Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00006

 

 

..........--ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04560 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........--ын нэхэмжлэлтэй, хариуцагч .....-д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх 4,410,000 төгрөг гаргуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ч.Мөнхбат нь .....-тай 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, (13370), ХД) А дугаар байрны ...- тоот, 41.01 м.кв 2 өрөө орон сууцыг 6 сарын хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин гэрээг сунгахгүй талаар мэдэгдсэн. .....-д 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгнө үү.

1.2. .....- орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 4,860,000 төгрөгийн хохирол учирсан. Уг орон сууцыг сарын 900,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Ч.Мөнхбат гэр бүлтэй болсон тул орон сууцаа авмаар байна. Орон сууцны хөлсийг нэхэхээр гадаадын иргэн харьяатын газар өгөөд шалгуулдаг. Өвлийн улирал байдаг тул шууд хаалганы голыг сольж чадаагүй. Хариуцагч орон сууцны хөлснөөс гадна СӨХ-ны төлбөрийг 10-аад жил огт төлөөгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. БНХАУ-ын иргэн Ш.Сэлэнгэтэй 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байр түрээсэлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ш.Сэлэнгэ ... гэрээгээ албан ёсны болгоод баталгаажуулаад явъя манай хүүтэй гэрээ байгуул... гэсний дагуу БНХАУ-ын иргэн ..........--тай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж хөлсийг 3 сараар төлж байсан. Мөн орон сууцны хөлсний төлбөр нэмэгдсэн гэх болгонд үнийг нэмэгдүүлж төлж байсан. Ашиглалтын зардлыг сар бүр төлж байсан. 2021 оны 09 дүгээр сард орон сууц хөлслөх гэрээг дахин сунгах талаар хүсэлт гаргахад 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээг байгуулсан болно. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ..........--ын эх Ш.Сэлэнгэтэй уулзаж орон сууц хөлслөх гэрээний хугацааг он дуустал сунгахаар тохиролцсон. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр гэрт ирж загнаж зандарч, бага насны хүүхдийг айлгаж гэрээс хөөсөн. Бид Баянзүрх дүүргийн 13 хороолол, 18-р хороо, 75а байрны ...- тоот орон сууцанд 10 жил амьдарч байна. Харилцан тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. Харин Иргэний хуулийн 303.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөгчийн давуу эрхээ эдлэх эрхтэй. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг суллаж өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....- (PP80070678)-ыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75/А байрны ...- тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041975 дугаартай, 41.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, 4,383,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ..........- (EG9136828)-д олгож, нэхэмжлэлээс 26,172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,822 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч .....-ас 155,291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ..........--д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцоогүй байх тул гэрээг анхны нөхцөлөөр сунгагдсан гэж үзэхгүй... гэж дүгнэсэн. Гэтэл орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоогүй. ..........--ын эх н.Сэлэнгэтэй 2022 оныг дуустал гэрээг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг байгуулах эрхтэй байхад шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүй орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ..........- хариуцагч .....-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-75/А байр, ...- тоот орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны хөлсний төлбөрт 4,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч ..........- нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-75/А байр, ...- тоот орон сууцыг 6 сарын хугацаагаар хөлслөгч Г.Баттулгын эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь орон сууц хөлсний төлбөрийг 1 сарын 900,000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хөлслүүлэгч ..........- нь орон сууц хөлслөх гэрээний дагуу дээрх хаягт байрлах орон сууцыг хөлслөгч Г.Баттулгын эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт болон хөлслөгч нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны хөлсийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.2. Талууд Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.1-т гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр зүйлийн 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаагаар хөлслүүлнэ гэж тохиролцсон байна. (хх-ийн 5) Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д гэрээний хугацаа дууссанаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа дуусгавар болохоор зохицуулсан тул орон сууц хөлслөх гэрээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

 

Хариуцагч .....- нэхэмжлэгч ..........--ын эх н.Сэлэнгэтэй орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч .....- нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-т зааснаар орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болоход уг орон сууцыг хөлслүүлэгч ..........--д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь уг орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.3. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожигдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч .....- нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацааны хөлсийг нэхэмжлэгч ..........--д төлөх үүрэгтэй.

 

Талууд Орон сууц хөлслөх гэрээний 3.2-т орон сууцны хөлсийг нэг сарын 900,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон тул гэрээний хугацаа дууссан 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хөлс 4,383,828 төгрөгийг хариуцагч .....- нэхэмжлэгч ..........--д төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч .....- ..........--ын эх н.Сэлэнгэтэй 2022 оныг дуустал орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ