Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00043

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 26 210/МА2023/00043

 

 

 

Л.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02318 дугаар шийдвэртэй, Л.Хы нэхэмжлэлтэй, Г.С.А.З ХХК-д холбогдох, гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаал, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, С.Саруултөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Л.Х нь 2014 оноос Г.С.А.З ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчоос нягтлан бодогчийн албан тушаалд 2 шатаар бууруулж томилсон. Ерөнхий нягтлан бодогч Улаанбаатар хотод, тооцооны нягтлан бодогч Өмнөговь аймагт ажилладаг. Өмнөговь аймаг дахь хэсэгт 2 нягтлан бодогчийн орон тоо батлагдсан, 3 дахь орон тоо байхгүй байхад намайг томилсон газарт очсонгүй гэж Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус гэж үзэж байна. Иймд Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан үеийн цалин сүүлийн 3 сарын дунджаар бодвол 3,770,067 төгрөг, ажилгүй байсан 16 сараар тооцвол 67,861,206 төгрөг болж байгаа тул хариуцагчаас гаргуулж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Ажлаас үндэслэлгүй халсан учир Г.С.А.З ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Л.Х нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хас банк дахь Г.С.А.З ХХК-ийн данснаас Чингис хаан банкинд 2,276,000,000 төгрөг шилжүүлсэн ба Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон тул манай компанид их хэмжээний бодит хохирол учруулаад байна. Уг 2,276,000,000 төгрөг нь Г.С.А.З ХХК-ийн хөрөнгө биш бөгөөд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө юм. Л.Х Б.Баяндэлгэр захирал мөнгө байршуулах үүрэг өгсөн, шилжүүлэг дээр зурахгүй гэж 3 хоног болсон ба гарын үсэг зурахгүй бол ажлаасаа халагд гэж шахсаны эцэст аргагүй байдалд орж гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Шууд харилцах субъектэд мэдэгдэж, хууль бус тушаал биелүүлэхээс татгалзах боломжтой байсан ч хандаагүй нуун дарагдуулсан. Манай компанийн Бараа ажил үйлчилгээ худалдан авах, түүнийг зохион байгуулах тухай журмаар 500,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл, бараа, ажил үйлчилгээг Үнэлгээний хороо байгуулагдаж сонгон шалгаруулалт хийдэг. Компанийн удирдах бүрэлдэхүүнд хамаарах ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны дарга хүн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон энэ журмыг баримтлан хэд хэдэн банкнаас санал авч сонгон шалгаруулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэх байсныг хэрэгжүүлээгүй.

Г.С.А.З ХХК нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт зааснаар ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байна. Гэтэл Л.Х нь мэргэшсэн нягтлан бодогч биш, хуулийн шаардлага хангахгүй байгаа учраас цаашид мэргэжлийн алдаа дутагдал дахин гаргахаас сэргийлж, тохирох ажлын байранд шилжүүлсэн. Л.Х нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын ээлжийн амралт, илүү цаг, үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүй бодож 33,229,300 төгрөг олгосон, зах зээлийн үнээс өндөр үнэ өртгөөр, сонгон шалгаруулалтын журам зөрчиж бараа худалдан авах зэргээр компанийн эрх ашигт харшлах үйлдлүүд хийж байсан нь аудитын дүгнэлтээр нотлогддог. Иймд дээрх зөрчил, алдаа гаргасныг компанийн удирдлага буруу гэж үзэн хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөөгүй, харин Л.Хы мэдлэг боловсролд тохирох албан тушаалд шилжүүлэн томилсон. Гэвч Л.Х нь олон хоног шалтгаангүй ажил тасалсан тул ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус заасныг баримтлан Л.Хыг Г.С.А.З ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 52,713,523.2 төгрөгийг хариуцагч "Г.С.А.З" ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,147,683 төгрөгт холбогдох хэсэг болон Г.С.А.З ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Х болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Г.С.А.З XXK-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 421,517 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй, тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж ажилд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэх боловч үүнийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа яг ямар ажилд эгүүлэн тогтоолгох гэж буйгаа тодорхойлох ёстой. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2 ажил үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр л ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.б. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хувьд тогтоогоогүй, шаардах эрхийг тодорхойлоогүй. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 01, 2022 оны 03 дугаар сарын 22, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус бүрт нь шалгах ёстой. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буюу ажлаас халагдсанаас хойш даруй 1 жил 6 сар 28 өдрийн дараа гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүгч тушаалыг гардуулаагүй гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хавсаргасан. Иймээс хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж үзнэ. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал өс хонзонгоо авах зорилгоор Л.Хыг ажлаас халсан. Эрдэнэс монгол ХХК-ийн хэлтсийн дарга н.Эрдэнэбулган нь Г.С.А.З ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Авто замын ашиглалтын төлбөр завшсан хэргээр Авлигатай тэмцэх газар шалгагдаж байх үед Г.С.А.З ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч байсан Л.Хыг дуудаж мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлгийг өгсний дараа н.Эрдэнэбулган яасан их үнэн зөв мэдүүлэг өгдөг юм гэж заналхийлсэн. Эрдэнэс монгол ХХК-аас н.Эрдэнэбулган шилжин Г.С.А.З ХХК-ийн захирлаар томилогдож, Л.Хыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр ажлаас халсан. н.Эрдэнэбулган нь Авлигатай тэмцэх газраас Л.Хд хэрэг үүсгүүлэхээр удаа дараа оролдсон боловч чадаагүй. Мөн хариуцагч талаас шүүхэд хуурамч нотлох гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, н.Эрдэнэбулганы өмнөх гүйцэтгэх захирлыг Чингис хаан банк ХХК-д мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халах хуурамч Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл хуурамч нотлох баримт болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааны алдаа гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Г.С.А.З ХХК-д холбогдуулан анх Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 67,861,206 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагуудыг нэмж гаргасан ба хариуцагч талаас эс зөвшөөрч маргасан байна. (хэргийн 1 дэх хавтас 1, 2 дахь хавтас 13, 77 дахь тал)

3.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Хариуцагч Г.С.А.З ХХК-аас дээрх 2021 оны Б/35, Б/152 дугаар тушаалуудыг нэхэмжлэгч Л.Хд Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар гардуулан өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлсэн байдлаа нотлоогүй тул нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч 2021 оны Б/35 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардан авч нэхэмжлэлээ 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар шүүхэд хүргүүлсэн, 2021 оны Б/152 дугаар тушаалыг шүүхэд хариуцагч талаас гаргасантай нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр танилцаж, улмаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уг тушаалтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 4, 8, 248, 2 дахь хавтас 2, 13 дахь тал) Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Г.С.А.З ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогч Л.Хыг нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар тооцооны нягтлан бодогч Л.Хыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд шүүх эдгээр тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 131, 40 дүгээр зүйлд нийцүүлэн дүгнэж, ерөнхий нягтлан бологч Л.Хыг нягтлан бологчийн албан тушаалд буруу шилжүүлсэн, улмаар ажлаас үндэслэлгүй халсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. (хэргийн 1 дэх хавтас 2, 248 дахь тал)

5.Хариуцагч нь ... ерөнхий нягтлан бодогч Л.Х 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтгүйгээр төлбөрийн чадваргүй болсон Чингис хаан банкинд 2,276,000,000 төгрөг шилжүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагыг хангаагүй, мөн гүйцэтгэх захирлын цалин хөлсийг үндэслэлгүй бодож 33,229,300 төгрөг олгосон, сонгон шалгаруулалтын журам зөрчиж зах зээлийн үнээс өндөр үнээр бараа худалдан авсан нь аудитын дүгнэлтээр нотлогдсон, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу тушаал гаргасан гэх тайлбар гаргаж байх боловч тушаалд энэ тухай заагаагүй, уг тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй. Учир нь, ажил олгогчийн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг өөр ажилд шилжүүлсэн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлд нийцэх учиртай. Гэтэл 2021 оны Б/35 дугаар тушаалд дээрх үндэслэлүүдийг тусгаагүй, баримталсан хуулийн зүйл, заалт, байгууллагын дотоод журмын заалтууд нь ажилтны гаргасан гэх сахилгын зөрчилд хамааралгүй байна. Нөгөөтэйгүүр, дээрх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн.

Түүнчлэн, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 131 дүгээр зүйлд зохицуулагдаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

6.Ажил олгогч анх ажилд авахдаа мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага нэхэмжлэгчид тавиагүй атлаа хожим энэ шалтгаанаар түүний ажил, албан тушаалыг өөрчилсөн нь хууль бус байна.

7.Хариуцагч Г.С.А.З ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Л.Хыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр Б/152 дугаар тушаал гаргаж, ажлаас чөлөөлснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, нэгэнт нэхэмжлэгч өөр ажилд буруу шилжүүлсэн талаар шүүхэд маргаан үүсгэсэн, уг асуудал хуульд нийцсэн эсэх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад ажлаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

8.Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй гэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч Л.Х өөрөө 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... 5.Үндэслэлгүйгээр ажлаас халсан учир Г.С.А.З ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Х намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тайлбар гаргасан тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. (хэргийн 2 дахь хавтас 77 дахь тал)

9.Харин шүүхээс ажил олгогчийн дээрх тушаалууд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэж, хууль зөрчсөн тушаалуудын үр дагавар болох ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шийдвэрлэх тул эдгээр тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдэх заалтыг найруулгын хувьд өөрчилнө.

10.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хыг Г.С.А.З ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 52,713,523 төгрөгийг хариуцагч "Г.С.А.З" ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,147,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.С.А.З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,517 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА