Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00150

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00150

 

 

* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02476 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч * ийн нэхэмжлэлтэй

хариуцагч * -д холбогдох

Автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй

Зээлийн гэрээний үүрэгт 16,551,229 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагчтай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.1, 2.2, 2.4-д заасны дагуу 10,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 30 хоногийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-д зааснаар Арлын * дугаартай, * улсын дугаартай Тоёотой приус-30 маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагчтай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь * нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч * нь үүргийн гүйцэтгэлийг зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, тус барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохоос өөр аргаар буюу фидуцийн гэрээ байгуулж, гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй.

Хариуцагч * нь 2021 оны 06 дугаар сард зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж автомашиныг хурааж авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Талуудын байгуулсан фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байх тул мөн хуулийн 56 дугаар зрүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар Тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: * нь * тэй 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус-30 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээнүүдийг хуульд нийцүүлэн байгуулсан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасны дагуу * улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах ба эзэмшигчийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхэд хамаарах тул мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. * нь * -тай Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож тус гэрээнүүдийг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр * нь * -тай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус-30 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан.

* нь зээл төлөх хугацаанд төлбөр төлөөгүй. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,613,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг нийт 16,551,229 төгрөгийн үлдэгдэлтэй байна... Иймд * ээс 16,551,229 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: * нь зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 10,000,000 төгрөг зээлж авсантай маргаан байхгүй. Харин тухайн гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээл, хүүгээс хасаагүй, алдангид суутгасан, хуульд заасан хэмжээ, хязгаараас давсан их хэмжээний алданги тооцсон тооцоололд маргаж байна. Алданги 5,517,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дараах үндэслэлээр хууль бус байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдээгүй, мөн мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулна гэж заасан бөгөөд алданги тооцох нийт хугацаа 10 хоногоор хязгаарлагдахаар байхад 487 хоногийн алданги шаардсан нь хууль бус тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн * нь нийт төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүүнээс хасахад 8,959,391 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд * нь зээл, хүү төлсөн төлбөр болох 8,959,931 төгрөгийг хасч үлдэх хэсэг болох 7,591,838 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Арлын * , * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг * -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 286.1, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * ээс 11,915,366 төгрөгийг гаргуулж, * -д олгож, сөрөг нэхэмжлэлээс 4,635,863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Арлын * , улсын * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг * т буцаан шилжүүлэхийг * -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч * ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөг, хариуцагч * -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч * ээс 205,596 төгрөгийг гаргуулан хариуцагч * -д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1.Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний агуулга, төрлийг сонгох ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тухайн агуулга нь хуулийн хүрээнд байхаар хязгаарлагддаг. Хэрэгт авагдсан баримт, тайлбараар хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд болох нь хангалттай тогтоогддог, хариуцагч маргадаггүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хуулийн тусгай зохицуулалтаар шууд нэрлэн /барьцаа/ заасан нь хуулиар тавигдсан шаардлага юм. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх газар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох барьцааг хэрэглэх эрхтэй болохоос эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх хуулиар олгогдоогүй байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн" гэх хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарласан. Анхан шатны шүүх талуудын байгуулсан фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул нэхэмжлэгч нь түүний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

4.2.* нь гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээл, хүүгээс хасаагүй, алдангид суутгасан нь үндэслэлгүй гэж маргасан. Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй алданги тооцох нийт хугацаа 10 хоногоор хязгаарлагдах атал 487 хоногийн алданги шаардаж байгаа нь хууль бус байгаа тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нь хуулиар тогтоосон 10 хоногийн хугацааг харгалзан үзэхгүйгээр гэрээгээр тогтоосон 30 хоногийн хугацаагаар алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, тооцооллын хувьд хэрхэн тооцсон тодорхой бус байна. Анхан шатны шүүх нийт төлөх зээл, хүүнээс нэхэмжлэгчийн төлсөн хэсгийг хэрхэн тооцсон талаар үндэслэлтэй дүгнээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсгээс 2,955,975 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан 11,915,366 төгрөгөөс 2,955,975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1.Талуудын хооронд тухайн үед Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгөөр хангуулах буюу фидуцийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулсан.

5.2.Иргэний хуульд алдангийг 10 хоногоор хязгаарлах хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу талууд анзын гэрээг бичгээр байгуулсан. Энэ нь 50 хувиас хэтрээгүй, хоногт 0,5 хувь байхыг зөрчөөгүй учраас нэхэмжлэгч алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй. Алдангийн хэмжээг багасгах санал хүсэлт гаргаагүй. Алданги хуульд нийцээгүй гэх тайлбарыг гаргасан. Иймд алдангийг төлөхгүй 10 хоногоор хязгаарлагдана гэх нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан 10 хоногийн хугацаа яригддаг. Тус 10 хоногийн хугацаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахтай холбогдуулан гарсан хуулийн зохицуулалт болохоос алдангийн хугацааг хязгаарласан 10 хоногийн зохицуулалт биш. Алдангийг талууд чөлөөт байдлын хүрээнд гэрээгээр тохиролцож бичгээр байгуулагдсан учраас гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг зээлдэгч буюу нэхэмжлэгчид байгаа тул гомдол энэ хүрээнд хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч * -ийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь зээлдэгч * нь зээлийн гэрээний дагуу зээлийг хүү болон алдангийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх зээлдэгч * зээлийг буцаан төлөх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй байхад нь зээлдүүлэгчийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан гэж алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ТБ авто финанс" ХХК нь барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулаагүй, зээлдэгчийг зээлээ төлөх нөхцөл боломжоор хангаж хүлээсэн ба энэ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүүтэй нийцэж байгаа гэж үзэж байна. Мөн зээлдэгч * нь алданги шаардаж буй нь хуульд нийцэхгүй хэмээн алдангид холбогдох хэсгийг төлөхөөс татгалзсан атал шүүх * ийн өмнөөс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 4 635 863 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч компани барьцаалан зээлдүүлэх газар болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан компанийн гэрчилгээгээр нотлогдож байна. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох эрх зүйн харилцааг зохицуулсан. Барьцаа эд хөрөнгө авсан бол үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд нэн даруй үүргийн гүйцэтгэлийг мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол тухайн барьцаанд авсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, энэхүү зээлийн гэрээний үүргийг дуусгавар болно. Энэ нь хариуцагч * -д хуулиар олгогдсон үүрэг байна. Гэтэл их хэмжээний алданги шаардсан нь хуулиар зохицуулсан буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, үүргээ гүйцэтгээгүй бол нэн даруй мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоног өнгөрсний дараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зээлдэгчид ашигтай байсаар байхад энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * -д холбогдуулан гаргасан арлын * дугаартай, улсын бүртгэлийн * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,420,412 төгрөг, хүү 3,613,741 төгрөг, алданги 5,517,076 төгрөг, нийт 16,551,229 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. * нь * -тай 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх5-6/ Талуудын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4. Зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

4.1 Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээгээр зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 7,420,412 төгрөг, зээлийн хүүд 3,613,741 төгрөг буюу нийт 11,034,153 төгрөг төлөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь зээлдэгчийн үүргийг тооцвол үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 төгрөг буюу нийт 17,200,000 төгрөгөөс төлсөн 5,230,550 төгрөгийг хасч тооцвол 11,969,450 төгрөг болох бөгөөд зээлдүүлэгч зээлийн үүргийг 10,034,153 төгрөгөөр тодорхойлж нэхэмжилснийг буруу гэж дүгнэхээргүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 8,959,391 төгрөг байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

6. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

6.1 Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул зээлдүүлэгч нь гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй боловч барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон тул уг зээлийн харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.

6.2 Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах боломжийг зээлдүүлэгчид хуулиар олгожээ. Нөгөө талаар зээлдэгчид иргэний эрх зүйн хариуцлагыг ногдуулах богиносгосон хугацаа үйлчлэх нь талуудын тэгш эрхэд нийцэх юм.

6.3 Зээлдүүлэгч нь хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхээ хэрэгжүүлээгүйд зээлдэгчийг буруутгахгүй болно.

6.4 Иймд зээлдэгч нь гэрээгээр тохирсон алдангийг 10 хоногийн хугацаагаар шаардах эрхтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

6.5 Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 293,737 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

7. Иймд эхэмжлэгч * ээс 11,327,890 /7,420,412 + 3,613,741+ 293,737/ төгрөгийг гаргуулж * -д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. * , * 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр * ийн өмчлөлийн, * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг * -ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх7-8,61/

8.1 Дээрх тусгай зохицуулалттай зээлийн харилцааны хүрээнд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч * нь хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх газар нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй тул тухайн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авах эрхгүй юм.

8.2. Хариуцагч * нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг гэрээ хүчин төгөлдөр бус байхыг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг * т буцаан шилжүүлэхийг * -д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангаж шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02476 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, арлын * дугаартай, улсын бүртгэлийн * улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч * т буцаан шилжүүлэхийг хариуцагч * -д даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 11,915,366 гэснийг 11,327,890 гэж, 4,635,863 гэснийг 5,223,339 гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 гэж дугаарласныг 3 гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж тус тус дугаарлаж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч * ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөг, хариуцагч * -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * -аас 245,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч * ээс 196,196 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 260,230 төгрөг, хариуцагчийн төлсөн 89,130 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН