Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00495

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00042 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Дид холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 31 000 000 сая төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч И.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Lexus RX 350 маркын 70-78 УНУ улсын дугаартай автомашиныг 2018.8.15-ны өдөр И.Доос худалдах, худалдан авах гэрээгээр 41 сая төгрөг өгч, шилжүүлэн авсан. Тухайн машиныг шилжүүлэн авах үед бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй байсан, маргааш нь 2018.8.16-ны өдөр авто машины сэрүүцүүлэх төхөөрөмжийг асаахад ажиллахгүй байсан. Тухайн үед засварын газруудад оношилгоо хийлгэхэд сэрүүцүүлэх төхөөрөмжийн мотор эвдэрсэн, мөн аюулгүйн дэрнүүд бүгд байхгүй байсан. Энэ тухай И.Дид мэдэгдэхэд автомашины доголдлыг хүлээн зөвшөөрч машиныг буцааж авсан боловч машины үнэ 41 сая төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэсэн. Хариуцагч 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 31 сая төгрөг. Одоогоор Lexus RX 330 маркын 8767 УБЧ улсын дугаартай автомашиныг өөрийн 31 сая төгрөгийн барьцаанд авсан. Иймд И.Доос 31 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч осолд орсон машин засаад, худлаа ярьж зарсан. Одоо мөнгөө гаргуулж аваад машиныг нь өгнө. Хэрэв гэрээ байгуулагдаж машин шилжүүлсэн гэж үзвэл уг машиныг гэрээнд заасан үнээр буюу 20 000 000 төгрөгөөр тооцон 31 000 000 төгрөгөөсөө хасч үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй гэжээ.

                                                                

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэгчид 2018.8.15-ны өдөр Lexus RX-350 маркын 70-78УНУ улсын дугаартай авто машиныг 41 сая төгрөгөөр худалдсан. Тэр үед кондейшин хэвийн ажиллаж байсныг хариуцагч мэдэх ба прион буюу хүйтнээр үлээх хий нь дуусч байсан. Нэхэмжлэгч авахаа болилоо гэсэн тул 25 сая төгрөгөөр арай он хуучинтай ижил машин тал мөнгийг нь өгч авсан, 7078УНУ улсын дугаартай машиныг Сайн ломбардад 10 сая төгрөгөнд барьцаанд тавьж бэлнээр хүлээлгэн өгсөн. 8767 УБЧ улсын дугаартай Lexus RX-330 маркын автомашиныг худалдах худалдан авах гэрээг хийж  шалгуулан хүлээлгэн өгсөн. Хариуцагчийн машиныг эвдээд авчирсан тул энэ машинаа 25 сая төгрөгт тооцон дээр нь 10 сая төгрөг бэлэн өгөөд ингээд тооцоо дууссан талаар тохирсон. Нэхэмжлэгч машин авч явснаас хойш хагас жилийн дараа миний хүсэл, зориг өөр байсан гэж шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Машин нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн. Машиныг буцааж өгнө гэж байгааг зөвшөөрөхгүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Доос 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Над олгож, үлдэх 20 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас 170 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Дид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч И.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг харьяаллын дагуу хянан шийдвэрлээгүй. Хариуцагч И.Д би Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 40-р байр 70 тоотод оршин суудаг. Шүүх талуудын хоорондын аман хэлцлийн бичлэгийг нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэр гаргасан. Шүүх нэхэмжлэлийн үнийг харьцуулан тогтоолгүй зөвхөн бичгийн гэрээний үнээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талууд тохиролцож хэлцлийг дуусгавар болгосныг шүүх үнэлээгүй. Шүүх аман хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийсэнгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч И.Дид холбогдуулан 31 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 70-78 УНУ улсын дугаартай Lexus RX 350 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

Гэрээгээр нэхэмжлэгч Ц.Н авто машиныг хүлээн авч, машины үнэ 41 000 000 төгрөгийг бүрэн төлсөн, гэрээ байгуулагдсаны маргааш нь гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой холбогдуулан худалдан авагч буюу нэхэмжлэгч авто машиныг буцаасан, хариуцагч нэхэмжлэгчид бэлэн 10 000 000 төгрөг төлж, Lexus RX 330 маркийн 87-67 УБЧ улсын дугаартай авто машиныг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. / хх-ийн 1, 12, 44-47 /

 

Талууд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, Lexus RX 330 маркийн 87-67 УБЧ улсын дугаартай авто машиныг үлдэх төлбөрт тооцон өгч тооцоо дууссан эсэх асуудлаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Lexus RX 330 маркийн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа  31 000 000 төгрөгөө буцааж авахын тулд барьцаалсан гэж тайлбарласан ч түүний тайлбар хэргийн баримтаар няцаагдаж байна. /хх-1/

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг буюу Lexus RX 330 маркийн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч унаж, эзэмшиж эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдлийг хийсэн.

 

Харин гэрээгээр уг Lexus RX 330 маркийн 87-67 УБЧ улсын дугаартай авто машиныг Ц.Нын өмчлөл, эзэмшилд шилжүүлэхдээ талууд үнийг 20 000 000 төгрөгөөр тохиролцсон болох нь гэрээгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 41 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн буцаан авсан 10 000 000 төгрөгийг хасч, үлдэх 31 000 000 төгрөгөөс авто машины үнэ 20 000 000 төгрөгийг суутган тооцож үлдэх 11 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт заасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-48-55/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлсон, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээс 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нь доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхгүй, гэрээ хэрэгжээд дууссан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч хариуцагч нарын нэрийг сольж бичсэн байгааг тус тус залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч И.Д нь шүүх харьяалал зөрчсөн гэх гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаагүй, бичгийн гэрээнд дурдсан үнийг анхан шатны шүүхээс бусад баримтуудтай харьцуулан дүгнэсэн байх тул давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “254 дүгээр зүйлийн 254.4” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.1” гэж, “256 дугаар зүйлийн 256.1” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Доос 170 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Над олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД