Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/03738

 

 

 

 

 

 

 

  2022         09         12                                         101/ШШ2022/03738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК холбогдох,

Гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг гаргуулах үндсэн, төлбөрт 1,798,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014/04/14-ний өдөр гэрээт борлуулагчийн гэрээ гэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 2017/04/12-ны өдөр 1,720,477 төгрөгийн яамаха брэндийн бүтээгдэхүүн, 2017/05/31-ний өдөр 1,023,447 төгрөгийн 2 ширхэг бараа бүтээгдэхүүн  нийт  1,843,824 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч хариуцагч нь төлбөрөө төлөөгүй  учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч .... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг нэхэмжилсэн, энэ мөнгийг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017/04/14-ний өдрийн гэрээт борлуулагчийн гэрээний дагуу гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. Гэтэл энэ гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, уг гэрээг байгуулагдаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Энэ гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт байхгүй. Гэрээний хавсралт дээр 2 барааны моделийг бичсэн, өөр зүйл байхгүй. Гэтэл нэхэмжлэлдээ бараа материалыг худалдан авах, ямар нэгэн гарчиггүй хүснэгт бүхий баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч 2 удаа бараа материал нийлүүлсэн гэх боловч хариуцагч тухайн бараа материалыг хүлээж аваагүй, бараа материал хүлээж авсантай холбоотой баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайх Г клубийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ клубийн гишүүнчлэлийн 2 эрхийг тухайн үеийн үнэ 899,000 төгрөгөөр нэхэмжлэгч байгууллагад өгсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь тотал музейкийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Нэхэмжлэгчийн зүгээс яамаха мотоциклийн уралдаан зарлаад ялагчдаа манайхаас гишүүнчлэлийн эрх авч өгсөн. Үүнтэй холбоотой гэрээний эрхийг манайхаас хэрэгт өгсөн байгаа, тухайн гэрээн дээр бартераар авах зүйлийг тодорхой бичсэн. Өмнөх төлөөлөгч нь шүүх хурал дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар хэлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд хамтран ажиллах гэрээг гаргаж өгсөн, уг гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан. Хариуцагч талын тайлбарлаж байгаа уралдаанд ялсан ялагч нарт эрх олгосон бичиг нь энэ гэрээний дагуу хийгдсэн ажил байж магадгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн гэрээн дээр гэрээний дагуу фитнест явах хүний нэрийг сольж дахиж олгосон гэж тусгасан гэрээ байсан. Нэхэмжлэгч талын зүгээс анхнаасаа 2 хүнд эрхийн бичиг олгосон асуудал бол хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн асуудал юм. Түүнээс бараа бүтээгдэхүүн хүлээж авсантай огт хамаагүй. Хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг хэлэлцээгүй. Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээ ч уг гэрээн дээр 2 талын захирлууд гарын үсгээ зурсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч П ХХК, хариуцагч И ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 2017/ГБГ/-04/13-#1 тоот Гэрээт борлуулагчийн гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тухайн шилжүүлсэн гэх барааг хүлээн аваагүй гэж эс зөвшөөрч татгалзсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХАГ-17/11/01-#1 тоот Хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,798,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар хэргийн оролцогч харилцан зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж шаардлага, татгалзлаа тайлбарласан.

Үндсэн нэхэмжлэлийн тухай

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/ГБГ/-04/13-#1 тоот Гэрээт борлуулагчийн гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй тул түүнийг нотлох баримтаар үнэлэхгүй. Гэвч нэхэмжлэгч, хариуцагчаас гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг шаардах эрхтэй болох нь хэргийн бусад баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн тайлбар бодитой, бодит байдалд нийцсэн байх учиртай. Хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авч 2021.03.31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа, нэхэмжлэлд дурдсан гэрээний үнийг хүлээн авч хариу төлбөрийг бартераар төлсөн, гэрээний үүрэг дууссан гэх тайлбарыг, мөн хариуцагч 202.06.21-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ, гэрээт борлуулагчийн гэрээний үүргийг фитнес клубын гишүүнчлэлийн эрхээр төлсөн, гэрээний үүргийг бартераар төлснийг үгүйсгэж байна гэх агуулга илэрхийлжээ. Мөн хариуцагчийн 2020.06.17-ны өдрийн 15 тоот албан бичигт “манай компанийн зүгээс хүлээн авсан тоног төхөөрөмжийнхөө төлбөрийг дээрх 2 үйлчлүүлэгчийн гишүүнчлэлээр барагдуулж үүргээ бүрэн гүйцэд, зохих ёсоор гүйцэтгэсэн” гэжээ.

Зохигчийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өмнө болон шүүхэд гаргасан тайлбар, хэргийн бусад баримтаас үзэхэд зохигчийн хооронд Yamaha брэндийн бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүсчээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан барааны үнийг төлөөгүй байна.

Хариуцагч хожим татгалзлын үндэслэлээ өөрчилж, гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс тоног төхөөрөмж хүлээн аваагүй гэх тайлбар гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, дээрх үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрчилсөнтэй холбоотой нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлохоор 2012-2017 онд хамаарах, мөн 2017.04.13-05.31-ний өдөрт хамаарах Борлуулалтын тайлангууд, 2017.04.13-12.31-ний өдөрт хамаарах Харилцагчийн төлбөр тооцооны тайлан, өдөр тутмын барааны борлуулалтыг тэмдэглэсэн гэх бор өнгийн дэвтэр гэсэн баримтуудыг шүүхэд гаргасан, тус баримтуудыг нэхэмжлэгч хожим нөхөж болон хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн баримтууд нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай, эргэлзээгүй баримт гэж үзэхээр байна. Тус баримтуудыг хариуцагч мөн үгүйсгээгүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан барааны үнэ 1,843,824 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухай

Борлуулалтын гэрээний үнийг төлөөгүй тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч нь 2017 оны ХАГ-17/11/01-#1 тоот гэрээний үүрэгт шилжүүлж, борлуулалтын гэрээний үүргийг дуусгавар болгосон гэх фитнесийн хоёр эрхийн үнэ 1,798,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсан ба бартерийн гэрээний үүргийг бартераар тохиролцсон гэх тайлбар гаргасан ба хэргийн 20, 21-р талд авагдсан “гишүүнчлэлийн гэрээ”-ний дагуу Г-д хичээллэх эрхийг иргэн М.Т, н.У нарт олгосныг өөрт хамаагүй гэжээ. Тус гишүүнчлэлийн эрхийг 2018.10.23-нд н.Ут 3 сарын хугацаатай “Yamaha-бартер” утгатай, мөн 2019.01.01-нд М.Т 3 сарын хугацаатай “Yamaha total music Barter утгатай олгожээ.

Зохигч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХАГ-17/11/01-#1 тоот Хамтран ажиллах гэрээний 2-т зааснаар А тал буюу нэхэмжлэгч нь тохиролцсон барааг нийлүүлэх, хариуцагчид хөнгөлөлттэй үнээр тайз, дэлгэцийн үйлчилгээ, сурталчилгаа үзүүлэх болон бараа бүтээгдэхүүнээр солилцоо, мөн гэрээний 3-т зааснаар Б тал буюу хариуцагч нь Г gym фитнес төвөөр үйлчлүүлэх, C  ресторан, Г дэлгүүрээр үйлчлүүлэх эрх үүргийг харилцан хүлээжээ.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх ХАГ-17/11/01-#1 тоот гэрээний үүргийг бартераар тооцох ёстой гэх тайлбар гаргасан боловч энэ талаархи татгалзлаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч, хариуцагчаас борлуулалтын гэрээний үүргийг шаардсантай холбоотой хариуцагч 2020 оны 15 тоот албан бичгийг хүргүүлж байжээ.

Дээрх үйл баримтууд болон зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбаруудыг харьцуулан дүгнэх эд нэхэмжлэгч нь хариуцагчид ХАГ-17/11/01-#1 тоот гэрээний үүргээ харилцан тооцох арилжааны нөхцөлөөр буюу Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь нэхэмжлэгчийн борлуулалтын гэрээний үүрэг шаардсантай холбоотой үүссэн буюу борлуулалтын гэрээний үүргийг хамтран ажиллах гэрээний үүргээр харилцан тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээний үүргийг мөнгөөр тооцон нэхэмжилсэн агуулгатай байна. Нэхэмжлэгч арилжааны журмаар хэлэлцэн тохирсон хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлснийг шүүхэд нотлоогүй, борлуулалтын гэрээний үүргийг хамтран ажиллах гэрээний үүргээр харилцан тооцож дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч арилжааны гэрээний үүргийг хангуулахаар сөрөг шаардлага гаргасан нь үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс 1,798,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч И ХХК -иас 1,843,824 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК -д олгож, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас 1,798,000 төгрөг гаргуулан хариуцагч И ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 44,460 төгрөг, хариуцагчийн төлсөн 43,718 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч И ХХК-иас 44,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д, нэхэмжлэгч П ХХК-иас 43,718 төгрөг гаргуулан хариуцагч И ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ