Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04541

 

 

 

 

 

 

 

 

   2022         10         31                                         101/ШШ2022/04541

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХАЯ холбогдох,

Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон 2021.01.01-ний өдрөөс 02.16-ны өдрийн хугацаанд ажилласан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 01 дүгээр сараас хойш өнөөг хүртэл огт цалин аваагүй байгаа. Хэдийгээр тушаал нь 2 дугаар сарын 16-ны өдрөөс гэсэн боловч үнэндээ 1 дүгээр сараас байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 114,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Би 2004 оноос хойш Төрийн албанд ажиллаж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч. Мөн Австралид мэргэжил дээшлүүлсэн. Түүнээс өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргын ажлыг хашиж байсан. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн яамны төслийн зохицуулагчаар томилогдсон. Би гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлж, 98,6 хувийн биелэлттэй ажилласан. Тиймээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг сунгасан. 2020 оны 8 дугаар сард Азийн хөгжлийн банктай хийсэн хурлаар төслийн явц сайн байна гэсэн мэйл ирсэн. 2019 оны сүүлээр үр дүнгийн биелэлтийг гаргаад хариуцагч талд хандахад сураггүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр үүрэгт ажлыг тасалбар болгосон тушаалыг надад мэдэгдсэн. Миний ажил муу байсан талаар огт хэлж байгаагүй, 7 хоног бүр би ажлын тайлангаа гаргаж өгдөг байсан. Сангийн яам болон Хөдөө аж ахуйн яам, Азийн хөгжлийн банктай өдөр тутмын ажлаа хийгээд, хуралдаа ороод явж байсан. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Тус ажлаас чөлөөлсөн тушаалыг би хууль бус гэж үзэж байна. Би ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Тухайн үед ажлаа гүйцэтгэж байхдаа би 8 сартай жирэмсэн байсан. Намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ХХАХҮЯны Б/14 тушаалыг хүчингүй болгож, Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 114,400,000 төгрөг гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайх 2018 оноос Азийн хөгжлийн банктай төсөл хэрэгжүүлэхээр болж нэхэмжлэгчтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2020 онд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Анх ажилд орохдоо 4 жилийн төсөл байсан тул би орсон гэж байна. Хөлсөөр ажиллах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагддаг. Цаашид ажил үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд сунгаад явдаг. Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээтэй давхцуулж ойлгож болохгүй. Жирэмсний амралт авах хүсэлтийг нь манай яам авсан. Сангийн сайдын 196 дугаар журамд зааснаар жирэмсний амралт авах хүсэлт нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болох талаар заасан. Хөлсөөр ажиллах гэрээний агуулга нь ажлыг чанартай хийх ёстой. 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, үйл ажиллагаа доголдолтой байж байтал гэрээний хэрэгжих хугацаа дуусч байсан. Бид гэрээний биелэлтийг гаргаж, гэрээгээ дүгнүүлэх гээд их ажилтай, энэ нь цаашид 2 улсын харилцааны асуудал байдаг тул нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байна гээд 2020 оны 02 дугаар сард гэрээг нь цуцалсан, цаашид гэрээг сунгах боломжгүй гэж үзсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гомдол нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өөрийнх нь ажил үүргийг хариуцлагынх нь хувьд дарга нар зөв үнэлжээ. Өдөр тутмын үнэлгээ, 10 сарын дүгнэлт зэргээр маш хангалтгүй байсан. Харин ч жирэмсний амралт хүртэл нь гэрээг цуцлахыг хойшлуулж, нийгмийн халамжаас 16 сая төгрөгийн тэтгэмж олгосон байдаг. Эмэгтэй хүний хувьд бусад асуудлыг нь сөхмөөргүй байна. Хариуцсан мэргэжилтний хувьд намайг үл тоосон, ажлаа танилцуулдаггүй, албан хэрэг хөтлөлтгүй, найзын дундаа ажилладаг, бичиг хэргээр ажил дамждаггүй байсан нь өнөөдрийн гэрчийн мэдүүлгээр ч харагдаж байна. Дуртай цагтаа дарга нараар гарын үсгээ зуруулдаг байсан. Түүнийг дахин ажилд авах боломжгүй гэх хуульчийнхаа саналтай санал нэг байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах (9192-MON) төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон 2021.01.01-ний өдрөөс 02.16-ны өдрийн хугацаанд ажилласан цалин 114,400,000 төгрөг гаргуулах, дурдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б-1 тоот “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээ”-г 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл буюу нэг жилийн хугацаатай байгуулж, Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах Төслийн зохицуулагчийн ажилд томилжээ. Мөн талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар гэрээг сунгаж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  26 тоот гэрээг байгуулжээ. /1-р ХХ-ийн 6-16, 153-163 дахь тал/

4. Гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн хуудас, талуудын нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б-14 тоот тушаалаар нэхэмжлэгчийн “өөрийн” нь хүсэлтийг үндэслэн Төслийн зохицуулагчийн ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоожээ. /1-р ХХ-ийн 17 дахь тал/ Нэхэмжлэгч тус тушаалыг эс зөвшөөрч “ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа, нэхэмжлэгч нь жирэмсний амралт авах хүсэлт гаргасан нь Сангийн сайдын 2015 оны .... тоот тушаалын дагуу түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөх үндэслэл болсон,  Б.Б ажлын үр дүнгээс шалтгаалан гэрээг сунгаагүй, хөлсөөр ажиллах гэрээг дүгнэх хуудсаар хангалтгүй үнэлэгдсэн гэж тайлбарлаж байна.

6. Зохигч харилцан зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ....тоот тушаалын хавсралтаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” (цаашид Журам гэх)-д заасны дагуу гэрээг дуусгавар болгоогүй байна.

Зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 26 тоот хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг тодорхойлох дүгнэх харилцаа нь тус гэрээний 3.1-д заасан хугацаанд хамаарах, ажиллуулагчийн саналаар гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгохоор бол гэрээний 5.1.2, 8.1, 8.2-т зааснаар, ажилтны саналаар бол мөн гэрээний 8.3-т зааснаар тус тус шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд гэрээг үргэлжлүүлэх нөхцөлд мөн гэрээний 7.1-д заасан хугацаатай байхаар талууд тохиролцжээ. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн буюу ажиллагчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгосон эрхийн акт үйлдэж хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болсон нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн Б-14 тоот тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч өөрийн гаргасан 2021 оны Б-14 тоот тушаалын үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээх бөгөөд ийнхүү нотолсон тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн татгалзлыг нотлох үүргийг тус тус хүлээнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр дуусгавар болгохоор ажиллуулагч буюу хариуцагчид хандан өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаархи татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний нөхцөл, Сангийн сайдын 2015 оны .... тоот тушаалаар батлагдсан журамд зааснаар гэрээг дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилж, мөн хуулийн 364 дүгээр зүйлд нийцэхгүй, хууль бус байна.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, ажиллах хугацаандаа олон алдаа дутагдал гаргаж байсан нь гэрээг дуусгавар болгох шалтгаан болж нэхэмжлэгчийн ажил үүргийг шалгахад хангалтгүй үр дүн үзүүлсэн гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгчийн хариуцсан төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн 2018-2020 оны үйл ажиллагаа, худалдан авалт, бүртгэл, хэрэгжилт, биелэлтэд хэсэгчлэн хийсэн аудитын тайлангаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлын үр дүнг 61.5 хувь гэж, тус төслийн 2020 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангаар 70 хувьтай гэж тус тус үнэлжээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж 57 оноогоор эрэмбэлжээ. /1-р ХХ-ийн 103-142, 164-170, 2-р ХХ-ийн 166-171 дэх тал/

Сангийн сайдын 2015 оны ......... тушаалын хавсралтаар баталсан Журмын 16.10, 16.11-д гэрээг үнэлэх шатлал, гэрээг сунгах эсэх үндэслэлийг заасан ба хариуцагч нь ямар шалгуур үзүүлэлт, үнэлгээг баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны ажлыг 57 хувьтай гэж үнэлсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн (Төслийн захирлаар ажиллаж байсан) В.Ү нь ямар баримт, нотолгоог үндэслэн үнэлгээ өгсөн талаар шүүхэд тодорхой тайлбарлаж чадаагүй буюу “тайлангаа өгөөгүй ... журмын дагуу хийгдсэн ... хөлсөөр ажиллах гэрээний дагуу л хийсэн ... ярилцаад үнэлгээ өгсөн” гэж, (Төслийн удирдах хорооны даргаар ажиллаж байсан) Ц.Б нь “Нэхэмжлэгч тайлангаа ирүүлээгүй, ирүүл гэж зөндөө хэлсэн, төлөвлөгөөгөөр нь үнэдсэн. Тухайн жилийн төлөвлөгөөний дагуу шалгахад тэр ажлууд нь хийгдээгүй байсан тул тэгж үнэлсэн” гэж мэдүүлжээ. Гэвч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/600 тоот “Төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан хүргүүлэх тухай” албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн төслүүдийн 2020 оны нэгдсэн тайланд Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах төслийн биелэлтийн дундаж үнэлгээг 70 хувь гэжээ. /2-р ХХ-ийн 97-104, 166-171 дэх тал/   

Нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсыг ямар баримтад тулгуурлан хэрхэн тооцож 57 гэсэн үнэлгээ өгсөн нь тодорхойгүй, үнэлгээ өгсөн гэрч нар үнэлгээ өгсөн үндэслэлийнхээ талаар тодорхой тайлбарлаж чадаагүй, мөн үнэлгээний дүн нь хариуцагчаас Сангийн яаманд хүргүүлсэн нэгдсэн тайлан, явцын хяналтын үнэлгээтэй зөрүүтэй байна. Энэ нь нэхэмжлэгчийн 2020 оны хөлсөөр ажиллах гэрээний үнэлэх хуудсыг бодитой гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

7. Нэхэмжлэгч Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амжиргааг сайжруулах (9192-MON) төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан ба шүүх дээрх үндэслэлээр хариуцагч гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж дүгнэсэн ч нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох буюу хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож гэрээний харилцааг үргэлжлүүлэх агуулгатай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Иргэний хуулийн 359, 361 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа нь ажиллагч тохирсон ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөхөд оршдог. Хариуцагч, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах хүсэлгүй, энэ шалтгаанаар гэрээг дуусгавар болгохдоо гэрээ, хуульд үндэслээгүй тохиолдолд ажиллагч буюу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь гүйцэтгэх ажил, үүрэг, хөлс төлөхтэй холбоотой болон тохиролцсон ажил, үйлчилгээг ажиллагч биечлэн гүйцэтгэх эсэхийг нарийвчлан тохиролцох зэрэг харилцан зөвшилцөх шинжтэй гэрээ юм. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээтэй адилтгах ажлын байр байнгын шинжтэй тогтвортой байх үүргийг ажиллуулагч хүлээхгүй, тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн харилцаатай адил харилцаа бүрийг хууль, дүрмээр нарийвчлан журамладаггүй, гагцхүү талуудын тохиролцоо, уг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрмээр хязгаарлагддаг харьцангуй чөлөөт бие даасан харилцаа байдаг.

Энэ агуулгаар хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэл зориггүй нөхцөлд уг үүргийг албадан биелүүлэхийг шаардах, үүрэгжүүлэх боломжгүй. Гэвч талууд гэрээндээ аль нэг тал нь гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан нь гэрээгээр тохирсон нөхцөл, хууль зөрчсөн бол харилцааг үргэлжлүүлэх үүрэгтэй байхаар гэрээнд урьдчилан тодорхой заасан бол гэрээг үргэлжлүүлэх боломжгүй “зайлшгүй” шалтгаантайгаас бусад тохиолдолд гэрээний үүргийг тухайн тал биелүүлэх үүрэгтэй байж болно. Энэ талаар зохигч гэрээнд тодорхой зохицуулаагүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаас татгалзсан нь гэрээ, хуульд нийцээгүй тухай өмнө дүгнэсэн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.4-т “Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх, хариуцагч уг хохирлыг арилгах үүрэг үүснэ.

9. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны болон 2021.01.01-ний өдрөөс 02.16-ны өдрийн хугацаанд ажилласан цалин 114,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь хөлсөөр ажиллах гэрээний тухайд хөлс төлөхтэй холбоотой хууль зүйн үүргийг үүсгэж, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс гэрээг зохих ёсоор хэрэгжүүлсэн нөхцөлд тухайн хугацаанд нэхэмжлэгчийн олох байсан хөлсийг хохиролд тооцон гаргуулах үндэслэл бий болно.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэжээ. Зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 26 тоот хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д зааснаар талууд гэрээг сунгахаар тохиролцсон бол нэг жилийн хугацаатай сунгахаар заажээ. Хариуцагч гэрээний нөхцөл, шаардлагыг баримталж нэхэмжлэгчийн ажлын үнэлэхгүйгээр гэрээг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хувьд гэрээг сунгах шалгуурыг хангаагүй гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж гэрээнд заасан хугацаагаар ажиллах боломжтой байсан гэх зөвтгөлийг бий болгоно. Энэ агуулгаар мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа ... олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ажиллах боломжтой байсан гэж үзэж энэ хугацааны хөлс болох 60,960,000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1-р ХХ-ийн 71 дэх тал/

10. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг шаардсан ба зохигчийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 7.1, Сангийн сайдын 2015 оны ..... тоот тушаалын хавсралтаар баталсан Журмын 16.7-д заасныг үндэслэл болгон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах хөлсийг шаардан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгчийн ажлыг дүгнэх байдлаар гэрээгээ мөн нэг жилээр сунгаж байхаар тохиролцсон, үйл ажиллагааны эх сурвалж болсон журмаар мөн зохицуулжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 2020 оны ажлыг зохих ёсоор дүгнэж гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэлгүй хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийг 2021 оны хуанлийн жилд ажиллах боломжтой байсан гэж үзэх ба энэ хугацаанд олох байсан орлогоор хохирсон гэж үзнэ. Талууд жил бүрийн эцэст гэрээгээ дүгнэн дараагийн нэг жилээр гэрээгээ сунгах эсэхийг тухай бүр шийдвэрлэгдэг нь нэхэмжлэгчийг 2022 оны хуанлийн жилд ажиллах боломжтой гэж дүгнэх боломжгүй юм.

11. Шүүх нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны хөлс 60,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна” гэж, мөн хуулийн 4.2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж хуульчилсан. Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжиж буй тус төслийн зохицуулагчаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар, нэхэмжлэлийг хангасан 60,960,000 төгрөгийн шаардлагаас тооцон хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, тус шаардлагаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба хариуцагчаас 114,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талууд ын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгчээр 729,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр тооцон 462,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв. Хариуцагч төсвийн байгууллага хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай заалт үл хамаарна. Хуулийн энэ зохицуулалт нь зөвхөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчийн хувьд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХХААХҮЯ 60,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, Б.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч ХХААХҮЯ даалгаж, нэхэмжлэлээс 53,440,000 төгрөгийн болон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид  729,950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ХХААХҮЯс 462,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ