Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/02437

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/02437

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б/РД: /,

 

Нэхэмжлэгч: О.С/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б/РД:/-т холбогдох,

 

24,000,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Баярбат,******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баярбат,******* бид 2019 оны 10-р сарын 22-нд танил Г.Батбаатарын хувийн гуйлтаар ам тохиролцооны үндсэн дээр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд хүдрийн уурхайн 8 км замын газар шорооны ажлын 20 хоногт багтаан дуусгаж өгөхөөр очиж ажилласан ба бидэнд урьдчилгааны мөнгө өгсөн. Очоод ажиллаж байтал 20 хоногийн ажил маань бүтэн 2 сар сунжран нийт 57 хоног болсон нь биднээс шалтгаалаагүй юм. Хариуцагч Г.Батбаатар нь бусдаас автогрейдер худалдан авсан мөнгөө төлөөгүйгээс худалдагч тал нь маргаан үүсгэн, автогрейдерээ буцаан авч ажил зогссон, мөн экскаватор нь эвдэрснээс хоног алдаж сунжирсан.

Нийт 10 жолооч ажиллуулсны зарим нь дундаас нь ажлаа орхиод явсан ч бид хоёрыг битгий яваач, энэ ажлыг дуусгаад өгөөч гээд гуйгаад байхаар нь үргэлжлүүлэн ажилласан. Нийт 8 км замын шороог нь тавьж дуусгаад өгөх ёстой үлдэгдэл мөнгөө авъя гэтэл дараа өгье гээд өдийг хүрлээ.

Г.Батбаатар нь ажиллуулж байгаа нөгөө талын Чин Хаш ХХК-иас 100 сая төгрөг бэлнээр авсан мөртлөө бидэнд өгөх ёстой үлдэгдэл мөнгийг өгөлгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрч байна.

Тэгээд манай үйлчлүүлэгчид өөрийнхөө ажлыг хийж гүйцэтгэсэн. Урьд нь урьдчилгаа гээд 1,000,000 төгрөг өгсөн. Хэрэгт тооцоо нийлээд гарын үсэг зурсан баримт байгаа. Хариуцагч талын төлөөлөгч эх хувь баримт биш гээд байгаа. Г.Батбаатар гараараа бичээд та 2 зургийг нь авчих гэсэн. Нийт тооцоо нийлсэн актыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн байдаг.

Иймд хариуцагч Г.Батбаатараас тооцоо нийлж, харилцан тохиролцсон ёсоор үлдэгдэл болох С.Баярбат надад 9,000,000 (есөн сая) төгрөг,******* надад 15,000,000/арван таван сая/ төгрөг, нийт 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Г.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Баярбат,******* нарын шүүхэд гаргасан 9 сая, 15 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн С.Баярбат,******* болон Г.Батбаатар нарын хооронд гэрээгээр тохирсон үүрэг үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй.

Бидний хооронд тухайн ажлын гүйцэтгэлийг хэзээ дуусах, төлбөр нь хэд байх талаар гэрээгээр тохирсон зүйлгүй бөгөөд 9 сая, 15 сая төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нар амаар тохирсон ажлаа дуусаагүй, үүнд Г.Батбаатар миний буруу байгаагүй. Үүнд байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, мөн дэлхийн нийтэд коронавируст цар тахал гарсантай холбогдуулан хамтран ажиллаж байсан хятад компани гэрээгээ цуцалж уг ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон.

Мөн миний бие тухайн компаниас 100 сая төгрөг авсан асуудал байхгүй бөгөөд ажлын нөхцөл байдалд гарч байсан зардлыг захиалагч тал гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч нарын шаардаж буй мөнгийг төлөх боломжгүй юм.

Иймд ажлын гүйцэтгэлийн хэмжээ, хугацаа, ажлын хөлс зэргийг тохирсон гэрээ хэлцэлгүй байхад мөнгө шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэл нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, хуульд үндэслээгүй бөгөөд ямар учраас мөнгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан компани нь өөр хүний эзэмшилд байгаа бөгөөд миний бие тухайн компанитай аливаа холбоогүй хамааралгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хариуцагчийн баримтаар гаргасан Хаан банкны 2019 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 9913 УНЗ тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлсөх гэрээ, шүүхийн журмаар бүрдүүлсэн Чинхаш ХХК-ийн 2022 оны 8-р сарын 01-ний өдрийн №22/26 тоот албан бичиг, 2017 оны 8-р сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10-р сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 8-р сарын 01-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Чинхаш ХХК-ийн 2022 оны 8-р сарын 18-ны №21/34 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Баярбат, нэхэмжлэгч******* хариуцагч Г.Батбаатарт холбогдуулан 9,000,000/есөн сая/ төгрөгийг, 15,000,000/арван таван сая/ төгрөгийг нийт 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нар амаар тохирсон ажлаа дуусаагүй, үүнд Г.Батбаатар миний буруу байгаагүй гэх хариу тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Чинхаш ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ворлд Эвент Монголиа ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Тус Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар Ворлд Эвент Монголиа ХХК нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутагт орших Зүүнтойром хүдрийн уурхайн тээвэр зориулалтын 15,8 км урт, 7 метрийн өргөнтэй, 40 см зузаантай сайжруулсан шороон авто замын ажлыг гүйцэтгэх, Чинхаш ХХК нь төсөл гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг хариуцаж Ворлд Эвент Монголиа ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Чинхаш ХХК, Ворлд Эвент Монголиа ХХК нарын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан тус Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Чинхаш ХХК, Ворлд Эвент Монголиа ХХК нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 тал харилцан хянаж, хоёр зогссон зам засах ажлыг үргэлжлүүлэхээр шийдэж гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцсон болох нь Чинхаш ХХК болон Ворлд Эвент Монголиа ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээг байгуулах үед хариуцагч Г.Батбаатар нь Ворлд Эвент Монголиа ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Батбаатарын захирлаар нь ажиллаж байсан Ворлд Эвент Монголиа ХХК нь 2019 оны 10 дугаар сард Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутагт орших Зүүнтойром хүдрийн уурхайн тээвэр зориулалтын 15,8 км урт, 7 метрийн өргөнтэй, 40 см зузаантай сайжруулсан шороон авто замын ажлыг гүйцэтгэхээр үргэлжлүүлэн ажилласан болох нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий болон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ... нэхэмжлэгч нар амаар тохирсон ажлаа дуусаагүй, үүнд Г.Батбаатар миний буруу байгаагүй ... байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, ... коронавируст цар тахал гарсантай холбогдуулан хамтран ажиллаж байсан хятад компани гэрээгээ цуцалж уг ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон ... гэжээ.

 

Хариуцагчийн дээрх хариу тайлбар болон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээ, Хаан банк ХХК-д Г.Батбаатарын эзэмшиж байгаа 5007531959 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч нарын тайлбараар нэхэмжлэгч нар нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутагт орших Зүүнтойром хүдрийн уурхайн тээвэр зориулалтын 15,8 км урт, 7 метрийн өргөнтэй, 40 см зузаантай сайжруулсан шороон авто замын ажилд 3144 УБР, 1895 УНС, 8715УНЦ, 9913УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр шороо зөөх ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5007531959 дугаар депозит данснаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 350,000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 650,000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200,000/хоёр зуун мянга/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000/найман зуун мянга/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000/найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нар амаар тохирсон ажлаа дуусаагүй гэх тайлбар нь Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбар, Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т ... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно., 346 дугаар зүйлийн 346.1Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ... хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж заасан.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутагт орших Зүүнтойром хүдрийн уурхайн тээвэр зориулалтын 15,8 км урт, 7 метрийн өргөнтэй, 40 см зузаантай сайжруулсан шороон авто замын ажлын 8/найм/ км авто замын шороо зөөх ажлыг 20/хорь/ хоногт гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсний урьдчилгааг ажил эхлэхээс өмнө, үлдсэн хэсгийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбар, Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч нь нэхэмжлэгч С.Баярбатад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000/найман зуун мянга/ төгрөгийг, нэхэмжлэгч*******ид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000/найман зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, № 01866052 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгч С.Баярбатад 9,000,000/есөн сая/ төгрөгийг, нэхэмжлэгч*******ид 15,000,000/арван таван сая/ төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчдийн тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ хийх тухай гэрээний хуулбар, Хаан банк ХХК дахь 5007531959 дугаар депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,000,000/есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярбатад, 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ид тус тус олгох үндэслэлтэй.

Ворлд Эвент Монголиа ХХК, Чинхаш ХХК нар нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/08031 дугаар захирамжид заасан баримтуудыг бүрэн ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба зохигчид энэ тухай тайлбар, хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Батбаатараас 9,000,000/есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярбатад, 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ид тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баярбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярбатад, улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ид тус тус олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Батбаатараас 9,000,000/есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярбатад, 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ид тус тус олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баярбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баярбатад, улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ид тус тус олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ