Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00204

 

 

2023 01 20 210/МА2023/00204

 

“А-” компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02553 дугаар шийдвэртэй,

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “А-” компанийн нэхэмжлэлтэй,

“Б-” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 598,658,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “А-” компани нь “Б-” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр чанарын шаардлага хангасан 50,000 тонн нүүрсийг Эрээн хүрэх нөхцөлөөр тонн тутмыг 200 юаниар, үүнд нүүрсний өөрийн өртөг уурхайгаас 25 дугаар өртөө хүрэх богино тээвэр болон бусад зардал, нийлүүлэлт болон экспортын татвар орсон болно.

“Б-” ХХК нь Улаанбаатар төмөр замтай тохиролцон 25 дугаар өртөөнөөс Хятад улсын Эрээн хот хүрэх нүүрсний тээвэрлэлтийн ажлыг хариуцахаар, 10,000 тонн тутам нэг удаа урьдчилан төлбөр тооцоог хийхээр, гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тохиролцож Нүүрс худалдах, худалдан авах SHK-44 тоот гэрээг байгуулсан.

1.2. Манай компани гэрээнд заасны дагуу эхний 10,000 тонн нүүрсний үнэ 2,200,000 юанийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Б-” ХХК-ийн, “Хаан банк” ХХК дахь ****** /гэрээнд бичигдсэн/ тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нийтдээ 653,479.2 юанийн 2,970.36 тонн нүүрсийг хүлээн авсан, хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 192.84 тонн нүүрс импортлоод үүнээс хойш хариуцагч тал одоо болтол нүүрс нийлүүлэхгүй, төлбөрөө буцаан өгөөгүй болно.

Манай компани тус компаниас 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6 удаагийн мэдүүлгээр 2,327.07 тонн, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 323.95 тонн, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 126.5 тонн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 192.84 тонн буюу нийт 2,970.36 тонн нүүрсийг тус тус хүлээн авсан. Үлдэгдэл нүүрсийг хүлээн аваагүй тул хариуцагч талд урьдчилж шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,546,520.6 юань буюу 598,658,124 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 5,952,145 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3,561 тонн нүүрс буюу 334,734,000 төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч н.В- гэдэг хүн ажиллаж байсан. Нүүрс гаргах асуудлыг манай талаас н.Г- хариуцаж байсан. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 79,336 төгрөгийн нүүрсийг өгөөгүй тул төлөхийг зөвшөөрч байгаа. 9932,5 тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулж дууссан. Гэрээнд заасны дагуу нүүрсээ тээвэрлэсэн.

2.3. Эрээн хүртэл тээвэрлэх байсан боловч н.В- өөрийн мэдүүлгээр өртөөн дээр нүүрсийг бөөгнүүлж байгаад ачуулсан. Нэхэмжлэгч н.В-д итгэмжлэл өгч байсан. Гэрээний үүрэг биелэгдсэн.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч итгэмжлэл нь Нотариатын тухай хууль, Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.3-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-аас 589,077,786 төгрөгийг гаргуулж, “а-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,580,338 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “а-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,151,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-аас 3,103,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “а-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. БНХАУ-ын “А-” компанитай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 50,000 тонн эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулахад “Б-” ХХК, түүнийг төлөөлөн Д.Г-,    “А-” компани, түүнийг төлөөлөн Ц.В- нар байлцсан.

4.2. Гэрээ байгуулагдахаас эхлэн “Б-” XXК нь нүүрс өгч дуусах хүртэл хугацаанд “А-” компанийг Ц.В- төлөөлөн ажиллаж байсан.

4.3. Хариуцагчаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, Ц.В-ын гарын үсгийн баталгаа, гэрч Ц.В-, Д.Г- нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтын нүүрсний тооцоонд бичигдсэн Ц.В- гэсэн тооцоолол энэ бүгдээс харахад  “А-” компанитай Ц.В- нь нэг тал гэдэг нь нотлогддог.

4.4. Ц.В- шүүхэд мэдүүлэг өгөхдөө “А-” компанийн авах нүүрсийг 25 дугаар өртөөн дээр бөөгнүүлж БНХАУ руу ачуулдаг байсан талаараа мэдүүлсэн. Мөн тэрээр “Б-” ХХК-ийн уурхайн ам дээрээс “А-” компанийн нүүрсийг хүлээн авсан талаараа тодорхой мэдүүлж, тодорхой хэмжээний ашиг, урамшуулал авснаа мэдүүлсэн байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдаанаас өмнө гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд уг баримт нь хариуцагчийн татгалзал болон маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэж байна.

4.6. “Б-” ХХК нь  “А-” компанид нэг, Ц.В-д нэг буюу нэг төлбөрийг 2 дахин төлж байгаатай ижил шүүхийн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.7. “А-” компанийг төлөөлөн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд Г.Нарантуяа нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32019/08511 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ” гэж заасан.

Нэхэмжлэлийг БНХАУ-ын Өвөр монголын “А-” компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу хууль ёсны төлөөлөгч З мөн эсэх, түүнчлэн шүүхэд төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй байсан.

Дипломат албаны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд дипломат төлөөлөгчийн газрын хэрэгжүүлэх чиг үүргийг, 7.1.6-д Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлэх эрхийг тус тус заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөх хугацаа хангалттай байсан. Гэтэл өнөөдөр Д.Г-г гэрчээр асууснаас болж, 2 гэрчийн мэдүүлэг зөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Ц.В-ыг асуусан тэмдэглэлд хариуцагч талаас бичсэн тайлбарыг үгүйсгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүчээр гарын үсэг зуруулсан гэдэг. Хоёр улсын хооронд байгаа бараа бүтээгдэхүүнийг өгч авахдаа аливаа гэрээг үндэслэнэ. Гэтэл хариуцагч талаас өгсөн баримтуудаар гэрээний дугаар байдаггүй, хүлээн авагч компани нь Т гээд өөр компани байдаг. Энэ баримтуудыг үндэслээд манай талд нүүрсийг хүлээлгэн өгсөн гэж мэтгэлцдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан нүүрсний төлбөр тооцоо гэх баримтыг нэхэмжлэгч тал өгсөн гэдэг. Энэ баримтыг хариуцагч талаас нэхэмжлэгчид өгснийг нэхэмжлэгч тал шүүхэд баримтаар өгсөн. Гэрч асуулгах хүсэлтийг 2 жилийн өмнө шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэрч ирэхээр өөрсдөө ирдэггүй, ийм нөхцөл байдалтай явсаар байгаад шүүх хуралдаанаас өмнө Д.Г-г гэрчээр асуусан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “А-” компани нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 598,658,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 79,336 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал 50,000 тонн нүүрсийг БНХАУ-ын Эрээн хот хүрэх нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч нь 1 тонныг 220 юаниар тооцож төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

4. Худалдан авагч “А-” компаниас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10,000 тонн нүүрсний урьдчилгаа төлбөрт 2,200,000 юанийг худалдагч “Б-” ХХК-д шилжүүлсэн  талаар зохигч маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч “А-” компани нь 2,970.36 тонн нүүрс хүлээж авсан, хариуцагч “Б-” ХХК нь 9,935.5 тонн нүүрс нийлүүлсэн гэж маргажээ. 

 

6. Талууд гэрээний 8.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээнд тусгагдаагүй асуудлыг талууд хоорондоо тохиролцон шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд болох БНХАУ-ын хуулийн этгээд “Т” компанид гэрээний зүйл болох нүүрсийг хүлээлгэж өгөх талаар тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

6.1. Хариуцагч “Б-” ХХК нь гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэрлэн заасан гуравдагч этгээдэд нүүрс хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэх тайлбараа нотлох үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй байна.

 

6.2. Гэрч Ц.В-: “Миний санаж байгаагаар 6,000 гаруй тонн нүүрс авсан. Эхний 2,000 орчим нүүрс очиход “а-” ХХК муу нүүрс байна аваагүй гээд 2 сар орчим ачилтыг зогсоосон. Дараа нь Т компанийн захирал Ү гэж өвгөнд зараад илгээгч нь “Б-” ХХК, хүлээн авагч нь Т компани болсон. “Б-” ХХК нь үүнийг зөвшөөрөхгүй “а-” ХХК-аас албан бичиг авчир гээд албан бичиг авч өгч байж хаягийг нь солиулаад үлдэх 4,000 тонныг Т компани “Б-” ХХК-аас авсан. ... Манай үлдсэн нүүрсийг хаяг өөрчлөөд ачуулж өгнө үү гэсэн хүсэлт байсан. ... Ви чатаар ирэхээр нь би орчуулаад мэйл хэлбэрээр Б- руу явуулсан. Одоо олохгүй байгаа. ... 2,0 сая юань бол 10,000 тонн нүүрсний мөнгө. 9,000 орчим нүүрс өгөх ёстой. Үнээ нэмсэн учраас үлдсэн мөнгөө шахсан. Манай үнэ өссөн учраас тооцоо мөргөлөө гэдэг байдлаар дууссан. Аль аль нь зөвшөөрөхгүй дуусгасан.” гэх мэдүүлэг,

гэрч Д.Г-: “[2017 оноос 2018 онд “Б- ХХК-д] гадаад худалдаа, борлуулалтын менежер байсан. “а-” ХХК-ийн хятад захирал ирж байсан. Уулзахдаа нүүрс худалдаж авахаар ярилцаж тохиролцоод В-ыг зааж өгөөд бүх зүйлийг төлөөлж явна, албан ёсны төлөөлөгч гээд явсан. Ч захирал В-ын аав нь холбоотой байсан. Манай компани руу В-оор дамжуулж орж ирж гэрээ байгуулсан. .. [нүүрс авдаг байсан нь] В- байсан. В- болохоор нөгөө компанитай гэрээ байгуулж уурхайн амнаас авч яваад хаашаа гааль хийлгэхээ хэлнэ гэсэн. Нүүрсээ тоо ёсоор нь авч гарсан. Дутах юм бол 100, 200 тонн дутсан байх боломжтой. Ер нь бол бүрэн өгсөн. ... В- “а-” ХХК-г дагуулж ирээд гэрээ байгуулсан. В- бүх зүйлийг удирдан зохион байгуулсан. Гол нь урагшаа гаргаж өгнө гээд явсан. Батлан даагч нь юм шиг байгаа юм. ...  Захирал нь өөрөө В- бол 100 хувь төлөөлөгч гээд амаараа хэлсэн. Би захирлын таньдаг хүн гэхээр дараалал дайрлаа гээд итгэмжлэл өгөөрэй гэхэд надад Ви чатаар итгэмжлэл өгсөн. ... Ви чат хадгалах нөхцөл нь өөр болохоор [итгэмжлэл] байхгүй. Тэр бол хувийн зүйлээр авсан учраас ач холбогдолтой гэж хараагүй. Гэрээн дээр 25-р зөрлөг дээрээс ачиж өгнө гэж тохиролцсон. Хятад улсад нүүрс импортлох эрх, хүлээн авагчийг солих хүсэлт гаргаж болдог. Гэрээний үүрэг 25-р өртөөнд хүргэж өгөх. Нүүрсээ вагонд ачиж Эрээн рүү хаяглаж өгөөд тээврийн зардлыг өгөхөөр гэрээн дээр заагдсан. В- нэг 2 удаа Тан шан гэдэг газар луу хаяглаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. Би захиралтай нь холбогдож байсан. Би захирлаас нь асуухад би дунд нь татварт орох гээд байна. Тан шан гээд хаяглаад өгнө үү гэж байсан. Татварт орохгүйн тулд өөр газар луу хаяглаж байгаа гэж надад хэлж байсан” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

Монгол Улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 13 мэдүүлэг /2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах/-т “Б-” ХХК-аас хүлээн авагч “а-” гэж тодорхойлж 3,085,000 кг /325,000 кг + 325,100 кг + 325,200 кг + 258,600 кг + 384,300 кг + 66,500 кг + 63,150 кг + 397,950 кг + 133,850 кг + 131,700 кг + 339,400 кг + 131,900 кг + 202,350 кг/, нүүрсийг илгээсэн байна.

Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар “Б-” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч “А-” компанид хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох “Т” компанид хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч “А-” компани зөвшөөрсөн байдал байхгүй, эсхүл ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч “А-” компани ашиг олсон нөхцөл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б-” ХХК-ийг 6,915 /10,000–3,085/ тонн нүүрс нийлүүлэх үүргийг гүйцэтгэсэн гэж тооцох боломжгүй байна.

 

6.3. Мөн дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн Ц.В-ыг нэхэмжлэгч “А-” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж дүгнэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

6.4. Хэргийн 1 дүгээр хавтас 47 дахь талд авагдсан “В-/а-/ гэх гарчигтай баримтад “Б-” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, нягтлан гэж тэмдэглэж гарын үсэг зурсан баримт нь нэг талын баримт байх бөгөөд эсрэг тал нь уг баримтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэн зөв гэж дүгнэхгүй юм.

 

6.5. Түүнчлэн 1 дүгээр хавтас 64-175 дахь талд авагдсан “Б-” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан “Зарлагын баримт” нэртэй баримтуудаар уг баримтад заасан нүүрсийг нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн 2,970.36 тонноос илүү хэмжээгээр хүлээж авсан гэж дүгнэхээргүй байна. Учир нь уг баримтын дагуу иргэн Ц.В- нүүрсийг хүлээж авсан байж болох ч Ц.В-ын хүлээн авсан нүүрс “А-” болон “Т” компанийн аль алинд ачигдаж хүргэгдсэн байх боломжтой. 

 

6.6. Хариуцагч талаас гаргаж өгсөн хэргийн 2 дугаар хавтас 7-12 дахь талд авагдсан гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар орчуулагдаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6.7. Хэргийн 1 дүгээр хавтас 219 дэх талд Ц.В-ын 2019 оны 11 дүгээр сарын 07-ын өдөр үйлдсэн “нүүрс хүлээн авсан тухай” баримтад “9513,45 тонн нүүрсийг “Чой И Да” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүлээн авч, БНХАУ руу гаргаж өгсөн нь үнэн болно” гэж бичигдэж, тэрээр гарын үсэг зурсан байх боловч гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг баримтад агуулгын хувьд өөрийнх нь хэлснээс өөрөөр тусгагдсан гэж үгүйсгэснээс гадна түүний гарын үсэг зурсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хүлээн авсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

7.1. Хариуцагч “Б-” ХХК нь 678,700 юанийн үнэ бүхий 3,085 тонн нүүрс нийлүүлсэн байх бөгөөд үлдэгдэл 6,915 тонн нүүрсийг нийлүүлээгүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А-” компани нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхтэй, улмаар гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар болох илүү шилжүүлсэн 1,521,300 юань буюу 589,077,786 төгрөгийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан гаргуулахыг шаардах эрхтэй юм.

 

7.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсгийг баримталж нэхэмжлэлийг хангасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон, уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсгийн зохицуулалт нь гэрээний тал эсрэг талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний үүргээс татгалзах эрхийг олгож буй бөгөөд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхийн зохицуулалтад хамаарахгүй болно. Гэрээний үүргээс татгалзах эрх нь нэхэмжлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийн үүрэг гүйцэтгэхээс татгалзахаар илэрхийлэгдэж болох боловч энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, түүний үр дагавар болох шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардсан болно.

 

7.3. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

8.1. БНХАУ-ын Өвөрмонголын “А-” компанийн хууль ёсны төлөөлөгч З гэж тодорхойлж 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Нарантуяад шүүхэд төлөөлөх агуулгатай итгэмжлэлийг хятад хэл дээр үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын нотариатын газраар гэрчлүүлсэн, нотариатын баталгааны бичгийг мөн газраас хятад хэл дээр үйлдэж тус тус ирүүлсэн байна.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1989 оны 11 дүгээр сарын 10-ын өдрийн 172 дугаар зарлигаар “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г соёрхон баталсан байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно” гэж заасан тул дээр дурдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын нотариатын газар гэрчилсэн итгэмжлэл, уг итгэмжлэлд З-ийг БНХАУ-ын Өвөрмонголын “А-” компанийн хууль ёсны төлөөлөгч гэж тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгч компанийг хууль ёсны төлөөлөгч З биш гэх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй тохиолдолд итгэмжлэлд дурдсан үйл баримтыг үнэн зөв гэж дүгнэнэ.

 

8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын хоёр талт гэрээг баримтлах бөгөөд ийнхүү хоёр талт гэрээ байхгүй тохиолдолд бусад хууль тогтоомжийг баримтлах учиртай.

Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлэх” нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын чиг үүргээр тодорхойлжээ. Гадаад улсын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсын иргэнд итгэмжлэл олгоход Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан тохиолдолд итгэмжлэлийг хүчинтэй гэж дүгнэх нь учир дутагдалтай.

 

8.3. Шүүх хуралдаанд ирсэн гэрчийг шүүх хуралдааны өмнө асуух байсан гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй болжээ. Гэхдээ хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/15415 дугаар захирамж алдаатай болсон боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Шүүх хуралдаан дээр гэрч асуух ажиллагаа хийснээр гэрчийн мэдүүлэг гэх нотлох баримт бүрдэх юм. Энэ баримттай танилцах эрхийг шүүх хуралдаанд оролцогчид эдэлсэн гэж дүгнэнэ. Харин гэрчийн мэдүүлэгтэй танилцсанаар хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрх үүснэ. Ийнхүү гэрчийн мэдүүлэг авсны дараа хариуцагч талаас шүүх хуралдаан дээр энэ эрхээ эдлэх талаар хүсэлт гараагүй байна.

Дээрх үндэслэлээр гэрч асуулгах ажиллагааг шүүх хуралдааны өмнө явуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй болжээ.    

 

9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч компанийн нэрийг буруу бичсэнийг залруулах боломжтой байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техник алдааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “249 дүгээр зүйлийн 249.3” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж, “а-” ХХК” гэснийг “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “А-” ХХК” гэж,

2 дахь заалтын “а-” ХХК” гэснийг “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “А-” ХХК” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАДРАХ                                         

         ШҮҮГЧИД                                             Д.БЯМБАСҮРЭН                                                                                          

Э.ЗОЛЗАЯА