Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00228

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02143 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Д.Номин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00587 дугаар захирамжаар Э ХХК-аас 1,496,592,153 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 30 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион Оргил чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байрны 54 тоот 58,01 м.кв бүхий 2 өрөө орон сууц, 30107 хувийн дугаартай, CT-Brilliance 6 phililps ct system 16 chupgrade загварын 2006 онд Израйль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, 1АС0572930 хувийн дугаартай aguilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмж, Magnet S/N ZB017 серийн дугаартай GE Healthcare profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг тус тус 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр битүүмжлэн, хураан авсан байдаг. Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон. Эдгээр үнэлгээний газрууд нь дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээг нийт 2,373,176,301 төгрөгөөр тодорхойлсон байна. Ийнхүү үнэлэхдээ ямар арга, аргачлалаар хэрхэн тооцож үзсэн нь ойлгомжгүй, тухайн барьцаа хөрөнгүүдийн онцлог байдлыг харгалзан үзэж үнэлгээг гаргаагүй, зах зээлийн судалгаа хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00587 дугаар шүүгчийн захирамжийг гүйцэтгэх хуудсыг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаарх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Э ХХК-аас нийт 4,391,237,500 төгрөгөөр үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч Голомт банк ХХК хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлсэн. Гэтэл төлбөр төлөгч өөрийн өгсөн үнийн саналаа зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагчаас мөн хураагдсан эд хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоох хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаарзүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт тус тус заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Шинжээчээр томилогдсон Дамно ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 1,021,933,440 төгрөгөөр, Сэлэнгэ эстимэйт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 245,656,861 төгрөгөөр, Файн эстимэйт ХХК нь 30107 хувийн дугаартай, СТ-Brilliance 6 Рhilips сt system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 506,436,000 төгрөг, 1АС0572930 хувийн дугаартай Аquilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношлогооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472,262,000 төгрөг, Маgnet S/N ZВ017 серийн дугаартай GЕ Неаlthсаге Ргоfile НD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлсэн тоног төхөөрөмжийг 126,888,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ТБАГУТҮГ-т холбогдуулан Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийн хийсэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Э ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийсэн бөгөөд тухайн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Учир нь хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2,000,000,000 төгрөгт тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Гэвч тус үнэлгээг зөвшөөрөөгүй учраас шинжээч томилуулж үнэлгээг гаргасан. Гэвч шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй. Энэ нь тухайн шүүх хуралдааны үеэр гаргасан шинжээчийн тайлбараар нотлогдсон. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байдаг. Тухайн дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулагдаагүй тохиолдолд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоож 2 дахь дуудлага худалдааг явуулах ёстой. Гэтэл энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур болсон бөгөөд тухайн эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа учраас компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

4.б. Нэхэмжлэгч талын өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Төлбөр төлөгч Э ХХК-ийн гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг Э ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээг тогтоосон байдаг. Гаргасан зах зээлийн үнэлгээг талуудад танилцуулахад Э ХХК нь хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан. Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00587 дугаар захирамж, 181/ГХ2021/0049 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 30 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12/1 дүгээр байр 1 давхарт 0 тоот хаягт байршилтай 243,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15-р хороо, Стадион Оргил чингисийн өргөн чөлөө гудамж, 6в байрны 54 тоот 58,01 м.кв бүхий 2 өрөө орон сууц, 30107 хувийн дугаартай,  2006 онд Израйль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, 1АС0572930 хувийн дугаартай aguilion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмж, Magnet S/N ZB017 серийн дугаартай GE Healthcare profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг тус тус битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Талууд дээрх ажиллагаанд маргаангүй. /хх 95-97, 118-119, 123, 125-126, 128-133, 134-141

 

4.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг шинжээчээр тогтоолгох тухай төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилсон байна. Тодруулбал, төлбөр төлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хоёр ширхэг үл хөдлөх болон гурван тоног төхөөрөмжийг нийт 4,391,237,500 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч Голомт банк ХХК хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт хүргүүлсэн боловч төлбөр төлөгч Э ХХК гомдол гаргаснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. /хх 142-152/

 

Иймд хариуцагч байгууллага шинжээчээр Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Дамно ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /18-43, 44-70, 74-92/

 

5. Шинжээч Дамно ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 243,84 мкв, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,021,933,440 төгрөгөөр, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-аас Н.Баттүшигийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлах 58,01 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 245,656,861 төгрөгөөр, шинжээч Файн эстимэйт ХХК-аас хөдлөх хөрөнгө болох 30107 хувийн дугаартай, СТ- Brilliance 6 Philips ct system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэгдсэн 6 зүсэлттэй компьютер томографийн тоног төхөөрөмжийг 506,436,000 төгрөгөөр, 1АС0572930 Хувийн дугаартай, Aquillion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн Тошиба маркийн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472,262,000 төгрөгөөр, харин Magnet S/N ZB017 серийн дугаартай, GE Healthcare Profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн компьютер томографийн тоног төхөөрөмжийг 126,888,000 төгрөг, хөдлөх хөрөнгийг нийт 1,105,586.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шинжээчдийн дээрх үнэлгээг төлбөр төлөгч Э ХХК эс зөвшөөрч, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан боловч энэхүү гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шинжээч нар нь үд хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн болон өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглаж үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн хувьд тохируулгын аргыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд эдгээр шинжээч нар нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцож өөрсдийн гаргасан үнэлгээний талаар тайлбар, мэдүүлэг өгсөн байна. /хх 214-225/

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх байдлаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

 

7. Иймээс шинжээч нар хөрөнгийн зах зээлийн бодит ханшийг тогтоож чадаагүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

8. Түүнчлэн, нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулж, нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хангаж байсан байна. /хх 181-183, 184, 188, 206-207/ Иймд хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

9. Мөн шүүгчийг татгалзан гаргах тухай татгалзлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дарааллын дагуу гаргаагүй. Харин түүний хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй тул шүүх хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй.

 

10. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02143 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Э.ЭНЭБИШ