Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03629

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03629

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Н нь шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022/04/15-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдаагаар түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ..........тоот үл хөдлөх хөрөнгөд холбогдох анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь нэхэмжлэгч 2019/12/03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар П капитал ББСБ-д төлбөр төлөхөөр болсон. Уг захирамжаар төлбөр төлөгч Д.Наас 112,397,911 төгрөг гаргуулан П ББСБ-д олгохоор болсон. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулан 2020/09/20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Б ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Ингээд үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 100,402,400 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл үнэлгээг Д.Н хүлээн зөвшөөрөхгүй 3 шатны шүүхээр явсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Дуудлага худалдааг үнэлгээ тогтоосноос 2 жилийн дараа буюу 2022/04/15-ны өдөр явуулсан. Дуудлага худалдаа явуулахаас өмнө нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 4 сарын 04-ны өдөр, 4 сарын 07-ны өдрүүдэд дахин үнэлгээ тогтоолгуулахаар хүсэлт гаргасан. Ямар учраас хүсэлт гаргасан бэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасны дагуу хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан байдаг. Ингэж заасны дагуу нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад наад үнэлгээ чинь 2020 оны үнэлгээ байна, одоо 2022 он болчихоод байна, 6 сарын хугацаа өнгөрсөн байна гэх утгатай хүсэлт гаргасан. Иргэн Д.Н нь өөрөө дээрх хөрөнгийг үнэлүүлэхэд 161,000,000 төгрөг болсон, үүнтэй холбоотой баримтуудаа хэрэгт өгсөн байгаа. Иймд анхны дуудлага худалдаа хуулийн дагуу болоогүй, нэхэмжлэгч гомдлоо эрх бүхий байгууллагад гаргасаар байтал цаад байгууллага нь дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж анхны дуудлага худалдаа явуулсан байх тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү, мөн дээрх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.03-ны өдрийн захирамжаар Д.Наас 112.397.916 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 395.070 төгрөгийг гаргуулж П ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Д.Нт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн ......3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж төлбөрийг 2020.8.03-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул талуудаас үнийн санал авахад үнэлгээнд тохиролцоогүй тул 2020.9.22-ны өдөр 9/458 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Б ХХК-аар тогтоолгоход 100.402.400 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020.09.28-ны өдөр хүлээн авч, үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020.9.29-ний өдрийн 4-229/35466, 4-229/35465 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Төлбөр төлөгч Д.Н нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02..03-ны өдрийн ....... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.4.02-ны өдрийн ........... дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Монгол улсын дээд шүүхийн 2021.6.04-ний өдрийн ......... дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн асуудал дууссан тул барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/03 дугаар тогтоолыг талуудад мэдэгдэж, 2022.4.15-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ 100.402.400 төгрөгийн 70 хувь болох 70.281.680 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдож ялагчаар Ц.Ж гэх хүн 142.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж, ялагчийн мөнгийг 2022.4.29-ний өдөр тушаасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж барьцаа хөрөнгийг үнэлгээтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ц.Жн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ж нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан хүчин төгөлдөр нэр бүхий эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцож Баянзүрх дүүргийн ......3 өрөө орон сууцыг худалдан авч ялагчаар тогтоогдсон. Гэтэл шүүхээс шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарснаар н.Жын эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь НШШГГ төлбөр төлөгч Д.Наас 121,000,000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Д.Н нь төлбөр авагч П ББСБ-тай харилцан тохиролцож хугацаагаа тохирсон, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох маргаан бүхий эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Д.Н нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулсан. Дуудлага худалдааны явцад Д.Н нь үнэлгээтэй холбоотой маргаан үүсгээд 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. шүүхэд хандсан байсан. Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд 2 шүүхийн шийдвэр адилхан байгаа. Үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан. Яг энэ асуудлыг өмнө нь 3 шатны шүүх шийдчихсэн. Гэтэл хууль бусаар нэхэмжлэл гаргаад байгаа нь хохиролтой байна гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд ПББСБ ХХК-ийн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Д.Н нь 2019/03 сард манайхаас маргаан бүхий байрыг барьцаалж зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөхгүй байсан тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагч мөнгөө хугацаа аваад төлнө гэхээр нь бид зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Д.Н нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй, ингээд манай зүгээс шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж гаргуулаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Д.Н нь гомдол гаргаж 3 шатны шүүх дамжаад 2022/04 сараас ажиллагаа дахин сэргээгдсэн. Үнэлгээний тухайд анх зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, ингэхдээ Д.Н нь байраа 90,000,000 төгрөг гэж үнэлсэн. Байрны зах зээлийн үнэлгээ нь 100,00,0000 гаруй төгрөг байсан, нэхэмжлэгч дахин үнэлгээ хийлгүүлмээр байна, өөрөө үнэлүүлэхэд 160,000,000 төгрөгөөр үнэлсэн байна гэж байна. Гэхдээ 160,000,000 төгрөгийн үнэлгээг хаанаас гарч ирсэн үнэлгээ гэдгийг нь мэдэхгүй байна. Үнэлгээтэй холбоотой асуудлаар 3 шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад дахин үнэлгээтэй холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажлыг зогсоож, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Д.Н нь 3 жилийн хугацаанд үнэхээр үнэлгээн дээр гомдолтой байсан юм бол 3 жилийн хугацаанд уг байрыг өөрөө зарах эрхтэй байсан. Д.Ныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч НШШГГт холбогдуулан тус газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн ............ 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг дахин тогтоохыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тухай тайлбарыг хариуцагч гаргаж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3413 дугаартай захирамжаар хариуцагч Д.Наас 112,397,913.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 8540 дугаартай захирамж, мөн өдрийн 588 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч 2020 оны 05 сарын 06-ны өдрийн ..... дугаартай тогтоолоор явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар харилцан зөвшилцөлд хүрээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/458 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 100,402,400 төгрөг гэж тогтоожээ.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Н дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 617 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 239 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмыг хариуцагч зөрчөөгүй, төлбөр төлөгчийг эрхийг хязгаарлаагүй, орон сууцны зах зээлийн үнэлгээг бодитой бус тогтоосон гэх үндэслэл тогтоогдоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан ба барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сард анх тогтоосноос хойш 22 сар өнгөрсөн, хөрөнгийн үнэ 161,000,000 төгрөг болж 60,598,000 төгрөгөөр өссөн нь хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон гэж тайлбарласан. Хуульд заасан энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн, 2 жил орчим болсон байхад хариуцагч үнэлгээ тогтоохоос үндэслэлгүй татгалзсан нь төлбөр төлөгч өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд нар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг өмнө буюу тус шүүхийн 2021 оны 448 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 617 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 239 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хяана шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бий болсон, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч татгалзлаа, гуравдагч этгээдүүд тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 448 дугаар шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бодитой тогтоогоогүй, зах зээлийн үнээс багаар тогтоосон гэх үндэслэлээр бус ШШГтХ-ийн 55.6-д заасан хуульд заасан үндэслэл бий болсон гэж үндэслэлээ тодорхойлжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэх хуулийн үндэслэлд хамаарахгүй.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж хүчингүй болгуулахаар, улмаар үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар шаардсан гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д зааснаар эрх зүйн харилцааг шинээр үүсгэх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг урьд нь шийдвэрлэсэн, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудлаар шүүхэд гомдлоо гаргасан хэдий ч хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч бус дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг нь эс зөвшөөрсөн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэл учир нэхэмжлэлийн агуулгаас улбаалан түүнийг шийдвэрлэх журам өөр байна. Энэхүү нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан журмаар бус мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмаар зохицуулагдана.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах татгалзал, тайлбарыг хуульд нийцэхгүй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3413 дугаартай захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, өнөөгийн байдлаар шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байна. Төлбөр төлөгч барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэснийг өмнө дурдсан. Улмаар хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж барьцаа хөрөнгийг албадан борлуулах ажиллагаа явуулж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаж, иргэн Ц.Ж 142,000,000 төгрөгөөр худалдан авахаар дуудлага худалдааны ялагч болжээ. Хариуцагчаас барьцаа хөрөнгө худалдан борлогдсон болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж, төлбөрөө төлж барагдуулах эс бөгөөс барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг ялагчид шилжүүлэх, барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг тус тус мэдэгджээ.

Энэ хугацаанд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д заасны дагуу барьцаа хөрөнгийг дахин үнэлэхийг хариуцагчаас хүссэн, хариуцагч эс зөвшөөрснөөр мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч татгалзсан хариуг 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 09/1154 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

 

Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар барьцаа хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сард 100,402,400 төгрөг гэж үнэлснээс хойшхи 19 сар буюу 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 142,000,000-161,000,000 төгрөгөөр үнэлэгджээ. Гэвч ийнхүү үнэ өөрчлөгдсөн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д зааснаар дахин үнэлгээ тогтоох үндэслэлийг шууд бий болохгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлан ажиллахыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцан явуулж байгаа этгээдэд үүрэг болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний ажилтан хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэнийг ч хохироохгүй байх үүрэгтэй, үүргээ зөрчсөн бол тухайн явуулсан тодорхой ажиллагаа нь хүчингүй болж хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

Шийдвэр гүйцэтгэгч, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах ба хариуцагчийн зүгээс мөн хуулийн 44 дүгээр ззүйлийн 44.2.9-д заасан ажиллагаа явуулсныг хоёр шатны шүүх төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж буруутгаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/458 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг шинжээчээр томилж барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг хууль зөрчсөн, Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг бодит байдалд нийцээгүй гэж шүүх дүгнээгүй байна.

 

Энэ агуулгаас үзвэл барьцаа хөрөнгийг дахин үнэлэхэд хүргэх нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс бий болгоогүй, өмнөх үнэлгээг хууль бус гэж шүүх дүгнээгүй нь барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д заасан үндэслэл бий болсноор барьцаа хөрөнгийн үнийг дахин тогтоолгож болох агуулга нь үнийн өөрчлөлттэй холбоотойгоор барьцаа хөрөнгийн үнэд 1/3 хэмжээний өөрчлөлт орсон бол тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш наад зах нь 6 сар өнгөрсний дараа дахин үнэлгээ тогтоож болохыг хуульчилжээ. Үнэ ханшийн огцом өөрчлөлт (үнэ өсөх, буурах аль аль нь хамаарна) богино хугацаанд бий болж эд хөрөнгийн 1/3-с их болсон ч хөрөнгийг анх үнэлснээс хойшхи 6 сар өнгөрөөгүй бол дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүйг, ийнхүү үнэ өөрчлөгдсөнөөс хойш 6 сар өнгөрсөн байхыг шаардсан нь эдийн засгийн агуулгаар тухайн хөрөнгийн үнэ зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн тогтвортой, бодитой тогтоогдох, үнэ тогтвортой байх шалгуурыг харгалзан үзэх суурь нөхцөлийг бий болгож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан заасан үндэслэл бүрдсэн гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд шийдвэрт нэр дурдагдан үүрэг хүлээсэн хэн боловч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ. Сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан арга, журмын дагуу албадлагын журмаар биелүүлнэ. Хариуцагчийн зүгээс хуульд заасан тодорхой журмыг баримтлан төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэгтэй ба энэ үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь түүний эрхийг хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Нын хариуцагч НШШГГт холбогдуулан тус газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн ......... 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг дахин тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ