Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2023/00079

 

 

 

 

 

 

 

 

2023 01 04 210/МА2023/00079

 

 

* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * нарын хариуцагч * т холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * , хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * нар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр * ын гуйлтаар Дундговь аймгийн Говь-Угтаал суманд хүдрийн уурхайн 8 км замын газар шорооны ажлыг 20 хоногт багтаан дуусгаж өгөхөөр тохиролцож, урьдчилгаа мөнгө өгсөн. Гэтэл 2 сар буюу 57 хоног болсон нь биднээс шалтгаалаагүй юм. Хариуцагч * нь бусдаас автогрейдер худалдан авсан мөнгөө төлөөгүйгээс худалдагч тал нь маргаан үүсгэн, автогрейдерээ буцаан авч ажил зогссон, мөн экскаватор нь эвдэрсэн. Нийт 8 км замын шороог нь тавьж дуусгаад өгөх ёстой үлдэгдэл мөнгөө авья гэтэл дараа өгье гээд өгөөгүй. * нь ажил хийлгүүлсэн * ХХК-аас 100,000,000 төгрөг бэлнээр авсан атлаа бидэнд өгөх ёстой үлдэгдэл мөнгийг өгөлгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрч байна. Хэрэгт урьдчилгаа гээд 1,000,000 төгрөг өгсөн, тооцоо нийлсэн баримт авагдсан. Хариуцагч талын төлөөлөгч эх хувь баримт биш гээд байгаа. * бичгээр бичиж зургийг нь авчих гэж байсан. Иймд хариуцагч * аас тооцоо нийлж, харилцан тохиролцсон ёсоор үлдэгдэл болох * ад 9,000,000 төгрөг, * ид 15,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч * болон * нарын хооронд гэрээгээр тохирсон үүрэг үүсээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, мөн дэлхийн нийтэд коронавируст цар тахал гарсантай холбогдуулан хамтран ажиллаж байсан хятад компани гэрээг цуцалж уг ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон.

Мөн миний бие тухайн компаниас 100,000,000 төгрөг авсан асуудал байхгүй бөгөөд ажлын нөхцөл байдалд гарч байсан зардлыг захиалагч тал гаргаж байсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний хооронд ажлын гүйцэтгэлийн хэмжээ, хугацаа, ажлын хөлс зэргийг тохирсон гэрээ хэлцэлгүй байхад мөнгө шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * аас 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ад, 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч * ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * аас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ад, улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар 24,000,000 төгрөгийг ямар гэрээг үндэслэн шаардлага гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч * нарт тухайн ажлын саналыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тавьсан боловч тодорхой ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлс төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нар нь тохирсон цаг хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй. Түүнчлэн тухайн үед Короновирус цар тахал гарч, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас хамтран ажиллаж байсан * ХХК нь гэрээг цуцалж цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нар нь тохиролцоогүй хөлс нэхэж амандаа орсон тоогоо нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын 24,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцээгүй тул шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж, хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт цуглараагүй байхад нэг талыг хэт баримтлан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтаар * ХХК, * ХХК-иудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулагдсан. Анх гэрээ байгуулахад * захирал байсан. Харин нэмэлт гэрээнд * ХХК-ийг * төлөөлж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нар * ын гуйлтын дагуу очсон. * ХХК, * ХХК-ийн хооронд ямар гэрээ байгаа гэдгийг нэхэмжлэгч нар мэдэхгүй. Нэг машиныг нэг сарын 8,000,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсон. Нийт 4 машин ажилласан. Ажил удааширч байсан тул бусад машинууд хаяж явсан боловч * гуйсан тул нэхэмжлэгч нар үлдэж ажилласан. * нар зөвхөн замын шороог зөөж, буулгах үүрэг хүлээсэн бөгөөд уг ажлаа хийж гүйцэтгэсэн. Тооцоо нийлж, * ад 15,000,000 төгрөг, * ид 9,000,000 төгрөг олгохоор тохиролцож, гарын үсэг зурсан. Уг баримтын эх хувь * т үлдсэн атлаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Коронавирусын цах тахалтай холбоотой нөхцөл байдал байсан нь үнэн. * ХХК нь ажлаа дутуу гүйцэтгэсэн тул * ХХК нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан. Хариуцагч нэг ч төгрөг аваагүй гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сард хүртэл хугацаанд * ХХК нь * ХХК-аас 212,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * нар нь хариуцагч * т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь ...хариуцагчаас хийсэн ажлын хөлсөө гаргуулна гэж, хариуцагч ...нэхэмжлэгч нар амаар тохиролцсон ажлаа хийж дуусгаагүй мөн ковид цар тахлын улмаас гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх-1, 22/

3. * ХХК, * ХХК нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших * ХХК Зүүн тойрмын хүдрийн уурхайн тээвэр зориулалтын 15,8 км урт, 7 метрийн өргөнтэй, 40 см зузаантай сайжруулсан шороон авто замын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь төсөл гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэр болох НӨАТ багтсан 410,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба уг гэрээг талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сунгаж, 2 зогссон зам засах ажлыг үргэлжлүүлэхээр шийдэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд гэрээ байгуулах үед хариуцагч * нь * ХХК-ийн захирлаар ажиллаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх98-105/

3.1 Дэээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нар нь уурхайн тээврийн сайжруулсан шороон авто замын ажлыг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх41-46, 98-105/

3.2 Зохигчид Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр хийх шаардлага хуулиар тавигдаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

6. Анхан шатны шүүх талууд гэрээ байгуулан зохих ёсоор ажил гүйцэтгэсэн хэдий ч ажлын хөлсний хэмжээг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу ажлын хөлсний урьдчилгааг ажил эхлэхээс өмнө, үлдсэн хэсгийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгч нарт ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг төлсөн үйл баримтын талаар шүүх зөв дүгнэжээ.

7. Хариуцагч * нь нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хариуцагч нь нэхэмжлэгч * ад 800,000 төгрөг, нэхэмжлэгч * ид 800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан бичгийн баримтад дурдсан төлбөрийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг хүлээсэн болохыг зөвшөөрсөн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. гэж, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж тус тус заасантай нийцжээ.

8. Иймд шүүх хариуцагч * аас 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ад, 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ид тус тус олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй тул ...ажлаа хүлээлгэж өгөөгүй, ковид цар тахлын улмаас захиалагч компани гэрээ цуцалсан, тохиролцоогүй хөлс нэхэмжилсэн, хэрэгт хангалтай нотлох баримт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 10 сарын хугацаанд үргэлжлэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...ажлын үр дүн доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэх асуудлаар сөрөг шаардлага гаргах, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.ЦОГТСАЙХАН