Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/02108

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/02108

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, А х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, А л ХХКхолбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 49.910.521 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 4.860.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А х ХХК нь А л ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49.910.521 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А х ХХК нь барилгын цахилгааны бүхий л төрлийн худалдаа борлуулалт эрхэлдэг компани юм. А л ХХК нь өөрийн барьж буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Олимпик резиденси барилгын ажилд зориулж бараа материал худалдан авахаар харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр "Бараа нийлүүлэх гэрээ-г эцэслэн байгуулсан. Гэрээ байгуулсан эхний саруудад талууд гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж барааг нийлүүлж, барааны төлбөрт хариуцагч 33.622.942 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч талаас дараа дараагийн нийлүүлсэн барааны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх боломжгүй талаар манай компанийн захиралтай ирж уулзахдаа мэдэгдсэн. Уг уулзалтаар Худалдан авагч нь санхүүгийн хүндрэлтэй нөхцлүүд үүссэн тул хэрэгцээтэй барааг урьдчилж аваад тухайн сарын эцэст авсан барааны үнийг төлөх хүсэлтийг тавьсны үндсэн дээр талуудын бизнесийн сайн харилцааг хүндэтгэн уг хүсэлтийг хүлээн авч нийт 33.273.681 төгрөгийн үнэ бүхий цахилгааны самбарын тоноглолууд болох давхарын нэгдсэн самбар, гэрлийн самбар, цахилгааны самбар, дифферанциаль автомат, провод тэдгээрийн туслах материалуудыг Худалдан авагч талд нийлүүлсэн. Энэ барааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн. Худалдагчийн зүгээс төлбөрөө төлж барагдуулах талаар олон удаа очиж уулзсан, албан бичиг илгээж, утсаар холбогдож байсан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний тусгай нөхцлийн 7-д төлбөр төлөөгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр зохицуулсан, уг заалт хуульд нийцсэн тул 2018 оны 10 дугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 заасан хэмжээнээс хэтэрч байгаа тул 50 хувиар алданги 16.636.840 төгрөг болно. Иймд төлбөрийн үлдэгдэл 33.273.681 төгрөгийг алданги 16.636.840 төгрөгийн хамт нийт 49.910.521 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөрийг төлөх боломжтой атал төлөөгүй олон жил болж байгаа тул алданги багасгах боломжгүй нэхэмжилнэ. Гэрээний 7-д алданги гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж заасан, гэрээний нийт үнийн дүн 320 сая төгрөг байгаа тул зөвхөн худалдан авсан барааны үнийн дүнгээс алданги тооцох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.

 

2.Хариуцагч А л ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 33.273.681 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. ҮүндТалуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний үнийн дүн 320 сая төгрөг байдаг. Гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн бараа материал болон төлсөн төлбөрийг баталгаажуулан тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байх бөгөөд нийт 70.774.558 төгрөгийн бараа худалдан авсан, үүнээс 37.614.844 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 33.159.981 төгрөгийг төлөөгүй тухай тайлбар өгсөн байсан. Үндсэн төлбөрийн үлдэгдэлд нэхэмжлэгчийн шаардсан дүнд одоо маргахгүй, 33.273.681 төгрөгийг зөвшөөрч байгаа. Харин алдангийн тухайд санхүүгийн хүндрэлтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан, төлөх боломжгүй. Барааг нийлүүлэлтийн хуваарийн дагуу хүлээж аваагүй, харин тухай бүрт ажлын гүйцэтгэлтэй холбоотой хүлээн авч байсан. Талуудын хоорондох гэрээний 7-д алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон. Тухайн гэрээний нийт үнэ 320 сая төгрөг боловч бодитоор талууд энэ гэрээний дагуу 66.896.623 төгрөгний бараа материал хүлээн авсан. Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул манай зүгээс гэрээний дагуу бодитоор хүлээн авсан нийт барааны үнийн дүнгийн 5 хувиас алданги хэтрэхгүй байх ёстой гэж үзэж байна. Иймд алдангиас 3.344.623 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг шүүх багасгах боломжтойг харгалзан үзнэ үү гэв.

 

3.Хариуцагч А л ХХК нь А х ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 4.860.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:

А л ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимпик резиденс үйлчилгээний орон сууцны барилгын ерөнхий захиалагчаар ажилласан. Энэ барилгыг барихад Монхорус Интернэйшнл ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ХХ/14-11 тоот Барилгын цахилгааны материал, тоног төхөөрөмж нийлүүлэх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018 хүртэл хамтран ажилласан. Улмаар Монхорус Интернэйшнл ХХК нь үйл ажиллагааны чиглэл болон зардлыг хувааж байгаа үндэслэлээр 2018 онд А х ХХК манай тоног төхөөрөмжийг цаашид хариуцаж ажиллана гэсэн. Иймээс 2014 оны гэрээний үргэлжлэл болгож А х ХХК нь өмнөх компанийнхаа эрх, үүргийг шилжүүлэн авч 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дээрх Бараа нийлүүлэх гэрээг байгуулсан.

Гэтэл барилга ашиглалтанд орох үед улсын комисс 2017 онд барилга дээр ажиллаад 5-10 дугаар давхарын айлуудын цахилгааны самбарын механик тоолуурыг электрон тоолуураар солих шаардлагыг тавьсан юм. Тухайн үед бид зарим айлын давхрын самбарын тоолуурыг сольсон боловч бүхэлд нь сольж амжаагүй, 2020 оны 3 дугаар сард айлууддаа орон сууцыг нь хүлээн өгөх үед механик тоолуурыг цахилгаан тоолуураар сольж дуусгасан. Дээрх давхрын нэгдсэн самбарыг гэрээний дагуу Монхорус Интернэйшнл ХХК нийлүүлсэн байсан тул тус компанид хандахад тоолууртай холбоотой асуудлаар Ампер хаус ХХК-д хандахыг манайд мэдэгдсэн. Нийт 54 айлын 54 механик тоолуурыг электрон тоолуураар солиход гаргасан зардалд тоолуурын үнэ болох 4.860.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэхүү тооцоонд ажлын хөлс ороогүй юм. Иймд А х ХХК-аас 4.860.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. А х ХХК нь догодолгүй бараа бүтээгдэхүүнийг А Л ХХК-д захиалгын дагуу нийлүүлсэн. Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу цөөн тооны тарифтай буюу электрон тоолууруудыг нийлүүлсэн. Эдгээр нийлүүлсэн тоолуурууд Стандарт хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн загварын баталгаат гэрчилгээ-тэй буюу стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн юм. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс гадна талууд гэрээндээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баталгаат хугацааг тодорхой заагаагүй учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу бараа бүтээгдэхүүний доголдлын шаардлага гаргах хугацаа 6 сар байдаг, уг хугацаа дуусгавар болсон. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлдээ дурьдаж байгаа Монхорус Интернэйшнл ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаарх асуудал энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй, гэрээгээр зөвхөн бараа нийлүүлэх эрхийг шилжүүлж авснаас тухайн байгууллагын урьд нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар стандартыг хариуцаж аваагүй. Нэхэмжлэгч нь зөвхөн 2018 онд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг л нэхэмжилж байгаа болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Бараа нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, Авлага өглөгийн тайлан, 11 ширхэг зарлагын баримтууд, 2018.09.18-ны өдрийн орлогын баримт, бараа буцаалтын хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа, А х ХХК-ийн 2018.12.26-ны өдрийн 1/2/18 тоот авлага барагдуулах тухай албан бичиг, Голомт банкны дансны хуулгууд, 2022.02.15-ны өдрийн 08/22 тоот албан бичиг, Стандарт хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн загварын баталгааны 55/104 дугаартай гэрчилгээний хуулбар, 2018.01.26-ны өдрийн ЗТ-05-14 дугаартай Хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрээ зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 3-28, 29-31, 154-158/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Монхорус электрик ХХК-иас А л ХХК-д хүргүүлсэн 2019.09.16-ны өдрийн 19/49 тоот албан бичиг, 2017.12.27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүний саналын хуудас, 2020.04.13-ны өдрийн 01/01, 2020.04.16-ны өдрийн 02/01, 2020.04.17-ны өдрийн 03/01 тоот Цахилгаан тоолуур угсарсан актууд зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 104, 117-124, 132-137, 146, 160-161, 176-181/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан хариуцагч компанийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн хариуцагч байгууллагын орлогын албан татварын тайлан, Монхорус электрик ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2022.02.25-ны өдрийн 176/22 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх-ийн 41-81, 83-84, 89-94, 175/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч А х ХХК нь А л ХХКхолбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 49.910.521 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2018 оны 3-10 дугаар сарын хооронд нийтдээ 66.896.623 төгрөгийн бараа нийлүүлсэн, үүнээс 33.622.942 төгрөг төлсөн тул үлдэгдэл 33.273.681 төгрөгийг алданги 16.636.840 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 33.273.681 төгрөг, алданги 3.344.831 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: алдангийг бодитоор худалдан авсан барааны үнэ 66.896.623 төгрөгөөс гэрээний 7-д заасан дээд хэмжээ болох 5 хувиар тооцно гэж тайлбарласан.

4.Хариуцагч А л ХХК нь А х ХХК-д холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардалд 4.860.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Хариуцагч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Монхорус Интернэйшнл ХХК-тай байгуулсан 2014 оны гэрээний эрх үүргийг нэхэмжлэгч А х ХХК-д шилжүүлснээр талуудын хооронд 2018 оны гэрээ байгуулагдсан, Монхорус Интернэйшнл ХХК-ийн нийлүүлсэн байсан 54 ширхэг тоолуур чанарын шаардлага хангаагүйгээс 2020 онд сольсон тул тоолуурын үнийг гаргуулна гэж тайлбарласан.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: гэрээгээр Монхорус Интернэйшнл ХХК-ийн цаашид нийлүүлэх бүтээгдэхүүний эрхийг шилжүүлж авсан, урьд нийлүүлсэн барааны чанар үүргийг хүлээж аваагүй, түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.

6.1.Нэг талаас А х ХХК, нөгөө талаас А л ХХК нар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Монгол Улсын норм стандарт, техникийн шаардлага хангасан цахилгааны самбар, нэмэлт тоолуур, дотор цахилгааны кабель, туслах материал зэргийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч гэрээний хавсралтаар тохиролцсон үнийг төлөхөөр тохиролцож Бараа нийлүүлэх гэрээ-г байгуулжээ. / хх 5-12/

6.2.Хэрэгт хоёр талаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл 33.159.681 төгрөг байгааг баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт авагдсан. /хх 27/

 

7.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэг бүрийн үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, тавигдах стандарт шаардлага, хугацаа зэргээр гэрээний гол нөхцлийг хавсралтаар тогтоохоор тохиролцсон, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй хэдий ч хэн алин нь шүүх хуралдааны явцад худалдагч тал гэрээний дагуу 2018 оны 3-10 дугаар сарын хооронд 66.896.623 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, үүнээс 33.622.942 төгрөг төлсөн, үлдэгдэл 33.273.681 төгрөг байгаа гэж тайлбарлаж, талууд дээрх үйл баримтад маргахгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагчаас худалдан авсан барааны үлдэгдэл үнэ 33.273.681 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

8.Зохигчид алдангийн талаар маргасан. Талуудын хоорондох гэрээний тусгай нөхцлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгээс тооцох алданги 0,1 хувь гэж, харин гэрээний ерөнхий нөхцлийн 6.2-т хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн дүнгээс тусгай нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлөх-өөр тус тус заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч анз шаардах эрхтэй.

Хариуцагч нийт нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүнгээс гэрээний 7-д заасан таван хувиар тооцож алдангийн дээд хэмжээ тогтоогдоно гэж тайлбарласан. Талуудын хоорондох гэрээний тусгай нөхцлийн 7-д алдангийн дээд хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх гэрээний нийт үнэ 320.267.747 төгрөг гэж тохирсон, 2018 оны 10 дугаар сараас хойш гэрээний дагуу бараа нийлүүлээгүй үйл баримтад маргаагүй зэргээс үзвэл алдангийн дээд хэмжээ 16.013.387 /320.267.747 * 5%/ төгрөг байна.

Хариуцагч анзын хэмжээг хэт өндөр, шүүх багасгах боломжтой гэж тайлбарлах боловч дээрх тайлбарыг дэмжих баримт авагдаагүй, цар тахал эдийн засгийн хүндрэлээс бараг хоёр жилийн өмнө нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас 49.287.068 төгрөг /үндсэн 33.273.681 төгрөг + алданги 16.013.387 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9.Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохоор 2020 оны 4 дүгээр сарын 13, 16, 17-ны өдрийн 54 ширхэг тоолуур хүлээлгэн өгсөн акт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тоолуур худалдан авсан зарлагын баримт, төлбөрийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн улсын комиссын гишүүний саналын хуудас болоод Монхорус электрик ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19/49 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 162,163, 181-186/

Нэхэмжлэгч нийлүүлсэн тоолуур чанарын шаардлага хангасан гэж тайлбарлан, стандарт, хэмжил зүйн газраас олгосон хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрчилгээ, баталгааны гэрээ зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 156-160/

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 1-д 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монхорус интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа материалын үлдэгдэл болох 192.888.443 төгрөгийн барааг нийлүүлэх, мөн барилгын талбайд нэмэлтээр нийлүүлэх бараа материалын үнэ 127.379.304 төгрөг, нийт 320.267.747 төгрөг гэж тусгагдсан, нэхэмжлэгч Монхорус интернэшнл ХХК-ийн гэрээг 2018 онд шилжүүлж авсан үйл баримтад маргаагүй.

Гэвч хариуцагчийн баримтаар ирүүлсэн цахилгааны хяналтын инженерээс өгсөн электрон тоолуураар солих тухай улсын комиссын гишүүний саналын хуудас 2017 оных байхаас гадна тухайн баримтад Сүхбаатар дүүрэг 1-р хороонд байрлах Эм Ай Ти Ай Си ХХК-ийн үйлчилгээний орон сууц гэж захиалагчийг тусгасан, энэ нь маргаанд хамаарах Олимпик резиденс хотхон мөн эсэх тодорхойгүй, дэмжих баримтыг хариуцагч ирүүлээгүй. Мөн тоолуур угсарсан 2020 оны актад энгийн механик тоолуурыг электрон тоолуураар сольсон гэж тэмдэглэсэн, харин доголдол эсхүл ашиглах боломжгүйгээс тухайн тоолуурыг сольж байгаа эсхүл илүү сайжруулах үүднээс сольж байгаа алин болох буюу солих болсон шалтгааны талаар тусгагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлээ хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор шаардлага гаргах эрхтэй гэж, түүнчлэн мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Хариуцагч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх тул гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлснээс гадна тэрээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар А л ХХК-иас 49.287.068 /дөчин есөн сая хоёр зуун наян долоон мянга жаран найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 623.453 төгрөг болон нэхэмжлэгчээс 4.860.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.503 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 404.385 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хүсэлт хянан шийдвэрлэх тухай тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14179 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ