Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02553

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02553

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын “Ч И Д И Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “Ш” ХХК-д холбогдох,  

 

598,658,124 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч  ”Ч И Д И Э Х” ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ынӨвөрмонголын өөртөө засах орны “Ч И Д И Э Х” ХХКнь “Ш” ХХК-тай 2017 оны 08 сарын 21-ний өдөр чанарын шаардлага хангасан 50,000тн нүүрсийг Эрээн хүрэх нөхцөлөөр 200 юань /тонн/ үүнд нүүрсний өөрийн өртөг уурхайгаас 25 дугаар өртөө хүрэх богино тээвэр болон бусад зардал, нийлүүлэлт болон экспортын татвар орсон болно/ Б тал буюу “Ш” ХХК нь Улаанбаатар төмөр замтай тохиролцон 25 дугаар өртөөнөөс Хятад улсын Эрээн хот хүрэх нүүрсний тээвэрлэлтийн ажлыг хариуцахаар, 10,000 тонн тутам нэг удаа урьдчилан төлбөр тооцоог хийхээр, гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тохиролцож Нүүрс худалдах, худалдан авах SHK-44 тоот гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасны дагуу эхний 10,000 тонн нүүрсний үнэ 2,200,000 юанийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ш” ХХК-ийн Хаан банкны 5128019772 /гэрээнд бичигдсэн/ тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нийтдээ 653479.2 юанийн 2970.36 тонн нүүрсийг хүлээн авсан, хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 192.84 тонн нүүрс импортлоод үүнээс хойш хариуцагч тал одоо болтол нүүрс нийлүүлэхгүй, төлбөрөө буцаан өгөөгүй болно. Манай компани тус компаниас 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6 удаагийн мэдүүлгээр 2327.07 тонн, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 323.95 тонн, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 126.5 тонн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 192.84 тонн буюу нийт 2970.36 тонн нүүрсийг тус тус хүлээн авсан. Үлдэгдэл нүүрсийг хүлээн аваагүй тул хариуцагч талд урьдчилж шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,546,520.6 юань буюу 598,658,124 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.  Хариуцагч ”Ш” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааТалуудын хооронд эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнд заасны дагуу эхний ээлжинд тодорхой хэмжээний нүүрсийг буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нүүрс нийлүүлсэн. Ингэхдээ 2017 оны 09 сарын 26-ны өдөр 8 вагон нүүрс, 2017 оны 09 сарын 26-ны өдөр 2 вагон нүүрс, 2017 оны 10 сарын 04-ний өдөр 3 вагон зэрэг нийт 827,120,664 төгрөгийн нүүрсийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. 2017 оны 10 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 5,952,145 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд 2017 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар 3,561 тонн нүүрс буюу 334,734,000 төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч н.О гэдэг хүн ажиллаж байсан. Нүүрс гаргах асуудлыг манай талаас Н.И хариуцаж байсан. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 79.336 төгрөгийн нүүрсийг л өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 79.336 төгрөгийг зөвшөөрч байгаа. 9932,5 тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулж дууссан. Гэрээнд заасны дагуу нүүрсээ тээвэрлэсэн. Эрээн хүртэл тээвэрлэх байсан боловч Оргил өөрийн мэдүүлгээр өртөөн дээр нүүрсийг бөөгнүүлж байгаад ачуулсан. Нэхэмжлэгч Оргилд итгэмжлэл өгч байсан. Гэрээний үүрэг биелэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч итгэмжлэл нь Нотариатын тухай хууль, Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: 

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Нүүрс худалдах, худалдан авах гэрээ

-2019 оны 07 сарын 10-ны өдөр Г.Нд олгосон итгэмжлэл /орчуулга/

-Нотариатын баталгааны бичиг /Орчуулгын хамт/

-Ж Ү ф-ий иргэний үнэмлэх /орчуулгын хамт/

- Ж Ү ф-ий гадаад паспорт /орчуулгын хамт/

-Г.Нийн гадаад паспорт /орчуулгын хамт/

-”Ч И Д И Э Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /орчуулгын хамт/

-гадаад худалдаа эрхлэх аж ахуйн нэгжийн бүртгэл /орчуулгын хамт/

-Хятад улсын үйлдвэр худалдааны банкны гадаад гуйвуулгын өргөдөл /орчуулгын хамт/

-Нөхцөл байдлын тухай тодорхойлолт /Орчуулгын хамт/

-БНХАУ-ын Импортын барааны гаалийн мэдүүлгийн хуудсууд /орчуулгын хамт/

-Монгол банкны 2019 оны 07 сарын 19-ний өдрийн ханшийн лавлагаа

”Ч И Д И Э Х” ХХК-аас 2019 оны 07 сарын 09-ний өдөр Г.Нарантуяад олгосон итгэмжлэл

-”Ч И Д И Э Х” ХХК-аас 2021 оны 07 сарын 13-ны өдөр Г.Нарантуяад олгосон итгэмжлэл /орчуулгын хамт/

Г.Нарантуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар

-БНХАУ-ын хилээр гарах-орох хорио цээрийн хяналт шинжилгээний газрын №117000007347326003, №11700000734325002, 11700000734325003, №117000007347325002, №117000007347328003, №117000007347328002, №117000007347329003, №117000007347329002, №117000007347330003, №117000007347330002, №117000007347327003, №117000007347327002, №117000007900417003, №117000007900417002 дугаартай хяналт шинжилгээний гэрчилгээнүүд /орчуулгын хамт/

-Ц.Оын нүүрс хүлээн авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баталгааны бичиг

-Тооцоо нийлсэн акт

Хариуцагчаас: 

 

-”Ш” ХХК-аас 2019 оны 09 сарын 09-ний өдөр М.Цэндсүрэнд олгосон итгэмжлэл

-2019 оны 10 сарын 23-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар

“Ш” ХХК-ийн зарлагын баримтууд

-”Ш” ХХК-ийн тооцооны хуудсууд

-2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацааны Байгууллагын тайлан

-Гаалийн хил нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд

-Татвар төлсөн баримтууд

-УБТЗ-ын 3 дугаар ангийн 40/662 тоот албан бичиг

-вагонд ачсан нүүрсний баримт

-”Ш” ХХК-аас УБТЗ-д мөнгө шилжүүлсэн баримт

-Бэлэн мөнгөний орлогын баримт

-Шатахууны баримт

 

Шүүгчийн захирамжаар:

-Гаалийн бүрдүүлэлт хийж Чао И Да импорт экспортын худалдаа ХХК-д нийлүүлэгдсэн нүүрсний лавлагаа

-Ц.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа

-Ц.Оын хилээр орсон гарсан лавлагаа

-№Б0361361, №Б0361362, №Б0361363, №Б0361364, №Б0361365 дугаартай падаан

-вагон ачилтанд тавьж өгсөн №Б0177657 дугаартай санамж

-вагон тавилт, таталтын хүснэгт №763

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгч “Ч И Д И Э Х” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Ч И Д И Э Х” ХХКнь “Ш” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 50,000 тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр эрчим хүчний чанарын шаардлага хангасан нүүрсийг Монгол Улсын 25 дугаар өртөө хүрэх богино тээвэр болон бусад зардал, ачилтын талбайд ачих буулгах зардал, пүүлэлт, экспортын татвар, БНХАУ-ын Эрээн хот хүртэлх тээвэрлэлтийн хамтаар худалдагч тал ”Ш” ХХК хариуцахаар, 10,000 тонн тутамд нэг удаа урьдчилгаа төлбөр тооцоог худалдан авагч тал төлөхөөр гэрээгээр тохирч, эхний 10,000 тонны нүүрсний үнэ 2,200,000 юанийг худалдагч талд шилжүүлж өгсөн боловч худалдан авагч тал 653,479.2 юанийн үнийн дүн бүхий 2970,36 тонн нүүрсийг хүлээн авсан, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нүүрсний урьдчилж төлсөн төлбөрийн үлдэгдэл 1,546,520.6 юань буюу 598,658,124 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлжээ.

5. Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд “Ш” ХХК-иас 9932,5 тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэхдээ Чао И Да ХХК-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас эхлүүлээд нүүрсийг бүрэн өгч дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отой уулзаж, холбогдож байсан, Ц.Од талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нүүрсийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусах хугацааны өгч авалцсан зүйлээ тооцоо нийлэхэд “Ш” ХХК нь зөвхөн 79,336 төгрөгийн өртэй гарсан, энэ хэсгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласнаас гадна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл нь Нотариатын тухай хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Олон улсын гэрээнд заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх хуралдаанд маргасан.

6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч БНХАУ-ын “Ч И Д И Э Х” ХХКнь Монгол Улсаас эрчим хүчний нүүрс худалдан авах зорилгоор “Ш” ХХК-тай иргэн Ц.Оргилоор зуучлуулан холбогдож, хэлцлийн талаар харилцан тохиролцсон, улмаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нүүрс худалдан авах гэрээ-г байгуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

7.1. Энэхүү гэрээний ерөнхий нөхцлөөр дараах үндсэн зүйлүүдийг харилцан тохиролцсон байна. Тодруулбал,

а/ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Ш” ХХК-ийн уурхайгаас гэрээний 1.3-т заасан чанар бүхий, мөн 5000-6000к/кал-ийн илчлэгтэй нүүрс 50,000 тонныг нэг тонн бүрийг 220 юаниар худалдах, худалдан авах, /гэрээний 1.3, 1.4, 2.2/

б/ 1 тонн нүүрсний 220 юанийн өртөгт нүүрсний өөрийн өртөг, уурхайгаас 25 дугаар өртөө хүрэх богинын нүүрс тээвэрлэлт болон БНХАУ-ын Эрээн хот хүрэх зардал, бусад зардал, ачилтын талбайн ачиж буулгах зардал, пүүлэлт болон экспортын татвар орсон бөгөөд бараа хүлээн авах нөхцлийг бүрдүүлсний дараа худалдан авагч тал албан хүсэлт явуулснаар Б тал нүүрсийг явуулах, /гэрээний 2.1, 3.3/

в/ Худалдагч тал нь нүүрсийг Монгол Улсын хил гаалиар нэвтрэхэд шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрдүүлж өгөх ба түүнээс гарсан зардлыг хариуцах, мөн Улаанбаатар төмөр замтай харилцан тохиролцож, 25 дугаар өртөөнөөс Хятад Улсын Эрээн хот хүрэх нүүрсний тээвэрлэлтийн ажлыг хариуцах, худалдан авагч тал нүүрсийг Эрээн хот руу орох импортын бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцах, нүүрсний чанарыг Эрээн хотын SGS лабораторийн шинжилгээ болон худалдагч талын шинжилгээний хариуг үндэслэн хүлээн авах, /гэрээний 3.4, 3.5, 4.1/

г/ Худалдан авагч нь Худалдагчид нүүрс ачилт хийх захиалга өгөхөөс өмнө 10,000 тонн тутамд нэг удаа урьдчилан төлбөр тооцоог юаниар хийх, маргаан гарсан тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

8. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Нүүрс худалдан авах гэрээ /SHK-44/-ний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд талууд нүүрс худалдах, худалдан авах гэрээнд заасан нөхцлүүдээр санал нэгдсэн, хууль ёсны этгээдүүд гэрээг байгуулсан гэж үзэх тул талуудын хэн алин нь гэрээнд заасан эрх эдэлж, үүргийг хүлээнэ.

“Ч И Д И Э Х” ХХКнь гэрээний 5.1, 5.2-т заасны дагуу эхний 10,000 тонн нүүрсний үнэ болох 2,200,000 юанийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ш” ХХК-ийн 5128019772 дугаартай дансанд SHK-44 нүүрсний гэрээний урьдчилгаа төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн, шилжүүлгийн хуудаст хууль ёсны төлөөлөгч Жой Үй Фэн гэж тамга дарж, баталгаажуулсан болох нь тогтоогдсон, хариуцагч “Ш” ХХК урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч тал гэрээний дагуу эхний 10,000 тонн нүүрсний мөнгөн төлбөр урьдчилан хийх гэрээнд заасан үүргээ биелүүлжээ.

Харин талуудын хооронд тухайн төлбөрт дүйцэх 10,000 тонн нийлүүлэх ёстой бүтээгдэхүүнийг тоо хэмжээний дагуу хүлээн авсан, хүлээлгэн өгсөн эсэх талаар маргасан болно.

9. “Ч И Д И Э Х” ХХКнь эхний шилжүүлсэн 2,200,000 юаньтай тэнцэх 10,000 тонн нүүрс хүлээн авах ёстойгоос нийтдээ 2970,36 тонн нүүрсийг хүлээн авсан талаар дурдаж, өөрсдийн хүлээн авсан нүүрсний холбогдох гаалийн мэдүүлгүүд зэргийг нотлох баримтаар өгсөн, эдгээр баримт нь 2970,36 тонн нүүрс хүлээн авсан гэдэг тайлбарт нь дүйцэж байгаа боловч хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан 450,45 тн нүүрсний баримт нь хятад хэл дээр бичигдсэн нь орчуулагдаагүй, мөн нотариатаар баталгаажуулаагүй тул шүүх үнэлэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар 2519,91 тонн нүүрсийг “Ч И Д И Э Х” ХХКхүлээн авсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар 2970,36 тонн нүүрсийг хүлээн авсан талаар тайлбарласан тул шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэн хүлээн авсан нүүрсний нийлбэр дүнг 2970,36 тонн гэж үзэх үндэслэлтэй юм.

10. Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгчийн хүлээн авсан гэх 2970,36 тонн нүүрсийг эс зөвшөөрч, нийтдээ 9,513,45 тонн нүүрсийг хүлээлгэн өгсөн гэж марган, татгалзлаа нотлох зорилгоор холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан, мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн боловч Чао И Да ХХК-д дээр дурдсан хэмжээний нүүрсийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь ”Ч И Д И Э Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилд дээр дурдсан нүүрсийг бүхэлд нь хүлээлгэж өгсөн, тухайн худалдан авагчийн захиалгийг Ц.Оргил тухай бүр өгч байсны дагуу нүүрсийг нийлүүлсэн, Ц.Оргилд ”Ч И Д И Э Х” ХХК-иас олгосон байсан итгэмжлэлд үндэслэн 9,000 гаруй тонн нүүрсийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар, татгалзлаа хангалттай нотлоогүй болно.

Тухайлбал, хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан баримт нь зөвхөн “Ш” ХХК-ийн нэг талын баримт бөгөөд, уг баримтад талууд тооцоо нийлсэн үйл баримтгүй, мөн уг баримтад 5952,45 тонн нүүрсийг 220 тонноор бодсон, 3561 тонн нүүрсийг 250 юанаар бодож тооцсон байх боловч гэрээнд нүүрсний үнийн тонн тутмын үнэд талууд өөрчлөлт оруулсныг нотлох баримт авагдаагүй, талууд нүүрсний үнэд өөрчлөлт оруулсан эсэх талаар мэтгэлцээгүй зэргээс үзэхэд зөвхөн уг баримтад үндэслэн хариуцагчийг 9,513,45 тонн нүүрсийг нийлүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай. /Гэрээний үнэд өөрчлөлт оруулах журмыг гэрээний 5.3-т заасан./

Түүнчлэн хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 64-175 дугаар талд авагдсан зарлагын баримтууд нь тухайн гэрээгээр тохирсон нүүрсийг Чао И Да ХХК-д нийлүүлсэн болохыг эргэлзээгүй нотлох баримт болохгүй юм. Учир нь зарлагын баримтын дээд хэсэгт худалдан авагчийн нэрийг Оргил гэж бичсэн, дээд талд нь өөр үзгээр Чао И Да гэж тусад нь бичсэн байхаас гадна тухайн нүүрсийг хүлээн авагч гэж доод хэсэгт гарын үсэг зурсан этгээдүүд нь /”Ч И Д И Э Х” ХХК-ийн талын хүмүүс биш/ өртөөн дээр ажилладаг этгээдүүд болохыг шүүх хуралдаанд тайлбарласан тул эдгээр нүүрсийг Ц.Оргилд хүлээлгэн өгсөн эсэх нь ч эргэлзээтэй, цаашлаад ”Ч И Д И Э Х” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээний 4.1-т Нүүрсний чанарыг Хятад Улсын Эрээн хотын SGS лабораторийн шинжилгээ болон худалдагч талын шинжилгээний хариуг үндэслэн хүлээн авах-аар тохирсон, мөн гэрээний 4.2-т нүүрсний хэмжээг 25 дугаар өртөөний вагоны пүүний баримтыг үндэслэн тогтоох-оор талууд харилцан тохиролцсон байх тул дээрх зарлагын баримт гэх баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бус юм.

“Ш” ХХК нь ”Ч И Д И Э Х” ХХК-д нийлүүлсэн нүүрсний хэмжээг нотлох зорилгоор 2 дугаар хавтаст хэргийн 7-12 дугаар хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн 2 дугаар хавтаст хэргийн 13, 23, 33,187 дугаар талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуудсуудаар “Ш” ХХК-иас нийт 795,4 тонн нүүрсийг ”Ч И Д И Э Х” ХХК-д мэдүүлсэн, харин бусад нотлох баримтууд нь нэхэмжлэгчид хамааралгүй буюу Тангшан Хайганг Шенгбао ХХК-ийн нэр дээр мэдүүлсэн баримтууд байхаас гадна эдгээр баримтын дийлэнх нь гадаад хэл дээр бичигдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан шардлагыг хангасан гэж үзэхгүй.

Мөн шүүх хуралдааны өмнө Тооцоо нийлсэн акт буюу талуудын хооронд 79,336 төгрөгийн өр төлбөр үлдсэн талаарх баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргасан боловч уг баримтад Чао И Да ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, тооцоо нийлсэн тухай үйл баримт нотлогдоогүй болно.

Хариуцагч талаас ”Ч И Д И Э Х” ХХК-д 9513,45 тонн нүүрсийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан Ц.Оын тодорхойлолтоор нотлогдоно гэж татгалзлын үндэслэлийг мөн тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.О нь уг бичиг нь өөрийнх нь ярьснаас нь өөр байдлаар бичигдсэн байсныг удаа дараа хэлж, уурлаж байсан талаар, Ц.Оыг яаралтай явж байсныг далимдуулж хуурч бичгийг хийлгэж авсан, нийт 6,000 гаруй тонн нүүрс авсан, эхний 2,300 тонныг ”Ч И Д И Э Х” ХХК авсан, ... 4,000 тонныг Таншанийн компани “Ш” ХХК-иас авсан зэргээр мэдүүлснээс дүгнэхэд, мөн Ц.Оргилын гарын үсэгтэй бичигт тэрээр өөрөө гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч агуулгын хувьд өөрийн хэлсэн ярьсан зүйлээс зөрүүтэй байгаа талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн байх тул уг баримтыг шүүх үнэлэх боломжгүй.

Түүнчлэн гэрч Ц.Оргилын мэдүүлэг болон хариуцагч талын гаргаж өгсөн баримтаас дүгнэхэд хариуцагч “Ш” ХХК нь “Т Х Ш” ХХК-д мөн нүүрс нийлүүлж байсан болох нь тогтоогдсон, нөгөө талаас “Ч И Д И Э Х” ХХКболон “Ш” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүргийг өөр бусад хуулийн этгээдэд шилжүүлсэн эсэх талаар тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй болно.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газраас нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж, “Ш” ХХК-ийн нэр дээр 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийж БНХАУ-ын ”Ч И Д И Э Х” ХХК-д нийлүүлэгдсэн нүүрсний лавлагаа мэдээллийг гаргуулахад нийтдээ 13 удаагийн мэдүүлгээр 3,085,000 кг нүүрсийг мэдүүлсэн болох нь нотлогдсон байдаг. /хх-230-232/

12. Иймд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн нөхцөл, тохиролцоо, хэрэгт цугларсан тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудад үндэслэн үйл баримтыг тогтоосон бөгөөд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаар “Ш” ХХК нь ”Ч И Д И Э Х” ХХК-д нийтдээ 3085 тонн нүүрсийг нийлүүлсэн гэх, Гаалийн ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн лавлагаа баримтад үндэслэн дүгнэв.

Нөгөө талаас, “Ш” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж 10,000 тонн нүүрсийг худалдан авагч талд нийлүүлээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.

13. Нүүрсийг ”Ч И Д И Э Х” ХХК-ийн төлөөлөгч Ц.Оргилд нийлүүлсэн тул хариуцахгүй гэж маргаж байгаа боловч гэрээнд хэн алин нь төлөөлөгч оролцуулах талаар тохиролцсон зүйлгүй, “Ш” ХХК нь ”Ч И Д И Э Х” ХХК-д нүүрсийг нийлүүлэх, Эрээн хот хүртэлх тээвэрлэлтийг хариуцах үүрэгтэй ба энэ үүргийн хүрээнд эхний төлбөрт дүйцэх барааг нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нэгэнт талуудын хооронд байгуулсан нүүрс худалдах худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нүүрсийг нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул барааны үнэд илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлагыг гаргасантай холбоотойгоор худалдан авагч тал төлбөр төлөх үүргээсээ татгалзан, гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т нийцнэ.

Иймд урьдчилгаа мөнгөн төлбөрөөс худалдан авагчид нийлүүлсэн нүүрсний үнийг хасч, илүү төлөгдсөн төлбөрийг ”Ч И Д И Э Х” ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

14. “Ш” ХХК-иас ”Ч И Д И Э Х” ХХК-д нийлүүлсэн 3085 тонн нүүрсийг 220 юаниар тооцоход 678,700 юанийн нүүрсийг бодитоор нийлүүлсэн гэж үзэх бөгөөд үүнээс 10,000 тонн нүүрсний үнэд шилжүүлсэн 2,200,000 юаниас 678,700 юанийг хасвал 1,521,300 юаньд холбогдох нүүрсийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

15. Нэхэмжлэгч тал шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүх хуралдаанд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг нотлох баримтаар гаргасан тул тухайн өдрийн албан ёсны ханш болох 1 юанийг 387,22 төгрөгөөр тооцон 589,077,786 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-иас гаргуулж, ”Ч И Д И Э Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,580,338 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

16. Хариуцагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяад олгогдсон итгэмжлэл нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж төлөөлөх эрхийн талаар шүүх хуралдаанд маргасан боловч итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуулийн дагуу олгогдсон итгэмжлэлээр төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Учир нь ”Ч И Д И Э Х” ХХК-ийн төлөөлөгчөөс Г.Нд олгогдсон итгэмжлэлийн эх хувийг хятад хэлнээс монголд хэлэнд орчуулсан албан ёсны орчуулгын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д заасныг зөрчөөгүйгээс гадна итгэмжлэлийн агуулга нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-10-26, хх-3-190-198/

Түүнчлэн Г.Нд итгэмжлэл олгосон этгээд болох БНХАУ-ын иргэн Ж Ү Ф нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Нүүрс худалдан авах гэрээнд ”Ч И Д И Э Х” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, гэрээний төлбөр 2,200,000 юаны төлбөрийг “Ш” ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдсон тул Ж Ү Ф нь ”Ч И Д И Э Х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

17. Нөгөө талаас хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ”Ч И Д И Э Х” ХХК-ийг төлөөлж, Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл нь хуульд нийцээгүй, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь итгэмжлэлийг олгож, гарын үсэг зурсан Ж Ү Ф болох нь эргэлзээтэй зэргээр маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ, мөн нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээх ба ”Ч И Д И Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ”Ш” ХХК-д холбогдох нэхэмжлэлд шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш тухайн татгалзалтай холбогдуулан нотлох баримт цуглуулах, тайлбараа нотлох зэрэг хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй байх тул хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт, дүгнэлт хийж шүүх хэргийг шийдвэрлэв.

18. Талууд шүүхийн болон хэргийн харьяаллын талаар маргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.3-т заасныг баримтлан хариуцагч ”Ш” ХХК-иас 589,077,786 төгрөгийг гаргуулж, ”Ч И Д И Э Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,580,338 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”Ч И Д И Э Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,151,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Ш” ХХК-иас 3,103,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Ч И Д И Э Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД