Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0089

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У*******т” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Л*******, Д.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б*******, С.С*******

Маргааны төрөл: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх “У*******т” ХХК-ийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Н.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, Я.Б*******, гэрч Ц.О*******, Л.Н*******, Д.Ц, Б.И, Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У*******т” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “У*******т” ХХК-ийг шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ.

“У*******т” ХХК нь “И” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТГ-06/21 дүгээр хамтран ажиллах гэрээгээр хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын хэсгийн ажлын зураг гүйцэтгүүлэхээр, архитектор Г.Гтай ТГ-03/21 дүгээр хамтран ажиллах гэрээгээр эскиз, ерөнхий төлөвлөгөө хэсгийн ажлын зураг гүйцэтгэх инженерээр ажиллуулахаар, Барилга бүтээцийн инженер Ш.Этай ТГ-07/21 дүгээр хамтран ажиллах гэрээгээр барилга бүтээц хэсгийн ажлын зураг гүйцэтгүүлэхээр, Цэвэр бохир усны инженер Г.О*******тай ТГ-08/21 дүгээр хамтран ажиллах гэрээгээр цэвэр бохир усны хэсгийн ажлын зураг гүйцэтгүүлэхээр, архитектор Г.Дтэй ТГ-05/21 дүгээр хамтран ажиллах гэрээгээр эскиз, ерөнхий төлөвлөгөө, барилга архитектурын хэсгийн ажлын зураг гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулжээ.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2788,2 м.кв газарт 216 айл өрхийн 9300 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний барилга барих 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ 2021/09-086 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.

3. Хот байгуулалт, хөгжлийн газар, “У*******т” ХХК болон оршин суугчдын төлөөллийг оролцуулан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төслийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, ажлыг эрчимжүүлэх талаар уулзалт зохион байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт дахин уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар иргэдээс Нийслэлийн Засаг даргад “У*******т” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар гомдол гаргасны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас “У*******т” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/3718 дугаар албан бичгээр эрх олгосон захирамжийг цуцлах эсэх асуудлаар сонсох ажиллагаа хийхээр болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 112/21 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын орлогч даргад, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 114/21 дүгээр албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 116/21 дүгээр албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад тус тус тайлбараа хүргүүлжээ.

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 35, 36 дугаар байрыг буулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч байгууллагын гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллах хяналтын хороог байгуулсан байна.

Харин Хот байгуулалт, хөгжлийн газар, оршин суугчдын төлөөлөлтэй 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд дахин уулзалт зохион байгуулж, “У*******т” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах талаар сонсох ажиллагаа хийхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/22 дугаар албан бичгээр оршин суугчидтай байгуулах хоёр болон гурван талт гэрээг 80 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа тул төсөл хэрэгжүүлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамж цуцлагдаагүй талаарх албан бичгийг ирүүлэх талаар хүсэлт гаргахад Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08/82 дугаар албан бичгээр батлагдсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 07, 08 дугаар сард орон сууц өмчлөгч нартай хоёр болон гурван талт гэрээг байгуулах, 2021 оны 12 дугаар сард барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүсэх ажил хийгдаж байх үүрэгтэй тул дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй хариуг хүргүүлсэн.

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07/66 дугаар албан бичгээр иргэдээс төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн тул “У*******т” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлах боломжгүй болохыг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08/83 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийх тул 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариуг ирүүлэхийг тус тус мэдэгдсэн байна.

Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14/22 дугаар албан бичгээр тайлбар хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02-05/406 дугаар албан бичгээр төслийн үйл ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг судлаад төсөл хэрэгжүүлэгч нь 2021 оны 04 дүгээр сард батлагдсан барилгын үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 06 сард загвар зураг батлуулах, 07, 08 дугаар сард орон сууц өмчлөгч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах, 2021 оны 12 дугаар сард Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүсэх ажлуудыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгээгүй байх тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулсан талаар мэдэгджээ. 

Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газар, оршин суугчдын төлөөлөлтэй 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулж, Нийслэлийн Барилга орон сууц, үйлдвэр технологийн паркын асуудал хариуцсан даргад Б.Ст оршин суугчдын санал, гомдлыг хүргүүлжээ.

Харин нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын орлогч даргад хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/22 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байрны нийт 62 өмчлөгчөөс 50 өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулан 80 хувьд хүрсэн тул гэрээг хянуулахаар хүсэлт гаргажээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар “У*******т” ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. 

4. Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Дээрх захирамжийн "У*******т" ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлийн талаар;

"У*******т" ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас оршин суугч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажлаас бусдыг хугацаандаа хийж гүйцэтгэж байсан болно.

Оршин суугч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажлыг батлагдсан графикт төлөвлөгөөнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй боловч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамж гарахаас өмнө гүйцэтгэж дууссан байсан. "У*******т" ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны оршин суугчидтай гэрээ байгуулж 80 хувьдаа хүрсэн тул гэрээний бүрдлийг хянуулах утга бүхий албан бичгийг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт smartoffice.mn-ээр илгээсэн байдгаар нотлогдоно.

Оршин суугч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажлыг батлагдсан графикт төлөвлөгөөнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй дараах шалтгаантай байсан. Үүнд:

1/ Дэлхий нийтийг хамарсан коронавирус /ковид-19/ цар тахлын улмаас 2021 оны 6, 7 сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байрны оршин суугчид коронавирусын халдвар авсны улмаас тус байрнуудын орцыг битүүмжилсэн тул тус байрнуудын оршин суугчдад төслийн талаар танилцуулах боломжгүй болсон.

2/ Мөн 2021 оны 07, 08 дугаар сард "У*******т" ХХК-ийн тус төслийг хариуцсан ажилтнууд коронавирусын халдвар авсны улмаас тус батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж чадахгүй болоход хүрсэн. Иймээс дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацаагаар батлагдсан графикт төлөвлөгөөг сунгаж өгөх хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хүргүүлж байсан хэдий ч хүсэлтийн хариуг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон албан бичигт “...Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч танай байгууллагаас ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.в "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хянаж үзэж баталсан. Мөн тухайн байрнуудын өмчлөгч, эзэмшигч нэр бүхий иргэдээс төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн байна гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт дурдсан үндэслэл нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс явуулсан албан бичгийг ойлгоогүй, ямар үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлах боломжгүй гэж үзээд байгаа нь тодорхойгүй байсан.

3/ Төслийг хэрэгжүүлэх ажиллагаанд иргэн Л.Н*******ийн зүгээс зохион байгуулалттайгаар, санаатайгаар саад учруулсан. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэдэн ч удаа сунгах боломжтой ба уг ажлыг зохион байгуулах үүргээ Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар биелүүлээгүй бөгөөд дээрх шалтгааныг үндэслэл болгож төслийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацааг сунгах боломжтой бөгөөд энэхүү нөхцөл байдал нь өөрөө зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан болно. Гэтэл бодит нөхцөл байдалд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төслийн үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан хугацаагаар батлагдсан график, төлөвлөгөөг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан захиргааны акт нь бодит нөхцөлд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн байдаг. 

Иймд бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль зөрчсөн захиргааны акт юм.

Дээрх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон албан бичиг болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 08/83 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн огноотойгоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр smartoffice.mn болон шуудангаар төсөл хэрэгжүүлэгч "У*******т" ХХК-д хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт барилгын батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажлууд хугацаандаа хийгдээгүй, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууцны 35, 36 дугаар байрны зарим оршин суугчидтай хийсэн уулзалтаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийг цуцлахаар сонсох ажиллагаа хийхээр болсныг мэдэгдэж байна. Захирамжийг цуцлах асуудлаар захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан сонсох ажилллагаа явуулах болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна" гэж заасан байтал төсөл хэрэгжүүлэгчийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан гэж үзэхгүй байна.

Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн сонсох ажиллагаа явуулах албан бичгийн хариуг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явуулахдаа сонсох ажиллагааг биечлэн явуулахыг хүссэн бөгөөд манай компанийн зүгээс оршин суугчдын төлөөлөл, хяналтын хороо, төсөл хэрэгжүүлэгчийн төлөөллийг оролцуулан явуулах хүсэлтийг гаргасан хэдий ч Нийслэлийн зүгээс хүсэлтийг хүлээн авалгүй төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Түүнчлэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/3718 дугаар сонсох ажиллагаа явуулах талаарх мэдэгдэл ирж, төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 116/21 дугаар хариуг бичгээр өгч, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд сонсох ажиллагаа явагдсан. Тус сонсох ажиллагаагаар төслийг дэмжих, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдэлд хүрсэн.

Хоёр. Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулж чадаагүй гэж тайлбарласан байгаа тухайд;

Энэхүү захирамжийг үйлдэхдээ хэтэрхий нэг талыг барьсан. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашгийг хясан боогдуулсан, төсөл хэрэгжүүлэгчид итгээд гэрээгээ байгуулсан 80 хувьд багтсан сууц өмчлөгчдийн эрх ашгийг хөндсөн байна.

Манай компанийн зүгээс төслийг хэрэгжүүлэхдээ оршин суугчдад төслийн талаарх танилцуулгыг байнга өгч, уулзалтуудыг хийж, төсөлтэй холбоотой зөвөлгөөг өгч, цаг алдалгүй хоёр болон гурван талт гэрээг байгуулж ажилласан өөрөөр хэлбэл хуульд зааснаар төслийг хэрэгжүүлж байсан.

Гэтэл 35 дугаар байрны оршин суугч Л.Н*******ийн зүгээс манай компанийн талаар татварт их хэмжээний өртэй, шүүхэд маргаантай, дампуурч байгаа гэх мэтээр компанийн нэр хүндэд халдаж, оршин суугчдыг гэрээ байгуулахад саад учруулж байсан. Гэтэл манай компани нь татварын өргүй, шүүхэд хариуцагчаар дуудагдсан хэрэг байхгүй, санхүүгийн тайланд алдагдалгүй гэдгээс худал мэдээлэл тараасан нь тодорхой харагддаг. Мөн оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурж, төсөл хэрэгжүүлэгчийн эрх олгосон захирамжийг цуцлуулахаар гомдол гаргаж байдаг.

Шинэ м гэх татан буугдсан төрийн байгууллагын нэрийн өмнөөс мөн гомдол гаргаж явдаг. Оршин суугчдыг гэрээ байгуулахгүй байхыг ятгаж, цөөн хэдэн оршин суугчдыг урвуулан хамт гомдол гаргадаг зэргээр төсөл хэрэгжих графикт хугацааг удаашруулж, оршин суугчдыг гэрээ байгуулахгүй байхыг өдөөн турхирч, төслийн хэрэгжилтэд удаа дараа саад учруулж байсан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулинд орон сууц өмчлөгч иргэдээс ирсэн гомдлыг үндэслээд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаарх заагаагүй бөгөөд харин ч тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д "төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах” гэж төслийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа иргэдийг чөлөөлөх асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжийг Нийслэлийн Засаг даргын зүгээс олгоогүйд гомдолтой байдаг.

Иргэдийн гаргасан гомдлоор сонсгох ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байтал дахин сонсгох ажиллагаа явуулж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаартай төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийг гаргаж хууль зөрчсөн байдаг.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д "Хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах", 11.1.5-д "төсөл хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээллэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах" гэж тус тус заасныг үндэслэн хэрэгжүүлж буй төслийг зохион байгуулах ажлыг Нийслэлийн зүгээс ойлгомжтой явуулдаггүй, тодорхойгүй, хоёрдмол байр суурьтай байсан нь төсөл хэрэгжүүлэх хугацаа удааширсан нэг шалтгаан болсон гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл их хэмжээний хөрөнгө зарлагдаж хохирол амсаад байна.

Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан төлөвлөгөөнөөс оршин суугч иргэдтэй захиалгын гэрээ байгуулахаас бусад ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Мөн оршин суугч иргэдтэй байгуулсан захиалгын гэрээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 80 хувьд хүрсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““М” ТББ, Л.Н******* гомдол гаргах болгондоо “У*******” ХХК”ийг өр төлбөртэй, туршлагагүй, шүүхэд маргаантай гэдэг байдлаар төслийг хэрэгжүүлэхэд саад учруулж байсан. “М” ТББ-ын захирал н.Т “Д” ХХК-ийн сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулаагүй, 5,4 тэрбум төгрөгийн өртэй, хөрөнгө оруулагч компанийг алтны уурхайн ажил эрхэлдэг гэж ойлголт өгч гомдол гаргаад байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын үеийн тайланд тусгагдсанаар 54 сая төгрөгийн өр төлбөртэй байдаг. 2021 оны 03 дугаар сард сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалаар манайх татвар болон нийгмийн даатгалд өр төлбөргүй талаар баримт хавсаргаж өгсөн байдаг. “У*******т” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө, хамтран ажиллах түншийн гэрээтэй, бараа материал, банзны зээл, орлого гэх мэт санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн татан төвлөрүүлэх боломжтой. “Д” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг компани 40 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон.” гэв. 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Захирамжид хууль үндэслэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4-д тус тус зааснаар цуцлах эрхийг Засаг даргад олгоогүй. Төсөл төлөвлөгөө санаачлан боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах эрхийг олгосон заалтыг захирамждаа үндэслэсэн байдаг. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г. “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах” гэх заалтыг мөн үндэслэсэн. Үндэслэсэн хуулийн заалтуудыг харахаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах заалтыг дурдаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмыг алдагдсан гэж үзэж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан. Гэтэл өөрсдөө төсөл хэрэгжүүлнэ, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаад шинээр барина гэж сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Манай компани зохих ёсны дагуу бичиг баримтуудаа бүрдүүлээд оролцсон. Гэтэл өөрсдийнх нь зорилго төсөл хэрэгжүүлэх байсан хэрнээ энэ төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж байна гэдэг нь зорилгынхоо эсрэг чиглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн байх гэх зарчмын эсрэг чиглэсэн захирамж гарсан.

Захирамжид нэг эрх зүйн үндэслэл тусгагдсан байдаг нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан  “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, батлуулах, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн шатны Засаг даргаас баталсан төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан. Төсөл хэрэгжүүлэх явцад маргаан гараад зарим нь дэмжээд, зарим нь дэмжихгүй байсан. Дэмжихгүй байгаа иргэдийн гаргасан өргөдлийн агуулга нь дан нэг бичгээр гардаг, туршлагагүй, мөнгөгүй, итгэхгүй байна гэсэн агуулгаар л гаргадаг. Сонгон шалгаруулалтад бид бичиг баримтаа өгөхөд бүх зүйлийг харгалзан үзэж бид нарыг шалгаруулсан. Тухайн шалгаруулалтын ажлын хэсэгт    Л.Н******* өөрөө орсон. Энэ хүний төслийн үйл ажиллагаанд саад учруулаад байгаа зорилго нь Японы нэг компанийг оруулна гэдэг гуравдагч этгээдийн ашиг сонирхлын үүднээс бид нарын төслийг дэмжихгүй байсан. 

Хот байгуулалт, хөгжлийн газар, холбогдох дарга нарт нь бид нар Хот суурин, газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4 дэх хэсгүүдэд заасан үүргээ хэрэгжүүлж иргэн Л.Н*******тэй бид нарыг уулзуулж, бичиг баримт, төслөө танилцуулах боломжоор хангаж өгөөч гэж удаа дараа хандаж байсан. Гэхдээ нэг ч удаа уулзалтыг зохион байгуулж өгөөгүй. 

… Төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөвлөгөө, архитектур төлөвлөгөөний даалгавар батлуулаагүй бол цуцална гэдэг. Гэтэл бид 45 хоногийн хугацаандаа батлуулсан. Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор хэрэгжүүлээгүй гэсэн бид нар зөвшөөрөл авах хугацаа болоогүй байсан. Төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан бол гэж байгаа энэ талаар захирамжид дурдаагүй. Мөн өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажлаа биелүүлээгүй бол гэж байгаа. Гурван талт гэрээг байгуулаагүй байсан учир энэ талаар яригдахгүй, төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй асуудлууд бол байгаа. 

… Журамд төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг хугацаа 6 сар гэж байгаа. Бид нар 2 сараар л хойшилсон. Цуцлахдаа хяналтын хорооны саналыг үндэслэн гэж заасан. 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Н******* дэмжиж байгаа иргэд, компанийг ч оролцуулаагүй. Журамд заасан хяналтын хорооны саналыг аваагүй, 6 сар дуусаагүй байхад цуцалсан нь үндэслэл бүхий болоогүй байна. Манай компани энэ төслийг хэрэгжүүлэхэд 600 сая төгрөгийн зардал гаргасан. Гэтэл нийслэлийн зүгээс энэ төслийг хэрэгжүүлэх шугамдаа байдаггүй байдлаас болж бид 570 сая төгрөгөөр хохирох байдалд хүрээд байна.

7 хоног болгоны 5 дахь өдөр компанийн хурал болдог. Энэ хурал дээр бид нар гэрээгээ шахаад улаан, ногоон өнгөөр тайлан гаргадаг байсан. Энэ тайлангаас харахад манайхыг эсэргүүцэж байгаа 6 хүн л байдаг. Үнэндээ энэ хүмүүсийн гэрчилгээг бид үзээгүй. Гэтэл 01 дүгээр сарын 28-ны өдрийн бичлэг байдаг. Н.М гэдэг хүн байсан. Түүний эгч н.Б*******тунгалаг гэрээ хийчихсэн, үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг өгчихсөн байдаг. Гэтэл н.М би эсэргүүцэж байна гэдэг. Гэрээ хийсэн 36 гэрээ, худалдаж авсан н.Мын гэрээ 38, хоёр гэрээ алга болчихсон. Ингээд нийт 40 гэрээг байгуулчихсан. Зарах хүсэлтэй байгаа 7 айлыг төслийг дэмжих бол худалдаад авъя гэдгээ илэрхийлж байсан. 10, 11, 12, 01 дүгээр саруудад нийслэлээс иргэд гомдол гаргаад байна танайхыг цуцалж магадгүй гэж хэлдэг байсан. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ­­орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт хэдэн оршин суугчтай гэрээ байгуулсны дараа хяналтын хороо байгуулах талаар зааж өгөөгүй. Засаг дарга нар гурван талт гэрээ байгуулсны дараа хяналтын хороонд оруулна гэсэн байгаа. Хяналтын хороог бид нар байгуулаагүй. Н.Ш дарга өөрөө сонгож байгуулсан. Эцсийн байдлаар манай төслийг дэмжихээр болсноо хурал дээр хэлж байсан.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт заасан "Теслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллах"-ыг төсөл хэрэгжүүлэгч “У*******т” ХХК-д даалгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь 2021 оны 04 дүгээр сард батлагдсан барилгын үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 06 сард загвар зураг батлуулах, 07, 08 дугаар сард орон сууц өмчлөгч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах, 2021 оны 12 дугаар сард Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүсэх ажлуудыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгээгүй.

Мөн орон сууцны 35 дугаар байрны оршин суугч Л.Н******* болон тус байрны оршин суугч нараас төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүд удаа дараа ирүүлсэн. Төсөлд хамрагдсан 35, 36 дугаар байрны оршин суугчийн төлөөлөл 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим өргөдлөөр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлт ирүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 09, 21-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан уулзалтаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах хүсэлт гаргасан тул уг хүсэлтүүдийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/3718 дугаартай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08/83 дугаартай албан бичгээр сонсох ажиллагаа хийх болсон тухай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр төсөл хэрэгжүүлэгч “У*******т" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах сонсох ажиллагаа явуулсан.

Тус газраас 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд гурвалсан уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уулзалтаар 35, 36 дугаар байрны сууц өмчлөгчдийн зарим төлөөлөл төсөл хэрэгжүүлэгч "У*******т" ХХК-тай гурван талт гэрээ байгуулахгүй төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлуулах саналаа бичгээр гомдол гаргасан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д "аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах” гэж заасны дагуу 35, 36 дугаар байрны оршин суугчтай гурван талт гэрээг байгуулан тус газарт хүлээлгэн өгч, баталгаажуулаагүй, загвар зураг батлуулаагүй болно.

Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан “Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”,  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 3 дахь хэсэгт "Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчид олгосон захирамжийг хүчингүй болгох;”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/337 дугаар захирамжаар “У*******т” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрх Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцлагдсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б******* шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа: “Эрхийн тухайд Хот суурин, газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. Зохион байгуулах гэдэг бол эрхийг олгох, цуцлах гээд бүхий л үйл ажиллагаа ард нь явж байгаа. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа шиг цуцал гэсэн үг энэ хуулийн хаана ч байхгүй. Хууль тогтоогчид зохион байгуулах гэдэг үгний дор бүхий л агуулгыг тусгасан. Хот суурин, газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд явагдаж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай барилга байгууламжийг дахин барилгажуулах үйл ажиллагаа өөрөө төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны оролцоон дээр явагддаг. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээр иргэдийн дэмжлэгтэйгээр энэ ажил явдаг. Гэтэл бодит байдал дээр иргэд нь дэмжихгүй 2 хуваагддаг. Нэхэмжлэгч тал тухайн үед манайхтай уулзалт хийгээд өгөөч, санал гаргаад өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Тэр болгон дээр нь уулзалт зохион байгуулж иргэдэд ойлгуулж явсан.

Захирамж гарсны дараа график төлөвлөгөөг батлуулсан. Төлөвлөгөөгөөр 2022 оны 02 дугаар сард ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаад барилгын ажил эхлэх ёстой байсан. Зүй ёсоор эхлээд нийт иргэдийн 80 хувьтай гэрээ байгуулаад, батлуулсны дараагаар Хот суурин, газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулаагүй 20 хувийг шахах эрх гэрээ байгуулсан 80 хувьд байдаг. Төрийн байгууллага хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. 80 хувьтай гэрээ хийж хүрлээ, үүний дараа 100 хувь болоод буулгалтын гэрчилгээ олгодог. 

Барилгын тухай хуульд зөвшөөрлийн гэрчилгээг 3 тохиолдолд өгдөг. Засвар тохижилтын ажил, барилга угсралтын ажил, буулгалтын ажилд л гэрчилгээ өгдөг. Буулгалтын ажлын гэрээ, гэрчилгээг аваад 2022 оны 02 дугаар сард ажил эхлэх ёстой байсан. Эдгээр ажлууд тухайн үед огт хийгдээгүй байсан. Хамгийн чухал зүйл бол иргэдийн дэмжлэг. Аль болох гэрээгээ 100 хувь болгочхоод, барилга буулгах гэрчилгээгээ аваад графикийн дагуу ажлаад явах ёстой. Төсөл хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг ганцхан нэхэмжлэгч тал хийгээгүй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 100 гаруй ийм барилга баригдаж байгаа. Тэдгээрийн 50 гаруй хувь нь ашиглалтад ороод, иргэд байрандаа орсон байгаа. Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах захирамж хуулийн хүрээнд, Засаг даргад олгосон бүрэн эрхийн хүрээнд гарсан. Магадгүй энэ хугацаанд барилгад ямар нэгэн асуудал гарч, тэнд байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдвөл хэн хариуцлага хүлээх вэ. Захиргааны ерөнхий хуулийн дагуу 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны албан бичгийг 2 удаа нэхэмжлэгчид өгсөн байдаг. Одоо бол сонгон шалгаруулалт дахиж зарласан. Сонгон шалгаруулалтад үнэлгээ хийгдсэн боловч, шүүхийн шийдвэрийг эцэслэтэл эцсийн шийдвэр гараагүй ийм байдалтай байгаа. Хот суурин, газрыг дахин хөгжүүлэх тухай хууль нь төр иргэдийнхээ төлөө хийж байгаа үйл ажиллагаа юм.

Шалгарсан төсөл хэрэгжүүлэгчээ бүх талаас нь манай зүгээс дэмжиж явдаг. Маргаан бүхий захиргааны акт гаргах бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад байгаа. Захиргааны ерөнхий хууль болоод бусад хуулийн дагуу бүх ажиллагаа захиргааны байгууллагаас хэрэгжсэн. Цаашид яах гэдэг бол өнөөдөр ч гэсэн тодорхой бус байгаа. Нэхэмжлэгч тухайн үедээ 2 байршил дээр төсөл авсан байдаг. Нэг байршил нь өнөөдөр шүүх дээр хүрчихээд байна. Шаардлага тавиад, дэмжье гэхээр болохгүй байна. Захирамж гартал бүх байдаг талаасаа дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. Харамсалтай нь захирамж гарсан. Тус захирамж гарах хүртэл 3 талт гэрээ 80 хувьдаа хүрээгүй байсан. Хамгийн чухал нь иргэд оршин суугчид буюу өмчийн эзэд. Монгол Улсын иргэнийхээ хувьд энэ иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Энэ баталгааг хангахын тулд төр ийм үйл ажиллагаануудыг хийсэн.” гэв.

10. Гэрч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Миний хувьд төслийг дэмжих болсон шалтгаан нь би шууд оролцоотойгоор явж байсан. Хуульд заасан төрийн үйл ажиллагааг дэмжиж байсан. Нийслэлээс тус компанийг шалгаруулаад 35, 36 дугаар байруудад уг компанийг оруулж ирсэн. Манай байрнууд 2016 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэн аюултай гэсэн дүгнэлттэй байгаа учраас юм. Бид маш олон төслийг гацааж, цуцалж явсан. Эцэстээ байр нурах аюул тулгарсан учир энэ төслийг дэмжиж ажилласан. Би өөрөө “М” ТББ-ын гишүүн. Эсэргүүцэж байгаа тал нь энэ төрийн бус байгууллагын гишүүд байсан. Би яагаад энэ иргэдтэй нэгдээгүй вэ гэвэл энэ тал нь маш их ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Ийм учраас би энэ төрийн бус байгууллагыг дэмжих боломжгүй, оршин суугч иргэдийн төлөө явмаар байна гэдэг үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг дэмжиж байсан. 

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Тамгын газрын байранд болсон хуралд миний бие өөрөө оролцож хүсэлт тавьж байсан. Нийслэл өөрөө сонгон шалгаруулалтаа явуулчихаад, оршин суугчдадаа тайлбар, танилцуулгыг хийдэггүй байсан. Тийм учраас оршин суугчид хоорондоо талцдаг байсан. Нийслэлд нэгдсэн хурал зохион байгуулах хүсэлтийг тавьсан. Энэ хурал дээр төслийг цаашид явуулах уу, цуцлах уу гэдэг зүйл яригдсан. Төслийн удирдагч төсөл явагддагаараа явагдана гэж хэлсэн. Оршин суугчдыг төрийн бус байгууллага төлөөлөх эрх байхгүй. Тийм учраас оршин суугчдаас яг одоо сонгоод хяналтын зөвлөл байгуулъя гэдэг шийдвэрт хүрсэн. Ингээд 9 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын хороог байгуулсан. Хяналтын хорооны албан бичгийг н.С даргад өгсөн. 

01 дүгээр 04-ний өдөр бид нар хурал хийсэн. Өөрийн байрны дор үйл ажиллагаа явуулдаг “Орос чанар” дэлгүүр дотор хяналтын хорооны гишүүдтэй ярилцсан. Тухайн компаниас бид нар дээр өргөдөл ирсэн. Н.Б*******маа дарга хүсэлт тавьсан. Бид нарт албан ёсны тамга тэмдэг байгаагүй. Бүх гишүүд нь бүрэн цугларахгүй байсан учир 5 хүн цугларсан болохоор хүчинтэй гэж үзэж хурлыг зохион байгуулсан. Төрийн бус байгууллагын эсэргүүцэж байгаа н.М гэдэг хүнд бид нар хүсэлт тавьсан. Л.Н*******ийг хяналтын хороонд оруулж өгөөч, тамга, тэмдэг авмаар байна гэж тавьсан. 

Энэ төслийг өмнө нь “Г” ХХК хэрэгжүүлж байсан. Миний бие мөн энэ компанийг дэмжиж байсан. Яг энэ дэмжихгүй байгаа төрийн бус байгууллагын гишүүд дэмжихгүй байсан. Тухайн үед төрийн бус байгууллага байгуулагдаагүй байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд төрийн бус байгууллага байгуулъя гэж үзээд хэсэг бүлэг хүмүүс сууж байгаад 2017 онд байгуулсан. Энэ төрийн бус байгууллага бүх оршин суугчдын хүрээнд явагдаагүй.  

Хяналтын хороо албан ёсоор тойрч суугаад төслийг цуцлах, дэмжих талаар шийдвэр гаргасан зүйл байхгүй. Н.С дарга хяналтын хорооны гишүүдийг өөрөө сонгосон.

36 дугаар байрны 30 гаруй оршин суугчдыг би төлөөлж явж байгаа. Бид унах гэж буй барилгаа сайжруулж шинэ барилгатай болох нэг л зорилготой. Төслийг үргэлжлүүлж, хурдан хугацаанд үйл ажиллагааг сэргээж явуулахыг миний хувьд хүсэж байна.” гэв.

11. Гэрч Б.И шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Нийт гэрээ байгуулсан оршин суугчдын 80 хувь нь дэмжиж байсан. Миний хувьд манай байр ашиглалтын шаардлага хангахгүй удсан байр байсан учир эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж “У*******т” ХХК-ийг дэмжиж байсан. Дэмжээгүй тал хэт туйлширч, олон зүйл шаардаж байсан. Манай байранд төрийн бус байгууллага байсан. Тус төрийн бус байгууллагын гишүүн буюу Л.Н*******, н.М, н.О******* гэсэн хэсэг бүлэг хүмүүс эрс эсэргүүцэж байсан. 

Амьдарч буй байраа сайжруулах, хүүхдийн тоглоомын талбайтай болно. Манай байрны дээврийн хэсгийн тулгуур баганы моднууд бүгд алга болчихсон. Их хэмжээний цас орвол дээвэр тэр хэмжээний цасыг дийлэхгүй нурна. Би өөрөө бичлэг хийгээд, зургийг нь дараад явж байсан. Ийм эрсдэлтэй орчинд бид нар амьдраад байдаг. Хэсэг бүлэг хүмүүс нэг талыг харж цуцлах гээд байна. Би Л.Н*******т оршин суугчид ярилцаж байж шийдэх байтал та дангаараа яваад, оршин суугчдаас гарын үсэг цуглуулаад байна. Оршин суугчдын гарын үсгийг цуглуулахдаа хөгшин хүмүүс дээр оройн цагаар орж, толгойг нь эргүүлээд байдаг. Яагаад энэ төслийг эрс эсэргүүцээд байдгийг нь би ойлгодоггүй. 

“У*******т” ХХК-иас нийт айл өрхийн 80 хувьтай гэрээ байгуулсан гэж сонсож байсан. Айл айлуудаар явахад дийлэнх нь зөвшөөрч байсан. Тэр дундаас 3 айл л зөвшөөрөхгүй байсан. Хяналтын хороо хуралдаад албан ёсоор санал гаргасан зүйл байхгүй.” гэв. 

12. Гэрч Л.Н******* шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 35 дугаар байраа төлөөлж, үнэлгээний хорооны хуралд оролцсон. Энэ хурал дээр “У*******т” ХХК-ийн санхүүгийн тайланг хараад зураг зурдаг компани байна. Барилга барих ур чадвар дутна, хөрөнгө оруулалтыг нь хариуцна гэсэн. “Д” ХХК нь өртэй байна. Ийм учир санхүүгийн хувьд асуудал үүснэ гэж хэлж байсан. 61,4 хувиар дэмжигдэж энэ төсөл гарсан. Одоо юунд харамсаж байна гэвэл үнэлгээ дээр 30 оноо тавьсандаа харамсаж байна. Би бүр 0 оноо тавих байсан. Хурлын төгсгөлд ч хэлж байсан. Манай оршин суугчид үүнийг дэмжихгүй. Яагаад гэвэл санхүүгийн хувьд асуудалтай байна гэсэн. Энэ ковидийн үед санхүүгийн асуудалгүй ямар газар байх юм гэж намайг загнаад л гаргасан. Энэ хурлаас хойш 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл бид нар чимээгүй байсан. Ингээд хотын захиргаатай очиж уулзсан. Үүнээс хойш бид нар хотын захиргааг ч, компанийг ч шахаж эхэлсэн. 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шалгарсан компанитай хэд хэдэн удаа уулзсан. Манайх өмнө маш их асуудалтай байсан учраас орц болгонд 2, 2 хүн хариуцуулаад, оршин суугчидтайгаа ярилцаж байгаад Ц.О*******д хаяглаж анхны бичгийг хүргэж өгсөн. 09 дүгээр сарын дунд хүртэл захиралтай уулзаад, танай шаардлагаас алийг нь ч хүлээж авахгүй гэж хэлсэн. 63 өрхөд ижил тэгш хандаж, бариад өгөөч гэж удаа дараа албан бичгээр хандаж байсан. Хотын захиргаанд шаардлага хүргүүлж, 49 айл гарын үсэг зураад “У*******т” ХХК-тай бид нар зөвшилцөж чадахгүй байна гэж хэлсэн. Гэтэд бид нарыг үнэлгээний хороо байгуул гэсэн. Би хууль, дүрэм журмуудыг судалсан. Энэ компани нийт оршин суугчдын 80 хувьтай хоёр талт гэрээ байгуулсны дараа бид байгуулах ёстой байсан.  Эсэргүүцээд бид 9 сараас 12 сар хүртэл сард 2, 3 удаа очиж захиргаатай уулзсан. Энэ компанийг санхүүгийн хувьд асуудалтай, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж бид шаардлага тавьсан. 

Энэ асуудлаар 09 дүгээр сарын 14-ний өдөр шаардлагаа хүргүүлсэн. 09 дүгээр сарын 22-ны өдөр н.Б даргатай, 09 дүгээр сарын 25-ны өдөр н.Г захиралтай, н.Б даргатай, 10 дугаар сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 11-ний өдөр н.С даргын нарийн бичигтэй, 11 дүгээр сарын 12-ны өдөр н.С даргатай, 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн хурлын танхимд н.С дарга, 12 дугаар сарын 21-ний өдөр н.Ш даргатай тус тус уулзсан. Би энэ хугацаанд уулзахдаа ганцаараа яваагүй, 4-7 хүнтэй явж уулзаж байсан. 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Ш даргатай, 01 дүгээр сарын 28, 31-ний өдрүүдэд мөн уулзсан. 

Н.С дарга 80 хувьдаа хүргэ гэж хэлсэн учраас 35, 36 дугаар байрууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд төрийн бус байгууллагыг байгуулсан байдаг. Бид маш эвтэй байхад энэ компаниас болж дотроо хагаралдаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ын өдөр болсон хурлаас гарч яваад л, хоёр байрыг тус тусдаа хариуцдаг хүмүүс байгаа. Тэгээд дэмжиж байгаа иргэдийн гарын үсэг, утсыг авсан. 

Үнэлгээний хороонд ч өөрөө орж ажиллаад барилгын ажлын туршлага гэсэн оноо дээр 0-15 оноо өгөхөөс материалыг нь үзээд би 10 оноо тавьсан. Санхүүжилтийг бүрдүүлэх чадвар гэдэг дээр тус бүр 4, 4 оноо өгсөн нь миний өгсөн оноо мөн. 

Миний ард 25 айл эсэргүүцээд сууж байгаа. Өнөөдөр дахиад 2 айл өргөдлөө өгч явуулсан. 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл би энэ компанийг харсан. Хурдан ажлаа эхлээсэй гэж маш их хүссэн. Бид нар цуцлагдсаны дараа нэг тийшээ харж явахгүй бол хугацаа алдаж байна гэдгийг ярьж байгаа. Санхүүгийн чадамжтай компани гарч ирвэл бид нар маргахгүй байж чадна.  

Хяналтын хороо уулзаж, цуглаад хуралдсан зүйл байхгүй. 80 хувиас дээш зөвшилцсөний дараа хяналтын хороо байгуулагдах ёстой гэж ойлгосон учраас уг хяналтын хороог хүчингүй гэж ойлгосон.” гэв.

13. Гэрч Ц.О******* шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Үйл ажиллагааг нь явуулахгүй байх шалтгаан оршин суугчдаас хамаараагүй. Энэ компаниас өөрсдөөс нь шалтгаалсан. Энэ компани анх орж ирээд айл бүрээр явахдаа ёс суртахуунгүй байсан. Урьд нь барилга барьж үзээгүй зураг л зурдаг байсан гэсэн. Эхлээд бид нар дэмжсэн. 63 өрхөд ижил санал тавь гэж хэлээд байхад иргэн тус бүр дээр уулзаж, худал санал тавьсан. 

Хэмжилтээ хийлгэсэн. Хэмжилт хийх гэж орж ирэхдээ н.Г муухай зан гаргасан. Шууд орж ирээд ордер аваад ир гээд тэгсэн. Хүний ордерыг үзэх эрх тэр хүнд байгаа юм уу. Харилцаанаас болж дэмжээгүй. Мөн энэ компанид чадвар байхгүй. 63 өрхөө цуглуулаад бүх зүйлээ яриачээ гэж бид нар гуйсан ч тийм уулзалтыг зохион байгуулж байгаагүй. Бид нар чадваргүй гэж л харсан. 20 тэрбумын хөрөнгөтэй гэсэн зүгээр л тамга дарсан зүйл л харуулсан. Тэгэхээр бид нар яаж итгэх юм бэ.” гэв. 

14. Гэрч Ё.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “Хяналтын хороонд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн албан бичиг бид нар дээр ирсэн. Бид хуралдаад шийдвэр гаргая гэсэн боловч Л.Н******* ирээгүй. Тийм болохоор нь пэйждээ зургийг нь дараад тавьсан. Гэхдээ хурал болсон. Албан ёсоор гарсан шийдвэр байхгүй.

Би энэ байранд 55 жил амьдарсан. 36 байр 80 хувьтай дэмжиж байсан. Миний бодлоор 6 айл дэмжихгүй байгаа юм байна гэж би дотроо бодсон. 

Нийслэл дээр оршин суугчдыг цуглуулсан хурал болох талаар албан ёсоор зарлагдаагүй. Бид нар тийм хурал болох гэж байна гэдгийг зүгээр сонссон. Тэгээд бид нар яваад очтол н.О*******, Н.С ахыг авчирчихсан 4, 5 хүн суулгачихсан байсан. Бид төсөл дөнгөж эхэлж байхад нэг хуралдсан.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болон нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “У*******т” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулахыг эрхийг олгон,  3 дахь заалтаар нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд тус захирамжийг хүчингүй болгохоор заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар “У*******т” ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.”Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.1.5.”хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх;”, 11 дүгээр зүйлийн 11.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1.”хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 11.1.4.”төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;”, 14 дүгээр зүйлийн 14.7.”Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална:”, 14.7.1.”Төслийн бэлтгэл үе шат:”, 14.7.1.г.”төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах;”, 14.7.2.”Төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат:”, 14.7.2.г.”аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах.”, 14.7.3.”Хэрэгжүүлэх үе шат:”, 14.7.3.а.”энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулах;”, 26 дугаар зүйлийн 26.1.”Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7.4.”Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны  Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төслийн бэлтгэл үе шатанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан 3 талт гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/22 дугаар албан бичгээр 62 өмчлөгчөөс 50 өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрч гурван талт гэрээ байгуулан 80 хувьд хүрсэн тул гэрээг хянуулахаар хандсан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотлох баримт цуглуулах үүргийг хүлээх юм.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийн үндэслэлд заасан газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан иргэдээс гаргасан гомдлуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан иргэд тус байранд оршин суудаг болон өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй буюу гомдолд холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй, зарим иргэдийн байрны хамтран өмчлөгч, эсвэл  байрны өмчлөгч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7.4-т зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар байх ба хэрэгт авагдсан баримтаар төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруугаас болж төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна. 

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны орон сууц өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээг 80 хувьтай нь байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд  нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан “У*******т” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН