Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0204

 

Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэндаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Цэрэндавааг Алдархаан сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шүүхийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал миний бие шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн зохицуулалтыг /шүүхийн шийдвэрт утга найруулагын алдаатай бичигдсэн байсан/ баримталсан нь буруу байна гээд дээрх заалтыг хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахын тулд албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон агуулгатай байна гэж хуулийг буруу тайлбарлаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 "албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно" гэж:

1. албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхийг хориглосон.

2. Мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт ганцхан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон агуулгатай гэж хуулийг өрөөсгөл тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Боловсрол, соёлын газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайханд Д.Цэрэндаваа нь өөрийн төрсөн дүү Д.Өнөрзаяаг сонгон шалгаруулалт явуулалгүй томилсон зөрчил илэрсэн гэсэн агуулгатайгаар 1/306 дугаар албан бичиг явуулсан ба уг албан бичигт Завхан аймгийн Засаг дарга "Боловсрол соёл урлагийн газарт Ганчимэгт тушаалыг хүчингүй болгох зөрчлийг үндэслэн арга хэмжээний саналаа танилцуулах" гэсэн цохолт хийсэн байна. Энэ цохолтын дагуу Боловсрол, соёлын газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/396 дугаар албан бичгээр цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн төрсөн дүүг хууль зөрчиж цэцэрлэгтээ туслах багшаар ажилд авсныг тогтоосон агуулгатай албан бичиг гаргасан байна." гэж шүүхийн шийдвэрт нотлох баримтуудыг үнэлсэн байгаа тул тогтоогдож байна. Дээрх зөрчилд хүлээлгэх хариуцлага нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ажлаас халахаар заасан тул авах арга хэмжээ нь тодорхой юм. Заавал боловсрол соёл урлагийн газраас ямар арга хэмжээ авахыг тодорхой тусгах шаардлагагүй бөгөөд сахилгын шийтгэлийн халахаас бусад төрлийн арга хэмжээ авахуулахаар санал гаргах боломжгүй юм.

Д.Цэрэндаваа нь өөрийн төрсөн дүүгээ ажилд авсан болон тогтоогдсон, мэдэгдэл тайлбар гаргаагүй, хуульд заасан хориглолтыг зөрчсөн, авах арга хэмжээг нь хуулинд тодорхой заагаад өгчихсөн байхад шүүхийн шийдвэрт "...уг заалтын зохицуулалтын нөхцөл нь нэхэмжлэгч Д.Цэрэндаваа өөрийн төрсөн дүүг ажилд авсан бодит байдалд нийцэхгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3 хэсэгт заасан нэхэмжлэлд тусгах зүйлийг тусгаагүй буюу хариуцагчийн талаарх мэдээллийг нэг ч тусгаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлоогүй нэхэмжлэл хүлээн авсан бөгөөд 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг хангалгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариу тайлбартаа тусгаж хүргүүлсэн боловч шүүхээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д.Цэрэндаваа нь Завхан аймгийн Алдархаан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувиар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар өөрийн төрсөн дүү Д.Өнөрзаяаг туслах багшийн ажилд томилсон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ... хориглоно”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал байна.

Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Цэрэндаваа нь өөрийн төрсөн дүү Д.Өнөрзаяаг туслах багшаар ажилд авсан нь өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасанд хамаарах бөгөөд Сумын Засаг дарга зөвшөөрсөн (анхан шатны шүүхийн шийдвэрт Сумын Засаг дарга цохолт хийсний дагуу гэж бичигдсэн) гэдэг нь хуулиар хориглосон зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Үүнээс үндэслэн Завхан аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэж нэхэмжлэгч Д.Цэрэндавааг Алдархаан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрт хамааралтай буюу өөрийн төрсөн дүүг туслах багшийн ажилд авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцагчаас мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төдийгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэрэглэгдэх байтал энэ нөхцөлд хэрэглэгдэхгүй Боловсролын тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс аймгийн Боловсрол, соёлын газраар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан Д.Цэрэндаваагийн гаргасан “Завхан аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Цэрэндавааг Алдархаан сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ