Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01916

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01916

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,277,327.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Г.О, хариуцагч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “Г Б” ХХКнь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Г Б” ХХК-тай байгуулсан ЗГ1235113144 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,062,671.44 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,919,704.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 294,951.74 төгрөг, нийт 13,277,327.77 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дэлхий нийтийг хамарсан Ковид өвчин гарч, давагдашгүй хүчин зүйл үүссэнийг Монгол улсын Засгийн газар үнэлж бүх төрлийн зээл төлөлтийг хойшлуулж, энэ хугацаанд зээлийн хүүг бодохгүй байх тогтоол гаргасан. Үүний дагуу зээлийн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар давагдашгүй хүчин зүйл үүссэн тул би 2022 онд байгууллагаараа дамжуулан журмын дагуу зээл хойшлуулж өгөх талаар хүсэлтээ Голомт банкинд хүргүүлсэн. Голомт банк надад мессэжээр ирдэг эргэн Зээл төлөлтийн нэхэмжлэх ирэхээ зогссон тул зээл, зээлийн хүүгийн төлөлт хойшилсон юм байна гэж бодоод явж байтал энэ оны 5 сард банкны ажилтан холбогдож Таны зээл төлөлт хугацаа алдагдсан, зээлийн хүү, алданги нийлээд 13,366,651 төгрөг байна гэснийг тооцож үзэхэд 3 сая гаран төгрөг илүү бодсон байна. Бид анх уг зээлийг авахдаа гэрээний 2.10-т зааснаар даатгуулсан бөгөөд давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж, тухайн зээлийн үлдэгдэл хүү, үндсэн зээлийг даатгалын байгууллагаар төлүүлэх, гэрээний хавсралт 1-т зааснаар зээлийг төлж дуусгахад 27,412,052.47 төгрөгийг төлөх бөгөөд миний төлсөн 16,469,814.66 төгрөгийг хасч, үндсэн зээл, үлдэгдэл хүүг тооцох, мөн банк зээл олгохдоо хууль зөрчин 1%-н шимтгэл суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эргүүлэн олгуулж өгнө үү гэжээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

“Г Б” ХХК-ийн2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №18/02/3029 дугаартай итгэмжлэл

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1235113144 тоот Зээл болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт

Б.Мөнхчулууны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зээлийн дансны хуулга

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай “Г Б” ХХК-ийнгүйцэтгэх захирлын тушаал

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №18/02/4714 дугаартай “Г Б” ХХК-ийнитгэмжлэл зэрэг баримтуудыг өгсөн байна.

Хариуцагчаас:

 

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №27з3 . 2/4873 тоот албан бичиг

Зээлдэгч Ч.Мы 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны Зээлийн дансны хуулга

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1235113144 тоот Зээл болон барьцааны гэрээ (нотлох баримтын шаардлага хангахгүй)

19 цаг 28 минутад 83019999 дугаар луу илгээсэн мессежний зураг (нотлох баримтын шаардлага хангахгүй)

Ч.Мы 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбар

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №1/68 тоот Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Г Б” ХХК-ийнзахиргаанд гаргасан хүсэлт (нотлох баримтын шаардлага хангахгүй)

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс “Г Б” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №27з3 . 2/4873 тоот мэдэгдэл (нотлох баримтын шаардлага хангахгүй)

№16501235113144 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ (нотлох баримтын шаардлага хангахгүй)

Ч.Мы 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэмэлт хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Г Б” ХХКнь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Г Б” ХХК-тай байгуулсан ЗГ1235113144 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,062,671.44 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,919,704.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 294,951.74 төгрөг, нийт 13,277,327.77 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, цар тахал гарсны улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй ба давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбоотойгоор зээл төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүг бодохгүй байх шийдвэрийг төр засгаас гаргасан тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, мөн банк зээл олгохдоо 1%-н шимтгэл суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй, зээл авахад даатгалын гэрээ байгуулсан тул даатгалаас төлөх ёстой гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1235113144 тоот Зээл болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Ч-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №27з3 . 2/4873 тоот албан бичиг, Зээлдэгч Ч.Мы 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны Зээлийн дансны хуулга, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1235113144 тоот Зээл болон барьцааны гэрээ (нотлох баримтын шаардлага хангахгүй), Ч.Мы 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Г Б” ХХК-ийнзахиргаанд гаргасан хүсэлт (нотлох баримтын шаардлага хангахгүй), Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс Г Б” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №27з3 . 2/4873 тоот мэдэгдэл (нотлох баримтын шаардлага хангахгүй), №16501235113144 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ (нотлох баримтын шаардлага хангахгүй), зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч “Г Б” ХХКхариуцагч Ч.М нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн болон цалингийн гэрээ байгуулж, 22 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30/2.6 жил/ сарын хугацаатай байгуулж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, 30 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон үйл баримтад маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дууссан ба Ч.М нь зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болоход тохирсон графикт төлөлтийн хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс гадна 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш үндсэн зээлийн үүрэгт, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үндсэн хүүгийн төлбөрт эргэн төлөлт хийгээгүй байна.

 

Хариуцагч үндсэн зээл 22,000,000 төгрөг, хүү 7,442,015.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,126.60 төгрөг, нийт 29,747,142.43 төгрөг зээлийн гэрээний дагуу төлөх ёстойгоос үндсэн зээлд 11,937,328.56 төгрөг, хүүнд 4,522,311.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,174.86 төгрөгнийт 16,469,814.66 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, одоо график төлөлтийн дагуу үндсэн зээл 10,062,671.44 төгрөг, үндсэн хүү 2,919,704.59, нэмэгдүүлсэн хүү 294,951.74 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэгч шаарджээ.

 

Хариуцагч нь хавтас хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтэд тусгагдсан мөнгөн дүн, тооцоолол зэрэгт маргаагүй, мэтгэлцээгүй боловч 2020 оны 7 дугаар сард цалин, хөлсний хэмжээ буурсан тул өөрийн ажилладаг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн албан бичгээр энэ талаар бичүүлэн, цалингийн зээлийн төлөлтийг зохих журмын дагуу хойшлуулж өгөх-ийг хүсч, өөрийн өргөдлийн хамт “Г Б” ХХК-д өгсөн тул хүүг төлөх боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх агуулга бүхий албан бичгийг хүлээн аваагүй, хариуцагчаас албан бичгийг “Г Б” ХХК-д өгсөн гэж тайлбар гаргаж байгаа бол үүнийгээ нотлох ёстой, гэрээнд хүүг хойшлуулах, бууруулах, хөнгөлөх талаар өөрчлөлт оруулсан зүйлгүй тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагч Ч.Мы дээрх тайлбар, үндэслэлээр талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, оруулсан эсхүл зээл төлөлт, түүний хүүг хойшлуулсан, зэрэг үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, зээл , хүү хойшлуулах хөнгөлөх нөхцөл байдал үүсээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээ байгуулах үед зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуул гэж нэхэмжлэгчээс шаардсаны дагуу даатгалын этгээдтэй, гэрээ байгуулсан, одоо зээлийг төлөх төлбөрийн чадвар буурсан тул даатгалын гэрээний дагуу даатгалаас эрсдлийг хариуцах ёстой гэж мэтгэлцсэн боловч даатгуулагч нь зээлийн гэрээний хугацаанд амь нас алдах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийг биелүүлж чадахгүйд хүрвэл даатгалын гэрээний үүрэг хэрэгжих тул энэхүү татгалзал нь хэрэгт хамааралгүй байна.

 

Мөн Ч.Мы нотлох баримтаар гаргасан зэлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, “Г Б” ХХК-д 2022 оны 07 сарын 25-нд гараар бичиж өгсөн хүсэлт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

 

Ч.М нь банктай зээлийн гэрээ байгуулахад банк хууль зөрчин 1/нэг/ хувийн шимтгэл авсан тул үүнийг гаргуулна гэж хариу тайлбартаа дурдсан, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-т зааснаар зээл хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд нэг удаа 0.65 хувийн шимгэл авахаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж тайлбар гаргасан боловч хариуцагчаас энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй болно.

 

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 6 дугаар зүйлийн 6.6.-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна. гэсэн тул шимтгэлтэй холбоотой асуудлыг хянах бүрэн эрх нь хуульд зааснаар урьдчилсан шийдвэрлэх харьяаллаар буюу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх маргаанд хамаарна гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдийн хугацаанд нэмэгдүүлсэн хүү 294,951.71 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д  Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн, Голомт банк нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй байна.

 

Улмаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хуулийн үйлчлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн хууль, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн сунгасан, хамгийн суулд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. гэж өөрчилсөн байх тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт хууль дагаж мөрдөгдөх хугацаагаар үргэлжлэх ёстой байна.

 

Иймд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд шаардсан 294,951.74 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хангахгүй орхив

 

Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үлдсэн үүрэг болох 10,062,671.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,919,704.59 төгрөг, нийт 12,982,376.03 төгрөгийг Ч.Маас гаргуулж, нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч Ч.Маас 12,982,376.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294,951.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г Б” ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас 222,668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД