Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2022/02977

 

 

 

                              2022       10        18      

                             182/ШШ2022/02977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух, И овогт М.Г /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, С гудамж, 0 тоот хаягт байрлах, Г.Н ОУТББ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Г.Н ОУТББ холбогдуулан Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалын дагуу орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/044/21 тоот тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 Мөн байгууллагын санхүүжилт буурсан учраас орон тоог цөөрүүлэх болсон гэж тайлбарласан боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд 2021 онд бүтэн ажиллах ажилчдын цалин хөлс, зардлын төсөв нь батлагдсан, хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байхад санхүүжилт буурах боломжгүй учраас нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй.

1.2. Хариуцагч нь ажилтнуудынхаа орон тоог цөөрүүлсэн гэж тушаал гаргасан боловч энэ нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Гыг ажлаас чөлөөлөөд 5 хоногийн дараа түүний ажлын байранд Д.А-ийг ажилд авсан байдаг учраас орон тоо бодитоор цөөрсөн гэж үзэх боломжгүй.

1.3. Хөдөлмөрийн дотоод журамдаа олон жил ажилласан туршлага, ур чадвар, хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлага зэргийг харгалзаж ажилтанг авч үлдэнэ гэж заасан боловч энэ зарчмыг М.Г дээр баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хагас болон бүтэн жилээр дүгнээгүй,

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын  17 дугаар зүйлийн 17.6.14.-т заасан зохицуулалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлж байгаа бол 1 сар буюу 30 хоногийн өмнө заавал бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг танилцуулж гарын үсэг зуруулахаар заасан боловч бичгээр мэдэгдээгүй учраас нэхэмжлэгч М.Г-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 “...Ковид-19 цар тахлын улмаас Г.Н ОУТББ санхүүжилт өмнөх оноос 30-40 хувиар багассан учраас хамтын ажиллагааны төвөөс өгсөн удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирлын А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаал гарч бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд үүний дагуу орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон учраас 14 ажилтан цомхотголд орсон.

2.2. Энэ талаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүх ажилчдын дотооддоо хэрэглэдэг Доксвейб сүлжээндээ мэдэгдлийг тушаалуудын хамт байршуулсан бөгөөд М.Г энэхүү мэдэгдэлтэй танилцсан учраас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчдын хамт захирлын тушаал нь үндэслэлгүй гарсан гээд хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан байдлаас харагдана.

2.3. Тахилт Орон нутгийн хөгжил хөтөлбөрийн зохицуулагч болон Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчаар нийт 5 хүн ажилладаг байсан учраас Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасах, ажилчдын тоог цөөрүүлэх тохиолдолд эхний ээлжинд мэргэшил, дадлага туршлагатай, хөдөлмөрийн бүтээмж давуу ажилтанг ажил албан тушаалд авч үлдэх зарчмын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох хугацааны 5 ажилтны ажлын үр дүнг үнэлсэн бөгөөд М.Г нь хамгийн бага үнэлгээг авсан байдаг...

2.4 Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т “ажилтан тус бүрт 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид 2,110 ам.доллар буюу 5,318,460 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Мөн нэхэмжлэгч нь ажилдаа эргэж орох сонирхолтой байсан бол тухайн үед 5,318,460 төгрөгийг авахгүй, ажилдаа эргэж орно гэж маргах байсан боловч маргахгүйгээр энэхүү тэтгэмжийг авснаараа тус байгууллагад эргэж орох сонирхолгүй нь харагдана. Мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр миний бие орон тооны цомхотголд хөдөлмөрийн маргаан хийхгүй гэж өөрийн гарын үсгийг зураад өргөдөл гаргасан байдаг учраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирлын Б/044/21 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг болон 40.5-д заасныг зөрчөөгүй. Хуульд орон тоо цөөрүүлсэн, хассан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан болохоос хоногоор заагаагүй учраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баасан гараг буюу ажлын өдөр байсан тул уг өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 2 х/

- Б.Түвшинтөгст 2021.03.03-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон 10/19 дугаартай итгэмжлэл /1 хх-ийн 3 х/

- Г.Н ОУТББ захирлын 2021.02.26-ны өдрийн Б/044/21 дугаартай “Ажилтан М.Гы хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал /1 хх-ийн 5 х/

-2017.09.15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”  түүний хавсралт /1 хх-ийн 6-15, 16-17, 18-19 х/,

-2017.09.15-ны өдрийн “Нууц хадгалах гэрээ” /1 хх-ийн 20-21 х/,

-2016.07.04-ны өдрийн Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөөх Хүүхэд хамгааллын бодлогыг баримтлах тухай амлалт бичиг /1 хх-ийн 22 х/

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 22-24 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1. Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын 2012.05.31-ний өдрийн 148 дугаартай, “Монгол Улсад олон улсын болон гадаад улсын Төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл” /1 хх-ийн 32 х/,

-А.Цэвээнд 2021.04.19-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон 101/21 дугаартай итгэмжлэл /1 хх-ийн 34 х/

-Г.Н ОУТББ 2021.01.04-ний өдрийн А/001/21 тоот “2021 оны цалин батлах тухай” тушаал, цалингийн хүснэгт бүхий хавсралт /1 хх-ийн 43, 44-45 х/,

-Г.Н ОУТББ 2021.01.29-ний өдрийн А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 46, 47, 48 х/

-Г.Н ОУТББ 2021.01.29-ний өдрийн А/007/21 тоот “Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 49, 50 х/,

-Г.Н ОУТББ 2021.02.09-ний өдрийн А/009/21 тоот “2021 оны цалинг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт, Орлогын дэлгэрэнгүй тайлан /1 хх-ийн 51, 52-53, 54 х/,

-2021.02.26-ны өдрийн М.Гы тойрох хуудас /1хх-ийн 55 х/,

-Г.Н ОУТББ захирлын 2020.08.26-ны өдрийн А/178/20 тоот “Ажилтан М.Гд сануулах арга хэмжээ авах тухай” тушаал /1 хх-ийн 63 х/,

-Г.Н ОУТББ захирлын 2021.02.26-ны өдрийн А/011/21 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй ажилтнуудад тэтгэмж олгох тухай” тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 67, 68-69 х/

-М.Гы 2021.02.24-ний өдөр Г.Н ОУТББ Хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл /1 хх-ийн 71 х/,

-Г.Н ОУТББ захирлын томилолтын хуудас, орчуулгын хамт /1 хх-ийн 97, 98 х/,

-“Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч” албан тушаалын тодорхойлолт” /1 хх-ийн 104-107 х/

-Хөдөлмөрийн дотоод журам /1 хх-ийн 108-135 х/,

-Г.Н ОУТББ 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /1 хх-ийн 147-228 х/,

-2020.07.13-ны өдрийн Г.Н ОУТББ-ын GPC зарлал Covid-19 нөхцөл байдлын талаарх үйл ажиллагааны удирдамж, (3-р хэвлэл) 1-р хагасын тойм, 2-р хагасын төлөвлөлт, Covid-19 үеийн үйл ажиллагааны удирдамж (3-р хэвлэл), жилийн эхний хагасыг тоймлох болон 2-р хагасыг төлөвлөлт “АРФА” ХХК-ийн орчуулга болон англи хэл дээрх баримт /2 хх-ийн 38-50 х/,

-Г.Н ОУТББ суурин төлөөлөгчийн 2021.03.19-ний өдрийн 056/21 тоот М.Гы тодорхойлолт /2 хх-ийн 51 х/,

- Г.Н ОУТББ суурин төлөөлөгчийн Гадаадын иргэн харьяатын газарт явуулсан 2021.04.12-ны өдрийн 092/21 тоот албан бичиг /2 хх-ийн 52 х/,

-Г.Н ОУТББ 2021.09.08-ны өдрийн 268/21 тоот албан бичиг, хавсралт 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын дэлгэрэнгүй тайлбар /2 хх-ийн 53, 54 х/,

-Г.Н ОУТББ захирлын 2019.11.13-ны өдрийн Б/033/19 тоот “Байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай” тушаал, түүний хавсралт /3 хх-ийн 17, 18 х/,

-Нэр бүхий 9 ажилтнаас 2021.02.02-ны өдрийн Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол салбарын захиралд хүргүүлэх шаардлага гэх Солонгос хэл дээрх баримт, “Алфа” ХХК-ийн орчуулгын хамт /3 хх-ийн 23-25, 26-27 х/,

- “Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт” /гүйцэтгэх ажилтан/ М.Гы 2020.01.01-нээс 2020.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд хийсэн 2021.01.14-ний өдрийн үнэлгээ 3 хх-ийн 29-41 х/,

-Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн  хяналтын тайлан /3 хх-ийн 42-44 х/,

-Т.Н, Ж.Р, З.У, О.Г нарын үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маягт баримтууд /3 хх-ийн 45-105 х/,

-Х.Лхагвахүүд 2021.10.27-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон 308/27 дугаартай итгэмжлэл англи хэл дээрх хувь болон орчуулга  /3 хх-ийн 117, 118 х/

-Г.Н ОУТББ захирлын 2021.02.26-ны өдрийн В/037/21 тоот “Ажилтан З.Ундрахын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2021.02.05-ны өдрийн З.Ундрахын ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл, 2021.02.17-ны өдрийн Г.Э-ын өргөдөл, захирлын 2021.02.25-ны өдрийн А/010/21 тоот Албан тушаал, ажлын байрны өөрчлөлт хийх тухай тушаал, хавсралт, 2021.03.31-ний өдрийн Б/062/21 тоот “Ажилтан Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2021.03.01-ний өдрийн Б.Б-ийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл /3 хх-ийн 132-138 х/,

-Г.Н ОУТББ Хүний нөөцийн албаны зөвлөлийн 2021.01.03-ны өдрийн 01/21 тоот хурлын тэмдэглэл /3 хх-ийн 159-165х/8

-Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн 2021.01.29-ний өдрийн А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаал, түүний хавсралт “Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө /2021-2023/ орчуулга болон англи хэл дээрх хувь /4 хх-ийн 31, 32, 33, 34-71 х/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

3.2. Шүүхийн журмаар буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021.08.24-ний өдрийн 182/ШЗ2021/07838 дугаар захирамжийн дагуу Г.Н ОУТББ суурин төлөөлөгчийн 2021.06.07-ны өдрийн Б/117/21, 2021.04.01-ний өдрийн Б/066/21, 2021.05.03-ны өдрийн Б/088/21, 2021.06.02-ны өдрийн Б/115/21, 2021.04.05-ны өдрийн Б/073/21, 2021.05.03-ны өдрийн Б/090/21, 2021.07.21-ний өдрийн Б/140/21, 2021.05.25-ны өдрийн Б/110/21, 2021.06.23-ны өдрийн Б/129/21, 2021.07.23-ны өдрийн Б/155/21, 2021.06.02-ны өдрийн Б/114/21, 2021.04.01-ний өдрийн Б/065/21, 2021.05.03-ны өдрийн Б/089/21, 2021.03.01-ний өдрийн Б/048/21, 2021.06.02-ны өдрийн Б/116/21 тоот Б.Ө, А.Ц, Г.С, Т.А, В.Э, Б.У, З.Г, Д.А нарыг ажилд томилсон, туршилтын хугацаагаар ажилд томилсон, туршилтын хугацааг дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг сунгасан, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд /1 хх-ийн 229-250, 2 хх-ийн 1-37 х/,

-2021.03.29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж” /2 хх-ийн 72-73, 3 хх-ийн 6-9х/,

 

3.3. Хариуцагч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2021.09.13-ны өдрийн 182/ШЗ2021/08547 дугаар захирамжийн дагуу 2021 оны 03-07 дугаар сарын тус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтнуудын тоо ба Хөлсөөр ажиллах гэрээ-ний талаарх мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “Хөлсөөр ажиллах гэрээ”-тэй ажилтнуудын дэлгэрэнгүй бүртгэл /2 хх-ийн 74-75 х/,

-Ж.В, Б.П, Б.Б, М.У, Т.У, Д.Ц, Б.Э, Х.Б, Ч.Ж, Б.Т, Т.Х, О.Б, Д.Н, Б.А Ж.Х, Д.Х, Б.Б, А.А, Б.С, Н.С, Б.Т, М.С, Ч.Э, Р.Ш, А.Г, А.А, Ш.Б, Ч.М, Б.Б, С.Б, Э.С, З.А, Г.П, Н.Д, Г.Э, Ш.А, Г.П, Р.Б, Д.Д, Ц.Б, Г.Б, Д.Б, Ц.Э, Ч.Э, Б.Д, Л.С, М.С, А.Л, Д.Г, И.Н, Н.З, Г.Т, Б.Х, Ө.Н, Д.Б, Т.Ү, Д.Ш, Б.Г, Ц.О, М.Г, С.О, С.С, Б.Д, Д.Б нарын хариуцагч байгууллагатай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Сайн дурын ажилтан ажиллуулах гэрээ, Ажлын байрны сургалт зохион байгуулах гэрээ /2 хх-ийн 76-250, 3 хх-ийн 1-3 х/,

-2022.10.06-ны өдрийн 182/ШЗ2022/12489 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Г.Н ОУТББОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч М.Гы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Г.Н ОУТББОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалын дагуу орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/044/21 тоот тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл тус байгууллагын бүтэц орон тоо цөөрч цомхотгосон зүйлгүй.

2.2. Хариуцагч нь ажилтнуудынхаа орон тоог цөөрүүлсэн гэж тушаал гаргасан боловч энэ нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Гыг ажлаас чөлөөлөөд 5 хоногийн дараа түүний ажлын байранд Д.Алтанцэцэгийг ажилд авсан байдаг учраас орон тоо бодитоор цөөрсөн гэж үзэх боломжгүй.

2.3. Хөдөлмөрийн дотоод журамдаа олон жил ажилласан туршлага, ур чадвар, хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлага зэргийг харгалзаж ажилтанг авч үлдэнэ гэж заасан боловч энэ зарчмыг М.Г дээр баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хагас болон бүтэн жилээр дүгнээгүй.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын  17 дугаар зүйлийн 17.6.14.-т заасан зохицуулалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлж байгаа бол 1 сар буюу 30 хоногийн өмнө заавал бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг танилцуулж гарын үсэг зуруулахаар заасан боловч бичгээр мэдэгдээгүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:

3.1. Ковид-19 цар тахлын улмаас Г.Н ОУТББ санхүүжилт өмнөх оноос 30-40 хувиар багассан учраас хамтын ажиллагааны төвөөс өгсөн удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирлын А/005/21 тоот “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаал гарч бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд үүний дагуу орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон учраас 14 ажилтан цомхотголд орсон.

3.2. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүх ажилчдын дотооддоо хэрэглэдэг Доксвейв сүлжээндээ мэдэгдлийг тушаалуудын хамт байршуулсан бөгөөд М.Г энэхүү мэдэгдэлтэй танилцсан учраас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчдын хамт захирлын тушаал нь үндэслэлгүй гарсан гээд хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан байдлаас харагдана.

3.3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021.12.30-ны өдрийн хоорондох хугацааны 5 ажилтны ажлын үр дүнг үнэлсэн бөгөөд М.Г нь хамгийн бага үнэлгээг авсан, 2021.02.26-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирлын Б/044/21 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг болон 40.5-д заасныг зөрчөөгүй, хуульд орон тоо цөөрүүлсэн, хассан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 1 сарын өмнө гэж заасан, хоногоор заагаагүй, 2021.02.26-ны өдөр Баасан гараг буюу ажлын өдөр байсан тул уг өдрөөр тасалбар болгон тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч М.Г нь Г.Н ОУТББОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт 2010 оны 10 дугаар сараас Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн судалгааны ажилтнаар, 2011 оны 4 дүгээр сараас Шархад Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар, 2015 оны 5 дугаар сараас Шархад орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Санхүү, эд хөрөнгийн бүртгэлийн ажилтнаар, 2018 оны 9 дүгээр сараас Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Нийгмийн хөгжлийн мэргэжилтнээр, 2019 оны 6 дугаар сараас Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхдийн эрх хамгааллын зохицуулагчаар, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтнээр ажиллаж тус тус ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/044/21 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /1 хх-ийн 5 х, 2 хх-ийн 51 х/

 

4.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Шархад Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт эд хөрөнгө хариуцсан ажилтнаар ажиллаж байсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Нууц хадгалах гэрээ”-г тус тус нотлох баримтаар өгсөн бөгөөд талууд дээрх хугацаанд эрхэлж байсан ажил, дээрх албан тушаалуудад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан талаар тус тус маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм. /1 хх-ийн 6-15 х, 20-21 х/

 

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу М.Г нь нь Г.Н ОУТББ захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/044/21 дугаартай “Ажилтан М.Гы хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаартай  “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ. /1 хх-ийн 5 х, 2 хх-ийн 72-73 х/

 

4.4.Хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г.Н ОУТББ захирлын Б/044/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захирлын А005/21, А007/21 дугаартай тушаалыг үндэслэн “Байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан Тахилт Орон нутгийн хөглийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч” гэх албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэлээр М.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасаслбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

 

4.5. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.

 

4.6. Хариуцагч Г.Н ОУТББ нэхэмжлэгч М.Гыг үүрэгт ажлаас халсан тушаалын үндэслэлийг авч үзвэл:

4.6.1. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан орон хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн зүйлийн 9.2.1-д “Байгууллага болон салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” нөхцөлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, цуцлахаар зохицуулсан байна.

 

4.6.2. Захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А005/21 дугаартай тушаалаар “Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “...Байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г, 2 дугаар хавсралтаар “Байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ийг, 3 дугаар хавсралтаар “өөрчлөлт орж буй албан тушаалын нэршил”-ийг баталж, мөн өдрийн А007/21 дугаартай тушаалаар “Байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан 1 дүгээр хавсралтаар нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын  26-ны өдрөөр цуцлахаар тус тус зааж хөдөлмөрийн гэрээ цуцлах 14 ажилтны нэрсийн 6 дугаарт нэхэмжлэгч М.Г бичигдсэн байна. /1 хх-ийн 46, 47, 48, 49, 50 х/

 

4.6.3. Дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар Г.Н ОУТББОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь нийт 4 хэлтэс, 9 алба, 7 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сайхан сэтгэл төв гэсэн нэгжтэй, 3 дугаар хавсралтаар “Суурин төлөөлөгчийг Захирал”, “Орон нутгийн хөгжлийн зохицуулагчийг Орон нутгийн хөгжлийн зохицуулагч, Захиргааны ажилтан, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч /кэйс/, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч гэж нэршлийг нь өөрчилж, орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоожээ. /1 хх-ийн 46, 47, 48 х/

 

4.6.4.Г.Н ОУТББ суурин төлөөлөгч буюу захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “2021 оны цалин батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар хариуцагч нь нийт 104 ажилтантай байсан байх ба үүнээс Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт А.Т, О.О, Г.Э, З.У, О.Г, М.Г, Ж.Р, Т.Н, С.О нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/009/21 тоот “2021 оны цалинг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар 6 хүний буюу төслийн менежер А.Т, Орон нутгийн хөгжлийн зохицуулагч Э.Д, Э.Ү, Г.Э, Т.Н, манаач С.О гэсэн орон тооны цалинг баталжээ. /1 хх-ийн 43, 44-45, 51, 53 х/

 

4.6.5. Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой тооныхыг хасах явдал бөгөөд энэ үед ажиллаж байгаа ажилтнуудаас чадвартай, сайныг нь үлдээх зарчмыг баримтлах ёстой бөгөөд хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж, дүгнэх маяг /гүйцэтгэх ажилтан/”-таар нэхэмжлэгч М.Гыг нийт 56 оноогоор үнэлжээ. /3 хх-ийн 29-41 х/

 

4.6.6. Ажилтан энэхүү үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаар байгууллагын хүний нөөцийн албанд хүсэлт гаргасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Хүний нөөцийн албаны гүйцэтгэлийн үнэлгээнд хийсэн хяналтын тайлан”-г гаргасан байх ба уг тайлангийн дүгнэлтэд “... ажилтан ба төслийн менежер нь “Хяналтын үр дүн” хэсэгт дурдсаны дагуу Гүйцэтгэлийн үнэлгээний оноог засварлах. Төслийн менежер гүйцэтгэлийн үнэлгээний маягтын 6.1 буюу “S, C, D” үнэлгээ өгсөн бол энэ тухай тайлбар бичиж баталгаажуулсны дараа Хүний нөөцийн албанд ирүүлэх шаардлагатай” гэжээ. /3 хх-ийн 42-44 х/

 

            4.6.7. Энэхүү тайланд тусгагдсаны дагуу Төслийн менежер нь гүйцэтгэлийн үнэлгээний маягтын 6.1 буюу “S, C, D” үнэлгээ өгсөн тухай тайлбар бичиж Хүний нөөцийн албанд хүргүүлсэн эсэх талаар болон “Гүйцэтгэлийн үнэлгээний журам” гэсэн баримт тус тус хэрэг авагдаагүй байх тул нэхэмжлэгч М.Гыг ямар үндэслэлээр ажилдаа тэнцээгүй гэж ажил олгогч үзсэн нь ойлгомжгүй.

Мөн хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/048/21 тоот тушаалаар Д.А-ийг Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчаар томилж, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байранд ажиллуулахаар 008/21 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. /2 хх-ийн 30-37/,

2021 оны 3 сард 118, 4 сард 116, 5 сард 130, 6 сард 134, 7 сард 113 ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргасныг Нийгмийн даатгалын улсын байцаагч хүлээн авч шалган баталгаажуулсан /1 хх-ийн 211-228 х/ баримтуудаар хариуцагчийн орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...”, ажил олгогч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.14-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулна” гэж тус тус заажээ.

 

5.1. Нэхэмжлэгч нь нэр бүхий 9 ажилтны хамт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол салбарын захиралд “...байгууллагын зохион байгуулалт, ажлын орон тоо бууруулсан гэх А006/21 тоот тушаалын хавсралтаас үзвэл эсрэгээрээ орон тоог нэмсэн ба халагдсан ажилтнуудын ажлын байр урьдынх шигээ хадгалах ёстойг зөрчсөн байна. ...Халагдсан ажилтнууд нь ажлын ур чадваргүй гэж үзсэн нь байгууллагын үнэлгээний системд үндэслэн тайлбарласан хүний нөөцийн ажилтнуудын аман тайлбар нь маш өрөөсгөл хандлагатай..., ажлаас халсан захирлын тушаал тодорхойгүй, шалтгаангүй ба ... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны хурлын үндэслэлгүй..., халах бүх аргууд хэрэгжсэн эсэх... Эцэст нь олон хүнийг нотолгоогүй халсан шийдвэрийг эргэж харж, уг ажлаас халах тушаалыг цуцлахыг хүсч байна...” гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. /3 хх-ийн 26-27 х/

 

5.2. Үүнээс үзвэл хариуцагчийн төлөөлөгчийн “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүх ажилчдын дотооддоо хэрэглэдэг Доксвейб сүлжээндээ мэдэгдлийг тушаалуудын хамт байршуулсан бөгөөд М.Г энэхүү мэдэгдэлтэй танилцсан...” гэх  тайлбар бодит үнэнд нийцсэн байх тул нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

5.3. Хариуцагч Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэнээс хойш захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/044/21 дугаартай тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байгаа хэдий ч энэ нь ялимгүй зөрчил гэж үзнэ.

 

5.3.1. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасан бөгөөд ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах сүүлчийн өдөр нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байсан хэдий ч 3 хоногийн өмнө дээрх тушаал гарсныг шүүх ялимгүй зөрчил гэж үзсэн учраас нэхэмжлэгчийн 1 сарын хугацаа дуусаагүй байхад ажлаас халсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч М.Г ажиллаж байсан Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажлын байр, албан тушаалын үндсэн чиг үүрэг үгүй болсон, орон тоо хасагдсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

5.5. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч М.Гы Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн эрхлэж байсан ажил, албан тушаал одоогийн шинэ бүтцэд байгаа, уг орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч М.Гыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэл болж байна .

 

6. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд

6.1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу М.Гы ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,527,610 /4,582,832 : 3 сар = 1,527,610/ төгрөг,  нэг өдрийн дундаж цалин хөлс нь 71,052 /1,527,610 төгрөг : 21.5 хоног = 71,052/  төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

6.1.1. Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

6.1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан учраас М.Гыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны буюу ажлын 403 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 28,633,956 /71,052 х 403 хоног = 28,633,956/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иймээс дээрх 28,633,956 төгрөгийн цалингаас Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Г.Н ОУТББнэхэмжлэгчид тэтгэмж болон буцалтгүй тусламж гэж олгосон 5,318,460 төгрөгийг хасч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,315,496 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Г.Н ОУТББ  цалинтай тэнцэх хэмжээний олговор 23,315,496 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Гы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас 274,527 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

8. Шүүхээс хэрэгт авагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-нүүд болон үүнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Гыг урьд эрхэлж байсан ажил буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Г.Н ОУТББТахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 23,315,496 төгрөгийг хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 23,315,496 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Гы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Г.Н ОУТББ даалгасугай

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Г.Н ОУТББ ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас 274,527 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА