Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02383

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02383

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, С.А,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Г.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, И Б ХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20.742.972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар ******* ББСБ ХК-д холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч С.Адьяа, Д.Өлзий-нэмэх, Г.Оюунбат бид гурав ******* ББСБ ХК-аас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн В10020032501 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 19.000.000 сая төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл зээлдэгч нарын хооронд мөнгөний маргаан үүсээд авсан зээлийг буцаан зээлдүүлэгч ******* ББСБ ХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь төгрөгийн 5123058637 дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш 8.111.017 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл ******* ББСБ ХК өнөөдрийг хүртэл зээлийг хаахгүй хүү, алданги бодож, барьцаа эд хөрөнгийг худалдан борлуулж зээл төлүүлнэ гэж байнга дарамтлан сүрдүүлэх болсон. Иймд зээлдэгч С.Адьяа, Д.Өлзий-нэмэх, Г.Оюунбат болон зээлдүүлэгч ******* ББСБ ХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн В10020032501 тоот зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх F10020032501 тоот гэрээ, зээлийн барьцааны С10020032501/2 тоот гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцож өгнө үү. Хариуцагч зээлд буцаан төлөсн мөнгийг Б.Батболд, н.Хажидмаа нартай нэхэмжлэгч С.Адьяагийн хамтран авсан зээлийг төлүүлснийг зөвшөөрөхгүй. Тэр зээлийн асуудал тусдаа байтал энд төлсөн мөнгийг суутгаж авсан гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн С.Адъяа, Г.Оюунбат нар ******* ББСБ ХК-тай 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот Зээлийн гэрээ, Р10020032501 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020032501/1 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 19.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 дугаар гудамж, 11а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, 493 мкв талбай бүхий өмчлөлийн газрыг барьцаалсан. Иргэн С.Адъяад олгосон 19.000.000 төгрөгийг С.Адъяагийн 5019625416 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь ******* ББСБ ХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5123058637 дугаар дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17.000.000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна. С.Адъяа нь Ж.Батболд, Х.Отгоннэргүй, Х.Отгонсүх, Б.Хажидмаа нартай хамтран манай ******* ББСБ ХК-иас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр В17082342 тоот зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Уг зээлийн

хугацаа хэтэрсэн байсан тул С.Адъяа В17082342 тоот зээлийг хаахын тулд дахин манай ******* ББСБ ХК-иас С.Адъяа, Д.Өлзийнэмэх, Г.Оюунбат нартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот зээлийн гэрээг байгуулан 19.000.000 төгрөгийн зээлийг авсан. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлсөн гэх 17.000.000 сая төгрөгийг С.Адъяа нь 5019625416 тоот данснаасаа Ж.Батболд, Х.Отгоннэргүй, Х.Отгонсүх, Б.Хажидмаа, нартай хамтарч авсан В17082342 тоот зээл рүү ******* ББСБ" ХК-ийн Хаан банк дах 5123058637 тоот данс руу төлөлт хийсэн байна. Тухайн өдөр шилжүүлсэн 17.000.000 төгрөгийг өмнөх зээлд төлөлт хийсэн байдаг. Иймд зээлийн гэрээг дуусгавар болоогүй.

Иймд С.Адъяа, Д.Өлзийнэмэх, Г.Оюунбат нар нь сайн дурын үндсэн дээр В10020032501 тоот зээлийн гэрээ байгуулан 19.000.000 төгрөгийн зээл авсан. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай ******* ББСБ ХК-ийн Хаан банк дахь 5123058637 дугаар дансанд В10020032501 зээлийн төлөлт болох 17.000.000 төгрөгийн гүйлгээ орж ирээгүй байх тул иргэн С.Адъяа, Г.Оюунбат Д.Баясгалан нарын нэхэмжлэлтэй манай ******* ББСБ ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ******* ББСБ ХК-иас нэхэмжлэгч С.Адьяа, Г.Оюунбат нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 20.742.972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Иргэн С.Адъяа, Г.Оюунбат нар ******* ББСБ ХК-тай 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот Зээлийн гэрээ, Р10020032501 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, С10020032501/1 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 19.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 гудамж, 11 а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, 493 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг барьцаалсан.

Уг зээлийг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны В10020032501-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 7 сараар сунган зээлийн нөхцөл өөрчлөн байгуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээний 10.2-д заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 17.169.481 төгрөг, зээлийн хүү 3.455.871 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.620 төгрөг, нийт 20.742.972 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 20.742.972 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г-2201031046 дугаартай 493 мкв талбай бүхий өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг бодитоор гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хамтран зээл авсан 2017 оны зээлд 29.785.000 төгрөг төлөөгүй, энэ нь Ж.Батболдын түүнээс өмнөх зээл. Олон зээл учраас зээлийн гүйлгээний утга, дансны дугаар анхнаасаа өөр өөр байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Ж.Батболд 2017 оны зээлийн гэрээний хувьд үндсэн зээлдэгч байсан. Уг зээлд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Батболдоос 29.785.000 төгрөгийг төлснөөр гэрээ дуусгавар болсон байсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19.000.000 төгрөгийн зээлийг авсан тэр өдөртөө буцаан уг мөнгийг шилжүүлсэн байхад 2017 оны нэгэнт хаагдсан зээлд төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг цар тахлын үед зурчих гээд зуруулсныг нэхэмжлэгч бүрэн ойлгоогүй байдаг. Тэрээр өмнөх 2017 оны зээл хаагдаагүй үлдэгдэлтэй гэж ойлгоод төлөөд яваад байсан байдаг. Мөнгөө төлж байгаа хүн хариуцагч байгууллагын дансыг ялгах боломжгүй. Нэгэнт нэхэмжлэгч 2020 оны энэ зээлийг бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн B10020032501 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн С10020032501/1 тоот, С10020032501/2 тоот зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн F10020032501 тоот фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, С.Адьяагийн Хаан банкны дансны хуулга, Ж.Батболдын Хаан банк дах дансны хуулга зэргийг баримтаар ирүүлжээ. (хх 3-15, 21, 76, 82-84, 122,123)

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, В17082342 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Хаан банкны интернэт банкны шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №20200326-00261, №20200326-00262 тоот мемориалын баримт, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн B10020032501 тоот зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн B10020032501-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн F10020032501 тоот фидуцийн гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн С10020032501/1 тоот зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн хүсэлт, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээл хүсэгчийн анкет, зээл төлөх тухай мэдэгдлүүд, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 25-67, 81/

Шүүхийн журмаар: хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн В17082342 тоот зээлийн хувийн хэргээс зээлийн гэрээ, С17082342 тоот зээлийн барьцааны гэрээ, Ф17082342-1 тоот фидуцийн гэрээ, Ф17082342-2 тоот фидуцийн гэрээ, Ф17082342-3 тоот фидуцийн гэрээ, Ф17082342-4 тоот фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, С.Адьяагийн хүсэлт, зээлийн дансны хуулга, Хаан банкнаас ирүүлсэн лавлагаа зэргийг бүрдүүлжээ. /1хх 99-111, 115-116, 136-143/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Г.Оюунбат, С.Адьяа нар ******* ББСБ ХК-д холбогдуулж 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 19.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч хамтран зээлдэгч нарын дунд маргаан үүссэнээр тухайн өдөртөө 17.000.000 төгрөгийг буцааж төлсөн тул үүрэг дуусгавар болсон, 2017 оны Ж.Батболд нартай хамтран авсан 25.000.000 төгрөгийн зээлийг Ж.Батболдоос 2017 ондоо 29.785.000 төгрөгийг төлснөөр дууссан тул 2020 оны мөнгийг тухайн зээлд тооцох үндэслэлгүй. Мөн зээлдүүлэгч байгууллагын данс бүрийг зээлдэгч иргэн ялгаж салгах боломжгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч нарт 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч С.Адьяагаас 2017 оны бусадтай хамтран авсан байсан өмнөх 25.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч өөрөө төлсөн, анхнаасаа зээл тус бүрт тусдаа данс нээж өгсөн байсан, энэ нь гэрээ тус бүр дэх зээл эргэн төлөх дансны дугаараар нотлогдоно гэж тайлбарлав. Мөн 2017 оны 25.000.000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч болох Ж.Батболд тусдаа түүнээс өмнө зээлтэй байсан, уг зээлээ төлсөн мөнгийг энэ хэрэгт хамааруулж байна гэж тайлбарлав.

 

4.Хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20.742.972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардах эрхийн үндэслэлээ: зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул үлдэгдлийг гаргуулна, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулна, тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчид байгаа тул фидуцийн зүйлийг бодитоор гаргуулна гэж тайлбарлав.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлав.

 

6.Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас ******* ББСБ ХК, нөгөө талаас С.Адьяа, Д.Өлзийнэмэх, Г.Оюунбат нар 2020 оны 3 дугаар сарын 25ы өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 19.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх, зээлдэгчид сарын 2,8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр тохиролцож В10020032501 тоот зээлийн гэрээг, 2020 оны 12 дугаар сарын 10ы өдөр В10020032501-01 тоот хугацааг сунгаж нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулжээ. /хх 3-5, 46-48, 53/

6.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Адьяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, нэгж талбарын 18634310576797 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 дугаар гудамж, 11а тоот хаягт байрших, 493 мкв талбай бүхий газар, түүний эзэмшлийн 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс тус тус хангуулахаар тохирч С10020032501/1, Ф10020032501 тоот барьцааны болон фидуцийн гэрээг байгуулсан байна. /хх 6-11, 49-52/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Мөнгөн хөрөнгө болох 19.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд тухайлан заасны дагуу нэхэмжлэгч С.Адьяагийн дансаар шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 33/

6.3.Үүнээс гадна ******* ББСБ ХК, Ж.Батболд, Х.Отгоннэргүй, Х.Отгонсүх, Б.Хажидмаа, С.Адьяа нартай 2017 оны 8 дугаар сарын 23ы өдөр харилцан тохиролцож 25.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлдэгч Ж.Батболдын Хаан банк дах дансаар шилжүүлэх, зээлдэгчид сарын 4,5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож В17082342 тоот зээлийн болон барьцааны, фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулжээ. /хх 100-110, 137-141/

6.5.Нэхэмжлэгч С.Адьяагаас өөрийн Хаан банкны дансаар хариуцагч байгууллагын дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөө 2.000.000 төгрөгийг, дахин мөн өдрөө 17.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 13, 34, 35, 115/

 

7.Дээрх 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагчид шилжүүлсэн 17.000.000 төгрөг нэхэмжлэгч С.Адьяагийн хоёр зээлийн аль зээлээс хасагдсан асуудал зохигчдын маргааны зүйл болжээ.

Дээр дурдснаар нэхэмжлэгч 2020 оны 19.000.000 төгрөгийн зээлээс өмнө Ж.Батболд нартай хамтран 2017 онд авсан 25.000.000 төгрөгийн зээлтэй байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх хоёр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт төлбөр төлөх дансны дугаар, гүйлгээний утгыг тодорхойлсон байна. Үүнд: 2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлийг Хаан банк дах 5123043880 тоот дансаар, утгыг зээл төлөлт, овог нэр, гэрээний дугаар байхаар, харин 2020 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлийг эргүүлэн төлөхдөө Хаан банкны 5111553501 тоот дансаар, гүйлгээний утгыг зээл төлөлт, РД, мөн гэрээний дугаар бичихээр заажээ. /хх 5, 30, 48, 141/

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч хариуцагч байгууллагын Хаан банк дах хоёр өөр данс тус бүрт гүйлгээ хийдэг байсан баримт авагдсан. Тухайлбал: Зээлийг авсан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөө 2.000.000 төгрөгийг Ж.Батболд, зээл утгаар 5123058637 тоот данс руу 13.09 цагт шилжүүлсэн, үүний дараа дахин уг данс руу Адьяа зээл хаав утгаар 14.07 цагт мөнгийг шилжүүлсэн, харин 2020 оны 6 дугаар сарын 07-нд, 2020 оны 10 дугаар сарын 05-нд, 2021 оны 4 дүгээр сарын 06-нд тус тус гүйлгээг хийхдээ 5111553501 тоот данс руу гэрээний дугаар болох В10020032501 дугаар-ыг бичиж шилжүүлж байжээ. /хх 13-15, 82-84/

Мөн хариуцагчийн баримтаар ирүүлсэн 2017 оны зээлийн дансны хуулгаар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17.000.000 төгрөг төлөгдснөөр тухайн зээлийг хаасан, нэхэмжлэгч С.Адьяагаас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид гаргасан хүсэлтдээ 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлээ төлөх байсан, ... урьд авсан зээлийг шүүхийн шийдвэр лүү явуулж данс хаагдсан, танай байгууллагаас шүүхийн шийдвэр лүү миний зээлийн өр төлбөрийн асуудлыг шийдсэнийг мэдэгдээгүйн улмаас 2020 оны 3 дугаар сарын 30-нд миний данснууд хаагдсан байсан ... гэж дурдсан байна. /хх 31-32, 111, 142-143/

Дээрх баримтуудаас дүгнэвэл тухайн өдөртөө 19.000.000 төгрөгийн зээлээс 17.000.000 төгрөгийг буцааж төлсөн, зээлдэгчид хоорондоо маргалдсаны улмаас зээлийг авсан даруйдаа буцаан төлсөн, өмнөх зээлийнх гэж ойлгоод баримтад зурсан, мөнгийг шилжүүлж байсан тухай тайлбарууд хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна.

 

8.Хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Батболдоос өөрийн Хаан банкны 5113088937 тоот данснаас хариуцагч ******* ББСБ ХК-ийн гэрээнд тодорхойлсон 5123043880 тоот данс руу 29.785.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. /хх 123/

Нэхэмжлэгч дээрх мөнгөн дүнг төлснөөс 2017 оны зээлийг хаасан байсан гэж, харин хариуцагч уг мөнгөн дүн түүнээс өмнө авсан зээлд төлсөн дүн гэж тус тус тайлбарласан.

Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн Ж.Батболд нартай хамтран авсан 2017 оны В17082342 тоот зээлийн дансны хуулгад дээрх мөнгөн дүн тооцоонд ороогүй болох нь тогтоогдож байх боловч шүүх талуудын хоорондох 2017 оны зээлийн гэрээний маргааныг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч 2020 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгохоор шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Хэрэв 2017 оны зээлийн гэрээний оролцогч нар тэдгээрийн зээлд төлсөн мөнгийг хасч тооцоогүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл жич шаардвал зохино.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Мөнгөн хөрөнгө болох 19.000.000 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдсон тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг хариуцагч шаардах эрхтэй, нэхэмжлэгч нар төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 17.169.481 төгрөг, хүү 3.455.871 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.620 төгрөг, нийт 20.742.972 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Хэргийн 54 дэх талд хариуцагч зээл, хүүг тооцоолсон дансны хуулгыг баримтаар ирүүлсэн. Түүнчлэн нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, энэ хугацаанд үндсэн зээлд 1.830.518 төгрөг, хүүнд 7.302.436 төгрөг 9.132.954 төгрөгийг төлсөн, зээлийн дансны хуулгад 4.730.182 төгрөг гэж техникийн алдаатай бичигдсэн хэмээн тайлбарлав. Нэхэмжлэгч төлсөн дүнд маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч өөрийн зээл төлсөн Хаан банкны дансны хуулгыг баримтаар ирүүлсэн. /хх 13-15, 82-84/

Зохигч талуудын ирүүлсэн дээрх баримтуудыг харьцуулбал нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.020.500 төгрөг төлсөн баримт авагдсан. Харин үүнээс 433.587 төгрөгийг хариуцагч зээлд тооцож хассан, үлдэх хэсгийг тооцоонд оруулаагүй байна. /хх 54, 84/

 

10.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан зээл, хүү тооцох журмын дагуу хариуцагчийн шаардсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тооцвол нэхэмжлэл үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 7.348.844 төгрөг нийт 26.348.844 төгрөг үүрэгтэй.

Иймд төлбөл зохих 26.348.844 төгрөгөөс төлсөн 9.132.954 төгрөг, дээр дурдснаар тооцоонд оруулаагүй 586.913 /1.020.500-433.587/ төгрөгийг хасч үлдэх 16.628.977 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж олгох нь зүйтэй.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэв.

 

11.Нэмэгдүүлсэн хүүний тухайд: гэрээгээр талууд тохиролцсон, хариуцагч шаардах эрхтэй хэдий ч хариуцагчаас шүүх хуралдааны явцад хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сард төлөлт хийхэд нэмэгдүүлсэн хүүг тооцож аваагүй, түүнчлэн цар тахлын улмаас Монголбанкнаас 2020 оны 12 дугаар сараас хойш нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар заасны дагуу тооцоогүй хэмээн тайлбарласан, талууд гэрээний хугацааг сунгасан зэрэг баримтаас үзвэл шүүх нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

12.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заасан, хэргийн баримтаар нэхэмжлэгч нар зээлийг бүрэн төлсөн байдал тогтоогдоогүй, дээр дурдснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүх нэхэмжлэгч нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж тус тус заасан.

2020 оны зээлийн гэрээнд нэхэмжлэгч С.Адьяа, Г.Оюунбат нараас гадна Д.Өлзийнэмэх хамтран зээлдэгчээр оролцсон байх боловч нэхэмжлэгч С.Адьяатай гэр бүлийн хамааралтай хүн гэж тайлбарлан зохигчид хэн алин нь түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргаагүй. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн нэгнээс шаардах эрхтэй тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

14.Дээрхийг нэгтгээд шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.628.977 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ******* ББСБ ХК-д холбогдуулан талуудын хоорондох 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ тус тус дуусгавар болсныг тогтоолгож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.Адьяа, Г.Оюунбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас 16.628.977 /арван зургаан сая зургаан зуун хорин найман мянга есөн зуун далан долоон/ төгрөг гаргуулж, хариуцагч ******* ББСБ ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.113.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар нэхэмжлэгч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Адьяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, нэгж талбарын 18634310576797 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 дугаар гудамж, 11а тоот хаягт байрших, 493 мкв талбай бүхий газар, түүний эзэмшлийн 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.950 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410.873 /261.723+78.950+70.200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 311.294 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ