Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/03406

 

 

 

 

 

 

 

 

 

          2022       11        22      

   182/ШШ2022/03406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дугаар хороо, хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Г.Д /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу, Х ордон 0 давхар хаягт байрлах, НХОГ Орон нутгийн өмчит ААНҮГазар /РД:000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Д хариуцагч НХОГт холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 “Нэхэмжлэгч Г.Д нь НХОГт анх 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр барилгын хяналтын инженерээр ажилд орсноосоо хойш захиргааны ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2017 онд Нийслэлийн тэргүүний ажилтан, 2020 онд Нийслэлийн хүндэт иргэн болж байсан.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр тушаалаар зөвлөх инженерийн зэрэг авч, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/103 дугаар тушаалаар 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд сунгаж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгосон.

Энэ зөвлөх инженерийн хувьд 3 хүртэл аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийн хүрээнд 3 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж, нийгмийн даатгалын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг өдөр, нэг цаг ч гэсэн ажил хийж байгаагүй бөгөөд цалин авч ажиллаагүй. Тус аж ахуйн нэгжүүд нь энэ хугацаанд НХОГтай хамтын ажиллагаа явуулаагүй байдаг. Энэ 3 байгууллагаар нийгмийн даатгал төлүүлж байх хугацаанд ямар нэгэн хянах харилцаанд оролцоогүй.

Он гараад тэтгэвэрт гаргах учраас тэтгэврээ өндөр тогтоолгох зорилгоор зөвлөх инженерийн хувьд 3 хүртэл аж ахуйн нэгжид карказ босгох ажлын тендерт оролцоход нь зөвлөх инженерийн гэрчилгээгээ ашиглуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн.

Нэхэмжлэгчийн хувьд 2013 оноос эхлэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өнөөдрийг хүртэл НХОГт тасралтгүй 10 жил ажиллахдаа нэг ч өдрийн ажлын цагийн хоцрогдолгүй, ажлын байрны тавьсан шаардлагын дагуу хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж ажилласан бөгөөд НХОГ дотоод дүрмийн дагуу нэг ч аж ахуйн нэгж байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин аваагүй, гэрээ байгуулан давхар ажил хийгээгүй.

Гэтэл НХОГ даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 дугаартай “Г.Д-ны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарсан...

...НХОГ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлснээс хойш хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаа өөрчлөөгүй, шинэчлээгүй бүгд хуучнаараа мөрдөгдөж байгаа атал шинэ хууль бариад нэхэмжлэгчийг ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...

Учир нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан атлаа, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон. Шинээр батласан Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, нийтэд ил газарт байршуулаагүй, мөн 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн,

Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож, урд эрхэлж байсан НХОГт барилгын хяналтын инженерийн албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажулалт хийлгэхийг хариуцагчид даалгаж, мөн НХОГ даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот Г.Дд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч “НХОГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сангийн яамнаас манай зарим ажилтнуудын Нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөгдөж байна, шалга гэсэн чиглэлийг утсаар өгсөн байдаг. Үүний дагуу шалгахад нэхэмжлэгч нь нийт 6 газраар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн болох нь Төрийн мэдээллийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар батлагдсан. Үүнд “Кон-Арч” ХХК, “Тэнгэрийн өнгө” ХХК, “Ньюконстракшн” ХХК, “Эрдэнэт харш” ХХК, “Таван-Од” ХХК, “Хүрэн жинсний овоо” ХХК зэрэг байгууллагуудаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан. Давхар шимтгэл төлсөн асуудлаар уулзаж хурлын тэмдэглэл хийгдсэн. Мөн Г.Даас холбогдох тайлбарыг авсан. Г.Дд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг мэдэгдсэн боловч гарын үсэг зураагүй. Мэдэгдлийг танилцуулж хуралдсан боловч Г.Д нь хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй...

Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн талаар Барилга захиалагчийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай хурлаар Барилгын хяналтын инженерүүдэд танилцуулсан. Энэ нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно...

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд тухайн үед захиалагч талаас ирүүлсэн гомдлыг үндэслэн энэ тушаал гарсан...

Иймээс НХОГ даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.07.27-ны өдрийн 3/1864 тоот албан бичиг /хх-ийн 3 х/,

-НХОГ даргын 2022.06.30-ны өдрийн Б/79 тоот “Г.Д-ны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 4 х/,

-НХОГ даргын 2022.06.30-ны өдрийн Б/79 тоот “Г.Д-ны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 5 х/,

-2021.03.01-ний өдрийн №41 тоот “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ” /хх-ийн 6 х/,

-2021.03.01-ний өдрийн №41 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 7-9 х/,

-ЗИ-13-840 дугаар “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ /хх-ийн 10 х/,

-ЗИ-13-840 дугаар “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ /хх-ийн 11 х/,

-2022.08.09-ний өдөр М.Саранцацралд олгосон итгэмжлэл /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.08.30-ны өдрийн 2/3388 тоот албан бичгээр Х.Номинд олгосон итгэмжлэл /хх-ийн 16 х/,

-2022.06.28-ны өдрийн 01 дугаар “Хурлын тэмдэглэл” /хх-ийн 21-30 х/,

-НХОГ даргын 2022.06.30-ны өдрийн Б/79 тоот “Готовын Дэлгэрсайханы хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 31, 32-33/,

-НХОГ даргын 2022.04.15-ны өдрийн А/24 тоот “НХОГ Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаал /хх-ийн 34 х/,

-НХОГ даргын 2022.04.15-ны өдрийн А/24 тоот тушаалын хавсралт “НХОГ Хөдөлмөрийн дотоод журам” /хх-ийн 35-56 х/,

-2021.03.01-ний өдрийн №41 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 57-61 х/,

-НХОГ даргын 2021.10.27-ны өдрийн Б/113 тоот “Готовын Дэлгэрсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-ийн 62 х/,

-Улсын бүртгэлийн 9014001040 дугаартай гэрчилгээ /хх-ийн 63 х/,

-НХОГ даргын 2022.06.28-ны өдрийн “Мэдэгдэл” /хх-ийн 65 х/,

-2022.06.28-ны өдрийн 02 дугаар “Сонсох ажиллагаа явуулсан тухай хурлын тэмдэглэл” /хх-ийн 66-69 х/,

-2022.10.10-ны өдрийн 2/4179 тоот албан бичгээр Л.Болорчулуунд олгосон итгэмжлэл /хх-ийн 78 х/,

-2022.10.05-ны өдрийн “Цалингийн карт” /хх-ийн 79 х/,

-2022.04.18-ны өдрийн 05 дугаар Барилга захиалагчийн хэлтсийн шуурхай хурлын тэмдэглэл /хх-ийн 105-107 х/,

-Тушаал танилцуулсан тухай хүснэгт /хх-ийн 110 х/

-2021.10.22-ны өдрийн 02 дугаар Газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 111-112 х/,

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.01.26-ны өдрийн 24 дүгээр “НХОГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм батлах тухай” тогтоол /хх-ийн 118 х/,

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.01.26-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралт болох “НХОГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм /хх-ийн 119-124 х/ зэрэг баримтуудыг,

 

Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022.10.13-ны өдрийн 182/ШЗ2022/12843 дугаартай шүүгчийн захирамжаар

-Нэхэмжлэгч Г.Ды Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 91-92 х/,

-Зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 99 х/,

-Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021.09.27-ны өдрийн 1/498 тоот албан бичиг /хх-ийн 100 х/,

-Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2021.09.20-ны өдрийн 02/97 тоот албан бичиг /хх-ийн 101 х/,

-2022.04.18-ны өдрийн 05 дугаар Барилга захиалагчийн хэлтсийн шуурхай хурлын тэмдэглэл /хх-ийн 105-107 х/,

-2021.10.27-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 108-110 х/,

-2021.10.22-ны өдрийн 02 дугаар Газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 111-112 х/,

-Барилгын хяналтын инженерийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 113-116 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “НХОГ” ОНӨААТҮГазар /цаашид НХОГ гэх/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Ды нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “НХОГ”-т холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Он гараад тэтгэвэрт гаргах учраас тэтгэврээ өндөр тогтоолгох зорилгоор зөвлөх инженерийн хувьд 3 хүртэл аж ахуйн нэгжид карказ босгох ажлын тендерт оролцоход нь зөвлөх инженерийн гэрчилгээгээ ашиглуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн,

2.2. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан атлаа, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон,

2.3. Хариуцагч нь шинээр батласан Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, нийтэд ил газарт байршуулаагүй, мөн 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн,

2.4. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/43 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг танилцуулаагүй, ямар үндэслэлээр арга хэмжээ авсан нь тодорхойгүй, тэтгэвэртээ гаргах хугацаа дөхөж байсан учраас тухайн үед гомдол гаргаагүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Сангийн яамнаас манай зарим ажилтнуудын Нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөгдөж байна, шалга гэсэн чиглэлийг утсаар өгсөн байдаг. Үүний дагуу шалгахад нэхэмжлэгч нь нийт 5 газраар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байсан. Энэ талаар нэхэмжлэгч ажил олгогчид мэдэгдээгүй учраас НХОГ даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан.

3.1. Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн талаар Барилга захиалагчийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай хурлаар Барилгын хяналтын инженерүүдэд танилцуулсан. Энэ нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

 3.2. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он, цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,

154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж тус тус заасан.

 

4.1.1. Нэхэмжлэгч Г.Д нь “НХОГ”-ын даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот “Г.Ды хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалд холбогдуулан дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан байна. /хх-ийн 3 х/

 

4.1.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3/1864 дугаатай албан бичгээр “...Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна. Иймд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

4.2. Нэхэмжлэгч Г.Д нь 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл НХОГ Барилга захиалагчийн хэлтсийн барилгын хяналтын инженерээр томилогдон ажиллаж байсан болох нь түүний “Албан тушаалын тодорхойлолт”, “Хөдөлмөрийн гэрээ”, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

4.3. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч НХОГ даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:

-Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”,

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох”,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т “ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх”,

-57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй”,

            -78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”,

-83 дугаар зүйлийн 83.3-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана”,

-НХОГ дүрмийн  6 дугаар зүйлийн 6.9.5-д “Нийслэлийн Засаг даргын баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд цалингийн хэмжээ, урамшууллын журам, дотоод журмыг тогтоож мөрдүүлэх, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх,

-Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1-д “Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, газрын Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахин мөрдөж, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, шударга ёсны үнэт зүйлийг баримтлан ажиллах,

-6.2.10-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд ажил албан тушаал хавсран эрхлэхгүй байх” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн он гараад тэтгэвэрт гаргах учраас тэтгэврээ өндөр тогтоолгох зорилгоор зөвлөх инженерийн хувьд 3 хүртэл аж ахуйн нэгжид карказ босгох ажлын тендерт оролцоход нь зөвлөх инженерийн гэрчилгээгээ ашиглуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн гэх тайлбар болон хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4, 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.10-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлийн тухайд,

 

5.1. Нэхэмжлэгч Г.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4, 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.10-т тус тус заасныг зөрчсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

5.1.1. 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Кон арч” ХХК-иас сарын 420,000 төгрөг, “Нью констракшн” ХХК-иас 420,000 төгрөг, “Таван од констракшн” ХХК-иас 420,000 төгрөг, “Хүрэн жинсний овоо” ХХК-иас 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г.Дд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91-92 х/-оор, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот “Хурлын тэмдэглэл”-д тусгагдсан “ ...Тэнгэрийн өнгө, Эрдэнэт харш ХХК-г мэдэж байна. Нью констракшн ХХК тусгай зөвшөөрөл сунгуулна гэж миний мэдээллийг авсан. Зөвлөх инженерийн чиглэлээр 3 компанид ажиллаж болдог. ... дандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л төлдөг. Амьдрал дээр энэ компаниудаас цалин авдаггүй..., Цэцэрлэгийн барилга хянасан л даа яах аргагүй зөрчил болж байна л даа...” гэх тайлбар /хх-ийн 21-30 х/,

 

5.1.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилсан.

 

5.1.3. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлжээ.

 

5.1.4. Дээрх хуульд заасны дагуу “Кон арч” ХХК, “Нью констракшн” ХХК,  “Таван од констракшн” ХХК, “Хүрэн жинсний овоо” ХХК-иуд нь ажил олгогчийн үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч Г.Ды нийгмийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулсан байна.

 

5.1.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 319 дүгээр тогтоолоор баталсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-д заасны дагуу зөвлөх инженер нь зөвлөх үйлчилгээний чиглэлээр 3 хүртэлх хуулийн этгээдэд ажиллаж болдог. 3 хуулийн этгээдэд каркас босгох болон тендерт оролцоход нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

 

5.1.6. Гэтэл “Кон арч” ХХК, “Нью констракшн” ХХК, “Таван од констракшн” ХХК, “Хүрэн жинсний овоо” ХХК-иуд нь зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, барилгын каркасны ажил гүйцэтгэдэг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

5.1.7. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 319 дүгээр тогтоолоор баталсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.8-д “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн 3 хүртэлх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд бүртгэлтэй байж болно” гэж заасан бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгч Г.Д нь 3 хүртэлх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд бүртгэлтэй байж болохоор байна.

 

5.1.8. Мөн дээрх журам нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 343 дугаар тогтоолоор хүчингүй болсон болохыг дурдах нь зүйтэй.

 

5.1.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журамд заасны дагуу зөвлөх инженер нь зөвлөх үйлчилгээний чиглэлээр 3 хүртэлх хуулийн этгээдэд ажиллаж болдог. 3 хуулийн этгээдэд каркас босгох болон тендерт оролцоход нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь хууль зөрчөөгүй...” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учраас энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

5.1.10. НХОГ даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.10-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд ажил албан тушаал хавсран эрхлэхгүй байх” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т “Ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх” гэж заасантай нийцэж байна.

 

5.1.11. Нэхэмжлэгч Г.Д нь дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

5.1.12.Тодруулбал нэхэмжлэгч нь барилгын зөвлөх үйлчилгээний чиглэлээр нэр бүхий хуулийн этгээдүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ хуульд заасны дагуу ажил олгогчдоо мэдэгдсэн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон хариуцагчийг буруутгах боломжгүй.

 

6. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан атлаа, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэх тайлбарын тухайд

6.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл-д “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж заасан.

 

6.1.1. Дээрх хуульд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байхаар зохицуулсан байна.

 

6.1.2. Тодруулбал талууд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 41 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан байх ба энэхүү гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаах тул хариуцагчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот “Г.Ды хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл болоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгчийн шинээр батласан Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, нийтэд ил газарт байршуулаагүй, мөн 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн  122 дугаар зүйлийн 122.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж заасан.

 

7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Барилга захиалагчийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай хурлаар Барилгын хяналтын инженерүүдэд танилцуулсан гэх тайлбарыг шүүхээс бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

 

7.1.2. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулах үүргээ хэрэгжүүлсэн байх ба хэрвээ танилцуулаагүй нөхцөлд нийтэд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй байна.

 

7.1.3. Тодруулбал НХОГ даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг Барилгын хяналтын инженерүүдэд танилцуулсан болох нь Барилга захиалагчийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05 тоот шуурхай хурлын тэмдэглэл, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 105-107 х/

 

7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ... үүрэгтэй” гэж заасан.

 

7.2.1. Ажил олгогчоос 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажилтан Г.Дд “...2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг өгсөн байх ба энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх хуульд заасан дээрх үндэслэлд хамааралгүй байна.

 

8. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/43 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд

8.1. Нэхэмжлэгч Г.Дд НХОГ даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/43 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “...албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даавгаврыг хангалтгүй биелүүлж хариуцлага алдсан...” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулсан байна. /хх-ийн 62 х/

 

8.1.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

 

8.1.2. Нэхэмжлэгч Г.Д нь үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулсан НХОГ даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/43 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

8.1.3. Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд “...удахгүй тэтгэвэртээ гарах учраас маргаан хийгээд яахав гэж үзсэн...” гэх тайлбараар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж, шүүх уг хугацааг сэргээн тогтоож, шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Ды хариуцагч НХОГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он, шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан НХОГт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай Г.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Х.ДАШДЭЧМАА