Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/02143

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/02143

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Э А Б ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Н ш ш г г ТБАГУТҮГ -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гэрчээр Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Ц, Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ТБАГУТҮГ-т холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 587 дугаар захирамжаар ******* ХХК-иас 1.496.592.153 төгрөгийг гаргуулж Голомтбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудсанд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа билээ.

Албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 мкв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион Оргил чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байрны 54 тоот 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууц, 30107 хувийн дугаартай, CT-Brilliance 6 phililps ct system 16 chupgrade загварын 2006 онд Израйль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, 1АС0572930 хувийн дугаартай aguilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмж, Magnet S/N ZB017 серийн дугаартай GE Healthcare profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг тус тус 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр битүүмжлэн, хураан авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн өмчлөлийн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Файн эстимэйт, Сэлэнгэ эстимэйт Дамно ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4-150/10898 дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг хүлээн авсан бөгөөд үнэлгээний компани 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн тайлангаар дараах байдлаар үнэлсэн байна. Үүнд:

-       ******* ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 мкв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.021.933.440 төгрөгөөр,

-        ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион Оргил чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байрны 54 тоот 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 245.656.861 төгрөгөөр,

-        30107 хувийн дугаартай, CT-Brilliance 6 phililps ct system 16 chupgrade загварын 2006 онд Израйль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 506.436.000 төгрөгөөр

-        1АС0572930 хувийн дугаартай Aguilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472.262.000 төгрөгөөр

-       Magnet S/N ZB017 серийн дугаартай GE Healthcare profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 126.888.000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 2.373.176.301 төгрөгөөр тодорхойлсон байна.

Төлбөр төлөгч ******* ХХК /РД:6021468/-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг Файн эстимэйт, Сэлэнгэ эстимэйт Дамно ХХК нь үнэлгээний тайлан ямар арга, аргачлалаар хэрхэн тооцож үзсэн нь ойлгомжгүй, тухайн барьцаа хөрөнгүүдийн онцлог байдлыг харгалзан үзэж үнэлгээг гаргаагүй, зах зээлийн судалгаа хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс үнэлгээний тайланг хүлээн авмагц шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдож шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гомдол, хүсэлт гаргах боломж байхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдлоо гаргаж байх тул үндэслэлгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 587 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-иас 1.496.622.153 төгрөгийг гаргуулж Голомтбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаарх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 мкв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Стадион Оргил чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байрны 54 тоот 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууц, 30107 хувийн дугаартай, СТ-Brilliance 6 Рhilips сt system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, 1АС0572930 хувийн дугаартай Аquilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношлогооны зориулалттай тоног төхөөрөмж, Маgnet S/N ZВ017 серийн дугаартай GЕ Неаlthсаге Ргоfile НD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг битүүмжилж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч ******* ХХК-иас нийт 4.391.237.500 төгрөгөөр үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч Голомт банк ХХК-иас хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлсэн. Гэтэл төлбөр төлөгч ******* ХХК-иас өгсөн үнийн саналаа зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагчаас мөн хураагдсан эд хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоох хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаарзүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Дамно ХХК-г эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 1.021.933.440 төгрөгөөр, Сэлэнгэ эстимэйт ХХК эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 245.656.861 төгрөгөөр, Файн эстимэйт ХХК нь 30107 хувийн дугаартай, СТ-Brilliance 6 Рhilips сt system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 506.436.000 төгрөг, 1АС0572930 хувийн дугаартай Аquilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношлогооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472.262.000 төгрөг, Маgnet S/N ZВ017 серийн дугаартай GЕ Неаlthсаге Ргоfile НD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлсэн тоног төхөөрөмжийг 126.888.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө хураасан тогтоолууд, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл, Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШШ2021/00587 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл, үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай 716 тоот тогтоол, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, гадаад хэл дээрх тодорхойлолтууд, Ү-2203011825, Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх 4-97, 104-114/

Хариуцагчаас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2021/08245 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШШ2021/00587 дугаар шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, Компанийн лавлагаа, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн битүүмжлэх тогтоолууд, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолууд, энэ тухай тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүд, ******* ХХК болон өмчлөгч нараас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн үнийн санал, төлбөр авагчаас ирүүлсэн үнийн санал, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл, энэ тухай тэмдэглэл, ******* ХХК-ийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гомдол, шинжээч томилуулах тухай төлбөр төлөгчийн хүсэлт, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолууд, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, энэ тухай тэмдэглэл, дуудлага худалдааны тухай сонины зар, Үнэ хаялцуулах дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол, тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, эн тухай мэдэгдэл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх 115-172/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ХХК******* ТБАГУТҮГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн, үнэлгээг ямар арга, аргачлалаар хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний хуульд нийцээгүй гэжээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00587 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-иас 1.492.513.864 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор, хэрэв төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 95-97, 120-122/

3.2.Тус газар 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 118-123/ Улмаар барьцаа хөрөнгө болох

-******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 мкв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21280726/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор,

-Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байр 54 тоот 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 21280726/150-02 тоот тогтоолоор, харин

- ******* ХХК-ийн 30107 хувийн дугаартай, СТ- Brilliance 6 Philips ct system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэгдсэн томографийн тоног төхөөрөмжийг мөн өдрийн 21280726/150-03 тоот тогтоолоор,

-1АС0572930 хувийн дугаартай, Aquillion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмж; Magnet S/N ZB017 серийн дугаартай, GE Healthcare Profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг мөн өдрийн 21280726/150-01 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21280726/04, 21280726/05, 21280726/06, 21280726/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудаар тус тус хураажээ. /хх 6-15, 125-141/

3.3.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч ******* ХХК болон өмчлөгч Н.Баттүшиг нараас үнийн саналаа ирүүлэх талаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-150/8795, 4-150/8794 тоот мэдэгдэл хүргүүлснээр төлбөр төлөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хоёр ширхэг үл хөдлөх болон гурван тоног төхөөрөмжийг нийт 4.391.237.500 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч Голомт банк ХХК-иас хүлээн зөвшөөрсөн байх тул 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүргүүлжээ. Гэвч төлбөр төлөгч ******* ХХК гомдол гаргаснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /хх 142-152/

Хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5/145, 5/144, 4/14 тоот тогтоолоор Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-г шинжээчээр тус тус томилжээ. /хх 153-155/

3.4.Шинжээч Дамно ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014825 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 243,84 мкв, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1.021.933.440 төгрөгөөр,

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-иас Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051765 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлах 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 245.656.861 төгрөгөөр,

Шинжээч Файн эстимэйт ХХК-иас хөдлөх хөрөнгө болох

-30107 хувийн дугаартай, СТ- Brilliance 6 Philips ct system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэгдсэн 6 зүсэлттэй компьютер томографийн тоног төхөөрөмжийг 506.436.000 төгрөгөөр,

-1АС0572930 Хувийн дугаартай, Aquillion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэнТошиба маркийн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472.262.000 төгрөгөөр, харин

-Magnet S/N ZB017 серийн дугаартай, GE Healthcare Profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн компьютер томографийн тоног төхөөрөмжийг 126.888.000 төгрөг, хөдлөх хөрөнгийг нийт 1.105.586.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх 18-94/

Шинжээчдийн дээрх үнэлгээг төлбөр төлөгч ******* ХХК, өмчлөгч Н.Баттүшиг нарт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4-150/10898, 4-150/10987 тоот мэдэгдлүүдээр тус тус хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ. /хх 16,17, 156-161/

4. Нэхэмжлэгч дээрх үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн, мөн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, тодорхой бус тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлээс хөдлөх хөрөнгүүд Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, нээлттэй худалдан борлогддоггүй зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсад орж ирдэг эмнэлгийн хэрэгсэл тул үнэлгээг хийхэд өртөгийн арга, орлогын аргыг хэрэглэх боломжгүй гэж үзэж харин зах зээлд худалдан борлогдож буй адил төстэй хөрөнгөтэй харьцуулах замаар жишиг үнийн аргаар үнэлгээг хийсэн, харьцуулалтыг эмнэлгийн хэрэгсэл худалддаг гадаад улс дах цахим сайтад худалдахаар тавьсан зартай харьцуулсан, үйлдвэрлэсэн улс, оныг илүү харгалзаж Монгол улсад ирэх зардал хураамжийг тооцох замаар үнийг тогтоож харьцуулан үнэлсэн, үнэлэгдэх гурван төхөөрөмжийн хоёр нь суурилагдсан ашиглагдаж байсан, нэг нь зориулалтын дагуу ашиглаагүй хашаанд хурааж тавьсан элэгдэл ихтэй байсан тул харьцангуй багаар үнэлэгдсэн, тохируулгыг хэрэглэсэн гэж хэрхэн ямар аргаар үнэлгээг хийсэн болохоо мэдүүлж байна. Хэрэгт авагдсан Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангийн 2.2-т зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын арга хэрэглэсэн талаар тусгагдсан, харьцуулалтыг хүснэгтээр үзүүлсэн, хөрөнгийн байгаа байдлыг гэрэл зургаар тайлангийн хавсралтад бэхжүүлж тусгасан байна.

Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлээс үнэлгээг зах зээлийн болон өртөгийн аргаар харьцуулсан, зах зээлийн жишиг үнийн аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон, үнэлэгдэх хөрөнгө хотын төвд байрлах эмнэлгийн зориулалттай байр байсан тул байршлыг илүү чухалчилж тухайн байршил дахь үйлчилгээний обьектийг худалдан борлуулах бусад зараас нэг мкв талбайн үнийг тогтоож үнэлгээг хийсэн, тухайн байршилд худалдан борлуулах үйлчилгээний байрууд харьцангуй жижиг мкв-тай байсан харин үнэлэгдэх обьект том тул тохируулга хийсэн гэж мэдүүлж байна.

Нэхэмжлэгч үнэлгээг тодорхой бус, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасан үнэлгээний суурийг тогтоохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т заасан үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээр дурдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан-гуудад үнэлгээний зорилгоо зааж, олон улсын стандартад нийцсэн байдал, үнэлгээний хандлага болон аргыг сонгосон үндэслэл болоод үнэлж буй хөрөнгийн төлөв байдал /байршил, зориулалт, хэмжээ, ашиглалтад орсон он г.м/ зэрэг мэдээллийг тусгасан, хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тооцож гаргасан тухай тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ.

6.Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэн, өмгөөлөх эрхээр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал хуульд заасан үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэх үндэслэлгүйгээс гадна дээрх хүсэлтийг нотлох баримт шинжлэн судласны дараа хуралдаан завсарлахын өмнө гаргасан тул хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хүлээн аваагүй болно. Мөн нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/09683 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, хуралдааныг хойшлуулж байсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ТБАГУТҮГ-т холбогдуулан Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийн хийсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хүсэлт шийдвэрлэх тухай тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/08703 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ