Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/04560

 

 

 

 

 

 

 

 

  2022         11         01                                         101/ШШ2022/04560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б д холбогдох,

Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4,410,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М нь хариуцагчтай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээг шинэчилж байгуулсан. Үүнийг нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн, дахин гэрээг сунгахгүй гэдгээ ч хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ч мэдэгдэл хүргүүлсэн байтал одоог хүртэл хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа дуусчихаад байхад нэхэмжлэгчийн орон сууцанд хууль бусаар оршин суусаар байгаа. Үүнтэй холбогдуулж 3 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 4,860,000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэж байна. Сарын 900,000 төгрөгөөр өмнө түрээсэлдэг байсан. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулмаар байна. Мөн хариуцагч түрээсэлж байсанд болон гэрээ байгуулсанд маргадаггүй. Ч.М гэр бүлээ зохиох гээд өөрийн авах гэж сонгосон байраа авмаар байна. Байраа түрээслүүлээд хариуцагч нартай харилцахад хэцүү байдаг, цаг хугацаа бүрт нь мөнгөө өгдөггүй, эргээд доромжилдог. Мөнгөө нэхэхээр гадаадын иргэн харьяатын газар өгөөд шалгуулаад байдаг, гэхдээ бид ямар ч асуудалгүй байдаг байсан. Өвлийн улирал байдаг тул шууд хаалганы голыг сольж болоогүй. Түрээсээс гадна хариуцагч нар СӨХ-ны мөнгийг ч 10-аад жил огт төлөөгүй. Энэ мөнгө нь нэхэмжлэгчид тооцогдох нөхцөл байдал үүсээд байгаа. Гэхдээ бид нэхэмжлэл дээр үүнийг тусгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэн Мын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэн Ш.С гэгч хүнтэй анх 2012.4.20-ны өдрөөс 2012.12.20-ны өдрийг хүртэл “Байр түрээслэх гэрээ” байгуулсан. 2013.01.09-ний өдөр Ш.Сийн хэлснээр дахин гэрээгээ албан ёсны болгоод баталгаажуулаад явъя манай хүүтэй гэрээ байгуулчих гэсний үндсэн дээр Баянзүрх дүүргийн тойргийн нотариат дээр түүний хүү гэх Мтай нэг жилийн хугацаатай гэрээг байгуулж байсан. Бид энэ хугацаанд орон сууц хөлслөх гэрээний дагуу 3 сараар мөнгийг төлж, байрны үнэ өссөн байгаа тул үнээ нэмье гэх тоолонд байрны үнийг нэмэгдүүлсэн төлбөрөөр төлж ирсэн. Мөн түүнчлэн ашиглалтын зардлыг ч тухай бүр төлж байсан. 2021.9 сард байрны гэрээгээ дахин сунгах хэрэгтэй байна гээд тухайн үед С нь АНУ-д явж байна гээд вайбераар холбогдон манай хүүтэй гэрээгээ сунгаад хийчхээрэй гээд 2021.9.26-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээг байгуулсан болно. 2022.2.15-ны үед Мын ээж Стэй өөрсдийнх нь амьдардаг байр болох 24-р байрны гадаа очиж уулзсан бөгөөд энэ оныг дуустал гэрээний дагуу түрээслэхээр болсон юм. Гэтэл 2022.3.19-ний өдөр амралтын өдөр гэрт ирж бага насны хүүхдүүдийг маань гэрт байхад (7-12 насны) ирж дарамтлан хаалга үүд нүдэж, хүүхдүүдийг маань айлгаж, байрны эзэн байна, хаалгаа онгойлго гэж загнаж байгаад явсан байсан. Үр хүүхдийг маань хүн загнаж зандарч явсан байхад хэн ч уурлаж бухимдана. Гэтэл зүй бусаар харьцсан мэтээр нэхэмжлэлд дурджээ. Тэгээд гэртээ ирсэн байна гээд Стэй ярьтал С хүү Маа дагуулан ирж маргааш 20 гэхэд гар гэж биднийг хөөсөн бөгөөд мөнгө төгрөгөө данс руу хийх шаардлагагүй гэж хэлсэн. Энэ хугацаанд манайх тус Баянзүрх тоотод үндсэндээ байр ашиглалтад орсон цагаас хойш 10 жил амьдарч байна. Харилцан тохиролцсон түрээсийн төлбөрийг бид төлөхгүй гэж огт маргаагүй бөгөөд хөлсийг нь төлөх боломжтой юм. Харин Иргэний хуулийн 303.1-д заасны дагуу орон сууц хөлслөгчийн давуу эрхээ эдлэх эрхтэй гэж үзэн 2022.12.20-ны өдрийг дуустал байрыг суллаж өгөх боломжтой бөгөөд яг одоо бид суллаж өгөх ямарч боломжгүй юм. Иймд Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэн Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа. Б тус байрыг 10 жил түрээсэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Стэй уулзаад 2022 оныг дуустал түрээслэе гэж тохиролцсон боловч маргааш нь хүүхдийг нь айлгасан гэдэгт уурласан асуудал байдаг. 10 жилийн дараа гэнэт ийм харилцаа үүсгэсэнд гомдолтой байгаа. Түрээсийн төлбөрийг төлнө. СӨХ-ны төлбөрийг бид бүрэн төлдөг, ямар нэг асуудал гаргаж байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэхэд бид байрыг чөлөөлнө. Гадаадын харьяатын албанд бид гомдол өгч байгаагүй, үүнийг нэхэмжлэгч тал буруугаар ойлгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4,410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгнө түүнээс өмнө чөлөөлж өгөх боломжгүй, орон сууцны хөлсийг бөөнд нь төлөх боломжгүй гэх үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ........ тоотод орших 41.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц хөлслөхтэй холбоотой гэрээг анх байгуулсан, тус гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд тус 74 тоот орон сууцыг хариуцагч тасралтгүй хөлслөн амьдарч байгаа талаар талууд маргаагүй. Зохигч хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний хугацааг шинэчлэн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаагаар орон сууц хөлслөх гэрээ байгуулжээ. Тус хугацаанаас хойш талууд гэрээг үргэлжлүүлэхээр амаар болон бичгээр тохиролцоогүй, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ. Зохигч мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцоогүй байх тул гэрээг анхны нөхцөлөөр сунгасан гэж үзэхээргүй байна. Энэ нөхцөлд хариуцагч нь мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д заасны дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх шаардлагыг хариуцагч биелүүлээгүй нь түүнийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхийг бий болгох ба хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй.

Маргаж орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.М болох нь ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 306 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн гэр бүлийн гишүүд нь орон сууц хөлслөгчийн эрх, үүргийг нэгэн адил хэрэгжүүлэх учир хариуцагч Г.Бын нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсноор түүний гэр бүлийн гишүүдийн хувьд мөн адил тухайн орон сууцыг хөлслөх эрх нэгэн адил дуусгавар болно.

 Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 306, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар хариуцагч Г.Быг Баянзүрх дүүргийн .......... тоотод орших 41.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацааны хөлсийг гэрээний нэг сарын хөлс 900,000 төгрөгөөр тооцон 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаагаар тооцон 4,410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс тус хөлсийг бөөнд нь төлөх боломжгүй гэж татгалзсан ба хөлсний хэмжээ, хугацааны талаар маргаагүй байна.

Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн тус орон сууцанд амьдарч байгаа, орон сууцны нэг сарын хөлс 900,000 төгрөг байсан талаар маргаагүй. Хариуцагч орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй, уг хугацааг хойшлуулсан нь тухайн хойшлуулсан хугацаагаар нэхэмжлэгчид орох байсан орлогын хэмжээгээр хохирол учирсан гэж үзэх учир Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар хариуцагчаас 4,383,828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Тооцооллын хувьд орон сууцыг нэг сар ашигласны хохирлыг 900,000 төгрөгөөр, нэг өдрийн хохирлыг (900,000/31=29,032) 29,032 төгрөгөөр тооцвол хариуцагч нь 2022.03.20-31-ний өдрийн 12 хоногийн хугацаанд 348,348 төгрөг, 2022.04.01-08.01-ний өдрийн 4 сарын хугацаанд 3,600,000 төгрөг, 2022.08.01-15-ны өдрийн 15 хоногийн хугацаанд 435,480 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

Иймд хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд орон сууц ашигласны хохиролд нийт 4,383,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү тооцон нэхэмжилсэн 26,172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Быг Баянзүрх дүүргийн ........ тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн .......... дугаартай, 41.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, 4,383,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.М-д олгож, нэхэмжлэлээс 26,172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,822 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Г.Бас 155,291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ