Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00129

 

Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Б, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03629 дугаар шийдвэртэй Д.Н-ын нэхэмжлэлтэй, Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Ц.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд П-н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гуравдагч этгээд П-н ХХК-ийн өмгөөлөгч Т.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Д.Н-аас 112,397,916.30төгрөг гаргуулан П-н олгохоор болсон. Энэ захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулан 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Б-ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. Ингээд үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 100,402,400 төгрөгөөр үнэлсэн. Дуудлага худалдааг үнэлгээ тогтоосноос 2 жилийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан байдаг. Иргэн Д.Н нь өөрөө дээрх хөрөнгийг үнэлүүлэхэд 161,000,000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж анхны дуудлага худалдаа явуулсан байх тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү, мөн дээрх хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч Д.Н нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02..03-ны өдрийн 101/ШШ2021/00448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.4.02-ны өдрийн 617 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Монгол улсын дээд шүүхийн 2021.6.04-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн асуудал дууссан тул барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/00дугаар тогтоолыг талуудад мэдэгдэж, 2022.4.15-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ 100.402.400 төгрөгийн 70 хувь болох 70.281.680 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдож ялагчаар Ц.Ж гэх хүн 142.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж, ялагчийн мөнгийг 2022.4.29-ний өдөр тушаасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж барьцаа хөрөнгийг үнэлгээтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдүүдийн тайлбарын агуулга:

3.1. Гуравдагч этгээд Ц.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Дуудлага худалдааны явцад Д.Н нь үнэлгээтэй холбоотой маргаан үүсгээд 0шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2 шүүхийн шийдвэр адилхан байгаа. Үнэлгээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан. Яг энэ асуудлыг өмнө нь 0шатны шүүх шийдчихсэн. Гэтэл хууль бусаар нэхэмжлэл гаргаад байгаа нь хохиролтой байна гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Гуравдагч этгээд П-н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Үнэлгээтэй холбоотой асуудлаар 0шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад дахин үнэлгээтэй холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажлыг зогсоож төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Д.Н нь 0жилийн хугацаанд үнэхээр үнэлгээн дээр гомдолтой байсан юм бол 0жилийн хугацаанд уг байрыг өөрөө зарах эрхтэй байсан. Д.Ныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-ын хариуцагч Н-т холбогдуулан тус газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байрны 29 тоотод орших, 36 м.кв талбайтай 0өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг дахин тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Н нь шүүхийн шийдвэрийн дагуу П-н ХХК-д 112,397,913.30төгрөгийн өртэй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар зөвшилцөлд хүрээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б-ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 100,402,400 төгрөгөөр үнэлсэн юм. Д.Н нь энэ үнэлгээг эс зөвшөөрч 0шатны шүүхээр гомдол гаргасан боловч ялагдсан байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгөнд холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоол гаргаж, Д.Нт мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл анх үнэлгээ тогтоосноос хойш 1 жил 7 сар буюу 19 сарын дараа дээрх үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үнэлсэн үнэлгээгээр худалдан борлуулахаар тогтоол гаргасанд гомдол гаргаж, зохих албан тушаалтанд хандсан боловч анхны албадан дуудлага худалдааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь явуулсан юм. 2020 оны 09 дүгээр сард дэлхий нийтээрээ цар тахал болсон хүнд үе байсныг бид бүгд мэднэ. Энэ үед үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж байсан. 2020 оны 09 дүгээр сард дээрх үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон үнэ 100,000,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ нь дуудлага худалдаагаар 142,000,000 төгрөг болтлоо өсөж, зарагдсан нь анх 2020 оны 09 дүгээр сарын үнэ буурсан үед тогтоогдсон гэдгийг нотлох нэг баримт болно. Иймээс Д.Н нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө дахин эрх бүхий газраар үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн боловч, огт авч хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж хуульчилсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2020 онд 100,000,000 төгрөгөөр үнэлсэн. Харин 2022 оны 04 дүгээр сард 161,000,000 төгрөгөөр үнэлсэн нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Д.Н өөрийн эзэмшил, өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний талаарх зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, анхны албадан дуудлага худалдаа явуулсанг хүчингүй болгож өгнө үү. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03629 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн хөрөнгийг үнэлсэн асуудлаар төлбөр төлөгч 0шатны шүүхээр явж, хэт доогуур үнэ тогтоосон гэх боловч 0шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж, тухайн үнэ нь зах зээлийн ханш мөн тул үндэслэлтэй гэж үзсэн. Шүүхээс шийдвэрлэж дууссан тул манай зүгээс дуудлага худалдаанд оруулсан. Хуулийн дагуу шүүхийн асуудал дуусангуут дуудлага худалдааг 1 сарын дотор дуудлага худалдаанд оруулах зохицуулалттай. Дуудлага худалдааг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй, харин үнэлгээг дахин тогтоох үндэслэлгүй. Тухайн 18 сар гэх хугацааг нэхэмжлэгч талаас өөрсдөө бий болгосон. Манай буруутай үйл ажиллагаанаас болж 18 сар явагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд Ц.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Тухайн хэрэгт оролцож буй Д.Н нь 2019 онд банк бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь Улсын Дээд шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна гэж Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Нэхэмжлэгч нь өөрөө эрхээ ярьдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг хүлээж оролцоно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авч, гомдол гаргах хугацаа нь өнгөрч, гомдол гаргах асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24040дугаартай захирамж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25011 дугаартай захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн. 2019 онд Банк бус санхүүгийн байгууллагаас 86,000,000 төгрөгийг авсан. Тухайн хугацаанд төлбөрийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, зохигчдын эвлэрлээр баталж, асуудлаа шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас зөвхөн эрхээ эдэлж, үүргээ хүлээгээгүй тул тухайн асуудал нь үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд П-н ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзсэн. Манай байгууллагын эрх ашиг нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зөрчигдөж байна. Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй зөрчсөн гэж хэлсэн. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад үүрэг болоогүй, хэрэглэж болно гэж үзсэн хуулийн зохицуулалт юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байсан. Анхан шатны шүүхэд мэтгэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолд дурдах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэлийг хуулж бичсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Н нь Н-т холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03410дугаартай шийдвэрээр Д.Н-аас 112,397,916.30төгрөгийг гаргуулж П-н ХХК-д олгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, 0өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилон үнэлүүлж, шинжээчийн тогтоосон үнэлгээ 100,402,400 төгрөгийн 70 хувиар санал болгох доод үнийг тодорхойлж анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 142,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор шийдвэр гүйцэтгэгч албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шинжээч Б-ХХК 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээг тогтоосон ба шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/25 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулахаар товлосон нь хуульд заасан дээрх хугацааг зөрчөөгүй байна. Гэвч төлбөр төлөгч Д.Н үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүний хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00448 дугаар шийдвэрээр Д.Н-ын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 617 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2021/00239 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 00дугаар сарын 29-ний өдрийн 04/00дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг дахин товлож, дуудлага худалдаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааг явуулахаар товлосон боловч төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул “... дуудлага худалдааг үнэлгээ тогтоосноос хоёр жилийн дараа явуулсан” гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

Нэхэмжлэгч Д.Н хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул дахин үнэлгээ тогтоолгохоор гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

                                           

         ШҮҮГЧИД                                  М.Б

 

Д.БЯМБАСҮРЭН