Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02476

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02476

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т Б А Ф” ХХК-д холбогдох

 

Арлын ZVW301172869 дугаартай, улсын бүртгэлийн ................ дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Л.Мнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2019 оны 07 сарын 27-ны өдөр 15900580 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1, 2.2, 2.4-д заасны дагуу 10 сая төгрөгийг 2019 оны 07 сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл, 30 хоногийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 07 сарын 27-ны өдөр 15900580 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-д зааснаар Арлын ZVW301172869 дугаартай, Улсын ............. дугаартай Тоёотой приус 30 маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагчтай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь ”Т Б А Ф” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл байна. Иргэний хуулийн 286.1-д заасны дагуу хариуцагч “Т Б А Ф” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, тус барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохоос өөр аргаар буюу фидуцийн гэрээ байгуулж, гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар тодорхой заасан байна. Хариуцагч “Т Б А Ф” ХХК нь 2021 оны 06-р сард ирж гэрээгээ шинэчлэн байгуулъя машинаа аваад хүрээд ир гэсний дагуу очиход Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул автомашиныг чинь хурааж авлаа гээд хураан авч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байх тул мөн хуулийн 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар Арлын ZVW301172869 дугаартай, Улсын ................ дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар Арлын ZVW301172869 дугаартай, Улсын ............. дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үүгэжээ.

2.  Хариуцагч “Т Б А Ф” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”Т Б А Ф” ХХК нь Л.Мөнхчимэгтэй 2019 оны 07 сарын 27-ны өдөр 15900580 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 10 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус 30 маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Мөн өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 -д заасан аргаас мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан аргыг сонгож, Иргэний хуулийн 235.1-д заасны дагуу фидуцийн гэрээг байгуулсан ба Иргэний хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 84.4-т Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу 0673 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах ба эзэмшигчийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхэд хамаарах тул Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээг байгуулах хууль зүйн үндэслэлтэй. Л.Мнь “Т Б А Ф” ХХК-тай Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож тус гэрээнүүдийг байгуулсан тул Иргэний хуулийн 56.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Хариуцагч “Т Б А Ф” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 07 сарын 27-ны өдөр Л.Мнь “Т Б А Ф” ХХК-тай 15900580 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус 30 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Л.Мнь зээл төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,613,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг нийт 16,551,229 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Л.Мөнхчимэгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Л.Мнь фидуцийн зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, тээврийн хэрэгслийг буцаан шаардаж байгаа тул бид зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй. Иймд Л.М-ээс2019.07.27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,613,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг нийт 16,551,229 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.  Нэхэмжлэгч Л.Мнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Л.Мөнхчимэгийн хувьд хариуцагчтай Зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 10,000,000 төгрөг зээлж авсантай маргаан байхгүй. Харин тухайн гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээл, хүүгээс хасаагүй, алдангид суутгасан, хуульд заасан хэмжээ, хязгаараас давсан их хэмжээний алданги тооцсон тооцоолол дээр маргаж байна. Алданги 5,517,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дараах үндэслэлээр хууль бус байна. Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэхээр заасан ч хариуцагч нь хуульд зааснаар Л.М-тмэдэгдээгүй, мөн тухайн хуулиар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулна гэж заасан бөгөөд алданги тооцох нийт хугацаа 10 хоногоор хязгаарлагдах атал 487 хоногийн алданги шаардаж байгаа нь хууль бус тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Л.Мнь нийт үндсэн зээл, хүүд 5,230,550 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс хасаагүй, нэмэлт үүрэг болох алдангиас суутгасан нь хууль бус байна. Нийт төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүүнээс хасахад 8,959,391 төгрөгийн үлдэгдэл үндсэн зээл, хүү төлөхөөр байна. Иймд Л.Мминий хувьд авсан зээл болон хүүнээс төлсөн төлбөрөө хасуулж төлөх ёстой төлбөр болох 8,959,391 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болох 7,591,838 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 7,591,838 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-”Т Б А Ф” ХХК болон Л.Мнарын хооронд 2019 оны 07 сарын 27-ны өдөр байгуулсан 15900580 дугаартай Зээлийн гэрээ,

-”Т Б А Ф” ХХК болон Л.Мнарын хооронд 2019 оны 07 сарын 27-ны өдөр байгуулсан 15900580 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ,

-”Т Б А Ф” ХХК-д Л.Мөнхчимэгийн мөнгө төлсөн төлбөрийн хуулга,

-Л.Мболон М.Ц, Б.Ч нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас:

 

-2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Хариу тайлбар,

-2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан Сөрөг нэхэмжлэл,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-0673 УАА Тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт,

-Арлын ZVW301172869 дугаартай, Улсын 0673 УАА Тоёото приус 30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

-”Т Б А Ф” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Л.Мнь “Т Б А Ф” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг мөн өдрөө байгуулж, өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаат зээлийн гэрээ бөгөөд автомашиныг зөвхөн барьцаалах, барьцаалагч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байхад өөр аргаар буюу фидуцийн гэрээг байгуулж, хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ................ улсын дугаартай, Тоёота Приус-30 автомашины өмчлөх эрхийг Л.М-тбуцаан шилжүүлж авах эрхтэй гэж маргасан.

8. Хариуцагч “Т Б А Ф” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг болох фидуцийг сонгосон нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд сайн дурын үндсэн дээр хийгдсэн хуульд нийцсэн хэлцэл, нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй гэж эс зөвшөөрчээ.

9. Улмаар Л.Мнь “Т Б А Ф” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн боловч 2020 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч эргэн төлөлт огт хийгээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,613,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг, нийт 16,551,229 төгрөгийг Л.М-ээсгаруулна гэж “Т Б А Ф” ХХК нь сөрөг шаардлага гаргасан.

10. Л.Мнь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, алданги шаардаж буй нь хуульд нийцээгүй, зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн төлбрийг зээл болон хүүнээс хасуулж төлөх ёстой, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 8,959,391 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, сөрөг нэхэмжлэлээс 7,591,838 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

11. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

11.1. Л.Мнь “Т Б А Ф” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр №15900580 дугаартай Зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, зээлсэн, мөн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №15900580 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, ............ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн өөрийн өмчлөлийн машиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

11.2. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон зэрэг үйл баримтад маргаагүй боловч фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний хүү, алдангийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх дарааллын талаар маргажээ.

11.3. Фидуцийн гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах талаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан боловч талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарахгүй гэж үзлээ.

Учир нь талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ нь хуулийн хориглох хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, нийгмийн зан суртахуунтай зөрчилдсөн гэх үндэслэлийг бий болгоогүй байх тул уг гэрээ нь хэлбэр, агуулгын хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зорилгод нийцсэн, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй байна.

Иймд, “Т Б А Ф” ХХК болон Л.Мнарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №15900580 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний дагуу “Т Б А Ф” ХХКд шилжүүлсэн авто машины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тухайн шаардлагын үндэслэлээр хангах эрх зүйн үндэслэлгүй.

11.4. Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосныг дурдав.

12. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

12.1. Л.Мболон “Т Б А Ф” ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож тогтоосон. Зээл 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох, зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх алданги, үндсэн хүүг, зээлийн дүнгээс тохиролцсон хэмжээгээр тус тус төлөхөөр гэрээний ерөнхий нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

12.2. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон ба Л.Мийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,230,550 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй болно.

12.3. “Т Б А Ф” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,163,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг, нийт 16,551,229 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн.

12.4. Зохигчийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №15900580 дугаартай Зээлийн гэрээний ерөнхий нөхцөл, агуулгаас дүгнэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээний нөхцлийг мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох хэлцлийн хэлбэрээр тохиролцжээ.

Тодруулбал, зээлийн гэрээний 2.1-т Энэхүү гэрээний зорилго нь зээлдүүлэгч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй барьцаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлдэгчид зээлдүүлэх, буцаан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 2.5-д Барьцаа-зээлдэгчээс зээлээ буцааж төлөх баталгаа болгож, зээлдүүлэгчид барьцаалуулж байгаа зээлдэгчийн болон батлан даагчийн хууль ёсны өмчийг, мөн зээлийн гэрээний 2.12, 2.12.3 дахь заалтын зохицуулалт зэргээс дүгнэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулсан байна.

12.5. Түүнчлэн “Т Б А Ф” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-15/

“Т Б А Ф” ХХК нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хувьд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар зээлийн үүргийг буцаан төлүүлэх зорилгоор зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг шаардах эрхтэй тул зээлийн гэрээг хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

12.6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, хүүг хэлэлцэн тохиролцож, эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон нь хуульд нийцсэн тул графикт хугацаагаар тохирсон үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,420,412 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөрт 3,613,741 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

12.7. Харин алдангид 5,517,076 төгрөгийг шаардсаныг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгохоор хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.12-т мөн хуулийн дээрх агуулга тусгагдсанаас гадна зээлийн гэрээний 2.12.3-т зааснаар зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг 30 хоногоос дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлан барьцаа автомашинаар хохирлоо барагдуулна гэж заажээ.

Гэтэл зээлдүүлэгч нь хууль болон гэрээгээр тохирсон энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй атлаа үндсэндээ зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн шаарджээ.

12.8. Хэдийгээр алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн хэдий ч барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эрсдлийг багасгах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга, уг аргыг хэрэгжүүлэх дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, журам, хугацаа зэргийг хуулиар тухайлан тогтоосон, улмаар уг арга хэрэгслээ зээлдэгч талтай гэрээгээр тохирсон байхад “Т Б А Ф” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаанаас гадна фидуцийн гэрээ байгуулсан, сөрөг нэхэмжлэл гаргахдаа фидуцийн зүйлээр зээлийн үүргийг хангуулах шаардлага гаргаагүй, харин барьцаат зээлийн гэрээний үүрэгт алданги шаардаж буй нь хуульд нийцэхгүй байна.

12.9. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана.

Тодруулбал, Л.Мнь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,115,000 төгрөгийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээний 2.12.3-т заасны дагуу ноцтой зөрчил үүссэн хугацааг тоолох бөгөөд энэ хугацаанаас хойш буюу хариуцагч талын шүүхэд гаргасан зээлийн тооцооллын хүснэгтэд зааснаар 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг гаргаж шийдвэрлэх боломжтой, харин уг хугацаанаас хойш шаардсан алдангийг, зээлдүүлэгч нь хуулиар тогтоосон барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр шаардах эрхгүй гэж дүгнэв.

12.10. Өөрөөр хэлбэл “Т Б А Ф” ХХК нь Л.Мийн эргэн төлсөн зээлийн төлбөрөөс 2019.08.27-ны өдрөөс 2019.11.27-ны өдрийг хүртэлх хугацаанд 159,304 төгрөгийг алдангид тооцсон байх тул 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа хүртэл тооцсон алданги буюу 881,213 төгрөгийг Л.М-ээсшаардах эрхтэй.

Харин энэ хугацаанаас хойшхи шаардсан алдангийг буюу 4,635,863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 7,420,412 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 3.613.741 төгрөг, алдангид 881,213 төгрөг, нийт 11,915,366 төгрөгийг зээлдэгч Л.М-ээсгаргуулж “Т Б А Ф” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13. “Т Б А Ф” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан, улмаар мөн өдрөө зээлдэгчтэй фидуцийн гэрээ байгуулж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, барьцааны гэрээний хамт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээг давхар байгуулсан үйл баримт тогтоогдсон боловч “Т Б А Ф” ХХК нь зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах арга хэрэгслийг сонгоогүйгээс гадна фидуцийн гэрээний дагуу автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөлдөө эд хөрөнгийг бодитойгоор авч, фидуци дуусгавар болгохыг зориогүй болох нь хариуцагч талын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тогтоогдсон ба зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөрийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

14. Нэгэнт фидуцийн гэрээний дагуу фидуцийн гэрээний зүйлээр шаардлагаа хангуулах нэхэмжлэл гаргаагүй, зээлийн гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр буцаан шаардаж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн төлбөрийг төлснөөр зээлдэгчийн үүрэг дуусгавар болох тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөлд шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгө болох автомашины өмчлөх эрхийг Л.М-тбуцаан шилжүүлэх нь хуульд нийцнэ.

Иймд дээр дурдсан агуулгаар шүүхийн шийдвэрт фидуцийн гэрээний зүйлийг хэрхэх талаар тусгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Арлын ZVW301172869, улсын .......... дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг “Т Б А Ф” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 286.1, 232.6-д зааснаар нэхэмжлэгч Л.М-ээс11,915,366 төгрөгийг гаргуулж, “Т Б А Ф” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 4,635,863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Арлын ZVW301172869, улсын ............ дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг Л.М-тбуцаан шилжүүлэхийг ”Т Б А Ф” ХХК-д даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөг, хариуцагч “Т Б А Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.М-ээс205,596 төгрөгийг гаргуулан хариуцагч “Т Б А Ф” ХХК-д олгосугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД