Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар сумын иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь улсад нийт 19 жил ажилласан. Тухайн цэцэрлэгт 14.3 жил ажилласан. 2016 оны 03 дугаар сарын 14-нд эрхлэгчийн ажил хүлээж аваад байтал /10 сар орчим хийсэн/ ажлаас халах захирамж авсандаа маш их харамсалтай байна. Захирамжийг аваад сумын Засаг дарга н.тай уулзахад чи зүгээр л өгчих, би ажлын байраар хангана гэж хэлсэн. Сум ийм шийдтэй байгаа юм байна, ядаж Боловсролын газартаа мэдэгдэе, маргааш өгье гэтэл цагдаа дуудна гэж дарамталсан. Үндэслэл нь юу вэ гэтэл ганцхан чи биш бүх сумуудад цунами явагдаж байгаа чи тэрний нэг л гэсэн. Миний хувьд дүү Д.*******г ажилд авсан нь тус захирамжийн үндэслэл гэж харж болох ч тухайн сумын Засаг даргын цохолттой хүнийг л авсан. Энэ хүний ажлын идэвхи чармайлт, үр дүнг ч манай цэцэрлэгийнхэн мэднэ. Ажлын байрны дарамт ихтэй байдаг юм байна. Дахиад хүн ав гэтэл орон тоо байхгүй байсан. Тэгээд л намайг халах үндэслэл нь болсон байх. Төрийн албаны шалгалтанд хамт ороод тэнцээгүй хүнийг оронд томилж байгаад маш их эргэлзэж байна. Энд л ашиг сонирхол гээч нь харагдаж байна гэж ойлгож байна. Надад ямар ч нам, улс төрийн харьяалал байхгүй, байх ч хуульгүй. Томилогдож ирсэн н.******* эрхлэгч маргааш нь хурал хийгээд Д.*******г хална гэсэн сонгон шалгаруулалт хийж өөрөө сонгон шалгаруулалтад орж батлагдаагүй байж хүнийг халах солих шалгаруулалт явах эрх дарх байдаг л юм байх даа гэсэн эргэлзээтэй. Энэ бүхнийг дэнслэн бодож энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Өмнөх албан тушаалдаа эгүүлэн томилогдохоор. Энэ бүхнийг дэнслэн үзэж шудрага шийдэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би төрийн байгууллагад 19 жил, сумын цэцэрлэгт 15 жил ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч өндөр насны тэтгэвэртээ гарсны улмаас би сонгон шалгаруулалтанд орж тэнцээд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч болсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цэцэрлэгийн эрхлэгч хийж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө ажлаа хийгээд сууж байтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.*******, нягтлан бодогч н.*******, иргэний бүртгэлийн ажилтан н. гурав гэнэт орж ирээд ажлаа хүлээлгэж өг гэсэн. Энэ талаар надад ямар нэгэн байдлаар урьдчилан хэлээгүй болохоор тухайн үедээ маш их цочирдсон. Би ажлаа хийж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад ямар учраас миний ажлыг авдаг юм бэ? ямар ч байсан би Засаг даргатай уулзана гээд очиж уулзсан. Тэгэхэд Засаг дарга намайг ямар ч байсан ажлаа өгчих гэж хэлсэн. Тийм болохоор Засаг даргын захирамжийн дагуу ажлаа хүлээлгэж өгчихөөд, дээрх шийдвэрийн үнэн зөвийг тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Д.******* нь 2015 онд манай цэцэрлэгт ажиллаж байсан юм. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 25-нд Засаг даргын Тамгын газарт ажилд орох тухай өргөдлөө өгсөн байна лээ. Үүний дараа 2016 оны 4 дүгээр сард Засаг дарга дээр орсон байдаг. Тэгэхэд нь Засаг дарга Д.*******гийнх хоёулаа ажилгүй, гурван хүүхэдтэй, хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, амьдрал нь хэцүү учраас ажлын байраар ханга гэсэн цохолттой бичгийг над руу явуулсан. Үүний дараа хурал дээр Засаг дарга хэлэхдээ манай Засаг даргын Тамгын газраас Д.*******г дэмжиж байгаа болохоор энэ хүнийг ажлын байраар хангаж цэцэрлэгийн тогоочоор ажилд ав гэсэн. Тэгэхэд нь хэрвээ Д.*******г тогоочоор ажилд авах юм бол надад харшлах байх гэж хэлсэн. Тэгсэн чинь Засаг дарга Д.*******г тогоочоор ажилд авахад чамд ерөөсөө харшлахгүй гэсэн. Ингээд би Д.*******г тогоочоор ажилд авахгүй байж байтал дараа нь туслах багшийн орон тоо гарсан. Энэ орон тоон дээр Д.*******г сумын Засаг даргын цохолтоор ажилд авсан юм. Д.******* бол нэгдүгээрт манай цэцэрлэгт өмнө нь ажиллаж байсан, хоёрдугаарт сумын Засаг даргын цохолтоор авсан, гуравдугаарт Д.******* сонгон шалгаруулалтанд нэгээр гарч ирсэн болохоор ажилд авсан. Тийм учраас Д.*******г ажилд авсан нь надад харшлах зүйлгүй гэж бодож байна. Цэцэрлэгийн туслах багш нь багшид туслах болон цэцэрлэгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. миний бие Д.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.*******г ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/121 дугаартай захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд тусгах зүйлийг тусгаагүй нэхэмжлэл хүлээн авсан нь тус хуулийг зөрчсөн бөгөөд 53 дугаар зүйлийн 53.3 хангаагүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Д.******* нь нэхэмжлэгч Д.******* танд хамааралтай бөгөөд хуульд зааснаар гадагшаа чиглэсэн захиргааны акт гаргасан байна. Таны энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах үндэслэл болно гэж заасан байдаг.

Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйлийг яагаад баримталсан юм бэ? гэхээр аймгийн Засаг даргад нэхэмжлэгчид холбогдох өргөдөл ирсэн. Энэ өргөдлийн дагуу Боловсрол соёлын газарт шалгаж тогтоохыг даалгаж цохолт хийсэн байгаа. Үүний дагуу н.******* мэргэжилтэн сумын Цэцэрлэг дээр ажиллаад дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн дагуу аймгийн Боловсрол соёлын газраас Засаг даргад албан бичиг ирсэн байдаг. Ийм учраас Боловсрол соёлын газраас ирсэн албан бичгийг үндэслэж Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйлийг баримталж тушаал гаргасан юм.

Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дүгээр захирамжийн үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчиж дүү Д.*******г ажилд авсан болохоор эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Ийм учраас дээрх захирамж нь хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд Н.******* миний бие Д.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.*******г ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/121 дугаартай захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан гэж үзэж байна. сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.******* нь анх 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байна. Эндээс харахад удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон хэдий ч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нөөцөд бүртгэгдсэн талаарх тогтоол гараагүй байхад Д.*******г томилсон 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн Б/2 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хууль зөрчиж гаргасан гэж үзэж байна. Д.******* нь багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, энэ талаар гарсан шийдвэр байхгүй байхдаа дараагийн томилгоо хийгдсэн нь мөн хууль зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Д.******* нь сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг эрхэлж байхдаа багшийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж, ажил хавсран гүйцэтгэсний 30 хувийн нэмэгдэл цалин олгох талаар удирдах дээд албан тушаалтны шийдвэр нь гараагүй байдаг. Мөн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.******* нь өөрийн төрсөн дүү Д.*******г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин томилсон. Мөн туслах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл нь болж байгаа юм. Иймд гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын цэцэрлэгийн эрхлэгчээр Д.*******г томилсон байна.

Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.*******г сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Боловсролын тухай хуулийн 30.1.15-д .... ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг ... үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн зохицуулалттай байна. Хуулийн дээрх заалтын зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилтийн үр дүн болон Боловсролын газрын санал гэсэн нөхцлүүд хангагдсанаар цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхөөр байна.

Нэхэмжлэгч Д.******* нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч уг үр дүнгийн гэрээ өөрт нь байхгүй, Боловсрол, соёлын газарт өгсөн гэж тайлбарлаж байх боловч Завхан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.******* нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй тул гэрээний хэрэгжилт дүгнэсэн дүгнэлт байхгүй болно гэж тодорхойлолт ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлүүлэх санал гэх албан бичиг агуулгын хувьд тодорхой бус байна. сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/357 дугаар албан бичгээр Завхан аймгийн Боловсрол, соёлын газарт Д.******* нь өөрийн төрсөн дүүг ашиг сонирхлын тухай хуулийн 12.1 дэх хэсгийг зөрчин томилсон гэсэн агуулга бүхий хүсэлт уламжилсны дагуу тус газрын мэргэжилтэн н.******* тус цэцэрлэгт 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажиллаж Цэцэрлэгийн эрхлэгч Д.******* нь өөрийн төрсөн дүү Д.*******г сонгон шалгаруулалт явуулалгүй томилсон байна гэсэн дүгнэлт гаргаж уг дүгнэлтийн дагуу Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга Д.*******д Д.******* нь өөрийн төрсөн дүү Д.*******г сонгон шалгаруулалт явуулалгүй томилсон зөрчил илэрсэн гэсэн агуулгатайгаар 1/306 дугаар албан бичиг явуулсан ба уг албан бичигт Завхан аймгийн Засаг дарга Боловсрол соёл урлагийн газарт *******т тушаалыг хүчингүй болгох зөрчлийг үндэслэн арга хэмжээний саналаа танилцуулах гэсэн цохолт хийсэн байна. Энэ цохолтын дагуу Боловсрол, соёлын газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/396 дугаар албан бичгээр Цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн төрсөн дүүг хууль зөрчиж цэцэрлэгтээ туслах багшаар ажилд авсныг тогтоосон агуулгатай албан бичиг гаргасан байна. Өөрөөр хэлбэл зөрчлийг үндэслэн ямар арга хэмжээ авах талаар санал гаргаагүй, зөвхөн зөрчил гаргасан гэдгийг тодорхойлсон агуулгатай байна. Иймд тус 1/396 дугаар албан бичгийг агуулгын хувьд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлүүлэхээр гаргасан санал гэж үзэх боломжгүй байна. Иймд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зүйлд заасан нөхцөл хангагдаагүй байхад нэхэмжлэгч Д.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйл нь Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох гэсэн нөхцлийг тодорхойлсон ба 12.1 дэх хэсэгт Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэжээ.

Энэхүү маргааны бодит байдал, үйл баримт нь сумын цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтан Д.******* нь өөрийн дүү Д.*******г цэцэрлэгийн туслах багшаар ажилд авсан үйлдэл юм. Д.*******гийн төрсөн дүү Д.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын Засаг даргад ажилд оруулж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж байсан бөгөөд уг өргөдөл дээр тус сумын Засаг дарга Д.*******д ажлын байраар хангах талаар хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй байх тул хамтран ажиллая гэсэн цохолт хийсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б/09 дугаар тушаалаар тус сумын цэцэрлэгт туслах багшаар ажилд авах тушаал гаргасан байна.

Энэхүү бодит байдал, үйл баримтад хариуцагч үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зохицуулалтыг баримталсан нь буруу байна.

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, ......, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэжээ. Өөрөөр хэлбэл өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахын тулд албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон агуулгатай байна. Иймд уг заалтын зохицуулалтын нөхцөл нь нэхэмжлэгч Д.******* өөрийн төрсөн дүүг ажилд авсан бодит байдалд нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтөй захиргааны актыг ойлгоно гэж заажээ. Хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүний тулд тус хуулийн 24.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийж нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй байна. Түүнчлэн тус хуулийн 24 дугаар зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ... байхаар зохицуулсан байна. Иймд эрх зүйн зөрчилтөй захиргааны шийдвэр буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******г сумын цэцэрлэгийн эрхлэгчийналбан тушаалаас үндэслэлгүйгээр, мөн хуульд заасан зохицуулалтын нөхцлийг буруу хэрэглэн чөлөөлсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэжлэгч Д.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/121 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.*******г  сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалдэгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчД.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР