Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00091

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00091

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03406 дугаар шийдвэртэй,

А-ы нэхэмжлэлтэй Б ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Б-т анх 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр барилгын хяналтын инженерээр ажилд орж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Б-т ажилласан. Ажиллахдаа бусад аж ахуйн нэгж байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин аваагүй, гэрээ байгуулан давхар ажил хийгээгүй.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр тушаалаар зөвлөх инженерийн зэрэг авсан. Зөвлөх инженерийн хувьд 3 хүртэл аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийн хүрээнд 3 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж, нийгмийн даатгалын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин авч ажиллаагүй. Тус аж ахуйн нэгжүүд нь энэ хугацаанд Б-тай хамтын ажиллагаа явуулаагүй. Энэ 3 байгууллагаар нийгмийн даатгал төлүүлж байх хугацаанд ямар нэгэн хянах харилцаанд оролцоогүй.

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан.

Б нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлснээс хойш хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаа өөрчлөөгүй, шинэчлээгүй бүгд хуучнаараа мөрдөгдөж байгаа атал шинэ хууль бариад нэхэмжлэгчийг ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд урьд эрхэлж байсан Б-т барилгын хяналтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сангийн яамнаас манай зарим ажилтнуудын Нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөгдөж байна, шалга гэсэн чиглэлийг өгсөн . Үүний дагуу шалгахад нэхэмжлэгч нь нийт 6 газраар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн болох нь тогтоогдсон тул А-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг мэдэгдэхэд тэрээр гарын үсэг зураагүй.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он, шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан Б-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх 2 адилхан огноо, дугаартай тушаал байхад хариуцагчаас тодруулж асуулгүйгээр өөрийн үзэмжээр хамгийн сүүлд гарсан тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой. Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын Б/79 дугаар тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халсан гэж хариуцагч тайлбарладаг боловч тушаалд уг үндэслэлийг дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр цуцлах ёстой. Мөн хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр тухайн байгууллага дээр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ өөрчлөх ёстой. Гэвч хөдөлмөрийн дотоод журмаа өөрчилсөн гэдэг боловч танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй, хуучин хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан баримтаа гаргуулах хүсэлт гаргахад Хөдөлмөрийн тухай хууль танилцуулсан баримт гаргаж өгсөн. Шинэчлээгүй хөдөлмөрийн гэрээний 4.2-т Гэрээний хугацааг аль нэг талын санаачилгаар цуцалж болох ба энэ тухай нөгөө талдаа нэг сарын өмнө заавал бичгээр мэдэгдэнэ гэж заасан зохицуулалт хэрэгжээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж заасан болохоос мэдэгдээгүй бол ажлаас халах зохицуулалт биш.

4.2 Маргааны үндэс болоод байгаа Сангийн яамнаас арга хэмжээ ав гэсэн гэж тайлбарладаг ч хариуцагч энэ тухайгаа нотолсон баримт байхгүй. Мөн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авах гэсэн хуулийн зохицуулалт зөрчигдсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх гэж заасан. Тухайн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байгууллагууд бол өрсөлдөх үйл ажиллагаа явуулдаггүй, барилгын карказ босгодог байгууллагууд юм. Нэхэмжлэгч зөвлөх зэрэгтэй учир хуучин журмаар 3 газар зөвлөх эрхтэй байсан. Шинэ журмаар тооны хязгаарлалт байхгүй болсон байгааг шүүхээс харгалзаж үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хариуцагч байгууллагын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Б ОНӨААТҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/113 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

 

4. А- нь 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Б ОНӨААТҮГ-т барилгын хяналтын инженерээр ажилласан, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч чадаагүйг залруулна.

 

5. Б ОНӨААТҮГ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4, 57 дугаар зүйлийн 57.1, 78 дугаар зүйлийн 781.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, Б ОНӨААТҮГ-ын дүрмийн 6.9.5, хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.10-т заасныг үндэслэн А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна /хх 5/.

 

5.1 Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалд тодорхой заагаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн болохоо тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зэрэг зохицуулалтын дагуу ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй холбогдуулан ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг эдэлнэ.

Гэхдээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд тодорхой заагаагүйн улмаас ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй, мөн маргаан үүссэн нөхцөлд ажил олгогч өөрт ашигтай байдлаар тушаалын хууль зүйн үндэслэлийг өргөтгөж тайлбарлах нөхцөл бүрдсэн байна гэж үзэв.

 

5.2 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан. Уг журмын дагуу А-д ажил олгогчийн зүгээс гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар нь урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангасан үйл баримт тогтоогдсонгүй.

Хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, сонсох ажиллагаа явуулсан тухай хурлын тэмдэглэл авагдсан байгаа боловч уг хурлуудыг удирдсан ерөнхий инженер, Захиргааны хэлтсийн дарга, Барилга захиалагчийн хэлтсийн дарга, Зураг төслийн хэлтсийн дарга нар нь хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш болох нь Б ОНӨААТҮГ-ын дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна /хх21-30, 34-51, 66-69, 119-124/.

 

6. Иймд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ямар үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлснийг урьдчилж заагаагүй, хуульд заасан журмаар зөрчлийн талаар ажилтанд мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А-ыг Б ОНӨААТҮГ-ын барилгын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөнөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 12,577,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж байна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн дараалал болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А-ыг Б ОНӨААТҮГ-ын барилгын хяналтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,577,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, ...дурдсугай. гэснийг ...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ОНӨААТҮГ-аас 216,184 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарласан өөрчлөлтийг тус тус оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ