Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0109

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н*******” ХХК, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Х*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар “Н*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Б******* аманд 43353 мкв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан байна.

1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгосон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/257 дугаар тушаалын хавсралтын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.4. Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Н*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Б******* ам нэртэй газарт Аялал жуулчлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр 43353 м.кв талбай бүхий газар ашиглах хүсэлтээ Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Манай компаниас гаргасан уг хүсэлтийг тус захиргаанаас хянаж үзээд ашиглахаар хүсэлт гаргасан газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхийг дэмжиж санал өгсөн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1577 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатад, мөн ашиглахаар хүсэлт гаргасан газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байна гэсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1578 дугаартай "Санал хүргүүлэх тухай” албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт тус тус хүргүүлсэн. Ингээд манай компани "Т*******" ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, аялал жуулчлалын цогцолбор төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Гэрээ ажлын хөлсөнд тус компанид 3,000,000 төгрөг төлсөн. Мөн "М*******" ХХК-тай "Зураг төсөл боловсруулах гэрээ"-г 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, барилгын эскиз зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээт ажлын хөлсөнд 1,375,000 төгрөг төлсөн. Үүний дараагаар манай компаниас газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04, 05 тоот албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын албан бичгүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/257 дугаар тушаалаар нэхэмжлэгч "Н*******" ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар Б******* аманд 4,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар буюу “Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/257 дугаар тушаалаар тус компанид олгосон газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан "Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон гэх мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэг цэгээс газар ашиглах эрхийн гэрчилгээгээ авахаар очихдоо тус газрын үйлчилгээний ажилтнаас мэдсэн бөгөөд үйлчилгээний ажилтан танай компанид олгосон газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон болохоор газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох боломжгүй, тушаалын хуулбарыг авах бол албан хүсэлтэд өгнө гэсэн.

Ингээд нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 тоот "Хүсэлт гаргах тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хуулбарыг авах хүсэлтийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг шуудангаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан. Ингээд нэхэмжлэгч компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг тушаалыг дараахь үндэслэлүүдээр хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй захиргааны хууль бус акт гэж үзэж байна. Үүнд:

1. Хууль зүйн үндэслэлгүй:

1.1. Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны акт буюу манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаа гаргахдаа өөрийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалыг үндэслэлээ болгосон байна. Гэтэл үндэслэлээ болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан "Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай" захиргааны хэм хэмжээний акт бөгөөд батлагдаж гарсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр /2022.09.30/-ийн байдлаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байна.

Өөрөөр хэлбэл уг хэм хэмжээний акт нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/296 дугаар тушаал гарсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болоогүй байсан байна. Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан "Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэгдээгүй, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдээгүй байгаа нь:

a. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай эмхэтгэл,

б. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай эмхэтгэл,

в. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай эмхэтгэл,

г. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай эмхэтгэл,

д. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай эмхэтгэл,

е. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай эмхэтгэл,

ё. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай эмхэтгэл,

ж. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай эмхэтгэлд уг тушаал, хавсралтын хамтаар нийтлэгдээгүй байгаагаар нотлогдож байгаа болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ" гэж заасны дагуу өөрийн баталсан захиргааны хэм хэмжээний актаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх хууль тогтоомжид үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна.

 Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу "зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд хуульд заасан эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй юм".

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар "Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай" тушаал хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн хууль бус захиргааны акт байна.

1.2. Холбогдох хуулийн заалтад үндэслээгүй:

1.2.1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад үндэслээгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрх олгох тухай тушаалыг үндэслэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж гаргадаг бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг тушаал нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслээгүй байна.

1.2.2. Захиргааны ерөнхий холбогдох хуулийн заалтад үндэслээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 тоот газар ашиглах эрх олгох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар "Н*******" ХХК-ийн хувьд эрх олгосон эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.

Гэтэл уг эерэг үйлчлэл бүхий тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг огт үндэслэлээ болгоогүй байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг тушаал нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна.

2. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд заасан тусгай зарчмуудыг зөрчсөн:

2.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах зарчмуудыг зөрчсөн:

"4.2.1. хуульд үндэслэх;

4.2.3. хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

4.2.5. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах.

Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд ямар нэг байдлаар хохирох ёсгүй бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу газар ашиглахаар хүсэлт гаргаж, төрийн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зардал гаргаж байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажил хийлгэсэн "Н*******" ХХК-ийн итгэл үнэмшил Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэл хамгаалах" зармын дагуу бүрэн хамгаалагдах ёстой.

3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн:

3.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчоор оролцуулж, оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй:

Манай компани нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно" гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын захиргааны шийдвэр гаргах уг ажиллагааны оролцогч мөн юм.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийг уг шийдвэр гаргах ажиллагаанд огт оролцуулаагүй, хуулиар олгогдсон оролцогчийн эрхийг огт эдлүүлээгүй болно.

3.2. Нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй:

Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэг хүлээсэн ч энэ үүргээ огт биелүүлж ажиллаагүй байна.

3.3 Сонсох ажиллагаа явуулаагүй:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, манай компаниар ямар нэг тайлбар тайлбар гаргуулахгүйгээр гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудаар хүлээсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох, түүнд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх, уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах, уг этгээдийг санал, тайлбар гаргах боломжит хугацаагаар хангах үүргээ огт биелүүлж ажиллаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд манай компаниас ямар нэг тайлбар гаргуулаагүй, нотлох баримт гаргуулаагүй, нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй ийнхүү хууль зөрчин газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал байж гаргасан нь манай компанийн эрх, хууль хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байгаагаас гадна санхүүгийн хувьд ч мөн хохирол учруулаад байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар "Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай" тушаалын "Н*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компанийн тухайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Б******* ам нэртэй газарт аялал жуулчлалын цогцолборыг хэрэгжүүлэхээр 2020 оноос эхлээд газар ашиглах хүсэлтээ хууль тогтоомжид заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаад хамгаалалтын захиргаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх саналыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болон бусад газар ашиглагчийн газартай давхцалгүй гэсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байдаг.

Манай компаниас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох гэрээ байгуулаад гэрээний хөлсөнд 3,000,000 төгрөг төлж ажил гүйцэтгүүлсэн. Түүнээс гадна зураг төсөл боловсруулах гэрээг “Монгол архитектур” ХК-тай байгуулаад барилгын ажлын хөлсөнд 1,375,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0405 дугаартай газар ашиглах эрх хүссэн албан бичиг өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн газар ашиглах эрх олгох тухай А/257 тоот тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газарт Богдын аманд 4.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар буюу аялагч зөвшөөрөл бүхий бусад газарт отоглох ажиглалт хийх гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах олгож шийдвэрлэсэн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэг цэгийн үйлчилгээнээс газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар очиход газар ашиглах эрхийн гэрчилгээ өгөх боломжгүй, учир нь 08 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар танай газрыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 тоот дотоод бүсийг шинэчлэн батлах тухай сайдын тушаалаар хамгаалалтын бүсэд орсон гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна, хүчингүй болгосон шийдвэрийг авахын тулд албан бичгээр хүсэлт өгөөрэй гэсэн. Ингээд албан хүсэлтийг 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Тухайн хүчингүй болгосон шийдвэрийг 09 дүгээр сарын 09-ний өдөр бид шуудангаар хүлээж авсан.

Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалыг хэд хэдэн үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

1/ Хуульд үндэслээгүй байна. Гол үндэслэл нь 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаал бол 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал байсан. Тухайн тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний актыг шинжийг хангасан гэж үзэж байгаа. Учир нь захиргааны хэм хэмжээний акт нь захиргааны актаас гол шинж чанар нь байнга давтагддаг шинжтэй буюу дараа дараагийн удаад хэрэглээд явах боломжтой байдаг. Зөвхөн нэхэмжлэгч компанид холбогдох эсвэл тодорхой хуулийн этгээд, иргэдэд хамаарахаар заасан бол захиргааны акт болж хувирна. Энэ бол хамгаалалтын бүс ямар байх гэдэг байдлаар бүс тогтоосон шийдвэр байгаа. Дараагийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай шийдвэр гарах хүртэл хугацаанд үйлчлэх ёстой. Тэр хугацаанд газар ашиглах эрх хүссэн этгээдэд хамгаалалтын бүсэд байх юм бол газар олгох боломжгүй. Хязгаарлалтын бүсэд байх юм бол газар олгох асуудал боломжтой эсэхийг нь хуульд заасны дагуу шийдвэрлээд явах агуулгатай юм. Тэгэхээр энэ бол захиргааны хэм хэмжээний акт юм. Захиргааны хэм хэмжээний акт ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хууль зүйн яаманд буюу захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгүүлээд улмаар эмхэтгэл нийтлэгдээд хүчин төгөлдөр болно. Хэрвээ дээрх шаардлагыг хангаагүй бол эрх зүйн үйлчлэлгүй гэж үзээд тухайн захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй иргэн хуулийн этгээдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалтууд байдаг.

Нэхэмжлэл гаргах өдөр буюу 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль зүйн яамнаас тодруулахад тухайн шийдвэрийг бүртгээгүй, бүртгүүлэх хүсэлтийг ирүүлээгүй гэдэг хариу өгч байсан. Хүчин төгөлдөр болоогүй, үйлчилж эхлээгүй эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актыг үндэслэсэн учир хууль зүйн үндэслэлгүй юм.

2/ Холбогдох хуулийн заалтыг үндэслээгүй. Маргаан бүхий газар ашиглах эрхтэй холбоотой асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Тус хуулийн 40 дүгээр зүйлд хоёр үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно гэсэн. 08 дугаар сарын 11-ний өдрийн тушаал бол дээрх хоёр заалтыг үндэслээгүй шийдвэр гарсан байдаг.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан өөрсдийнхөө үйл ажиллагаанд баримтлах гол зарчмууд болон шийдвэр гаргах ажиллагаануудын журмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. 07 дугаар сарын 08-ны өдрийн газар ашиглах эрх олгосон тушаал нь нэхэмжлэгч компанид эрх олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны акт бөгөөд актыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дугаар зүйлд заасан үндэслэлийг зааж хүчингүй болох ёстой. Мөн хуулийн 38.2.1-д хүчингүй болгохоор заасан боловч тухайн акт үйлчилж эхлээгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасныг үндэслэж холбогдох шийдвэр гаргаагүй байна.

3/ Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд нийцэх зарчмыг баримтлаагүй байдаг. Мөн зорилгодоо нийцэж шийдвэр үндэслэлтэй байх зарчмаа зөрчсөн гэж үзэж байна. Зорилго нь 07 дугаар сарын 01-ний өдрийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаалыг харахад мод тарихтай холбоотой эсвэл ногоон бүсийг тэлэхтэй холбоотойгоор хамгаалалтын бүсийг тэлээд арга хэмжээ авах талаар 07 дугаар сарын 01-ний өдрийн үндэслэл хэсэгт байгаа. Бодит нөхцөл байдлын тухайд зургаас харахад хүчин төгөлдөр байгаа ажиллах эрхтэй компани тойроод зурагдсан байгаа. Манайх болохоор газар ашиглах хүсэлтээ 2020 оноос хойш өгөөд 2 жил гаруй хугацаанд энэ асуудал явж байгаа. Тухайн тохиолдолд өргөдөл гаргасан этгээд газар ашиглах эрх олгох асуудал 7 хоногийн хугацаанд гарч байгаа зүйл биш юм.

4/ Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилж мэдэгдэх, оролцоог хангах гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь 2020 онд анх санал авах үед давхцалгүй байсан. Ингээд хамгаалалтын захиргаанаас ирсэн саналыг үндэслээд тодорхой зардал, цаг хугацаа зарцуулаад 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ашиглах эрх олгох хүртэл тодорхой зардал гаргаад явж байсан. Энэ бол нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж үзэж байгаа.

07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийн үндэслэл бол хамгаалалтын захиргаанаас санал ирсэн байгаа. Тэр саналыг бид хэд хараахан хараагүй байгаа. Нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны итгэлийг хангах асуудал яригдах юм. Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн. Шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага хуульд зааснаар оролцвол зохих этгээдийн оролцоог хангаагүй. Хүчингүй болгох мэдээллийг 08 дугаар сарын 30-ны өдөр нэг цэгийн үйлчилгээнээс мэдээд албан хүсэлт бичиж өгсний үндсэн дээр хүчингүй болгосон шийдвэрийг анх авсан. Түүнээс гадна оролцогч гэж хэнийг хэлэх вэ гэхээр захиргааны байгууллагаас гарч байгаа тухайн шийдвэр шууд болон шууд бусаар эрх зүйн үйлчлэлд чиглэж байгаа этгээдийг оролцуулах гэж ойлгож байгаа. 08 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч байгууллагад газар ашиглах эрх олгогдож, гэрчилгээ гарсан байсан. Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа учир нэхэмжлэгчийн газар ашиглах эрх яригдана. Шийдвэр гаргахад зайлшгүй оролцуулах гэдэгт нэхэмжлэгч хамаарч байхад оролцуулаагүй шийдвэрийг гаргасан.

Дараагийн асуудлын тухайд нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Анх шийдвэр гаргахаас эхлээд нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдэх ёстой. 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрт заавал өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдэг зүйл байна. Хэрвээ өөрчлөлт оруулахаар бол зайлшгүй тодорхой аргачлал журам байх ёстой байх. Яг хэний эрх ашиг хамгаалагдаж, хэний эрх ашиг зөрчигдөж, хөндөгдөж болзошгүй вэ гэдгийг захиргааны байгууллага тодруулаад тухайн этгээдэд мэдэгдээд санал тайлбарыг цуглуулаад түүний дараагаар санал гарах ёстой. Улмаар эдгээр ажиллагаа ерөөсөө явагдаагүй. Зөвхөн хамгаалалтын бүсэд орсон учир газар ашиглах эрхийг хүчингүй болгож байна гэдэг.

Мөн нэг асуудлын тухайд сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой байсан. Тайлбарын тухайд нэхэмжлэгч компаниас авах ёстой байсан. Сонсох ажиллагаа хийнэ гэдэг бол буцаагаад захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, иргэдийн итгэлийг хамгаалах боломжтой шийдвэр гарах юм. Сонсох ажиллагаа хийхгүй байх хуульд заасан үндэслэлүүд байхгүй. Сонсох ажиллагаа хийхгүй байх талаар хуулийн 28 дугаар зүйлд зааж өгсөн. Хэрвээ хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулахгүй байх нөхцөл байдал тогтоогдсон бол захиргааны байгууллага өөрсдөө нотлох үүрэгтэй. Иймд сонсох ажиллагаа огт хийгээгүй нөхцөл байдлыг тогтоогоогүй, оролцоог хангаагүй гэсэн үндэслэлээр эрх зүйн  шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг үндэслэлүүдээр тухайн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, хуульд үндэслээгүй хууль бус захиргааны акт учир хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хамгаалалтын бүсэд газар олгохгүй гэж нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Анх санал гаргаад явж байсан буюу газар ашиглах хүртэл хамгаалалтын бүстэй давхцалгүй бусад газар ашиглаж байгаа этгээдийн газартай давхцалгүй гэж үзсэн учраас өнөөдрийг хүртэл газар ашиглах эрх олгох боломжтой байна гэдэг үүднээс ажиллагаа хийгээд явж байсан. 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр хамгаалалтын бүсэд орсон гэдэг шийдвэрээр хүчингүй болгож байгаа нь анх газар ашиглах эрх үүсэхэд хамгаалалтын бүсэд байна гэдэг үндэслэлээр газар олгохгүй гэж шийдвэрлэж байгаагаас ялгаатай учраас хуульд заасан ажиллагаануудыг хийнэ үү, мөн хуульд нийцсэн байх ёстой асуудал нь хуульд нийцээгүй зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8, 10 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим"-ын 3 дугаар хэсгийн 15а дахь заалтыг үндэслэл болгон "Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн заагийг шинэчлэн баталсан. Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хилийн зааг тогтоосны дараа "Газар ашиглах эрх олгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын хавсралтаар /11-д/ "Н*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Б******* аманд 43353 м2 газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус олгосон газар нь "Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхацсан байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн "Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай" А/296 тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалын хавсралтын "Н*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн "Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай" А/296 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ талаарх тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны тушаалаар цуцалсан. Улмаар 2 компанийн газар ашиглах эрх хүчингүй болсон. Энэ тушаалыг гаргах үндэслэл бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл, 36 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглахаар заасан. Харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хамгаалалтын бүсэд орсон нь тогтоогдсон. Тушаал гарахаас нэг сарын өмнө буюу 07 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тогтоол шинэчилж тогтоох тухай тушаал гаргаад хамгаалалтын бүсийг тэлсэн. Тушаалын биелэлтийг хангуулж мэдээллийн санд оруулаагүй байсан учраас нэхэмжлэгчид 07 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрх олгосон байсан. Хүчингүй болгож байгаа нь Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим гэх тогтоолоор хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хамгаалалтын бүс тогтоох эрхийг олгосон. Үүний дагуу бүсийг тогтоогоод нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчилдсөн учир тушаалын хавсралтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд өргөдөл гаргах хугацаанаас үл хамаараад хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх нь захиргааны байгууллагад байгаа. Тийм учир тушаалыг гаргаж хамгаалалтын бүсэд орсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус тушаал нь хууль ёсны тушаал юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний акт байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалалтын бүс тогтоох эрхийг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуульд нийцсэн мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад нийцсэн тушаал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,

-Эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн,

-Хариуцагчаас багагүй хугацаанд тухайн газрыг ашиглах эрх олгох боломжтой мэт итгэл төрүүлж явсан атлаа шийдвэр гарснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа А/257 дугаар тушаалаар өмнө гаргасан актаа хүчингүй болгосон тул тухайн акт нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны актад тооцогдоно,

-Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг зөрчсөн, мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан. 

3. Цаг хугацааны дарааллаар авч үзвэл,

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр “... иргэдийн амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчин бүрдүүлэх болон ногоон байгууламж байгуулах зорилгоор ... цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх өргө хэмжээний дагуу Богд уулын зүүн талыг газар ашиглалтаас чөлөөлж ногоон хэрэм байгуулах замаар ойжуулах, Богд уулын эко системийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүсийн хэмжээг 5562.5 га газраар холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэгдүүлэх” зөвлөмж гаргасан,

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 25ны өдрийн А/138 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, байгаль орчны мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтийг судлан дотоод бүсийн хилийн заагийг газар дээр нь нарийвчлан тогтоож, шаардлагатай тохиолдолд шинэчлэх, өөрчлөлт оруулах асуудлаар үндэслэл бүхий тайлбар, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан,

3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот зөвлөмж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүс”-ийг шинэчлэн баталсан,

3.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаалаар “Н*******” ХХК-д Баянзүрх дүүрэг, Б******* ам, Богдхан уулын дархан цаазат газарт 43353 мкв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон,

3.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалаар “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар баталсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/257 дугаар тушаалын хавсралтын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг эрх зүйн баримт бичгүүд болон захиргааны акт гарсан байна.  

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3-2/100 тоот лавлагаанд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” А/243 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлээгүй, бүртгэлгүй байна” гэжээ.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэх" дэглэм мөрдөхөөр хуульчилжээ.

6. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болох үйл ажиллагааг нэрлэн зааж, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар тус тус зохицуулжээ.

7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тохиолдолд тухайн газрыг ашиглуулахаар олгох боломжтой байна.

8. Гэтэл маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүс”-тэй давхцалтай байх тул хариуцагч нь уг газрыг ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгох боломжгүй юм.

9. Энэ тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;” гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, дархан цаазат газрын дэглэмийг зөрчиж аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон өөрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

10. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар тухайн газрыг дархан цаазат газрын дотоод хамгаалалтын бүсэд хамаарахаар тогтоосноос хойш 7 хоногийн дараа “Н*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэдий ч энэхүү богино хугацаа нь нэгэнт дотоод хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газрыг ашиглуулах эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсгэхгүй, харин төрийн захиргааны үйл ажиллагааг хуульд нийцүүлэх зорилгоор, хууль зөрчиж гарсан захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрийн алдааг залруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд хуульд заасан журмын дагуу бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн, хамгаалалтын дотоод бүсийг тогтоохдоо зэргэлдээ боловч эрх олгосон тушаалтай газруудыг оруулалгүй, яг манай хүсэлт гаргасан газрыг оруулсан нь ойлгомжгүй” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/243 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй, түүнчлэн уг тушаалыг захиргааны илт хууль бус хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал,

11.1 Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан ба хууль тогтоогчоос хуулийн энэхүү заалтыг “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

11.2. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 15 дугаар зүйлийн “а”-д зааснаар Байгаль  орчны  асуудал хариуцсан  төрийн  захиргааны төв  байгууллага  Тусгай хамгаалалттай  газар  нутгийн  тухай Монгол  Улсын хуулийн  27  дугаар  зүйлд  заасныг хэрэгжүүлэх хүрээнд “дархан цаазат газрын онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсийн заагийг газрын зурагт тэмдэглэн баталгаажуулах”-аар журамласан байна.

11.3. Дээрх 3.1, 3.2, 11.1, 11.2-т дурьдсанаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/243 дугаар тушаал нь хамгаалалтын бүсэд хамаарвал зохих орон зайг тодорхойлж, тухайн бүсэд хамаарах газрыг ашиглуулахаар олгохгүй байх үүргийг нийтэд бус зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад бий болгосон агуулгатай байх тул захиргааны хэм хэмжээний актад  хамаарахгүй, дотогш чиглэсэн шинжтэй акт байхын зэрэгцээ тухайн тушаал нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгохоос өмнөх цаг хугацаанд батлагдаж, хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байх тул нэхэмжлэгч талын “Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд хуульд заасан журмын дагуу бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэсэн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

11.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/243 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоохдоо нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрыг оруулж тогтоох хэрэгцээ, шаардлага байсан эсэх асуудлаар, уг тушаалтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх “хамгаалалтын дотоод бүсийг тогтоохдоо зэргэлдээ боловч эрх олгосон тушаалтай газруудыг оруулалгүй, яг манай хүсэлт гаргасан газрыг оруулсан нь ойлгомжгүй” гэх тайлбарт дүгнэлт хийх боломжгүй.

11.5. Хариуцагчаас дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн  тогтоосон шийдвэр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, харин нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгосон шийдвэр нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... сонсох ажиллагаа хийсэн талаар тайлбар байхгүй” гэсэн тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс дүгнэхэд нэхэмжлэгч талын “... мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

13. Гэвч хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй, мөн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

14. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/243 дугаар тушаал хүчин төгөлдөр бөгөөд уг тушаалаар тогтоосон дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглуулах эрх олгох эрх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад олгогдоогүй, түүнчлэн шүүхээс дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх үүсгэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

15. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн зурган мэдээллээс үзвэл нэхэмжлэгч “Н*******” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын Б******* аманд олгосон 43353 мкв газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/429 дүгээр тушаалаар тогтоогдсон дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаараагүй, харин мөн сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан дотоод бүсэд багтсан болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинэчлэн батлагдсан дотоод хамгаалалтын бүсийн зураг кадастрын мэдээллийн системд бүртгэгдээгүй байснаас нэхэмжлэгчид газар олголт хийгдсэн” гэж тайлбарласан.

16. Энэ тохиолдолд “Хариуцагчаас багагүй хугацаанд тухайн газрыг ашиглах эрх олгох боломжтой мэт итгэл төрүүлж явсан атлаа шийдвэр гарснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа А/257 дугаар тушаалаар өмнө гаргасан актаа хүчингүй болгосон” гэх тайлбар үндэслэлтэй, харин энэ нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтаас хамаарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын “тухайн акт нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны актад тооцогдоно” гэх тайлбарыг үндэслэлгүй, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хамааралтайгаар үүссэн хохиролтой холбогдуулж гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

17. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ