Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02318

 

 

 

 

 

 

 

        2022         10          14                                                    181/ШШ2022/02318

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Л.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г С А З” ХХК-д холбогдох,

 

“Г С А З” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 67,861,206 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С, Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Л.Хнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Хминий бие дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

- “Г С А З” ХХК-д 2014 оноос Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2012 оны 06 сарын 15-ны өдрийн   зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулаагүй байхад намайг адил зэрэглэлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах гэсэн утга бүхий 2021 оны 02 сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаал гарч ерөнхий нягтлан бодогчоос ахлах нягтлан бодогчийн албан тушаал буюу 2 шатаар буруулсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй болно. Би 3 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Ерөнхий нягтлан бодогч Улаанбаатар хотод ажилдаг бол тооцооны нягтлан бодогч Өмнөговь аймагт ажиллах учир миний амьдралд хор уршигтай байна. 

“Г С А З” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь хэсэгт 2 нягтлан бодогчийн орон тоо батлагдсан байдаг ба 3 дахь нягтлан бодогчийн орон тоо байхгүй байхад намайг сул орон тоо байхгүй 3 дахь нягтлан бодогчоор томилоод томилсон газарт очсонгүй гэж ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 сарын 10-ны өдрийн Б/152 тушаал нь илт хууль бус гэж үзэж байна. 

- Ажилгүй байсан үеийн цалин сүүлийн 3 сарын дунджаар бодвол 3,770,067 төгрөг болох ба ажилгүй байсан хугацаагаар тооцвол 16 сар болох ба 67,861,206 төгрөг болж байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. 

-2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх эрхтэй гэж үзэж байна. 

-Үндэслэлгүйгээр ажлаас халсан учир Гашуун сухайт авто зам ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор Л.Хнамайг эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. 

 

  1. Хариуцагч “Г С А З” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Л.Хнь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Г С А З” ХХК-ийн Хас банк дахь данснаас “Чингис хаан” банкны данс руу Л.Х-ыгарын үсгээр 2,276,000,000 төгрөг шилжүүлсэн ба хүлээн авагч Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон тул манай компанид их хэмжээний бодит хохирол учруулаад байна. Чингис хаан банк руу шилжүүлсэн 2,276,000,000 төгрөг нь Гашуун сухайт авто зам ХХК-ийн хөрөнгө биш бөгөөд хариуцагч нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн Эрсдэлийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө юм. Л.Хүүнийг тайлбарлахдаа “Б.Б захирал мөнгө байршуул гэж надад үүрэг өгсөн, зурахгүй гэж 3 хоног болсон ба дараа нь шилжүүлэг дээр гарын үсэг зурахгүй бол ажлаасаа халагд гэж шахсаны эцэст аргагүй байдалд орж шилжүүлэг дээр гарын үсэг зурсан” гэж тайлбарладаг. Л.Хнь шууд харилцах субъектүүдэд мэдэгдэж, хууль бус тушаал биелүүлэхээс татгалзах боломжтой байсан боловч нэг ч удаа хандаагүй, нуун дарагдуулсан нь дээрх хууль бус үйлдлийг дэмжсэн, хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй юм. 

Манай компани нь Бараа ажил үйлчилгээ худалдан авах, түүнийг зохион байгуулах тухай журмаар 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл, бараа, ажил үйлчилгээг Үнэлгээний хороо байгуулагдаж сонгон шалгаруулалт хийдэг журамтай. Компанийн удирдах бүрэлдэхүүнд хамаарах Ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны дарга гэх хүн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон энэ журмыг баримтлан үнэнч шударга ажиллаж их хэмжээний хэлцэл болох дээрх гэрээг шууд Чингис хаан банктай биш хэд хэдэн банкнаас санал авч сонгон шалгаруулсны үндсэн дээр Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх ажил хийгдэж болох байсныг Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Хнь хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгээгүй нь хууль бус үйлдэл юм. 

“Г С А З” ХХКнь төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт ерөнхий нягтлан бодогч нь Мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан. Л.Хнь мэргэшсэн нягтлан бодогч биш юм. Иймд дээрх хуулийн шаардлага хангахгүй байгаа учраас цаашид мэргэжлийн алдаа дутагдал дахин гаргахаас сэргийлж Л.Х-ыгтохирох ажлын байран дээр шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан. 4. Ажилтан Л.Хнь Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын ээлжийн амралт, илүү цаг, үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүйгээр бодож 33,229,300 төгрөгийг олгосон, зах зээлийн үнээс өндөр үнэ өртгөөр, сонгон шалгаруулалтын журам зөрчиж бараа худалдан авах зэргээр компанийн эрх ашигт харшлах үйлдлүүд хийж байсан нь Аудитын дүгнэлтээр нотлогддог. Иймд дээрх зөрчил, алдаа гаргасныг компанийн удирдлага буруу гэж үзэн хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөөгүй харин Л.Х-ымэдлэг боловсролд тохирох үндэслэл бүхий шилжүүлэн ажиллуулах тушаал  гаргасан. Гэвч Л.Хнь олон хоног шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас нь чөлөөлсөн. Мөн Л.Х-ыгнягтлан бодогчоор томилсон тушаал гарсны дараа “…надад 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгчихвөл шууд ажлаа өгнө, тэгэхгүй бол шүүхдэнэ…” гэж хамт олондоо ярьж, түүний дотор гүйцэтгэх захиралд хэлж, дарамталж байсан нь энэ хүний ёс зүйгүй үйлдэл бөгөөд санхүүгийн ажил хийхэд огт тохирохгүй хүн гэдгийг батлан харуулж байгааг анхаарч үзнэ үү гэв. 

  1. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: 

Нэхэмжлэгчээс:

 

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-”Г С А З” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаал,

-”Г С А З” ХХК-ийн захиралд гаргасан гомдол,

-Л.Х-ынийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- “Г С А З” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1-72/2021 дугаартай Гомдлын хариу,

-Х.А-ийн №1125610163 дугаартай төрсний гэрчилгээ,

-Л.Х-ы№А1104812 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-”Г С А З” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаартай Л.Х-ыгажлаас чөлөөлөх тухай тушаал,

 

Хариуцагчаас: 

 

-”Г С А З” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 

-”Г С А З” ХХК-ийн Л.Халиунтай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №65R-19-Б-117 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 

-Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, 

-”Г С А З” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/44 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал,

-”Г С А З” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №11 дугаартай тогтоол,

-“Пийк ОМ Аудит” ХХК-ийн “Г С А З” ХХК-ийн аудитлагдсан санхүүгийн тайлан,

-“Пийк ОМ Аудит” ХХК-ийн “Г С А З” ХХК-ийн оны санхүүгийн тайлан,

-”Г С А З” ХХК-ийн захирал асан Б.Баяндэлгэртэй байгуулж байсан Хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоол,

-“Чингис хаан” банканд мөнгө шилжүүлсэн баримтууд,

-“Чингис хаан” банканд мөнгө байршуулсан 

-Л.Х-ымэргэшсэн нягтлан бодогч биш болохыг тодорхойлсон “Мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ын албан бичиг,

-С.Төмөрхуягийн “Г С А З” ХХК-ийн анкет,   

-Л.Х-ынягтлан бодогчоор ажиллаж байх хугацааны цагийн тооцоо,

-”Г С А З” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №25 дугаартай Компанийн шинэчилсэн бүтцийг батлах тухай тогтоол, 

-”Г С А З” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №05 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, 

-”Г С А З” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 

-Б.Э, Д.Ч, Ч.Э, Б.Г нарын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэрчийн мэдүүлгүүд,

 

Шүүгчийн захирамжаар:

 

-Чингис хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №БХ/3322 дугаартай 1466 тоот гомдлын хариу, холбогдох баримтууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №3/4366 дугаартай Л.Х-ыөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,

-Чингис хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №БХ/4061 дугаартай 1774 тоот гомдлын хариу, холбогдох баримтууд,

-Монгол банкны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б-10/546 дугаартай “Чингис хаан” банк ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсныг олон нийтэд мэдээлсэн эсэх талаар тайлбар,

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн №03/439 дугаартай Л.Х-ынийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл,

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №06/3237 дугаартай лавлагаа, 

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №420 дугаартай тодорхойлолт,

-Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №2-46/1475 дугаартай албан бичиг,

-2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б.Баяндэлгэрийг гэрчээр асуусан тэмдэглэл, 

-2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн С.Төмөрхуягийг гэрчээр асуусан тэмдэглэл,

-2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Д.Чулуунбатыг гэрчээр асуусан тэмдэглэл,

-”Г С А З” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:


            4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Л.Хнь хариуцагч “Г С А З” ХХК-д  холбогдуулан “Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/35 тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр анх шүүхэд гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулсан. Үүнд:

 

а/ “Г С А З” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, /хх-2-13/ 

 

б/ Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №Б/152 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 67,861,206 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  эцсийн байдлаар тодруулж, эдгээр шаардлагаа бүхэлд нь дэмжсэн./хх-2-77/

5.1. Нэхэмжлэгч нь “Л.Х-ыгалбан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай”  Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/35 тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь Л.Х-ыгерөнхий нягтлан бодогчоос нягтлан бодогчийн албан тушаалд томилохдоо хууль бусаар 2 албан тушаал бууруулсан, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйг Өмнөговь аймгийн ажлын байранд томилсныг зөвшөөрөхгүй, тушаал бууруулсан шалтгаан нь сахилгын зөрчил гэж үзэж байгаа тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, захирлын шахалт нөлөөгөөр Чингис хаан банкинд их хэмжээний мөнгийг шилжүүлсэн асуудалд ерөнхий нягтлан бодогч буруугүй гэж мэтгэлцсэн. 

 

5.2. Нэхэмжлэгч нь “Л.Х-ыгажлаас чөлөөлөх тухай” Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад ажил дээр ямар ч ажил өгөхгүй, зөвхөн хөдөө орон нутагт яв гэснээр ажлын байргүй болсон, ажил дээрээ ч очих боломжгүй болсон, сандал ширээ ажлын хэрэгсэлгүй болсны улмаас аргагүйн эрхэнд ажилдаа очихоо байсан. Гэтэл ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг зөвшөөрөхгүй, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн, гардуулж өгөөгүй, шүүхэд хөдөлмөрийн маргаан хянагдаж байхад чөлөөлсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарласан.    

 

6.1.  Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Л.Хнь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2,276,000,000 төгрөгийг Чингис хаан банкинд шилжүүлсэн ба уг банк нь төлбөрийн чадваргүй болсон тул компанид их хэмжээний хохирол учирсан. Л.Хнь гүйцэтгэх захирлын нөлөөнд орж  мөнгө шилжүүлэх баримтад гарын үсэг зурсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолт зэргийг зөрчсөн үйлдэл болсон тул Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу түүний мэдлэг боловсрол, ур чадварт нь тохирох албан тушаал буюу нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн, түүнчлэн аудитын дүгнэлтээр санхүүгийн олон зөрчил гарсан асуудалд нэхэмжлэгч буруутай, Л.Хнь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй тул ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод  тэнцэхгүй, харин ч сахилгын арга хэмжээ авах ёстой байхад албан тушаал бууруулсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            6.2. Харин нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын үндэслэлийг “Л.Х-ыгнягтлан бодогчийн албан тушаалд томилсноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан, ажил олгогчийн зүгээс удаа дараа ажлаа гүйцэтгэхийг шаардсан боловч ажилдаа ирээгүй тул ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, түүнчлэн уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.  

 

            7. Талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа нь цаг хугацааны хувьд 2021 онд болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 1999 оны хуулийн хүрээнд хамаарах бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            8. “Л.Х-ыгалбан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай” Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/35 тушаалын тухайд:

 

            Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсныг 02 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан талаар хариуцагч маргаагүй ба 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  шуудангаар нэхэмжлэлийг хүргүүлсэн нь хавтаст хэргийн 1-8 дугаар талд авагдсан баримт, дугтуй зэргээр нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйл, 130 дугаар зүйл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №11 тогтоолын 2 дугаар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 5.1.3, 6.6, Үр дүнгийн шагнал олгох журмын 3.1.1 дүгээр заалтыг үндэслэн Л.Х-ыгЕрөнхий нягтлан бодогчоос Нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн.

 

8.1. Дээрх тушаалд баримталсан эрх зүйн үр дагавар үүсгэж буй зохицуулалтад Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №11 тогтоолын 2 дугаар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6 дахь хэсгүүд хамаарч байна.

 

8.2. Л.Х-ыгерөнхий нягтлан бодогчоос нягтлан бодогчийн албан тушаалд томилж буй дээрх тушаалын гол үндэслэл нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №11 тогтоолын 2 дугаар заалт байх бөгөөд уг тогтоолд зааснаар “Санхүүгийн сахилга бат алдсан ерөнхий нягтлан бодогчтой өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцон ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг” болгосон. /хх-1-165/

 

8.3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу хариуцлага тооцсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар, эсхүл хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын зөрчил ногдуулсан зүйл тушаалын үндэслэл, тушаах хэсэгт тусгагдаагүй байх тул дээрх үндэслэлээр сахилгын шийтгэлд ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

8.4. Хэдийгээр хариуцагч нь Л.Х-ыгажил үүрэг гүйцэтгэхдээ сахилгын зөрчилд хамаарах үйлдэл гаргасан гэж хариу тайлбар гаргаж байгаа боловч түүнийг албан тушаал бууруулсан актын үндэслэлд уг асуудал дурдагдаагүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар сануулах, цалин бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулсан зүйлгүй атлаа албан тушаал бууруулсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэл болно.

 

8.5. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож, дуусгавар болгохоор   Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тул ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын ажлын байранд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

8.6. Хөдөлмөрийн тухай хуульд өөр ажилд шилжүүлэх, түр шилжүүлэх асуудлыг  зохицуулсан хэм хэмжээний талаар зохигч маргаагүй, зөвхөн сахилгын арга хэмжээний талаар маргасан байх тул сэлгэн ажиллуулах, өөр албан тушаалд шилжүүлсэн асуудалд нь шүүх эрх зүйн дүгнэлт  хийх шаардлагагүй байна. 

 

8.7. Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д “..Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 24 дүгээр зүйлд заасан байнгын ажлын байранд авсан ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Гүйцэтгэх захирал ....хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсны дараа ажилд авах тушаал гаргана...” гэсэн заалтыг үндэслэн маргаан бүхий тушаалыг  гаргасан боловч нэхэмжлэгч уг тушаалд маргаж байгаа нь “харилцан тохиролцсон” гэх үндэслэлийг үгүйсгэх тул тухайн хэм хэмжээнд нийцсэн гэж үзэхгүй.

 

8.8. “Г С А З” ХХК болон Л.Хнар нь  “Г С А З” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар маргаагүй, тухайн тушаал гарах болсон үндэслэлийн талаар шүүх хуралдаанд маргаж, мэтгэлцсэн боловч албан тушаал бууруулсан үндэслэл нь тушаалд тусгагдаагүй байх тул агуулга, хэлбэрийн хувьд ч   Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж гарсан гэж үзэх боломжгүй байна.

 

9. / “Л.Х-ыгажлаас чөлөөлөх тухай” Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаалын тухайд:

 

9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журам” -ын 14.1.1.3, 14.2.1, Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журмын 12.1, 12.2.1, Хөдөлмөрийн гэрээний 9.2.10-т заасныг баримтлан Л.Х-ыгтооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж ажилдаа ирэхгүй байгаа гэсэн үндэслэл заасан. 

 

9.2. Дээрх тушаалд баримталсан эрх зүйн үр дагавар үүсгэж буй зохицуулалтын хувьд “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.2.1-т заасан “шууд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална”, Хөдөлмөрийн гэрээний 9.2.10-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэсэн заалтууд хамаарч байна.

 

9.3. Л.Х-ыгалбан тушаал бууруулсны дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэх  нөхцөл боломж байсан эсэх талаар талууд харилцан адилгүй маргаж мэтгэлцсэн, нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн албан тушаал нь Өмнөговь аймагт ажилладаг ажлын байр байсан, компанийн хотын төв байранд ажиллах ямар ч боломжгүй байсан гэж тайлбарладаг, хариуцагч талаас хотын төв байранд ажиллах боломжтой байсан, Л.Х-ыгудаа дараа ажлаа хийхийг шаардсан боловч ирээгүй гэж мэтгэлцсэн.

 

9.4. Хариуцагч байгууллагын хүсэлтээр шүүхэд гэрчээр оролцсон, Л.Х-ыерөнхий нягтлан бодогчийн ажлыг тухайн үед хүлээн авч байсан гэрч Д.Чулуунбат нь “хоёр нягтлан бодогч нь уурхай дээр ажилладаг талаар, Л.Х-ыгуурхайд нягтлан бодогчоор томилсон талаар шүүхэд мэдүүлснээс гадна “Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай”  2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №05 тушаалын хавсралтаар баталсан бүтцийн “тооцооны нягтлан бодогч” албан тушаалын орон тоо “2” байгаа зэргээс дүгнэхэд нийслэлд байрлах компанийн төв байранд нягтлан бодогчийн орон тоо байхгүй, ажилладаггүй болох нь тодорхой байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзнэ. /хх-2-84-87/

 

9.5. Иймд ажил олгогчийн зүгээс ажилтныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн асуудал нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.

 

9.6. Гэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд “Л.Х-ыгажлаас чөлөөлөх тухай” Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаал нь аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч Л.Х-ыгямар ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан талаар тодруулахад “ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилуулах” гэсэн тул маргаж буй гол үндэслэл нь албан тушаал бууруулсан ажил олгогчоос гаргасан анхны эрхийн акт гэж үзнэ. 

 

Улмаар Л.Х-ыгЕрөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж нягтлан бодогчийн албан тушаалд томилсон Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/35 тушаал нь хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нь эгүүлэн томилох эрх зүйн үр дагавар үүсэх бөгөөд, үүнтэй холбоотойгоор Л.Х-ышүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага ийнхүү хангагдсанаар  нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж буй Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаал нь эрх зүйн ач холбогдолгүй акт болно.    

 

Иймд “Л.Х-ыгалбан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай”  Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/35 тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул Л.Х-ыгерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгох ба Л.Х-ыгнягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир энэ тушаалд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн “Г С А З” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр “Г С А З” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй тохиолдолд уг тушаалд гомдол гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар маргах нь мөн ач холбогдолгүй юм. 

 

10. Түүнчлэн нэхэмжлэгч Л.Хнь уг тушаалыг шүүхэд маргаж байхдаа буюу хариуцагч талын гаргасан тайлбараас түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасныг олж мэдээд, шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаар тайлбарласныг, хариуцагч тал үгүйсгээгүйгээс  гадна ажлаас чөлөөлсөн тушаалыг Л.Х-дгардуулах, мэдэгдэх, өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Л.Х-ыг2021 оны  3 дугаар сарын цалин хөлсийг авсан гэж шүүхэд мэдүүлсэн, нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар  түүний 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд “Г С А З” ХХК-иас төлөлт хийгдсэн байна. 

 

Иймд нэхэмжлэгч Л.Х-ыг2021 оны 04  дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “Г С А З” ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрын хугацааг хэзээ хүртэлх болохыг тодруулахад 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуустал буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хугацааг хүртэл гэж  тодорхойлсонтой холбоотойгоор тухайн хугацааны цалин хөлсийг тооцох нь талуудын зарчим болон нэхэмжлэгчийн хүсэл зорилгод нийцнэ.  

 

12. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Л.Х-ыажиллаж байсан /2020 оны 11 сар, 12 сар, 2021 оны 01 сар/ нэг сарын дундаж цалин хөлс нь 3,294,595.2 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 156,885.48 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.Х-ы нийгмийн даатгалын лавлагаанаас тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Х-ы2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагаа тодорхойлохдоо шаардсан хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдрийг хүртэлх /16 сар/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 52,713,523.2 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хууль/1999/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Гашуун сухайт авто зам ХХК-иас 52,713,523.2 төгрөгийг гаргуулан Л.Х-долгохоор шийдвэрлэв.

13. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу “Г С А З” ХХК нь нэхэмжлэгч Л.Х-ынийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Л.Х-ыг”Г С А З” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 52,713,523.2 төгрөгийг хариуцагч “Г С А З” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Х-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,147,683 төгрөгт холбогдох хэсэг болон “Г С А З” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хболон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Г С А З” ХХК-д  даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Хнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 421,517 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРМЭНД