Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/02348

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сары 19 өдөр

181/ШШ2022/02348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б/РД: /-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энэрэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 сарын 02-ны өдөр Д.Баатархүүгийн Төрийн банк дахь 102100067275 дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг Д.Отгонцэцэгийн өмнөөс шилжүүлсэн.

Гэвч тус мөнгийг миний бие Д.Отгонцэцэгт өөрт нь өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн бөгөөд миний бие Д.Баатархүүд ямар нэгэн өглөг байгаагүй тул дээрх андуурч хийсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Ж.*******ын өмгөөлөгч Ж.Энэрэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баатархүүгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Отгонцэцэг хэдэн төгрөгийн төлөлт хийсэн гэдэг нь харагдана. Хаан банкны шилжүүлэгт дурдагдсан. Д.Отгонцэцэг болон Д.Баатархүү нарын маргааны үед төлөгдсөн баримт хэрэгт огт авагдаагүй. Ж.******* болон Д.Баатархүү нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа байхгүй. Д.Отгонцэцэгт шилжүүлэх ёстой мөнгөө Д.Баатархүү рүү шилжүүлсэн учраас эгүүлээд авъя гэж байгаа. гэв. 

 

 

Хариуцагч Д.Баатархүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*******ын нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Д.Баатархүү би дараах тайлбарыг гаргаж байна. Ж.******* бид 2 найз нөхдийн, харин Д.Отгонцэцэг бол Ж.*******тай гэр бүлийн харилцаатай хүмүүс. 2013 оны 07 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууцны барилгаас 1 давхарын 80 м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг Ж.*******, Д.Отгонцэцэг нар надаас худалдан авсан.

Ж.*******, Д.Отгонцэцэг нараас би үндэслэлгүйгээр нэгч төгрөг аваагүй харин ч надаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч, шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй явж байгаа.

Миний худалдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө одоо нэхэмжлэгч Ж.*******ын нэр дээр шилжсэнийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн. Нэхэмжпэгч нь надаас үндэслэлгүйгээр 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Төрийн банкны 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Орлогын мэдүүлэг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2211070100929 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн баримтаар гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00369 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д.Баатархүүд холбогдуулан 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Баатархүү би үндэслэлгүйгээр нэг ч төгрөг аваагүй гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Д.Баатархүү нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Отгонцэцэг, Ж.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 157,245,000/нэг зуун тавин долоон сая хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Баатархүү нь хариуцагч Ж.*******аас татгалзаж, шүүх Д.Баатархүү болон Д.Отгонцэцэг нар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг тогтоож, Д.Отгонцэцэгээс 137,745,000 төгрөгийг гаргуулан Д.Баатархүүд олгохоор шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00369 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчид Д.Отгонцэцэгийн өмнөөс 15,000,000/арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банк ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00369 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгч Ж.******* болон хариуцагч Д.Баатархүү нарын хооронд гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000/арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банк ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь мөнгийг Д.Отгонцэцэгт өөрт нь өгөх ёстой байсныг Д.Баатархүүд андуурч хийсэн гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгчийн тус тайлбар үндэслэлтэй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1717 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00369 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000/арван таван сая/ төгрөгийг шижлүүлэх үүрэг үүссэн гэж ойлгож, Д.Отгонцэцэгийн өмнөөс хариуцагчид 15,000,000/арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч зохигчдын хооронд үүрэг үүсээгүй байна.

 

Хариуцагч нь 15,000,000/арван таван сая/ төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баатархүүгээс нийт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баатархүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баатархүүгээс нийт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баатархүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ