахад тухайн хүн Бугат сумын иргэн Д гэдэг хүн байсан ба зүүн талын хажуугаар газарт хэвтэж хурхирч дуу нь гарч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... Би өөрөө даралт ихтэй болохоор зүрх өвдөөд хэргийн газрыг орхиж явсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 4923000 төгрөг төлж өгсөн. Цаашид туслах бодолтой байгаа. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн талаар өчигдөр хохирогчтой ярилцсан. Оногдуулсан ялыг хөнгөлж өгөх юм бол төлж өгнө гэж зөвшөөрсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 57, 59- 60, 154 дүгээр хуудсууд болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч З.А нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай “...З.А-оос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. А-ын цусанд 1,3% промилли этилийн спирт илрэв. З.А нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн дүгнэлт болон гэрч Х.Х, О.Х, Б.Ж, Х.М нарын мэдүүлгээр тус тус  нотлогдож байна.

Мөн өөрөө осол болсон газрыг орхиж зугтааснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч З.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Б.Д-ийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн,

Авто тээврийн  гэмт хэрэгт үйлдсэн З.А хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-д учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн болох нь түүний өөрийн мэдүүлэг болон шүүгдэгч З.А-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч З.А-ыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийн хохирлыг төлсөн гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М нь шүүгдэгч З.А-оос мөрдөн байцаалтын шатанд сэтгэл санааны хохирол болох 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилснээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт багасгаж 10.000.000 /арван сая/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч З.А- нь төлж өгөхөө илэрхийллээ. Хэдийгээр сэтгэл санааны хохирлын хэмжээг шүүх тогтоох боломжгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч нь З.А нь зөвшөөрч байх тул түүнийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.А-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, хор уршгийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй  буюу  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.А урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хүнийг тээврийн хэрэгслээр дайрч алах санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамаарууллаа. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А-ын өөрийн өгсөн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж шинжлэн судлуулсан “...Цааш нь хохирогч нарыг эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд дэмжиж, тусалж явах болно.” гэх баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 10.000.000 /арван сая/ төгрөгийг зөвшөөрч төлж өгөхөө илэрхийлсэн зэргээс дүгнэхэд түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч З.А-ын “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн хүн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжээр торгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр тогтоосон тул 450000 төгрөгийн торгох ялыг хорих ялын хоногт шилжүүлэхэд 1 сарын хорих ял болж байна. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч З.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

  Шүүгдэгч З.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 3 ширхэг СD-ийг хэргийн хамт хадгалж, “сангийн далай” нэртэй архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Бугат сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн 89-25 БӨТ  улсын дугаартай “Ландкрузер-100” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Аманжолын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.А-ын иргэний үнэмлэх, 01174564 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е 1623213 дугаартай гадаад паспорт, 167896 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01215966 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                             

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ш овогт З-ы А-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Б.Д-гийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн,

Авто тээврийн  гэмт хэрэгт үйлдсэн жолооч З.А хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хорих ялд шилжүүлж 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 6. Шүүгдэгч З.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч З.А-оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М-д олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 3 ширхэг СD-ийг хэргийн хамт хадгалж, “Сангийн далай” нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.  

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Бугат сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн 89-25 БӨТ  улсын дугаартай “Ландкрузер-100” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Аманжолын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч З.А-ын иргэний үнэмлэх, 01174564 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е 1623213 дугаартай гадаад паспорт, 167896 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01215966 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт буцаан олгосугай.

       12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ