Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 908

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Ч.Г-гийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ч.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Э-д холбогдох

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 967 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г- нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Маршалын гүүрний урд уулзварт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж миний эзэмшлийн 12-82 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас зөвшөөрөл авахгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган миний машиныг эвдсэн бөгөөд одоог хүртэл хохирол мөнгийг төлөөгүй байна. Миний машины үнэлгээ 4 417 500 төгрөг болсон. Ослын дараа уг мөнгийг төлнө гэж тохиролцож бичиг хийж өгсөн хэдий ч одоог хүртэл нэг ч төгрөг өгөхгүй худал хэлсээр байна. Уг машиныг миний бие “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК лизингээр авсан ба сүүлийн 3 сарын зээл, хүүг төлж чадахгүй байна. Машины хувьд М.Э-г засварын мөнгийг өгөхөөр засуулах гээд засуулаагүй өдийг хүртэл засварын хашаанд байлгаж байна. Энэ хугацаанд унах унаагүй, машинаа засуулж чадахгүй, зээл хүү төлж хохирч байна. Иймд үнэлгээний төвөөр оношлуулсан 150 000 төгрөг, машины засварын засварын үнэлгээ 4 417 500 төгрөг зээл хүүгийн алдангийн 1 400 000 төгрөг, нийтдээ эд хөрөнгөнд учирсан хохирол болох 5 967 500 төгрөг болсон. М.Э-гаас сүүлийн гарсан үнэлгээгээр 3 955 000 төгрөгөөр тогтоосноор нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хэрэг гарах үед Ч.Г-гийн төрсөн хүү Э.Од-Эрдэнэ нь Г-ийн автомашиныг авч явсан өдөр уг осол болсон. Э.Од-Эрдэнийг машины эзэн гэж бодсон. Энэ үйл явдал болоход Э.Од-Эрдэнэ бас буруутай гэж үзэж байгаа тул Э.Од-Эрдэнийг хамтран хариуцагчаар татмаар байна. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай их сургуулийн ангийн хүүхдийн төрсөн өдөр болж бид нар “Сансар”-ын караокед уулзахад Э.Од-Эрдэнэ машинтайгаа ирсэн. Караокегоос 2, 3 цагийн дараа халдварт руу гарахад бүгд халамцуу байсан ба Э.Од-Эрдэнэ машинаа согтуугаар барьж явсан. Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 06:00 цагийн үед машин барьж Маршалын гүүр-ний урд 42-15 УНК улсын дугаартай Улаанбаатар таксины элентра маркийн автомашинтай мөргөлдсөн. Хэрвээ тэр үед Э.Од-Эрдэнэ машинтайгаа ирээгүй бол уг осол болохгүй байх байсан. Эсвэл би биш юмаа гэхэд Э.Од-Эрдэнэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноосоо болж асуудалд орох байсан. Хэрэг болсны дараа миний аав Машсайхан өөрийн дүүтэйгээ хамт яваад машин засварлахад гарах зардлыг захуудаар судалсан байдаг. Тэр үед 12-82 УНП улсын дугаартай автомашин 2 000 000 төгрөгт засуулахаар юм байна гэж хэлж байсан. Э.Од-Эрдэнийг өөрөө засуулна гэж бодсон. Миний бие 42-15 УНК улсын дугаартай автомашины хохирол болох 2 265 500 төгрөг, журмын хашааны төлбөр болон чирүүлж аваачин үнэлгээнд оруулахад нийт 300 000 төгрөг, тус машины жолоочийн томографийн шинжилгээний 150,000 төгрөг, 12-82 УНП улсын дугаартай автомашины журмын хашааны 42 хоногийн 210 000 төгрөг, 2 удаагийн ачилтын 130 000 төгрөг, нийт 3 055 500 төгрөг зарцуулсан. Эрүүгийн хэргийн шүүх надад оногдуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоногийн баривчилгааны хариуцлага хүлээлгэсэн. Уг явдлаас болж би ажлаасаа ч халагдсан одоо болтол тогтсон ажилгүй байна. Э.Од-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бариулсан үйлдэлдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээх ёстой гэж иргэн хүний хувьд би бодож байгаа учраас уг машины засварын зардлыг би дангаараа төлөх нь шударга бус гэж үзэж байна. Миний хувьд Ч.Г-гийн бусадтай байгуулсан гэрээний өмнө би үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний төвөөр уг автомашиныг үнэлүүлэхэд 3 950 000 төгрөг болсон. Үүний 50 хувь буюу 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж, нөгөө машины хохирол 2 265 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн хүү Э.Од-Эрдэнэ өөрөө архи уусаар байж жолоо барьсан. Хэрвээ тухайн үед Э.Од-Эрдэнэ архи уусан үедээ надтай ирж уулзаагүй байсан бол би ийм асуудалд орохгүй байсан. Тухайн үед Э.Од-Эрдэнэ машин барьж яваагүй, миний бие жолоо барьж яваад осол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э-гаас 3 955 000 төгрөг /гурван сая есөн зуун тавин таван мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 012 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 78 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч М.Э- давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

М.Э- би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан зам тээврийн осолд буруутай боловч дээрх осол гаргах үндэслэл болсон нэхэмжлэгч Ч.Г- мөн буруутай учир 3 955 000 төгрөгийн тал буюу 1 977 500 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй. Миний бие мөнгөө автомашины хохиролд 2 262 500 төгрөг төлсөн учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 50 хувь бурууг хүлээх ёстой. Гэм хор учруулахад олон этгээд оролцсон бөгөөд машиныг өгч явуулах зөвшөөрөл олгосон, олгоогүй нь хамааралгүй байхаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт тусгажээ. Иймд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 977 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Г- хариуцагч М.Э-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 967 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 955 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч 2 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Хариуцагч “...нэхэмжлэгчийн хүү Э.Од-Эрдэнэ тухайн зам тээврийн осол гаргахад гэм буруутай тул зардлыг дангаар хариуцахгүй” гэж татгалзсан тайлбар гаргасан байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршалын гүүрний урд уулзварт Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодож явахдаа 42-15 УНК улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, мөн 12-82 УНП улсын дугаартай автомашинд хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч Ч.Г- өөрийн өмчлөлийн Тоёота приус 30 маркийн автомашиныг хүү Э.Од-Эрдэнэд ашиглах боломж олгосноор тэрээр хариуцагч М.Э-д тухайн автомашиныг жолоодох зөвшөөрлийг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.  

 

            Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэж өөрөө үзэж байгаа тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тусгайлан заасан бодит нөхцөл байдлыг нотлох үүрэг нь хариуцагчид ногддогоороо онцлогтой бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

 

            Хариуцагч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Ч.Г- нь хүү Э.Од-Эрдэнэд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон, харин хариуцагч М.Э-д автомашиныг жолоодож, замын хөдөлгөөн оролцуулах зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирлын үнэлгээг гаргуулсан байх бөгөөд 3 955 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.

/хх-ийн 34-40 дугаар тал/

 

            Хариуцагч уг үнэлгээг үгүйсгээгүй байх тул шүүх хариуцагч М.Э-гаас 3 955 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч М.Э-гийн гэм хорын хохирлыг 1 977 500 төгрөгийн хэмжээнд төлнө гэж давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО