| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/00994/И |
| Дугаар | 135/ШШ2022/01053 |
| Огноо | 2022-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2022/01053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00994/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг **** дугаар хороо ****гудамж төв байранд байрлах Х*****ХХК /утас ****/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дугаар баг *** дүгээр хороолол *** дугаар байрны ****тоотод оршин суух ***овогт Ж****ийн С*** /утас ****/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 9,580,955.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Иргэн ****** нь *****тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *********** дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч ******ийн ***** дахь дансанд 22,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ********** тоот дансаар 15,000,000 төгрөгийн зээлийн нөхцөл өөрчлөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн гэрээний ерөнхий хугацааг 12 сараар сунгасан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 12,784,139.18 төгрөгийн зээлийн хүүд 7,578,565.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,247.54 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ********** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлээл гаргах өдрийн байдлаар 90 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
***** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлэгчээс шаардаж, утсаар ярьж, зээлдэгчийн гэрт болон ажил дээр удаа дараа очиж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ********** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй ний үндсэн зээлийн төлбөр 9,179,569.91 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хүү 397,313.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,072.68 төгрөг, нийт 9,580,955.9 төгрөгийг зээлдэгч Жамъяандоржийн Сайнбилэгээс гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлд дурдсан хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэж тусгасан боловч ийм шаардлага шүүхэд гаргаагүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, 3 үндэслэл дурдаж байна. Нэгдүгээрт, эргэлзээд байгаа 9 сарын 180,955 төгрөг бодолт дээр эргэлзээтэй байна. ******ийн өөрийн бодолтоор 7,857,142 төгрөг гарч ирж байгаа, энэ зөрүү бодолтоос мөнгө нэмсэн гэж үзэж байгаа учраас 9,580,955 төгрөгөөс 7,857,142 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд зөрүү мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёрдугаарт, мөн цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гаргаад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл иргэдийн авсан зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан цалингийн зээл авсан боловч ажлаас халагдсан, ажилгүй болсон нөхцөл байдал үүссэн. Дээр нь цар тахлын нөхцөл байдал дордсон учраас байгууллагын эдийн засагчид зээлийг хойшлуулах, зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг амаар удаа дараа гаргаж байсан боловч боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Хуульд зааж гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй зээлийн хүү төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсны улмаас нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг илүү мөнгө төлөх нөхцөл байдал үүсэж байна. ****** өөрийн буруу байхгүй гэж хариу тайлбар өгсөн. Гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллахгүй байснаас улбаалан өр зээлийн асуудал хүндрэх нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүх анхаарч өгөөсэй гэж тайлбар гаргасан.
Гуравдугаарт, ямар үндэслэл шалтгаанаар Монгол банкнаас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байсан талаар тодорхой тайлбар хэлэх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч ******* нь ***** ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *********** тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар жилийн 15,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн өргөдөл, зээлийн гэрээ, дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Хариуцагч ****** нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийг *****инд гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу тухайн өдөр талууд 2018 оны *********** дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг хийж, бичгээр гэрээ хийсэн байна.
Талуудын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2018 оны **** дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт хийсэн гэрээний 1.1-т Үндсэн гэрээний дагуу олгосон 22,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь энэхүү нэмэлт, өөрчлөлтийг байгуулах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөг болно, 1.2-т Үндсэн гэрээний 1.1-т заасан Ерөнхий хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болгож, 12 сарын хугацаатай сунгав, 1.3-т Зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үндсэн гэрээний 1 дшгээр хавсралт болох Зээлийн эргэн төлөх хуваарийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар шинэчлэв гэж гэрээнд тусгажээ.
Нэхэмжлэгч ***** ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч ******ээс үндсэн зээлийн төлбөр 9,179,569.91 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хүү 397,313.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,072.68 төгрөг, нийт 9,580,955.9 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...зээлийн төлөлтийн бодолтыг хүлээн зөвшөөрөхгүй, илүү бодсон, зээлийн төлбөрийг хариуцагч өөрөө бодоход 7,857,142 төгрөг болсон... гэж тайлбарлаж байх боловч тэрээр зээл, зээлийн хүүний төлбөрийг хэрхэн тооцоолж 7,857,142 төгрөг болсон талаар бодолтын задаргаагаа тодорхой тайлбарлаагүй, энэ талаар тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
Мөн хариуцагч тал ...зээлийн хүү төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсны улмаас нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг илүү мөнгө төлөх нөхцөл байдал үүсэж байна... гэсэн тайлбарыг гаргасан боловч хариуцагч ****** нь зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг банкинд дахин гаргаж байгаагүй байх тул түүний дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь хариуцагчийг зээлийн төлбөр төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй байна.
Иймд хариуцагч ******ээс зээлийн гэрээний үүрэг болох нийт 9,580,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****инд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч ******ээс зээлийн төлбөр 9,580,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,245 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******ээс улсын тэмдэгтийн хураамж 168,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА