Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00031

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00031

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04541 дугаар шийдвэртэй,

Б-ийн нэхэмжлэлтэй Б яаманд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн яамны төслийн зохицуулагчаар томилогдсон. Б- нь гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлж, 98,6 хувийн биелэлттэй ажилласан. Тиймээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг сунгасан. 2020 оны 8 дугаар сард Азийн хөгжлийн банктай хийсэн хурлаар төслийн явц сайн байна гэсэн мэйл ирсэн. 2019 оны сүүлээр үр дүнгийн биелэлтийг дүгнэснээс хойш 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр үүрэгт ажлыг тасалбар болгосон тушаалыг надад мэдэгдсэн. Б-ийн ажил муу байсан талаар огт хэлж байгаагүй.

Улмаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Б- нь ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Тухайн үед ажлаа гүйцэтгэж байхдаа би 8 сартай жирэмсэн байсан ба ажлаас үндэслэлгүй халсан тул Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын Б/14 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 114,400,000 төгрөг гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хөлсөөр ажиллах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагддаг. Цаашид ажил үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд сунгаад явдаг. Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээтэй давхцуулж ойлгож болохгүй. Жирэмсний амралт авах хүсэлтийг нь тус яам авсан. Сангийн сайдын 196 дугаар журамд зааснаар жирэмсний амралт авах хүсэлт нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болох талаар заасан. Хөлсөөр ажиллах гэрээний агуулга нь ажлыг чанартай хийх ёстой. 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, үйл ажиллагаа доголдолтой байж байтал гэрээний хэрэгжих хугацаа дуусч байсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, хангалтгүй байсан тул 2020 оны 02 дугаар сард гэрээг нь цуцалсан, цаашид гэрээг сунгах боломжгүй гэж үзсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гомдол нь үндэслэлгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б яамнаас 60,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож, Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Б яаманд даалгаж, нэхэмжлэлээс 53,440,000 төгрөгийн болон 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 729,950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б яамнаас 462,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад хариуцагчаас хөлс гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж байна үзэхээр байна.

Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон учраас хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь 2020 оны ажлын тайланг ирүүлээгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан ба нэхэмжлэгч нь тайлангаа хариуцагчид хүргүүлсэн нь тогтоогдоогүй, тайлан хүргүүлснээ нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул тус гэрээг цаашид сунгах боломжгүй байсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг сунгаагүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан чөлөөт байдлын зарчимд харшилж байгаа тул 364 дүгээр зүйлд нийцэхгүй хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээг харилцан тохиролцож байгуулсан талуудын аль нэг нь гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй, гэрээний хугацааг сунгаагүй, гэрээ нэгэнт дуусгавар болон гэрээний хугацааны хөлсийг төлсөн атал шүүхээс гэрээг хариуцагч анх байгуулагдсан хугацаагаар сунгах ёстой байсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж гэрээний талуудын нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх, хариуцагч уг хохирлыг арилгах үүрэг үүснэ гэж дүгнэсэн боловч ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэдгийг дүгнээгүй.

Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Б яамны төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалд тайлан ирүүлээгүй, ажлаа сайн хийгээгүй гэх үндэслэл дурдагдаагүй. Шүүх тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр дуусгавар болгохоор ажиллуулагч буюу хариуцагчид хандан өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотлоогүй. Иймд тушаал нь хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь ажил үүргээ 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн. Тухайн үед 6 сартай жирэмсэн байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллахгүй гэх шалтгаанаар гэрээг дуусгавар болгохдоо гэрээ хуульд үндэслээгүй тохиолдолд ажиллагч өөрт учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрх үүссэн. Үнэлсэн нь буруу учир түүнээс үүссэн харилцааны дагуу учирсан хохирлыг шаардах эрхтэй. Хөлсөөр ажиллах гэрээ нь гүйцэтгэх ажил үүрэгт хөлс төлөхтэй холбоотой тохиролцсон ажил үүргээ биечлэн гүйцэтгэсэн эсэхийг тохиролцох харилцаа. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаас татгалзсан нь Иргэний хууль болон түүнтэй байгуулсан гэрээнд нийцээгүй, түүний дагуу хийгдээгүй учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б-ийг хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төслийн зохицуулагчийн ажилд 1 жилийн хугацаатай томилжээ. Улмаар талууд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот гэрээгээр гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна /1хх 6-16, 153-163/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б-14 дүгээр тушаалаар Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор батласан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 9.1.7, 15.6, талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот гэрээний 8.1.1-д заасныг баримтлан, гэрээний хугацаа дуусгавар болсон, мөн өөрөө хүсэлт гаргасан гэх үндэслэлээр Б-ийг ажлаас нь чөлөөлсөн байна /1хх 17/.

Анхан шатны шүүх хариуцагчийг Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам болон нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний нөхцөлд зааснаар гэрээг дуусгавар болгоогүй, ямар шалгуур үзүүлэлт, үнэлгээг баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны ажлыг 57 хувь гэж үнэлсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээний дүн нь Сангийн яаманд хүргүүлсэн нэгдсэн тайлан, явцын хяналтын үнэлгээтэй зөрүүтэй гэж үйл баримтыг зөв тогтоож, хуульд нийцсэн дүгнэлтийг өгчээ.

 

4.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээ дуусгавар болгох хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй, төслийн үйл ажиллагаанд 2020 оны 10 дугаар сард хэсэгчилсэн аудит хийж 61.5 хувь гэж үнэлсэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл-ийн 2020 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд 70 хувь гэж үнэлсэн зэргээр хариуцагчийн тушаал гаргасан гэх үндэслэл үгүйсгэгдсэн /1хх 116, 2хх 165-170/.

Түүнчлэн Иргэний хуулийн 364 дүгээр зүйл, талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот гэрээний 8 дугаар зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

4.2 Хэдийгээр ажиллуулагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон ч хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ажиллуулагч нь ажлын байрыг байнгын тогтвортой байлгах үүргийг хүлээхгүй, цаашид хамтран ажиллах хүсэл зориггүй нөхцөлд гэрээг үргэлжлүүлэхийг албадан биелүүлэхийг шаардах боломжгүй тул төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох буюу гэрээний харилцааг үргэлжлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

Харин хариуцагч нь гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

4.3 Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин 114,400,000 төгрөг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх 2020 оны ажлыг зохих ёсоор дүгнэж гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэлгүй хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийг 2021 оны хуанлийн жилд ажиллах боломжтой байсан гэж үзэх ба энэ хугацаанд олох байсан орлогоор хохирсон, харин талууд жил бүрийн эцэст гэрээгээ дүгнэн дараагийн нэг жилээр гэрээг сунгах эсэхийг тухай бүр шийдвэрлэдэг нь нэхэмжлэгчийг 2020 оны хуанлийн жилд ажиллах боломжтой гэж дүгнэх боломжгүй гэх дүгнэлтийг өгч 60,960,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 53,440,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Ажиллуулагч нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны хөлсийг олгоогүй байх тул энэ хугацааны хөлсийг гэрээнд зааснаар буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар, гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны улмаас 2021 оны үлдэх хугацаанд ажиллаж авах ёстой цалингаар хохирсон тул 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хөлсийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар буюу нийт 12 сард ногдох 60,960,000 төгрөгийг /5,080,000төгрөг12сар/ нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байна.

 

4.4 Гэрээ дуусгавар болсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаарх нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримталсныг зөвтгөх нь зүйтэй.

Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу бичснийг залруулна.

 

5. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн, анх байгуулсан хугацаагаар гэрээг сунгах ёстой гэж буруу дүгнэсэн, ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэдгийг шүүх дүгнээгүй гэх үндэслэлийг заасан.

Хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдээгүй байхад гэрээг дуусгавар болгосон, гэрээ сунгах эсэхийг зохих ёсоор шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч нь биечлэн ажилласан эсэхээс үл хамааран үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Мөн ажиллуулагчийн гэрээ дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйл, талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот гэрээний 8 дугаар зүйлд тус тус нийцээгүй тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.4 дэх зааснаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 4.2.2-т гэснийг 2 дахь хэсгийн 2-т гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ