Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0225

 

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0225

Улаанбаатар хот

 

 

                               “У П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б***, П.Т***, Г.С***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “У П” ХХК,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С***, Я.Б***, П.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа.

Хэргийн индекс: 128/2022/0255/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У П” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэрээр “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан “У П” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Гурван талт гэрээг хянуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргах шаардлагагүй байсан, мөн маргаан бүхий акт гарсны дараа хариуцагч байгууллагад тухайн хүсэлт нь ирсэн байхад нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэж дүгнэж шийдсэн нь үндэслэлгүй,

3.2 Нэхэмжлэгч нарийвчилсан төлөвлөгөөний графикийн дагуу ажлаа гүйцэтгээгүй байхад хариуцагч шийдвэр гаргахдаа нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.3 Өмчийн эзэн иргэдийн эрхийг орхигдуулах ёсгүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан иргэдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн 100 хувь гэрээ байгуулагдаагүй, иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “гурван талт гэрээг хянуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргах шаардлагагүй. ...мөн маргаан бүхий акт гарсны дараа хариуцагч байгууллагад тухайн хүсэлт нь ирсэн байхад нэхэмжлэгч хүсэлт гаргасан гэж дүгнэж шийдсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч  “У П” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/337 дугаар захирамжаар “... Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр” шалгарч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олж авсан.

Улмаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай 35,36 дугаар орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн 62 өмчлөгчийн 50 өмчлөгчтэй нь орон сууц захиалгын гурван талт гэрээг байгуулан, “гэрээ байгуулах ажил 80 хувьдаа  хүрсэн тул ... нийслэлийн Засаг даргатай орон сууц захиалгын гурван талт гэрээг байгуулах, гэрээг баталгаажуулах” хүсэлтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт болон Нийслэлийн Засаг даргын орлогчид хандан гаргаж байсан болох нь “У П” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06/22 болон 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/22 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.2. “Нэхэмжлэгч нарийвчилсан төлөвлөгөөний графикийн дагуу ажлаа гүйцэтгээгүй байхад хариуцагч шийдвэр гаргахдаа нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” болон “өмчийн эзэн иргэдийн эрхийг орхигдуулах ёсгүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан иргэдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн 100 хувь гэрээ байгуулагдаагүй, иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 14 дүгээр зүйлийн 14.7.1-т “Төслийн бэлтгэл үе шат:”, 14.7.1.г-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах”, 14.7.3.а-д “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулах;”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” гэж,

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны  Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” хэмээн тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах бүрэн эрхтэй.

Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо “...байгуулсан цагаас хойш иргэдээс өргөдөл гомдол ирж байгаагүй ба хуралдаж аливаа асуудал шийдвэрлээгүй, санал, дүгнэлт гаргаагүй” болох нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 198 дугаар албан бичиг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/6442 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д заасны дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн 62 өмчлөгчийн 50 өмчлөгч буюу 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан байхад “100 хувь гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д тус тус заасантай нийцэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль бус байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

                   ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА