Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00903

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00903

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00361 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

АП ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 49,910,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК болон АП ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бараа нийлүүлэх гэрээг байгуулагдаж, худалдагч А ХХК нь бараа материалыг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нийлүүлэх, худалдан авагч АП ХХК үнийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Гэрээ байгуулсан эхний саруудад талууд гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж, бараа нийлүүлэх хуваарийн дагуу барааг нийлүүлж уг нийлүүлсэн барааны төлбөрт хариуцагч 33,622,942 төгрөгийг төлсөн.

Гэтэл хариуцагч талаас санхүүгийн хүндрэлтэй нөхцлүүд үүссэн тул хэрэгцээтэй барааг урьдчилж аваад тухайн сарын эцэст авсан барааны үнийг төлөх хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийг худалдагч хүлээн авч нийт 33,273,681 төгрөгийн үнэ бүхий цахилгааны самбарын тоноглолууд болох давхарын нэгдсэн самбар, гэрлийн самбар, цахилгааны самбар, дифферанциал автомат, провод, тэдгээрийн туслах материалуудыг худалдан авагч талд нийлүүлсэн.

Худалдан авагч тал дээр дурдсан 33,273,681 төгрөгийн үнэ бүхий бараануудын төлбөрийг төлөөгүй. Худалдагчийн зүгээс төлбөрөө төлж барагдуулах талаар худалдан авагч компанитай олон удаа очиж уулзсан, албан бичиг илгээж, утсаар холбогдож байсан боловч үр дүнд хүрээгүй.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан барааны үлдэгдэл болон 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш авсан бараануудын төлбөр болох 33,273,681 төгрөгийг бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 7 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөөгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 16,636,840 төгрөг, нийт 49,910,521 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 оны 04 дугаар сарын 05-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу 2018 оын 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуутал хугацаанд нийлүүлсэн бараа материал болон төлсөн төлбөрийг баталгаажуулан тооцооны үлдэгдлийг баталгааг үйлдсэн бөгөөд нийт 70,774,558 төгрөгийн бараа худалдан авснаас 37,614,844 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 33,159,981 төгрөг төлөөгүй.

Хариуцагч талаас үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа ч алданги 16,636,840 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь алданги хэт өндөр байна. Алдангийг гэрээнд 0,1 хувь гэж заасан. Хуульд 0,5 хувь гээд хамгийн дээд хэмжээ нь Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Талууд хуульд заасан дээд хэмжээ стандартыг зөрчилгүйгээр чөлөөтэй тохиролцох боломжтой. Энэ эрх энэ гэрээнд хэрэгжээд тусгай нөхцөл гэсэн хэсгийн 7 дугаар заалтад барааг хугацаанд нь нийлүүлээгүй болон төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний бодитой хэрэгжсэн үнийн дүн 66,000,000 төгрөг. Энэ үнийн дүнгийн 50 хувиар ч биш гэрээнд заагаад байгаа 5 хувиар бодоход 3,344,000 төгрөг болж байна. Иймд шүүх алдангийг багасгах эрхийнхээ хүрээнд харгалзан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн 5-10 давхарын нэгдсэн самбарын тоолуур нь Монгол улсын стандартад нийцээгүй асуудал үүссэн. Үүнийг улсын комиссын цахилгааны инженер хүлээж авахдаа тоолуураа соль, заавал электрон тоолуур байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Айлууд ороод гэрчилгээ авахад хүртэл цахилгаан түгээх компаниас тэр гэрчилгээг харж байж олгодог журамтай. Энэ талаар хамаарал бүхий компанид албан бичиг хүргүүлэхэд тоног төхөөрөмж нийлүүлж байгаа компанидаа хандаж энэ асуудлыг шийдүүл, ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал манайд хамааралтай гэсэн хариу ирүүлсэн. А ХХК-д хэлэхэд манайх зөрчилгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Үүнийг солиход гарсан зардлыг төлбөрөөс хасуулах нь зүйтэй юм. Учир нь доголдолтой бүтээгдэхүүн байгаад тухайн худалдагч тэр барааг сольж өгөхгүй байвал худалдан авагч өөрийн зардлаар солиод дараа нь гарсан зардлаа нэхэмжилдэг.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан АП ХХК-иас 36,618,513 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13,292,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 407,503 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч АП ХХК-иас 341,043 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнх гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Талуудын хоорондох маргаан нь худалдах, худадлдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон нийлүүлсэн бараа материалын доголдлын талаар юм.

Нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааныхаа үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн бол хариуцагч талаас нийлүүлсэн барааны доголдлыг өөрөө арилгасан ба улмаар уг зардлыг гаргуулахаар 4,860,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасантай нийцэх ба шүүгчийн үзэмжээр бус зайлшгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх ёстой байсан.

Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн эрхийг хязгаарлаж улмаар энэхүү зөрчил нь хэргийн шийдэл буюу нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд нөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсгээс 4,860,000 төгрөгийн хэмжээнд үл зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 онд гэрээ байгуулагдсан. 2018 оны 09 дүгээр сард тухайн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь нийлүүлж дууссан. Доголдолтой эд хөрөнгөнд шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Мөн нийлүүлсэн барааны доголдлыг өөрөө арилгасанд зарцуулсан зардал гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байх хэдий ч анхан шатны шүүхэд уг хохирлыг нотолж чадаагүй, холбогдох баримтыг өгөөгүй, доголдол гэж ярьж байгаа зүйл нь энэ уг маргаанд хамааралгүй. Түүнчлэн шүүх алдангийг буруу тооцсон.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч АП ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49,910,521 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, доголдлыг арилгахад гарсан зардлыг хасч тооцуулна гэж маргажээ.

 

3.а. А ХХК болон АП ХХК -ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бараа нийлүүлэх нэртэй гэрээг байгуулагдсан, уг гэрээгээр А ХХК Монгол улсын норм стандарт, техникийн шаардлага хангасан цахилгаан самбар, нэмэлт тоолуур, дотор цахилгааны кабель, туслах материалыг гэрээний хавсралтад заасан тоо хэмжээгээр нийлүүлэх, АП ХХК гэрээний үнэд 320,267,747 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон.

 

Нэхэмжлэгч 33,273,681 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч 33,159,981 төгрөгийн бараа хүлээн авсан гэж тайлбарласан.

Хариуцагч гэрээний дагуу шилжүүлэн авсан бараа материалын доголдлын талаар маргаж, доголдлыг арилгахад гарсан зардал 4,860,000 төгрөгийг гаргуулах тухай хасч тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32022/02551 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ үндэслэлээ хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулдаг агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй болжээ. Шүүгчийн захирамжид заасан сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аливаа нэгэн байдлаар удаашруулах нөхцөл байдал үүсгэсэн байдал нь талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн маргаанд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах хэсэгт заасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00361 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч АП ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА